Залуус хуучны, ховор пянзанд дурлаж байна


Хүн бүрд хүүхэд насны дурсамж бий. Тархинд допамин ялгаруулах гоё дуу, үнэр, амтны дурсамжаа өчүүхэн зүйлээс мэдрэх сайхан. Аав, ээжийн сонсох дуртай дуу, айл болгонд шахуу байсан пянз тоглуулагч бидэнд дулаахан, хайрлам нандин санагддаг. Тэр мэдрэмжийг л авах гэсэн хүслээрээ хоббидоо хөтлөгдсөн хүмүүс пянзны борлуулалтыг өсгөжээ. Олон улсын хэмжээнд пянзны борлуулалт цомгоос давсан. Өнгөрсөн жил гэхэд 33 сая хувь цомог, 41 сая хувь пянз худалдаалсныг Америкийн дуу бичлэгийн холбооны орлогын тайланд дурджээ.  Ингэхдээ Их Британи, АНУ, Герман, Япон, Өмнөд Солонгост борлуулалт өссөн. Дуучин Тэйлор Свифт өнгөрсөн жил 1.7 сая хувь пянз борлуулж домогт  “Битлз”-ийн амжилтыг эвдсэн.  Хүмүүсийн хобби хүртэл ээлжлэн сүлэлддэг хорвоо аж. Нэгэн үеийг бодвол Улаанбаатарт пянзны дэлгүүр,  кафе, цуглуулагчдын уулзалт, нээлттэй өдөрлөгүүд болж хотын соёлыг сурталчилж байна. Пянз дэлхийн соёлын нэгэн айзам болсны илэрхийлэл бол дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг  Пянзны дэлгүүрийн өдөр. Товчхондоо пянз хөгжмийн ертөнцөд сэргэлтийг авчирч байна. Үүнд хөг, түрлэг нэмсэн “Chinzo's records room” дэлгүүрийг зорилоо. “Бүх нийтийг пянзжуулах аян” хөтөлбөр, хотын хөгжим, пянзны соёлыг дэлгэрүүлэн түгээх үйлсэд жинтэй үүрэг гүйцэтгэж буй газар. Тэдний зохион байгуулах эвентийг олон хүн хүлээж, цахим хуудастаа хямдралтай худалдаа зарлах өдрийг харуулдан суудаг. Монголын хөгжмийн урлагт мэндэлсэн шинэ цомгийн нээлт, цуглуулагчдын уулзалт, халуун яриа өрнөнө. Ялангуяа анхлан суралцагчдын гарааны цэг болно. Ямар пянз сонгох, хаанаас эхлэхээ мэдэхгүй ч зориод ирэх нэгэн, байнгын үйлчлүүлэгч гээд хүний хөл үл татарна. Хуучны, орчин үеийн хамтлаг дуучдын бүтээлийг үе, төрөл жанраар нь ангилан өрсөн дэлгүүрийн тавиур медиа урлагийн  архив мэт санагдав. Хананд өлгөсөн зураг, дурсгалын зүйлс хүртэл түүх өгүүлнэ. Дэлхийн хэмжээнд борлуулалтаараа тэргүүлдэг, алтан үеийн пянзны ковер, нэгэн цаг үеийн шүтээнүүдийн хөрөг зураг гээд худалдаанаасаа илүү хараа булаасан тохижилттой. Үүдний хэсэгт хүртэл “10-20 мянган төгрөг” гэсэн тодотголтой хуучин пянзны булан байх. Хуучин, хямдхан гэж бодолгүй ухаад үзвэл энэ тавиур эрдэнэсийн авдар. Аз нь таарвал эрээд, сураад олддоггүй ховор бас цоо шинэ мэдрэмж хөглөх сувд түүж магадгүй. Ховор эсвэл анхны хувилбарууд нь үнэтэй.  Угаас цуглуулагчид хуучин пянзны төлөө хэдэн төгрөг  төлөхөд ч бэлэн байдаг.

 

Зүүний үзүүрт эргэх урлаг

 

Хүн сайхны төлөө тэмүүлдэг. Пянз сонсож эхэлбэл сайн формат, дэргэд бодитоор дуугарах аялгуунд эрхгүй татагдана. Сонгодог хөгжим, рок, жазз, хип хоп, ардын урлаг гээд хэв маягийн бүтээлүүдийг нэгэн дээвэр дор цуглуулжээ. XX зууны,  орчин үеийн үйлдвэрлэгчдийн шинэ хэвлэлт, гадна, дотнын цуглуулагчдын нямбай хадгалсан хувийн цуглуулгын пянзнаас гадна чанартай, өвөрмөц дуугаралттай тоглуулагч, өсгөгчийг худалдаалдаг. Граммофон бол бүхэл бүтэн хөгжмийн эриний нэг хэсэг. Мухлагийн соёл бүдгэрч, хүргэлттэй цахим худалдааны сайтууд эрчээ авч байхад залуус пянзны дэлгүүрийг зорин алхах нь учиртай. Дуртай хамтлагийнхаа дууг хэдхэн хормын дотор “YouTube”-ээс татаж болох байтал яагаад чамгүй үнэтэй бүтээгдэхүүн пянзыг сонгох ёстой гэж бодох хүн бий. Дижитал хуулбар биш, үйлдвэрээс хэвлэсэн, битүүмжилсэн пянзнаас дуучны амьсгал хүртэл сонсогддог учраас тэр.  Найз нөхөд, хайртай дотнын хүмүүстээ төрсөн өдрөөр нь эсвэл шинэ жилээр ямар бэлэг өгөхөө мэдэхгүй хүмүүст зөвлөхөд пянз хэзээ ч хуучрахгүй, классик сонголт. Өгсөн нь сэтгэл хангалуун, авсан нь үнэ цэнээ алдахааргүй  өмчтэй болж үлдэнэ. Пянзны дэлгүүр тодорхой зорилтот үйлчлүүлэгчтэй. Худалдан авагч залуутай яриа өрнүүлбэл “Нэг жанрын пянзыг дандаа худалдаж авбал уйтгартай. Өөрийгөө хайж олон туршилт хийсэн. Миний цуглуулгын ихэнх пянз жазз урсгалд хамаарна. Мэдээж хип хоп, метал хамтлагийн бүтээл ч байгаа. Би хэдий чинээ олныг худалдаж авна төдий чинээ цуглуулах зүйл олон байгааг ойлгодог” гэсэн юм. Голын тавиур дээрх пянз тоглуулагчийн зүү зогсолтгүй эргэнэ. Үйлчлүүлэгчид сонсох боломжтой пянзны дуугаралтыг шалгах аж. 

 

Монгол пянзны цуваа үргэлжилсээр

 

“Chinzo's Records Room” пянз, хөгжмийн дэлгүүрийг үүсгэн байгуулагчийн нэг  Г.Чинзоригийг урлагийнхан, энэ төрлийн хоббитой хүмүүс андахгүй. Түүний байгуулсан дэлгүүрт өөрийн гэсэн соёл үйлчилдэг. Хөдөлмөр чармайлтаар бий болгосон соёл, харилцаа хандлага бусдад жишээ болохуйц шилдэг сайны загвар хэмээн олон нийтийн сүлжээн дэх пянз сонирхогч, цуглуулагчдын бүлгэмийнхэн ам сайтай байдаг. Пянз цуглуулагчид бие биеэ хүндэтгэдэг, ховор, живэр бүтээлийг хаанаас олж болохыг харамгүй зөвлөнө. Ах нар гэж дээд үеийнхнээ,  рок поп урлагийн аварга “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ”, “Хөх Тэнгэр”, “Инээмсэглэл”, “Айзам”, “Өргөө”, “Шигтгээ”, “Харанга”, “Чингис хаан”, “Хурд”, “Нисванис”-ыг  арслангууд гэж хүндэтгэдэг. Зуун дамнасан түүхтэй эдгээр хамтлагийн пянзнууд худалдаанд гарснаар хөгжим сонирхогч, цуглуулагчдын магнай тэнийсэн. Тэгвэл арын албанд уран бүтээлчдээс гадна “Chinzo's records room” гүйцэтгэгчээр оролцсон байдаг. Монголын үе үеийнхний бахархалт уран бүтээлчдийн чихэнд хоногшсон олон сайхан мартагдашгүй уран бүтээлийн аналоги форматад буулган пянз болгон сонсогч фэнүүдийнх нь гар дээр тавьж урлагийн түүх, урын санг улам баяжуулна гэдэг үнэтэй гавьяа. Монгол уран бүтээлчдийн эдгээр бүтээлийн дэлхийн зах зээлд гарган түгээн борлуулах санаа сэдлүүд нь ч шинэлэг бас оновчтой.  Арслангууд ч өөрсдийн пянзыг сонсоод онц үнэлгээ тавьжээ. Энэ мэт гадна, дотнын пянзаар дэлгүүрийнхээ нөөцийг тогтмол баяжуулдаг ч үйлчлүүлэгчдийн захиалга дуусахгүй.  Долоо хоног бүр шинэ пянз дэлгүүрт бууна. Нөгөөтэйгүүр зах зээл тэлж, цомгууд дахин хэвлэгддэг ч пянз гэх тусдаа ертөнцөд үнэ цэн нь өссөөр байдаг. Жилээс жилд ханш нь өсөхийн сацуу  тээврийн зардал өндөр. Сэтгэл, сонороо мялаахыг хүсэгчдэд үнэ биш  чанар чухал.   Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн домог болсон Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийнхан шинэ пянзаараа сонсогч, фэнүүддээ бэлэг барьжээ. “Будаг нь ханхалсан” шинэхэн пянз “Chinzo's records room” дэлгүүрт буусан байна. “Харанга”-ынхан 30 жилийн ойдоо зориулан “Эрин зууны хөг”,  “Best of Haranga”, “Бодлын тэнгис”, “Ертөнцийн өнгө” цомгуудаа дахин хэвлүүлж “Box set” гаргасан нь одоо ч эрэлттэй байдаг. Мөн "Хөх тэнгэр" хамтлагийн Япон улсад хэвлүүлсэн пянз иржээ. “Үзэсгэлэн төгөлдөр эх орон”, “Бороо”,  “Хар Хорин” гэсэн хит дуунуудынхаа тухайн үеийн радиогийн бичлэгээ мастеринг хийж хэвлүүлсэн энэ юм.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 7 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө