Орчуулсан: Д.Цогчулуун
/ЧҮНДЖ Паблишинг/
Шүүдэр бөнжигнөсөн бэлчээр өвсөн дээр өеөлдөөд хэвтчихсэн хонь дүлсээр ядраад доройхон дуугаар майлан, хий тийчлэн байна. Хөлөн тус газар шороотой бохир ноосон дээр нь үнэгний шүдээ шигтгэж хазсан ором цусны өнгөөр тодрон харагдав. Женни хонийг энэ арын хашаанаас олсондоо гайхсан янз алга аа. Харин ч түрүүхэн хагас дутуу цөлмөөд хаячихсан нялх хурганы хажуугаар гарсныхаа дараа бараг эндээс олно гэж бодож байсан янзтай. Хурганы эх хээлээ хаяад сүргийн хамтаар зугтан одсон бололтой. Харин энэ хөөрхий хонь бол аргаа ядаж байх шиг.
-Эднүүс ахиад хэдэн долоо хоногийн дараачаас төллөж эхлэх ёстой байсан даа. Энэ гэхэд л бараг өчнөөн цаг тарчилсан бололтой, бүүр тамираа бараад дүлж ч чадахаа байчихаж. Цусаараа тээглэсэн муу үнэгнүүд! хэмээн Женни хараал тавив.
Үеэл дүүгийнхээ ийнхүү ширүүн хараасанд Эвэлиний нүд нь орой дээрээ гарах шахав. Хэрэв мань эр гэртээ ингэж хараах юм бол аав нь бараг онжгыг нь уйлтал гөвөх байсан даа. Одоо дөнгөж арван хоёр настай ч залуу эмэгтэй хүн хэчнээн уурлаж, муухай аашиллаа гээд хараал хэлж болохгүй л гэцгээх юм билээ.
-Энэ удаан тэсэхгүй юм шиг байна аа. Айсандаа хээлээ хаях гээд чадахгүй зовчихож. Тэр үнэг яаж энэ олон урхи, хавхны учрыг олоод хашаанд ороод ирснийг мэдэх юм алга. Аав, Боб хоёрыг олоод ачааны тэрэгтэй нь ирэх хэрэгтэй байна.
Женни босохоосоо өмнө хонины толгойг илбэн хэсэг суув. Босоход өвдөг дээр нь шавхайтай өвс наалдчихсан байхыг Эвэлин анзаарсан боловч юм хэлэхгүй гэж шийдлээ. Энэ талаар яриад байх цаг биш ч шиг санагдсанаас гадна үеэл дүү нь Эвэлин шиг шороо, шавхайг тоогоод байдаг хүн биш шиг санагдана. Ер нь түүнийг хотын охин хэмээн тодруулж, энэ хөдөө яалт ч үгүй сондгойруулаад байгаа зүйлсийн нэг энэ яахын аргагүй мөн билээ. Эвэлин угаасаа энд байх ч ёсгүй байсан бөгөөд Яассын гаднахантай орших Биналонг дахь авга ах, эгч хоёрынхоо энэ фермд өнгөрүүлж буй өдөр болгон үүнийг нь улам батлан харуулж байгаа юм.
Энэ шааг шууг гэсэн газар түүний байх газар биш, харин зургаагийн зургаан долоо хоног бахтай урт үргэлжлэх сургуулийн амралтаар Сиднейн умард эргүүдийн алтан шаргал элсэн дээр дотнын найзуудтайгаа хамт байж байх учиртай юмсан. Гайтай юм шиг аав, ээж хоёр нь ахиад л түр тархийгээд эхэлчихсэн, Эвэлинээс нууж чадахгүй гэдгээ мэдэнгүүтээ нүднээс далд нагацынх руу нь цөлж орхиод санаа амар хашгирч, хэрэлдэцгээх гэж байхгүй юу. Уг нь Эвэлин эднийд өмнө нь ирж байсан боловч дандаа аав, ээжтэйгээ ирдэг байсан. Мань эрийг тахиа зумлах гэх мэт ажлаас дөлж цахалдаг цагаан гартай хотын цэмцгэр гэж боддог хөдөөний үеэлүүдийнх нь дундуур аав, ээж хоёр нь завсрын хамгаалалт маягаар явдаг байв.
Эвэлин Женнитэй өрөөг нь хуваалцан сууж байгаа бөгөөд хэдийгээр хоёр насаар эгч боловч Женни түүнийг нялцганасан мангар жаал шиг санагдуулахдаа гарамгай гэж жигтэйхэн. Өрөө нь фермийн бусад өрөөнүүдийн л адил жижигхэн, давчуу дээрээ хананд тулгаж тавьсан шүүгээ, ор хоёрын дунд тавьсан гудаснаас болоод бүр давчуу болжээ. Гудас тэр завсраар багтаагүй болохоор нэг тал нь дээшээ нугаларч, саарал өнгийн ар нь ил гарсан байна.
-Чи орон дээр унт, Женни гудсан дээр хэвтэнэ, - гэж нагац эгч Карли найр тавин хэлээд цүнхийг нь орон дээр тавьж билээ.
Зочин байж эзнийг нь орноос буулгахыг хүсээгүй болохоор хэрэггүй хэмээн цааргалахыг оролдсон. Энд ирэнгүүт л бөөн дарамт овоороод ирж байгаа нь хэдийн мэдэгдээд эхэлчихсэн байлаа.
-Зөөлөн биетэнд зөөлөн ор, - гэж Женни бараг анзаарагдамгүй даажинтай өнгөөр хэлсэн. Юу юугүй эсэргүүцээд эхлэхээргүй эелдэг хүүхэд л дээ. Ялангуяа ээжийнхээ өмнө бол бүр үгүй шүү. Хөдөөнийхний найрсаг зочломтгой зан хүүхэд байхаас нь л сууж эхэлдэг бололтой юм. Хэлсэн үгэнд нь эмзэглээгүй болж харагдах гэсэндээ Эвэлин муухан мушийхчаан болов. Гэтэл энэ дөнгөж эхлэл нь байжээ.
Анхны өглөөнөө л өндөг авчрах гэж явахдаа л балмагдаж орхив. Өндөгнүүд балиар юмаар бүрхэгдчихсэн, шороотой, зарим нь бүр нойтон байлаа. Энэ өндөгнүүд яагаад ээжийнх нь дэлгүүрээс авчирдгаас өөр байгааг асуусны төлөө түүнээс тав ах үеэл Роб нь шоолж зөндөө инээжээ.
-Хотод бүр бигнүүлээд сурчихжээ. Өндөг хаанаас гардаг гэж бодоо вэ? - гээд тэрбээр толгой сэгсрэн инээсээр гарч одсон билээ.
Үнэндээ Эвэлиний гэр бүл хотын төвөөс зайдуу буйдхан хороололд байдаг ч Робын хувьд бол гэрээсээ гараад хэдэн талдаа өөр байшинтай л бол хот гэсэн үг. Эвэлин өдөржин Женниг дагаж ажилд нь нэмэр болчих санаатай явах ба аливаа шинэ юм, эсвэл чадахгүй ажил гарах бүрийд улам жижгэрч, арчаагүй гэдгээ мэдэрч явна. Тэр бүрийд нь Женни хэнгэнэтэл санаа алдаад, ганцаараа мачийтал зүтгэх жишээтэй.
Тийм ч учраас энэ хонийг бас Женни аргална гэж тэр боджээ.
-Би яваад нагац Жоржийг дуудаад ирье, - гэж Эвэлин бушуухан хэлэв.
Женни шогширлоо.
-Саравч хаана байгааг мэдэхгүй болохоор чи удна аа. Зүгээр л эндээ хүлээж бай, би яваад ирье.
Эвэлин балмагдан цочирдоход гэдэс дотор нь амьд амьтан орчихоод, базаад авах шиг л муухай оргиод явчихав.
-Чадахгүй ээ! Би өмнө нь ийм юм огт хийж үзээгүй.
-Өөр аргагүй ээ. Аав, ээж хоёр наад хургыг чинь алдаж болохгүй.
-Би угаасаа энд байх ч ёсгүй!
Женни мэгдэж орхив.
-Чиний энд байх ёстой үгүй чинь хэнд хамаатай юм бэ. Зүгээр л хургыг нь гарч иртэл наад хонио хөдөлгөлгүй бариад байж бай, тус бол л доо!
Эвэлиний эрүү нь чимчигнээд юу юугүй уйлах гээд ирсэн ч Женнид толгой дохин зөвшөөрлөө. Цаадах нь ч бушуухан эргээд хар хурдаараа чавхдав. Хашлагатай гүвээнүүдийг даван холдохыг нь Эвэлин нүд салгалгүй харсаар хоцорчээ. Уг нь нагац эгч Карлигийн санал болгож хүчилсний дагуу Женнитэй хамт фермийн тойрон аялал, танилцуулга маягаар энэ арын цөөрөм хүртэл тайван сайхан алхаад харих гэж гарцгаасан юм. Гэтэл хонины хашаа эзгүй байгааг харангуутаа Женни нэг л учиртай яваад эхэлсэн ба хэдэн муу хонь байхгүй байгаад юунд нь тэгтлээ сүржигнээд байгаагаа Эвэлинд ч тайлбарласан юм огт үгүй билээ.
Газар тийчлэх хонь руу Эвэлин харц тусгалаа. Харийн гэмээр хачин жигтэй нүд, гөлийсөн хүүхэн хараа нь түүнийг ширтэнэ. Одоо бараг майлахаа байгаад, тамиргүйдсэндээ хөдлөх нь ч багасжээ. Эвэлин хажууд нь бохирч суугаад доод нөгөө газраас нь нэг хөл аймаар цухуйсан байхыг олж харав. Хүүхдүүд тэгж гарч ирэх ёсгүй гэдгийг Эвэлин мэднэ. Толгойгоороо гарч ирдэг гэж ноднингийн эрүүл ахуйн хичээлээр заалгасан билээ. Онцгой амаржих явцад юу хэрэгтэй болдог билээ дээ. Алчуур, кинон дээр дандаа л алчуур нэхдэг, бас халуун ус, гэтэл одоо хоёулаа алга.
Уудам хөндийд ганцаараа нэг муу цүндийсэн хоньтой хамт, тэр хониндоо туслах гээд байж байдаг. Өөрийнх нь хийж чадахгүй жинхэнэ тус хонинд хэрэгтэй байдаг. Хамраараа гүн амьсгаа аваад, энэ аялалд зориулж ээжийнх нь Сүпрэгээс тусгайлан авч өгсөн зөөлөн цамцыг тайлж, хонины ууцан дор шургуулан тавив. Хөхний жаахан даруулга жижигхэн хөхийг нь халхалж байсан боловч нэг л эвгүй, нүцгэн байгаа мэт мэдрэмж төрүүлж, өглөөний нар дулаахан ээвч арьс нь биржрүүтэн товойгоод ирэв.
Тусламж ирж яваа боловч амжихгүй гэдгийг Эвэлин зөнгөөрөө мэдэрч байлаа. Фермийн талбай маш том бөгөөд Женни аав юм уу, ахыгаа олж ирэх гэж хэр удахыг бүү мэд. Хонь одоо бүр дүлэхээ ч байгаад зүгээр л амьсгаадан хэвтэж, үе үе чичигнэж байлаа. Хургыг татаж гаргах хэрэгтэй юм гэдгийг Эвэлин ойлгов. Гараа цэвэрхэн болгочих санаатай жийнсэн өмдөндөө хэдэнтээ үрээд, нөгөө цухуйж байсан хөлнөөс барьж авангуутаа нялцгай байсанд сэжиглэж агзасхийлээ.
Аавынх нь дуу толгойд эргэлдэнэ.
-Юм болгонд гоншгоноод байж болохгүй шүү, Эв! Цаадуул чинь тасдаад идчихнэ. Жаахан заваарахад гайгүй, чанга гэдгээ харуулж чадвал подхийгээд л явчихна.
Гар нь ямар ч байсан заваарахын хувьд заваарлаа. Гарыг нь бүрхээд ирсэн цусархаг нялцгай шингэн өмнө үнэрлэж байгаагүй сонин үнэртэй байсны дээр, болж байгаа явдалд итгэхийн арга алга. Надад ийм юм тохиолдлоо гэж үү дээ хэмээн бодогдоно. Уг нь далайн эрэг дээр амарч байх учиртай юмсан. Эвэлин хөлийг дугтарч үзэв. Юу ч болсонгүй. Хурга гацчихсан байна. Хурга хонины дотор хээлэндээ ямар байрлалтай байгааг төсөөлөх гэж оролдож үзээд, хоёр хөл нь хамтдаа байвал татаж гаргахад амар байж болох юм гэж бодлоо. Ганц л юм маш тодорхой. Юу гэсэн үг вэ гэвэл, дотор нь орох хэрэгтэй. Уужим амьсгаа аваад Эвэлин гараа дотогш нь шургуулахдаа юу хийж байгаагаа бодоод бараг бөөлжих шахав. Хонь сулхан тийчигнэж нөгөө тал руугаа хөрвөөхөөр оролдсон боловч Эвэлин нөгөө гараараа тогтоогоод түргэхэн уучлалт гуйлаа.
-Уучлаарай, уучлаарай, уучлаарай! – гэж охин мэгшив.
Эх, хурга хоёрыг хоёуланг нь алах нь ээ. Ингэж хийж болохгүй, хамаг юмыг буруу хийж байгаа гэдэгтээ огтхон ч эргэлзсэнгүй. Даан ч өөр хүн алга. Ил гарсан хөлийг нь дагуулаад тэмтэрсээр хурганы биенд тулмагцаа зүүн тал руу нь чиглүүлж, нөгөө хөл гэж бодсон юмыг тэмтэрч мэдрэв. Тэгээд хөлийг аажуухан нөгөө хөл рүү нь татаж нийлүүлээд хамтад нь татахад өмнөхөөсөө илүү амархан хөдөлж байлаа. Нялцага пялцага дуугараад, унгах мэт чимээ гарч байсан нь Эвэлиний огиудсыг хүргэж байсан ч зогсолгүй татсаар байтал эхлээд бие нь, тэгээд толгой нь, эцэст нь урд хөлнүүд нь гараад ирлээ. Хурга чөлөөтэй.
Мань хүн хэдийгээр мэргэжилтэн биш ч гэсэн харваас хурга маш жижигхэн биетэй, өмнө нь харж байсан бүх хурганаас жижигхэн байлаа. Үслэг сэвсгэр цагаан биш, харин бараан нил ягаан өнгөтэй, эхтэйгээ хүйгээр холбоотой хэвээр байв. Эвэлинд хайч байхгүй юм чинь хүйг нь тасдахгүй хүлээж болох байх хэмээн горьдоно. Нялх хурга нөгөө цамцан дээрх эхэс дээр чичигнэн хэвтэхэд толгой дээгүүр нь нялцгай бүрхүүл хучсан байхыг Эвэлин олж харав. Бүтээд үхчих вий гэж айгаад, хамар амыг нь бушуухан арчлаа. Аман дотор нь бас нялцгай юм байх вий гэсэндээ ангайлгаад цэвэрлэх гэж байтал хурга гэнэт чанга майлж, үсэртэл цочоолоо.
-Хоёулаа чадчихлаа шүү дээ, охин минь, - гээд Эвэлин сэтгэл уужран, хонины гэдсийг зөөлөн алгадсан боловч хонь хөдлөхөө байсныг анзаарав.
Хөдөлгөөнгүй хэвтэх хонийг тойрч, татаж түлхэж үзэхдээ харц нь гөлийж хөшсөнийг хараад хөөрхий амьтны амийг тасалчихсанаа Эвэлин ухаарав. Жижигхэн хурга сулхан майлахад Эвэлин балиартаж норсон зөөлөн цамцандаа ороолоо. Хөдөөнийхөн дунд ялгарахгүй байх гэж зориуд авсан тэр цамц. Яасан тэнэг юм бэ. Хотын тэнэг охин.
Нялх хургыг энгэртээ нандигнан тэврээд, урагш хойш бүүвэйлэн ганхаж, эхийнх нь хөрч амжаагүй биеийн дэргэд зөөлөн үгс шивнэн суулаа. Энэ янзаар үүрд суусан мэт санагдаж эхлэх үед хөдөлгүүрийн чимээ гарч, ачааны тэрэг гүвээ даван түүнийг чиглэсээр хурдлав.
Нагац ах Жорж хамгийн түрүүнд буугаад дэргэд нь ирлээ.
-Гайгүй юу хүү минь?
Эвэлиний сэтгэл зовоод, түүн рүү харж чадсангүй.
-Уучлаарай намайг, хонь чинь үхчихлээ. Хурга нь хөлөөрөө гарч ирж байсан болохоор дүлээд гаргаж чадаагүй, тэгэхээр нь би татаж гаргахаас өөр арга байгаагүй.
Энэ үед Роб, Женни хоёр хэдийнэ иржээ. Роб хонийг шалгаж, аав руугаа үл мэдэг толгой дохихыг хараад Эвэлин цурхиран уйлав. Жорж ах нурууг нь зөөлөн илбэлээ.
-Гэхдээ энэ жижигхэн нь амьд л байна шүү дээ! Чи тус болоогүй бол хурга ч бас хамтдаа үхэх байсан биз.
Эвэлин жижиг хургаа чанга тэврээд:
-Намайг уучлаарай, би яаж зөв татахыг нь мэдээгүй, алъя гэж бодоогүй, - гэлээ.
Жорж ах түсхийтэл сууснаа охиныг эв хавгүйхэн тэврэхэд хурга дунд нь хавчуулагдлаа.
-Шөнөжингөө л тэлчилсэн байх гэж Женни хэлсэн. Эви, харин ч хургыг амьд гаргаж авч чадсан чинь гайхамшиг. Чи энд байгаагүй бол хоёулаа үхчих байсан байлгүй. Их зөв юм хийжээ, хонгор минь.
Эвэлин Робын дэргэд зогсож буй Женни рүү харлаа. Цаадах нь түүнд худал хэлэхгүй, дандаа шулуухан ярьдаг билээ. Тэгээд Эвэлин рүү хараад инээмсэглэж байна.
-Балиар юм аа, Эвэлин, чи бүр баасанд хутгалдаж гүйцэж. Цэвэрхэн байхад яана аа? – гээд Женни хамраа чимхэн Эвэлин рүү гараа сэвэхдээ инээмсэглэж байлаа. Үүнийг хараад Эвэлиний дотор нэг юм тавирах шиг болж, амьсгаа авахтайгаа болов.
-Хөөе наад яриагаа, - гэж Жорж ах өндийх зуураа Женниг зандраад, Робтой хамт хонио өргөв.
Эвэлин доош хартал цээжин бие нь тэр аяараа цусархаг шингэнд хутгалдаж, жийнсэн өмд нь улаавтар хүрэн өнгөтэй болоод зунгааралдсан байна.
-Чи ч дээш залрах нь дээ, - хэмээн Роб шоолсон боловч босоход нь туслаад, зөөлхөн өргөж тэвшин дээр буулгалаа. Бүхээгт сул суудал байсан боловч Женни бас тэвшин дээр үсрэн гарч ирээд хажууд нь сууж, буцах замдаа хурганд хэрхэн угж бэлдэх, бас хургыг хэрхэн өөртөө дасгах тухай халуун яриа өрнүүлэн явав. Бяцхан хурга гар дээр нь доожоогүйхэн тийчигнэхэд Эвэлин чанга тэвэрсээр. Гүвээ давахад ачааны тэрэг айхтар донсолж, Эвэлин тэвш даваад унах шахсанд Женни мөрөөр нь дарж тогтоожээ. Бие нь тэр чигтээ зунгааралдсан юмаар хучигдсан ч Женни огт цааргалахгүй наалдаж, энэ аяллын турш анх удаа Эвэлин өөртөө Женнигээс жижигхэн, арчаагүй мэт санагдсангүй. Үнэндээ бүр огтхон ч жижигхэн санагдахгүй байлаа.
Софи Майерс
/“Writer’s Digest” 13 дахь уралдааны “Өсвөр насны уран зохиол” ангилалд түрүүлсэн өгүүллэг/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна