Сүүлийн жилүүдэд бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдэд ган гачиг, цас зуд хүнд сорилт болж байна. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр зуд турхан 10 жилд нэг удаа бус 2-3 жилийн давтамжтай нүүрлэх болсноор нүүдлийн мал аж ахуйг авч явахад бэрхшээл тулгарах болсон. Өнгөрсөн өвөл, хаврын хувьд ч цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан хүндрэл үүсэж дөрөвдүгээр сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд нийт малын 9.6 хувь буюу 6.3 сая нь хорогдоод байна.
Тиймээс Засгийн газар байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжихээр хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.
Мал аж ахуй эрхлэгчдийн ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хэмээн үзэж мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоолон эрхлэх, хоршоог хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэхэд нь төрөөс зохистой бодлогоор дэмжих нь чухал хэмээн үзэж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Энэ хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой хууль батлагдсанаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Үүний үр дүнд малчдын бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайжирч, мал аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагаа буурч, орлого тогтворжино. Мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавх нэмэгдэх юм. Байгальд ээлтэй, инновац шингэсэн, ногоон шалгуурыг хангасан, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл хөгжинө гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт 21 аймгийн малчдын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна.
Хоршооны гишүүн малчин 50 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм. Тэрбээр “Сүүлийн 70 жилийн хугацаанд 13 удаагийн их зуд болж 45 сая мал хорогдсон гэдэг тооцоо байна. Энэ жил гэхэд 6.3 сая мал хорогдож, 486 малчин өрх огт малгүй, 2301 өрх нийт малынхаа 70 хувийг зуданд алдаад байна. Малчид амьжиргаа гаа дээшлүүлэх, малынхаа чанар, үүлдэр угсааг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ. Малчид маань малынхаа нэмүү өртгийг шингээж авч чадахгүй байгааг засна. Хамаг ашиг нь ченжийн гараар дамжиж, тээвэр ложистикийн түвшинд шингээд байгааг залруулна. Малчин жил хагасын хугацаанд тэжээсэн үхрээ нэг сая төгрөгөөр борлуулж байхад Улаанбаатар хотод үхрийн мах нэг кг-ыг нь 20 мянган төгрөгөөр борлуулж байна. Энэ тооцооллоор үхэр 4-5 сая төгрөг болдог. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр малынх нь ашиг шимийн 40-50 хувь нь малчдад хүрдэг болно. Хөтөлбөрийн үр дүнд чинээлэг малчин бий болох юм. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд таван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг мал аж ахуйн салбарт хийнэ. Хүн бүрийг хоршоонд ор гэж шахахгүй. Малчид хоршоонд сайн дураараа нэгдэнэ.
Төр малчдыг малаа яаж маллахыг заахгүй, хуц ухна тараахгүй. Харин нэгдэж хоршоолол байгуулж хөдөлмөр хүчээ нэгтгэсэн нөхцөлд хүү багатай, зээл олгож дэмжлэг үзүүлнэ.
Хууль батлагдсанаар нэг малчин өрх Зээлийн батлан даалтын сангийн шаардлага хангаснаар 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй авах боломжтой болно. Зээлийн барьцаагүй малчин 20 хүртэлх сая төгрөгийн зээл авах нөхцөл бололцоо бүрдэх юм. Зээлийн хүүний зөрүүг Засгийн газар хариуцна. Ингэснээр баг сумынхаа түвшинд малын түүхий эдийг боловсруулдаг цех үйлдвэртэй болох нөхцөл бүрдэнэ. Ямааны ноолуур малчдын орлогынх нь эх үүсвэр болдог гол бүтээгдэхүүн. Ноолуур нэг кг нь 150 мянган төгрөгт хүрлээ гэхэд хоршооны системд шилжсэнээр чанартай ноолуурыг 80, 100 ам.долларт хүргэх боломжтой гэж үзэж байна. Олон улсын туршлагаас судаллаа. Шинэ Зеланд улс нь 2000-2020 он хүртэл 20 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбараа либералчлах хүрээнд тодорхой хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нэг малаас ДНБ-д эзэлж байгаа орлого 59 ам.долларт хүрдэг байсан бол 20 жилийн дараа нэг малаас ДНБ-д үзүүлэх нөлөөлөл нь 350 ам.долларт хүрсэн. Тус улс 59 сая толгой малтай байсан бол 35 сая толгой малтай болсон. Хагас эрчимжсэн мал аж ахуй нь тооноос чанарт шилжсэнээр малаас авдаг ашиг шим нь бодитой сайжирсан.
Монгол Улсын ДНБ-ий 10 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбараас бүрдэж байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр мал аж ахуйн салбараас ДНБ-д эзлэх хувийг 10 жилийн дараа 30 хувьд хүргэх боломжтой” гэдгийг онцолсон юм.
Малчид “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөрийг дэмжиж байна
“Шинэ хороо-Чинээлэг малчин” хэлэлцүүлэгт оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм. Өнгөрсөн хугацаанд хоршооны үйл ажиллагаа эрхэлж ирсэн малчид Засгийн газрын хэрэгжүүлэх хөтөлбөрийг “Цагаа олсон, малчдад нэн шаардлагатай төсөл байна” хэмээн талархаж байв.
Төв аймгийн малчин Г.Гомбо-Очир “Засгийн газраас “Гэрээт малчин”, “Залуу малчныг дэмжих хөтөлбөр” зэрэг олон хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Манай улс жилийн дөрвөн улиралтай, нүүдлийн мал аж ахуйтай орон. Гэхдээ өнөөдөр эрчимжсэн мал аж ахуй шаардлагатай болжээ. Олон айл нийлж, хоршоолоод техник, хэрэгслээ аваад тариа ногоогоо тарих боломжтой. Цаг үеэ олсон зөв арга хэмжээ байна” хэмээж байлаа.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Оорцог элгэн” хоршооны дарга Г.Ганчимэг “Бид 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Анх дөрвөн малчин өрхтэй хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай хоршоо олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Манай “Оорцог элгэн” хоршоо сум, орон нутагтаа хоршоолж ажилласнаар ямар үр дүнд хүрч байгааг харууллаа. “Төлөг брэнд”-ийг бий болголоо. Бидэнд төрийн бодлогоор дэмжих гол зүйл бол гадаад зах зээл. Би Засгийн газрын энэ хөтөлбөрийг дэмжиж байна.
Булган аймгийн “Уужим сэтгэл” хоршооны захирал А.Алтанхүү “Манай хоршоо 12 малчнаас бүрдсэн. Засгийн газраас хэрэгжүүлэх гэж байгаа энэ хөтөлбөрийг дэмжиж байна. Малчид ченжид мал мах, ноос ноолуураа өгч борлуулдаг. Хоршоолж нэгдээд зөв зохион байгуулалттай болвол үр дүнтэй болно. Малчид маань хариуцлагатай байх хэрэгтэй. Хөдөлмөрлөж чаддаг хүн энэ зээлийг хөрөнгө оруулалт болгож чадна. Жирийн малчин арилжааны банкаас 50 сая төгрөгийн зээл авна гэдэг боломжгүй зүйл. Харин төр, засгаас бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын зээл олгохоор болж байгаад маш их баяртай байна. Энэ хөтөлбөр хэрэгжээд зээл олговол манай хоршооныхон ногоо, тэжээлээ тарьж, үнээний ферм байгуулж ажиллана гэж бодож байна" гэв.
Уул уурхай бус мал аж ахуй шүтсэн тогтолцоог бий болгоно
Хэлэлцүүлгийн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг үр нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд малчдын хоршоо байгуулж тэдэнд зээл олгох замаар амьжиргаагаа дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр хуулийн төсөл өргөн бариад байна. Хоршоог хэрхэн байгуулах вэ?
-2024 онд ОБЕГ, олон улсын байгууллагын хийсэн зудын эрсдэлийн урьдчилсан үнэлгээгээр “15-18 сая мал хорогдох төлөвтэй байна. Үүнийг дагаад 10 гаруй мянган айл өрх малгүй, хөдөлмөрлөх боломж нөхцөлгүй болно” гэсэн дүн гаргасан. Энэ нь зуд хоёр, гурван жил дараалж давтагдсан тохиолдолд Монгол Улс мал аж ахуйн орон эсэх нь эргэлзээтэй болно. Цаашлаад мал аж ахуйн салбарын сэргэлтийн асуудал сөхөгдөнө. Тийм учраас Засгийн газар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барилаа. Мал аж ахуйн салбарыг эрчимжүүлж, бэлчээрийн даацад нийцүүлэх зорилготой. Өнөөдөр монгол мал бэлчээр хүрэлцээгүйгээс авах ёстой тарга, тэвээргийнхээ 60-70 хувийг л авч байна. Малын тоо нэмэгдэх тусам малчдын амьжиргаа багасдаг сөрөг тогтолцоо бий болжээ. Өнөөдөр малчдын сарын дундаж орлого 1.5 сая, зардал нь 2.1 сая төгрөг байна. Малчид сар бүр 500-600 мянган төгрөгийн өрөнд орж байна. Тиймээс малчид чинээлэг, дундаж давхаргын түвшинд хүрэх хоршооны загварыг хөгжүүлэх ёстой гэж Засгийн газар үзсэн.
Зарим эрдэмтэн, судлаачийн зүгээс хоршоо байгуулаад 100 жил болж байгаа ч үр дүнд хүрээгүй гэсэн шүүмжлэл байна. Социалист нийгмийн үед улсын хөрөнгийг арвижуулах зорилгоор нэгдэлд нэгдэж, малаа таваарлаг болгох зорилготой байсан. 1990 оноос хойш мал хувийн өмч болсон. ХААХҮЯ-наас тодорхой бодлого хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй.
Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчид хамтран хоршоод, хөрөнгө оруулалт хийж, өртгөө анхан шатандаа шингээх боломжийг Засгийн газар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрөөр олгож байна. Хоршоо байгуулахын тулд малчид нэгдэх ёстой. Малчин зээл аваад амьжиргаа, хэрэглээндээ зориулах бус хоршоондоо шингээх хөрөнгө оруулалтын зээл юм.
-Засгийн газар хэчнээн төгрөгийн зээл олгохоор хөтөлбөрт тусгасан бол?
-Урт хугацаандаа таван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Зээл нь арилжааны банкны өөрийн эх үүсвэр. Засгийн газар хүүгийн зөрүү, татаасыг олгоно. Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь хүртэл батлах даах боломжийг малчдад олгож байна. 50 хүртэл сая төгрөгийн зээл олгоно. Ингэхдээ 20 сая төгрөгөөс дооших зээлийг Батлан даалтын сангаас 100 хувь даана. Мэдээж, малчин тодорхой хэмжээний малтай, хамтран зээлдэгч, зээлийн батлан даагчтай байх хэрэгтэй. Ингэснээр 90 хүртэл хувийн батлан даагч гаргаад 40 хүртэл сая төгрөгийн, 80 хүртэл хувийн батлан даагчтай бол 50 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой.
-Зээлийг заавал хоршоо байгуулж байж авах уу?
-Энэ нь хоршооны гишүүн нэг малчинд олгох зээл юм. Зээлийн дээд хэмжээ нь 50 сая хүртэл төгрөг. 40 малчин өрх нийлээд хоршоо байгуулбал хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх дээд хязгаарыг олгож байна. Зээлийн батлан даалтын сангийн батлах даах дээд хэмжээ хоёр тэрбум төгрөг байна.
-Эрсдэлийг хэрхэн тооцож байна вэ?
-Нийлж, нэгдэн хөрөнгө оруулалт хийж, хоршоо байгуулснаар зээл олгоно. Тухайлбал, махны үйлдвэр, ноос, ноолуур ангилан борлуулдаг цех, сүү боловсруулах цех бий болгохын тулд авч байгаа хөрөнгө оруулалтын зээл юм. Тиймээс зуданд мал хорогдоход учрах эрсдэл биш. Энэ нь жилийн зургаан хувийн хүүтэй урт хугацааны зээл. Малчдыг бизнес эрхлэх боломжийг хөрөнгө оруулалтын зээлээр олгож байна. Ингэснээр ченжийн тогтолцоо хумигдана. Хэрэглэгчдэд тогтвортой үнэ, чанартай нийлүүлэлтийн тогтолцоог бий болгоно. Уул уурхайн салбарыг бус мал аж ахуй шүтсэн тогтолцоог бий болгоно.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна