“Энэ газар манай гэрээс зайтай ч би ирээдүй хойч үе, үр хүүхдийнхээ төлөө зорьж ирж, үйлчлүүлдэг юм. Цаашид ч үйлчлүүлнэ. Бид одоо л хамтдаа сэтгэл, зүтгэл гаргаж хайрлаж, хэмнэхгүй бол цаг хугацаа, мөнгө төгрөгөөс илүү үнэ цэнтэй зүйлээ алдахад ойрхон байна шүү” хэмээн санаа зовинонгуй өгүүлэх энэ хүнийг Ж.Батцэцэг гэдэг. Хоёр настай хүүхдээ тэврэн зогсох тэрбээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод ирж суурьшаад хоёр жил орчим болж байгаа бөгөөд эл хугацаанд тус газраар тогтмол үйлчлүүлжээ. Сард 1-2 удаа үйлчлүүлдэг бөгөөд нэг удаад дунджаар 120 литрийг зарцуулдаг хэдий ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 5760-11520 литр цэвэр ус хэмнэж чаджээ. Хэмнэсэн гэж тодотгосны учир нь, Ж.Батцэцэгийн үйлчлүүлдэг автомашин угаалгын газар саарал ус ашигладаг юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Auto spa car wash” автомашин угаалгын газар “Соёл велнес” төвөөс гарч буй саарал усыг цэвэршүүлж, ашигладаг байна.
Бие биеэ түшсэн шийдэл
Тус автомашин угаалгын газар хөл хөдөлгөөн ихтэй байгааг хараад баярлах бас бахархах сэтгэл төрж байлаа. Учир нь, Ж.Батцэцэг шиг тухайн газраар үйлчлүүлж буй жолооч бүр цэвэр усаа хэмнэхэд том хувь нэмэр оруулж байгаа юм. Автомашин угаалгын газрын ханан дахь олон анос дундаас хамгийн түрүүнд нүдэнд туссан “Саарал ус-Бидний шийдэл. Бид цэвэр усны хэрэглээнээс татгалзаж, саарал усыг 100 хувь ашигладаг” гэх бичиг анх удаа үйлчлүүлж буй жолооч нарыг дахин ирэх хөшүүрэг болдог байна. Өөрөөр хэлбэл, хол, ойроос үл шалтгаалж, тус газрыг зорин ирж үйлчлүүлж буй нь саарал ус ашиглахыг дэмжиж, цэвэр усаа хэмнэж буй үйлдэл юм. Тэдний ашиглаж буй цэвэршүүлсэн ус харахад цэвэр уснаас ялгарахааргүй ямар ч өнгө, үнэргүй байдаг учраас ханан дээрх аносыг хараад саарал ус ашигладаг гэдгийг мэдэж, дахин үйлчлүүлдэг тухай жолооч нар хэлж байлаа.
“Auto spa car wash” автомашин угаалгын газар арван жилийн өмнө үүд хаалгаа нээсэн бөгөөд цэвэр усаа хэмнэх зорилгоор 2018 оноос эхлэн зэрэгцээ байрлах “Соёл велнес” төвийн усан бассейны усыг хэд хэдэн шат дамжлагаар шүүн 24 тонн бүхий нөөцийн саванд хуримтлуулан ашиглаж эхэлсэн байна. Тэдний энэхүү шийдлийг энгийн нэгэн жолоочоос өгсүүлээд аж ахуйн нэгж, албан байгууллагууд хүртэл дэмжиж, гэрээ байгуулан үйлчлүүлдэг болжээ. Улирал болон ажиллах хүчнээс шалтгаалж өдөрт дунджаар 80 автомашин үйлчлүүлдэг бөгөөд нэг автомашинд ойролцоогоор 100-120 литр зарцуулдаг гэж тооцоход зургаан жилийн хугацаанд ашигласан саарал усны хэмжээтэй адил цэвэр усыг хэмнэж чадсан гэсэн үг юм.
Саарал усыг цэвэршүүлж ашиглах нь цэвэр ус хэрэглэснээс илүү их зардалтай ч үүнээс нөхөж үл барам цэвэр усны хомсдолд орохгүйн тулд, мөн бусдад үлгэр дуурайл болох зорилгоор ийм алхам хийсэн тухайгаа “Auto spa car wash” автомашин угаалгын газрын захирал Г.Төгсмандах тодотгон ярилаа. Тэрбээр “Зардал талаас нь харвал цэвэр ус ашиглах нь илүү хямд. Харин цэвэр усаа хайрлах, хэмнэе гэвэл өөрийн эсвэл бусдын ашигласан саарал усыг цэвэршүүлж дахин ашиглах нь хамгийн зөв шийдэл. Бидний үйл ажиллагааны гол утга учир цэвэр усаа хэмнэж буйд оршиж байгаа юм” гэв.
Ус, цаг, мөнгө хэмнэгчид
Бидний дараагийн очсон газар дээр өгүүлсэнтэй зорилго нэг ч ашиглаж буй арга барил нь арай өөр, бас онцлогтой. Яармаг дахь нийслэлийн төр, захиргааны байрны баруун талд байрлах энэхүү автомашин угаалгын газар нэрнээсээ л анхаарал татлаа. Тодруулбал, “Shine робот угаалга” энэ оны нэгдүгээр сарын 10-наас үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Албан ёсоор гэж тодотгосны учир нь, өөрийнхөө ашигласан усны 70-80 хувийг цэвэршүүлж дахин ашигладаг тул өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас бэлтгэл ажлаа базаасаар шинэ оны эхэнд үүд хаалгаа нээжээ. Гаднаасаа хаалттай мэт харагдах ч дугаарлан зогсох автомашины урт цуваа ажиллаж буйг нь илтгэнэ. Шинэ төрлийн үйлчилгээг сонирхож, бид автомашинаа угаалгав. Хаалга нээх, хаах, угаах төхөөрөмжийг ажиллуулах товчийг дарахаас бусдаар хүний оролцоогүйгээр автомашиныг маань 15 минутад цэмбийлгэв. Бид автомашинаасаа буух ч шаардлага гарсангүй. Жижиг оврын автомашин тул 18000 төгрөг гэнэ. Үйлчилгээ нь “Ус, цаг, мөнгөө хэмнэе” гэсэн уриатайгаа нийцэж байх нь тэр.
Эднийх нэг ээлждээ хоёр автомашин угаах зохион байгуулалттай бөгөөд хэрэглэсэн усаа дахин ашигладаг, мөн хүний оролцоогүй гэдэг утгаараа үнэ ханшийн хувьд хямд байдгийг үйлчлүүлэгчид нь онцлон дурдсан. Тэдний нэг Б.Батмөнх “Үнэ ханш нь хямдаас гадна саарал ус ашиглаж байгаад нь олзуурхаж энэ газраар хоёр дахь удаагаа үйлчлүүлж байна. Эднийх Таван шард салбараа нээх гэж байгаа юм билээ. Манайхтай ойр тул байнгын үйлчлүүлэгч нь болох бодолтой байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Автомат учраас автомашины урт, богиноос хамаарч 120-150 литр ус зарцуулдаг бөгөөд үүний 70-80 хувийг цэвэршүүлж дахин ашиглаж, цэвэр усаа хэмнэдэг талаар “Shine робот угаалга”-ын газрын үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Цогбадрах ярилаа. Тэрбээр “Бид ашигласан усаа гурван шат дамжлага, дөрвөн төрлийн тунгаагуур бүхий шүүлтүүртэй хоолойгоор дамжуулан шүүж хэрэглэдэг. Цаашид саарал усны төхөөрөмжийг платформд суурилан ашиглахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч аппликейшн ашиглан төхөөрөмжийг удирдаж автомашинаа угаана гэсэн үг. Бид Хонконгод үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг албан ёсоор оруулж ирэх боломжтой. Үйл ажиллагаандаа саарал усны төхөөрөмж ашиглаж цэвэр усаа хэмнэх хүсэлтэй газар олон ч санхүүгийн хувьд бэрхшээл үүсдэг тал бий. Тиймээс бага хүүтэй, урт хугацаатай “Ногоон зээл”-ээр олгох боломж нөхцөлийг бүрдүүлэх гарц шийдэл эрэлхийлж байгаа” гэлээ.
Үнэтэй цэвэршүүлдэг ч үнэгүй нийлүүлдэг
Энэ мэт шийдлээр автомашин угаалгын газрууд цэвэр усаа хэмнэж болохоос гадна томоохон хэмжээний үйлдвэрүүд ч мөн хэмнэх бүрэн боломжтойг “М-Си-Эс Кока-Кола” компанийн туршлагаас харж болно. Тус компани байгаль орчны чиглэлд буюу ус, уур амьсгал, савлагаа гэсэн гурван асуудалд анхаарахын сацуу бүтээгдэхүүнийхээ үндсэн түүхий эд болох усаа хайрлах, хамгаалах, бага зарцуулах, хэрэглэсэн усаа цэвэршүүлж ашиглах бодлого барьдаг байна. Энэ хүрээнд үйлдвэрийн хаягдал буюу сав баглаа боодол, тоног төхөөрөмж угаасан усыг цэвэршүүлэх байгууламжийг 2010 онд ашиглалтад оруулжээ. Цэвэршүүлсэн ус нь Монгол Улсад мөрддөг стандартуудыг хангадаг тул ийм төрлийн ус ашиглах боломжтой бөгөөд авах хүсэлтэй газруудад үнэ төлбөргүй өгдөг байна. Одоогоор Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн хот тохижилтын газар, мөн тус дүүргийн гал түймэр унтраах анги, автомашин угаалгын зарим газар авч ашиглан цэвэр усаа хэмнэхэд хувь нэмрээ оруулж байгаа аж.
Эднийх жилд 180.000 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд үүний арав хүрэхгүй хувийг дахин ашигладаг буюу бусад газрууд авдаг байна. Харин үлдсэн 90 гаруй хувийг нь төвийн бохирын шугам руу нийлүүлдэг гэдгийг сонсоход харамсалтай санагдав. Санхүүгийн зардал гаргаж байж цэвэршүүлсэн усаа бохирын шугам руу бус “Амгалан дулааны станц” руу нийлүүлэх хүсэл байдаг ч дэд бүтцийн асуудал тулгардаг тухай “М-Си-Эс Кока-Кола” компанийн Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн менежер Б.Алтаншагай хуваалцав. Тэрбээр “Хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж өртөг өндөртэй учраас эдийн засаг талаас нь ашиг харах боломжгүй. Харин байгаль орчинд оруулах хувь нэмэр, цэвэр усаа хайрлаж хэмнэж буй талаас нь харвал маш их хэмжээний ашигтай шүү. Дахин ашиглаж буй усны хэмжээгээр цэвэр усаа хэмнэж байна л гэсэн үг. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд хаягдал ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулсан тохиолдолд эхний гурван жилд төлбөрөөс чөлөөлүүлж, дахин ашигласан хэмжээгээр төлбөр хасуулдаг” хэмээгээд иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг үйлдвэрийн цэвэршүүлсэн усыг үнэ төлбөргүй авч мод, зүлэг ногоо услах, зам талбай автомашин угаах зэрэгт ашиглаж, түүнд зарцуулдаг цэвэр усаа хойч үедээ үлдээхийг уриаллаа.
Тэд цэвэршүүлсэн усаараа загас тэжээж байгааг хараад итгэл төрж байлаа. Үйлдвэрийн хаягдал усыг ийм түвшинд цэвэршүүлэн бусдад түгээхээс гадна тэд нэг литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулдаг 4.9 литр усыг үе шаттай бууруулсаар хоёр литр болгожээ.
Хойч үеэ уух устай үлдээх боломж бий
Улаанбаатар хотын хоногийн усны хэрэглээ 2040 он гэхэд нэг сая метр куб болох бөгөөд тэр үед үүний 50 хувийг л хангаж чадна. Тиймээс бид одооноос эхэлж хэрэглэж буй усныхаа 50 хувийг дахин ашиглахгүй бол том аюултай нүүр тулахад ойрхон байгааг Усны газрын дарга З.Батбаяр тодотгон анхаарууллаа. Тэрбээр “Цэвэр усаа хэмнэх олон шийдэл бий. Түүний нэг нь борооны ус буюу дээврийн усыг хуримтлуулах. Улаанбаатар хотын хэмжээнд 270 мянган дээвэр байдаг. 20 минут бороо ороход эдгээр дээврийн усыг бүрэн цуглуулж чадвал Даланзадгад хотын жилийн усны хэрэглээг хангахуйц хэмжээний ус цуглуулах боломжтой. Түүнийгээ ашиглаж цэвэр усаа хэмнэхээс гадна гудамжаар урсах ус 20-30 хувь багасна. Үер болох магадлал буурна гэсэн үг” хэмээгээд уух устайгаа үлдэхийн тулд хүн бүр сэтгэл зүтгэл гаргаж үйлдэл хийхийг хүсэж уриалав.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй автомашин угаалгын бүх газар жилд 125 мянган тонн ус ашигладаг гэсэн судалгаа бий. Тэгвэл эдгээр газар өөрсдийн боломжид тулгуурлан дээр дурдсан газруудын сайн туршлага, зөв жишгээс санаа сэдэл авч үйл ажиллагаандаа шинэчлэл хийж чадвал жилд 125 мянган тонн ус хэмнэх боломжтой. Усыг дахин ашиглахад цэвэр усыг хэмнэхээс гадна Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх бохир усны хэмжээ багасаж, улмаар Туул голын бохирдол ч буурах давуу талтай. “М-Си-Эс Кока-Кола” компани байршлын хувьд алслагдмал тул тэдний цэвэршүүлсэн усыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж бүр авах боломжгүй байж болно. Тэгвэл үйлдвэрүүдийн дунд байрладаг томоохон компаниуд хаягдал усаа цэвэршүүлж эхэлбэл харилцан хамааралтайгаар бүх шатандаа хожих боломжтойг энд дахин тодотгож, нийтлэлд өгүүлсэн газрууд шиг, түүгээр үйлчлүүлж буй хүмүүс шиг сэтгэл зүтгэл гарган үйлдэл хийж цэвэр усаа хайрлан хэмнэж хойч үеэ уух устай үлдээхийг уриалъя.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна