Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж”, Ц.Элбэгдорж Америкаас “агсрав”


Дугаараас дугаарын хооронд

 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр” шатаж, цэл залуухан гал сөнөөгч амиа алдсан хэрэг олны сэтгэлийг чилээж байна. Саяхан газ тээвэрлэж явсан машин дэлбэрч дөрвөн гал сөнөөгч алтан амиа алдсан. Таван сарын дотор таван ч гал сөнөөгч ажил үүргээ гүйцэтгэж яваад эрсэдсэн энэ асуудал Онцгой байдлын Ерөнхий газарт онцгой анхаарал хэрэгтэй байгааг сануулав.

УИХ-ын чуулганаар  Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байна. Олны анхаарлыг татсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан байсан. Гэвч УИХ-ын гишүүд  энэ заалтыг хасах ёстой гэж үзэж, гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас авч хаяхаар болов. Ингэснээр монголчууд мөнгө барьж ирсэн гаднынханд газраа алдах эрсдэлээс нэг алхам холдож байна.

Монгол хүн бүр эх орныхоо баялгаас хувь хүртэх, ирээдүйдээ хадгалах, хөгжлийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх учиртай Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-ын босго даван орж ирлээ. Уг нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн тухай хуулийн төслийн хүрээнд парламентад суудалтай намуудыг хамтарч ажиллахыг уриалж, гарын үсэг зурсан. АН-ынхан уг төслийг боловсруулахад оролцсон. Гэвч нийт монголчуудын эрх ашгийг хангах учиртай энэ хуулийг О.Цогтгэрэл гишүүн эрс эсэргүүцэв. Ер нь сонгуулийн сурталчилгаа дөхөж байгаа энэ үед  эрхэм гишүүд олноос онцгойрч харагдахын тулд янз бүрийн л авир гаргах бололтой.

Засгийн газар хуралдаж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа. Зуданд хамаг малаа алдаж амьжиргаанаасаа салсан малчдаа дэмжих зорилготой “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  цөөн тооны чанартай малтай болох, уламжлалт мал аж ахуйг орчин үеийн мал аж ахуйтай хослуулах, малчид хорших гээд олон давуу тал байгааг Засгийн газрын сайд нар онцолж байна.


Сүүлийн гурван сар үргэлжилж байгаа гурилын хэрүүл дуусаагүй байна. Засгийн газар гурилын импортыг тэглэж, тэнгэрт хадсан ханштай гурилын үнийг буулгах зорилго тавьсан. Гурил, гурилан бүтээгдэхүүн нь инфляцын 30 орчим хувьд нөлөөлдөг учраас үнийг зах зээлийн өрсөлдөөнд оруулах зарчмаар буулгасан тохиолдолд инфляц дагаад буурна гэж үзсэн хэрэг. Гэвч  энэ шийдвэр газар тариалангийн салбараа татан унагаж магадгүй гэсэн болгоомжлол бий. Тиймээс  Засгийн газар дотоодын хэрэглээнээс илүү гарсан улаанбуудайг экспортлох шийдвэр гаргалаа. Ингэж байж л  “Чоно цатгалан, хонь бүрэн” үлдэх бололтой.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Уг төсөлд, Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу зургадугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалт оржээ. Гэвч шүүхэд итгэх олон нийтийн итгэл  сул байхад "Шүүхийн өдөр”-тэй боллоо гээд шүүх засаглалын нэр хүнд нэмэгдэхгүй, юу ч өөрчлөгдөхгүй гэдэг шүүмжлэл сошиал орчинд хүчээ авч байна.

Баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барих үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган дээр "Стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байна” гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой. Түүнийг ийм мэдэгдэл хийсний дараа уул уурхайн томоохон компаниуд, тэр дундаа стратегийн ордуудыг эзэмшдэг компаниудыг татварынхантай хуйвалдан татвараас бултсан байж магадгүй гэж үзэн шалгалт хийж эхэллээ. Стратегийн том орд газруудаас авсан “MCS”, МАК зэрэг компанийг шалгаж, зарим зөвшөөрлийг цуцлах, АМНАТ-ын татварыг нэмэгдүүлж ч магадгүй гэдэг яриа улстөрчдийн дунд өрнөж байна. Энэ тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ ахиад л бизнесийн томоохон бүлэглэлүүдтэй халз тулах нь тодорхой.

УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Ногоон автобус”-ны гэх асуудлаар нээлттэй сонсгол хийхээ зарласан. Энэ дуулианаас үүдэн  “Тэнүүн-Огоо” компанийнхан хохирлоо барагдуулах гэж тэвдэж байгаа бололтой. Тус компанийнхан АТГ дээр хохирол барагдуулах хүсэлт тавьж 75 тэрбумд автобус бааз, засварын төвүүд гэх мэт хуучин байшин саваа шахах гэж байгаа гэдэг мэдээлэл цацагдаж эхлэв. Ямартай ч тендерийн баталгаанд тавьсан 11.5 тэрбум төгрөгийг нь банканд царцаасан гэдгээ нийслэлийн удирдлагууд мэдэгдлээ.


Өнгөрсөн долоо хоногийн хамгийн их сенсаацтай хүнээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тодров. Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан Ц.Элбэгдоржийн өргөмөл охин Э.Анужин  АНУ-д  700 мянган ам. долларын үнэтэй хаус, 500 мянган ам.долларын үнэтэй том байшин худалдаж авсан нь илэрч, багагүй шуугиан тарилаа. Экс Ерөнхийлөгчийн охин Э.Анужин дөнгөж 31 настай. АНУ-д очоод удаагүй хэрнээ монгол мөнгөөр 3.9 тэрбумаар үнэлэгдэх том том байшингууд худалдаж авсан нь олон хүнийг эргэлзээнд оруулж “Ц.Элбэгдорж өргөмөл хүүхдүүдийнхээ нэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угааж байж магадгүй” гэж хардахад хүргэв. Эрдэнэтийн 49 хувийг зарсан хэрэгт шалгагдаж байгаа Ц.Элбэгдоржийн хувьд их ууртай байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт ярилцлага өгч, хариуд нь экс Ерөнхийлөгч Америкаас “агсарч” багагүй дуулиан дэгдээлээ.

АН-ынхан өнгөрсөн долоо хоногт 34 жилийн ойгоо тэмдэглэв. Энэ үеэр тус намын дарга  Лу.Гантөмөр “Ардчилсан намын тамгыг өнгөрсөн онд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдрөөр албан ёсоор гардаж авсан. Яг тэр үед эв эе гэж яг юу вэ гэдгийг бид бодож эхэлсэн. Ардчилсан намынхан бид аялдан дагалддаггүй хүмүүсийг эвийн хүч гэж хардаг” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч тус намын зарим гишүүнд С.Зоригийн хөшөөг буулгах, газар дээр нь өндөр байшин барих хүсэлтийг Улаанбаатар хотын даргад илгээсэн гэдэг мэдээлэл АН-ын ахмад гишүүдийг бухимдуулж байна. Арга ч үгүй биз. МоАХ-ны нэр дээрх газрыг нь Х.Баттулга зарж, Хөгжлийн банкад барьцаалсан. Одоо С.Зоригийн хөшөөг буулгаад байшин барина гэхээр бүгд л эсэргүүцэх нь тодорхой.


Өнгөрсөн долоо хоногт 9-13 насны дөрвөн хүүхэд алга болсон гэдэг мэдээлэл сошиал орчинд тархаж, олон хүний сэтгэлийг эмзэглүүлэв. Гэхдээ тэдгээр хүүхдүүдийг нь эсэн мэнд оллоо. Сүүлийн үед  хүүхэд алга боллоо гэх дуудлага эрс өсчээ. Тодруулбал, он гарсаар нийтдээ 300 гаруй хүүхэдтэй холбоотой “Алга болсон” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, цагдаа нар тэднийг  эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэж  өгөөд  байгаа юм байна.  

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр