“Загалмайлсан эцэг”-ээр дархлагдсан Коппола


Фрэнсис Форд Коппола найруулагчийн карьераа кино урлагийг дэмжихэд зориулсан цөөн уран бүтээлчийн нэг.  Тэр бол бидэнд  “Загалмайлсан эцэг”, “Одоо Апокалипсис”, “Дракула” зэрэг мөнхийн бүтээлийг бэлэглэсэн суутан. Түүний амьдралд бүтээгчийн зөрчилдөөн нь дотоод тэмцлийн мөнхийн түлхэц болдог. Америкийн кино урлагийг тодорхойлдог студийн систем Копполаг сэтгэл гутрал, дампуурлын ангал руу түлхэхийн зэрэгцээ дэлхийн шилдэг бүтээлийн мастер гэдэг амжилтыг авчирсан. Идеалист найруулагч цөхрөнгөө барж байхдаа ч татгалзахын аргагүй олон санал авсан. “Татгалзахын аргагүй санал” гэдэг хэллэгийг Коппола “Загалмайлсан эцэг”-ээрээ дэлхийд нэвтрүүлсэн.  Кино урлагийн хамба лам гэж зарласны дараа залуу найруулагчид үлгэр дуурайл авахаар түүнийг сонгох болжээ. Зөвхөн Коппола л Коппола шиг ажиллаж чадна. Тэрбээр карьерынхаа туршид 17 кино найруулсан бөгөөд үе үе урт завсарлага авдаг этгээд зантай ч бүх цаг үеийн хамгийн агуу найруулагчдын  жагсаалтад зүй ёсоор багтдаг. Коппола Каннын наадмын хоёр, “Оскар”-ын зургаа, “Алтан бөмбөрцөг”  наадмын гурван шагналтай.

 

Мөнхийн бүтээл туурвив

 

Копполагийн амьдралд гэр бүл асар их үүрэг гүйцэтгэсэн. Италийн цагаач гэр бүлээс гаралтай энэ айлаас ирээдүйн найруулагч, жүжигчид төрөн гарчээ. Аав Кармин Коппола нь “Оскар”-ын шагналтай хөгжмийн зохиолч. Түүний  хүү Роман Коппола, охин София нар кино найруулагч. Тэгвэл Николас Кэйж, Жейсон Шварцман нар Фрэнсис Копполагийн зээ дүү нар юм. Хүүхэд насны дурсамжууд амьдралын төлөөх хүнд тэмцлийн сүүдэрт дарагдсан. Саа өвчтэй орноосоо босож чаддаггүй хүү өдөржин хуруувчин театраар тоглодог байв. эндээс л найруулагчийн ур чадварт суралцжээ. Коппола саа өвчин тусаад илааршсанаа гайхамшиг гэж боддог. Сэргээн засах эмнэлэгт жил гаруй эмчлүүлж, үеийнхнээсээ хоцорсон хүү урлагийн чиглэлээр суралцахыг хүссэн ч гэр бүлээрээ жүжигчин байж болохгүй гэж эцэг нь хоригложээ. Эцгийнхээ шахалтаар орсон цэргийн сургуулиа 1955 онд орхиж, театрын уламжлалаараа алдартай Хофстрагийн урлагийн сургуульд элсэв. Кино урлаг түүнийг соронз мэт татаж байсан учраас театрын хэв маягаа орхихоор Калифорнийн их сургуульд суралцсан нь найруулагчийн карьерт шинэ алхам болсон. Францын сонгодог киноны нэрт төлөөлөгч Жан Ренуарын хичээл хожим Фрэнсис Форд Копполагийн уран бүтээлийг илэрхийлсэн. Сургуулиа төгсөөд Коппола дэлгэцийн зохиол бичихээр “Seven Arts”-тай гурван жилийн гэрээ байгуулжээ. Үүний зэрэгцээ Бэтмэний тухай комик ном бичихээр төлөвлөсөн ч санхүүгийн хүндрэлээс болж энэ санаагаа орхисон байна. Залуу, эрч хүчтэй “Seven Arts” студийг “Уорнер Брос”-той нэгтгэсний дараа Коппола найруулагчийн карьераа эхлүүлэхээр шийджээ. Түүний анхны драмын кино 1966 онд  "Чи одоо том хүн" нэрээр дэлгэцээр гарав. Энэ киногоороо найруулагчийн сууриа бат тавьсан Коппола “Финианы солонго” (1968 он) мюзиклээ бүтээжээ. Үүнтэй зэрэгцэн “Парамаунт” студийнхэн Марио Пузогийн гэмт хэргийн зохиолоос сэдэвлэсэн шинэ бүтээлдээ найруулагч хайж байлаа. Тэд 29 настай ид залуу Копполад санал тавихад эхэндээ айж, найруулахаас татгалзжээ. Мөн гол дүрийн жүжигчин Марлон Брандотой эртний таагүй харилцаатай байсан нь цааргалах шалтгаан байв. Гэхдээ санхүүгийн шаардлагаар “Парамаунт”-ынхныг удаан гуйлгалгүй “Загалмайлсан эцэг” киноны зураг авалтаа эхлүүлжээ. Марио Пузогийн гангстеруудын тухай зохиолыг тэрбээр уран сайхны хүсэл эрмэлзэлдээ нийцүүлэн дахин бичсэн гэхэд хэлсдэхгүй. Гангстеруудын тухай зохиолыг Америкийн “том гэр” бүлийн өдөр тутмын амьдрал, бизнесийн асуудал, аав, хүүхдүүдийн хоорондох зөрчилдөөн болгон өөрчилжээ. Сунжирсан урт харилцан яриаг хасаж, буудалцаантай хэсгүүдийг нэмсэн нь драмын өнгө аяс, триллер хэв маягийг шингээсэн шинэлэг найруулгатай кино болгожээ.  Нью-Йорк хот, Сицилийн аралд болсон зураг авалтын үеэр зураглаач Гордон Виллестэй сөргөлцөж, зарим жүжигчний урвалттай  нүүр тулсан. Энэхүү гэмт хэргийн драмын анхны анги нь “Оскар”-ын гурван төрөлд шагнал хүртжээ. Тухайн жилдээ 250-291 сая ам.долларын ашиг олсон бөгөөд бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино болсон юм. Сонирхуулахад, Коппола хэрэв 50 сая ам.долларын ашиг олбол “Парамаунт”-аас Лимузин машин авахаар бооцоо тавьсан гэдэг. Киноны амжилт Копполааг Лимузинтэй болгоод  зогсохгүй супер найруулагчийн алдрыг авчрав.  "Загалмайлсан эцэг" кинонд мафи гэдэг үгийг дурддаггүй. Америкийн кино академийн 1997 онд явуулсан судалгаагаар өнгөрсөн зууны хамгийн алдартай бүтээлээр нэрлэжээ. Коппола 1974 онд “Загалмайлсан эцэг”-ийн хоёрдугаар ангийг хийхийн тулд  студиэс санал болгосон "Ярилцлага" киног найруулжээ. Хэдий найруулагчийн зүгээс “Загайлмайлсан эцэг”-т түлхүү анхаарч байсан ч "Ярилцлага" киногоор Каннын наадмын шагналыг анх удаа хүртжээ.  Харин “Загайлмайлсан эцэг 2” кино “Оскар”-аас гурван шагнал хүртжээ. Мэргэжлийн шүүмжлэгчид “Загалмайлсан эцэг”-тэй маргахгүй ч 1979 онд найруулсан “Одоо Апокалипсис” киног Копполагийн оргил бүтээлд тооцдог. Найруулагчийн ур чадвар харуулсан ээлжит бүтээлийн нээлтээ 1993 онд хийсэн нь “Дракула” байлаа. Жүжигчин Киану Ривз, Энтони Хопкинс, Гари Олдман, Уинона Райдер нарын гол дүрд нь тоглосон готик аймшгийн кино тухайн жилийнхээ “Оскар”-ыг  өнгөлж, 200 сая ам.долларын ашиг олжээ. Жүжигчин Аль Пачино нэгэн ярилцлагадаа “Намайг амьд байгаа цагт, “Загалмайлсан эцэг” киног давах бүтээл гарахгүй” хэмээн бардам хэлжээ. Одоогоор Холливудад “Загалмайлсан эцэг” кинонд зориулсан хоёр төсөл яригдаж байна.

 

Дөчин жил  бясалгасан "Мегалополис"

 

Зочид буудлын сүлжээ эзэмшиж, дарс үйлдвэрлэл эрхлэн Холливудын шуугианаас хол байсан Коппола олон жилийн турш мөрөөдсөн бүтээлийнхээ зураг авалтыг дуусгажээ. Өнөөдрийг хүртэл нууц байсан Копполагийн төсөл 2024 оны хамгийн хүлээлттэй киногоор нэрлэгдээд байна.  "Мегалополис"-ын үйл явдал сүйрлийн дараах Нью- Йорктой төстэй ирээдүйн хотод өрнөнө. Гол зөрчилдөөн нь амбицтай Цезарь ба хотын дарга Фрэнк Цицероны хооронд үргэлжилдэг. Гол дүрийн баатрууд нэрнээсээ л Эртний Ромын түүх, Гай Юлий Цезарь, Цицерон хоёрын сөргөлдөөний талаарх тодорхой эшлэлийг харж болно. Холливудын шүүмжлэгчид уг бүтээлийг “Копполагийн хувьсал” гэж тодорхойлж байна. Гол баатар Цезарийн дүрийг жүжигчин Адам Драйвер бүтээжээ. Кинонд Дастин Хоффман, Жанкарло Эспозито, Натали Эммануэль, Жон Войт, Шиа Лабеуф, Лоренс Фишберн, Обри Плаза, Жейсон Шварцман нарын бүрэлдэхүүнтэй Холливудын бүхэл бүтэн  галактик ажиллажээ. “Мегалополис” гоо зүй, гүн ухааны тухайд Ромын эзэнт гүрнээс санаа авсан өвөрмөц бүтээл. Төслийн бүрэлдэхүүн, найз нөхөд, шүүмжлэгч нарт зориулсан анхны үзлэгийн  өмнө Коппола “АНУ Үндсэн хууль, Сенатын бүтцийг Ромын эзэнт гүрнээс авсан. Би энэ киногоороо харгис үзэл, шунал, авлигын довтолгооны дор Америкийн төр улсыг мөхөөхөөс урьдчилан сэргийлэхийг хүссэн. Миний дөч гаруй жил тархиндаа бясалгасан санаа. Тойм зургаа 1979 онд гаргасан. Эртний Ромын түүхч Гай Саллютий Криспус “Катилины хуйвалдааны тухай” баримтат бүтээлд үндэслэсэн юм. Загварын хувьд “Клеопатра”-г эш татсан футурист төрхтэй. Жеймс Жойсын "Улисс" романтай ижил төстэй санагдаж магадгүй. Гэхдээ зохиолын дагуу киноны үйл явдал ердөө ганцхан өдөрт багтана” гэжээ. Жүжигчин Аль Пачино “Энэ бүтээл Ерөнхийлөгчийн сонгуулиас илүү АНУ-ыг цуурайтуулна” гэж үзлэгийн дараа ярьжээ.  Коппола 2001 онд Нью-Йоркт эл бүтээлийнхээ зураг авалтыг аль эхлүүлсэн ч есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа бичлэгээ устгаж, төслөө царцаасан.  Холливудад олон жил яригдсан уг зохиолын гол дүрийн уншлагад Леонардо Ди Каприо, Николас Кейж, Жеймс Каан шалгуулсан байдаг. Жүжигчин Николас Кэйж энэ дүрийг найруулагчаас олон жил гуйсан ч зөвшөөрүүлж чадаагүй аж. Николас Кэйж Копполагийн кинонд тоглохыг нэг бус удаа гуйсан ч нааштай хариу сонсоогүй гэдэг. Тухайлбал, “Загалмайлсан эцэг”-ийн Винсент Корлеоне бол Николас Кейжийн хүсээд ч авч чадаагүй дүр юм. Орчин үеийн Холливудын ховор түүхийг бүтээхээр Коппола 2019 онд төслөө албан ёсоор дахин эхлүүлэв. “Мегалополис”-ын санхүүжилтээ хувиасаа гаргажээ. Томоохон студиуд хөрөнгө оруулалт санал болгосон ч “Загалмайлсан эцэг”-ийн аав бүгдээс нь татгалзсан. Тэр ашгийн бус  Холливудын мартагдсан оргил үеийг кино урлагийн буюу эх хэлээр нь сэргээхийг хүсжээ. Калифорни дахь дарсны үйлдвэрээ худалдан киноны үндсэн төсөв болох 120 сая ам.долларыг бүрдүүлжээ. 84 настай найруулагч амжилтаа ахиулахын тулд 34 кг жин хассан байна. Зураг авалт 2022 оны арваннэгдүгээр сард Атланта хотод эхлэв. Үүний зэрэгцээ Мартин Скорсезе, Жорж Лукас, Стивен Спилберг нарын ярилцлагыг багтаасан баримтат кинонд ажиллажээ. Нэмж дурдахад, залуу жүжигчид “Мегалополис”-т оролцоогүй атлаа зураг авалтын талбайд очиж Копполааг хэрхэн ажиллахыг ажиглаж байсан гэдэг.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Я.Цэлмэн: Оюун санаа, хүний эрхийн хувьд нийгэм одоо л солигдож байна 12 минутын өмнө
Оросын оюун санааны дууч 23 минутын өмнө
Нүд “ичиж”, чих дөжрөх нь 27 минутын өмнө
М.Даваасүрэн: Монгол хүний оюуны өмчийн бүтээлүүдийг эдийн засгийн эрг… 21 цагийн өмнө
Монгол тэмүүлэл монгол ухаанаар оршихуй 21 цагийн өмнө
Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэн алхахдаа б… 21 цагийн өмнө
Үндэсний Статистикийн Хорооны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй он… 22 цагийн өмнө
Б.Батдаваа: Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэ… 22 цагийн өмнө
Төсөв тойрсон хэрүүл, уран дагасан улстөржилттэй долоо хоног 22 цагийн өмнө
Хоноцын сэтгэл ба үгүйлэгдсэн хайр 2024/11/08
Т.Баасансүрэн: “Монголын үнэн” сонин өнгөрсөн зууны толгой, өнөө зууны… 2024/11/08
ТУМБААШЛАГ ТӨР 2024/11/08
Эрдмийн эрдэнэ эгэл ардад байдаг 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Шинэ зууны түүчээ-залуустаа илгээх захидал 2024/11/08
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Санд… 2024/11/07
​ УИХ-ын гишүүн М.Мандхай: ТӨСВИЙН ХЭТ ҮРЭЛГЭН, ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА НЬ… 2024/11/06
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танх… 2024/11/05
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс байгалийн баялгийн бэлтгэн ний… 2024/11/05