Орон нутгийнхны цахимын хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болжээ. Энэ нь төрийн үйлчилгээ цахимжиж буйтай шууд холбоотой бөгөөд иргэд хэрэглээгээ дагаад ийнхүү цахимжилтад эрчимтэй шилжих болсон байна. Гэсэн хэдий ч иргэдийн амьдралд цахимын хэрэглээг бүрэн нэвтрүүлэхэд асуудал тулгарсан хэвээр байгааг орон нутгийн удирдлагууд онцолж байгаа юм. Тухайлбал, орон нутагт төрийн албан хаагчид ажлын байран дээрээ тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаа нь иргэдийн зүгээс төрд хандан цахимаар илгээсэн аливаа хүсэлтэд хариу тайлбар өгөхгүй байх зэрэг хүндрэлийг үүсгэсээр байгаа аж. Энэ тухайд “И Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Г.Будням хэлэхдээ “21 аймагт давхардсан тоогоор 51-74 үйлчилгээг аймаг тус бүр цахимд нэвтрүүлсэн байдаг. Энэ нь тухайн аймаг орон нутгийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа агентлаг, газар хэлтсүүдийн үйлчилгээг цахимжуулсан байдлын дундаж тоо гэсэн үг. Гэхдээ энэ нь олон шатлалт үйлчилгээ юм. Иргэд цахимаар хүсэлтээ тавихад төрийн албан хаагч түүнийг нь хүлээж аваад шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл иргэдийн зүгээс цахимаар илгээсэн аливаа хүсэлтийг хүлээж аваагүй буюу нээж хараагүй, хариу өгөөгүй тохиолдол олон байна. Жишээлбэл, Увс аймагт гэхэд иргэд, аж ахуйн нэгжүүдээс 322 хүсэлт ирсэн байгаа юм. Аймгийн ЗДТГ-т хамааралтай, харьяатай үйлчилгээ авах гээд хандаад байна шүү дээ. Гэтэл эдгээр хүсэлтийн 200 гаруйг нь нээж хараагүй байх жишээний. Өнгөрсөн оны гуравдугаар сард манай ЦХХХЯ-наас 21 аймгаар явж, цахимжилтыг дүгнэсэн. Ингэхдээ дээр дурдсанчлан иргэдээс ирүүлсэн мэдээллийг нээж харахгүй байгаа шалтгаан нөхцөлийг тогтоож тодруулах, цахимжуулсан үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл авах хүсэлт яагаад ирэхгүй байна вэ гэдгийг үнэлж дүгнэсэн. Төрийн үйлчилгээг хүргэх, хүсэлтийг хүлээж авах ёстой төрийн албан хаагчид асуудал байна уу эсвэл системд нь байна уу гэдгийг судалсан. Ингэснээр төрийн цахим үйлчилгээг дахин загварчлахаар ажиллаж байна. Харин ирүүлсэн хүсэлтийг нээж харахгүй байгаагийн шалтгаан нь төрийн албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилгүй байгаатай холбоотой. Иргэн цахимаар хүсэлт илгээхэд хүлээж аваад хариу тайлбар өгдөг төрийн албан тушаалтан гэж бий. Гэтэл эдгээр хүмүүс маань ажлын байрандаа тогтвортой ажиллахгүй байна. Шилжсэн, эсвэл ажлаас гарсан, жирэмсний амралтаа авсан гэх мэт шалтгаанаар иргэний хүсэлтийг нээж харж, хариу өгдөггүй. Улмаар тухайн төрийн албан хаагч ажлаа өгөөд явахдаа дараагийн хүндээ буюу өөрийг нь орлон ажиллах хүнд шийдвэрлэх системийнхээ нэвтрэх нэр, нууц өгөхгүй байх зэрэг нийтлэг асуудал орон нутагт байна. Ямартаа ч бид шалтгаан, нөхцөлийг тогтоосон учраас орон нутгийнхантайгаа хамтарч ажилласнаар цаашид ийм шалтгаанаас үүдэлтэйгээр аливаа асуудал гаргахгүй байх чиглэлээр ажиллаж байна” гэлээ. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Ажлын хэсгийг байгуулсан юм. Тус Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. Түүний хувьд орон нутагт болж буй өдөрлөгт салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгч байгаа бөгөөд цахимжилтыг улсын хэмжээнд эрчимжүүлснээр монгол хүний амьдралын чанарыг сайжруулна гэдгийг онцолж буй. Тийм ч учраас бүх нийтээрээ цахимд хэвшихийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлээс гадна хувь иргэний оролцоо хамгийн чухал гэдгийг хэлж байна. Өнгөрсөн сард говийн бүсээс эхлүүлсэн энэхүү өдөрлөг хангайн бүсийн долоон аймагт амжилттай болж өндөрлөсөн бол энэ сарын 5-12-ны хооронд баруун бүсээр буухиаллаа. Баруун бүсийн өдөрлөгийг Говь-Алтай аймгаас эхлүүлсэн бол Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт болж өндөрлөлөө. ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан бөгөөд аймаг орон нутагт цахим бэлэн байдлын үнэлгээг хийсэн. Энэ үзүүлэлтээр Ховд аймаг цахимд шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр улсын хэмжээнд гуравдугаарт жагссан бол Баян-Өлгий аймаг 17 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Харин Увс аймаг улсын хэмжээний цахимжилтын ерөнхий үнэлгээгээр орон нутагт дээгүүрт буюу хоёрдугаар байрт орсон байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн улсын хэмжээний зургаан бүсэд хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж энэхүү өдөрлөг цаашид зүүн, хойд, төвийн бүсэд үргэлжлэх бөгөөд Дархан хотод хаалтаа хийх юм. “Цахимд хэвшье” уриан дор үндэсний хэмжээнд өрнүүлж буй энэхүү өдөрлөг нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, зорилт, арга хэмжээг танилцуулахаас гадна аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж, дүгнэн, тулгамдаж буй асуудлуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буйгаараа онцлогтой. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулахын зэрэгцээ төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд гол ач холбогдол нь оршиж буй. Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох уриалгыг зарлан хэрэгжүүлж байгаа бөгөөд салбар яамыг бие даан байгуулахын зэрэгцээ цахимын хэрэглээг орон нутагт эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмтэй хүргэх үүднээс Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг /ТЦҮЗГ/ бие даан байгуулж, 21 аймагт хэлтэс байгуулсан байдаг. ЦХХХЯ-наас баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэн зохион байгуулах гол үүргийг ТЦҮЗГ-ын салбар нэгжийнхэн хариуцан ажиллаж байгаа юм.
“Цахим хөгжлийн өдөрлөг” хувийн хэвшлийнхэнд өгөөжтэй байна
Орон нутагт зохион байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг”-т аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтнууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ, аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал, цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломж, орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн талаар танилцуулга, мэдээллийг өгч байгаа юм. Түүнчлэн төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн ажилтан, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, нийтлэг журам, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/, цахим орчны зохицуулалт, docx, erp, sudalgaa.gov.mn, ekids системийн талаар сургалт, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан цахим орчин дахь хүүхэд хамгаалал, цахим ур чадвар дээшлүүлэх сургалт орохын зэрэгцээ төгсөх ангийн сурагчдад зориулан мэдээллийн технологийн мэргэжлийн ач холбогдлыг таниулан ойлгуулах сургалтыг ч хийж байна. Харин жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллага, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 20 гаруй байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах зэргээр өргөн хүрээг хамруулсан өдөрлөг болж байгаа юм. Тэдний хувьд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээг танилцуулж, аймгуудын цахим шилжилтэд тулгарч буй асуудлыг газар дээр нь таньж мэдэх, улмаар хамтран ажиллах, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож нэвтрүүлэх, хэрэглэгчээ болон зах зээлээ мэдээлэлжүүлэх, сургах чиглэлээр хамтран оролцож байна. Ингэснээр хувийн хэвшлийнхний хувьд зорилтот зах зээлийн хэрэглэгчидтэйгээ нүүр тулан уулзах, бүтээгдэхүүнээ борлуулах, шууд гэрээ байгуулах, нэтворкинг хийх, зардлаа хуваалцаж хямд үнээр үр ашигтай ажиллах зэрэг маш олон давуу талыг үүсгэж байгаад өдөрлөгийн нэг ач холбогдол оршиж байна. “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ нь 80 орчим гишүүн байгууллагатай мэргэжлийн холбоо бөгөөд мэдээлэл технологийн салбарын зөвлөн туслагч, холбогчийн үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ТББ юм. Цахим шилжилтийг эрчимтэй, зөв байлгахад голлох үүрэгтэйгээр өдөрлөгт оролцож буй “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамирын хувьд улс орны хэмжээнд цахимжилтыг эрчимжүүлснээр төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, чанар болон хүртээмжийг сайжруулахын тулд цахимжилтыг улсын хэмэжээнд эрчимжүүлэх шаардлагатайг онцолж буй.
Ийнхүү нийгмийн тодорхой бүлэг тус бүрд зориулсан тусгай хөтөлбөрөөр өрнүүлж буй аяныг орон нутгийн иргэд талархалтай бөгөөд олзуурхан хүлээн авч байгаа нь харагдаж байлаа. Тухайлбал, манай улсад албан ёсны эрхтэйгээр нэвтрээд удаагүй байгаа сансрын өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийг нутагшуулсан “Старлинк номад” компани хувийн хэвшлийн төлөөлөл болон цахим аянд нэгдсэн. Тэдний хувьд энэхүү өдөрлөгт оролцсоноор худалдан борлуулалт хийхээс гадна зорилтот хэрэглэгчдэдээ мэдээлэл түгээн ажиллаж байгаагаараа давуу талтай аялал болж байгааг онцолж байгаа юм. Энэ тухайд “Старлинк номад” компанийн захирал, үүсгэн байгуулагч П.Ариунболд “Цахим хөгжлийн өдөрлөгт бид сансрын интернэтийн “Старлинк” төхөөрөмжөө танилцуулан оролцож байна. Үндэсний хэмжээнд зохион байгуулж буй энэ өдөрлөг манай байгууллагын хувьд маш үр дүнтэй, ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг онцолъё. Учир нь, манай сансрын интернэтийн төхөөрөмжийг аймгуудын удирдлага, онцгой байдлын албаныхан, сумдын удирдлага болон ерөнхий боловсролын сургуулийнхан ихээхэн сонирхож байна. Жишээлбэл, Өмнөговь аймгийн удирдлагууд сумдын онцгой байдлын хэлтсийнхэндээ манайхаас төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсэн. Бусад аймаг ч мэдээлэл авсныхаа дараа бидэнтэй эргэж холбогдон хамтын ажиллагаа өрнүүлж байна. Манай төхөөрөмжийн гол хэрэглээ нь алслагдмал буюу дэд бүтцээс хол, сүлжээгүй газарт амьдарч буй аж ахуйн нэгж, иргэдэд зориулагдсан байдаг. Тиймээс ч аймгийн удирдлагууд онцгой комиссынхондоо, сумын удирдлагууд алслагдсан багтаа төдийгүй малчдадаа зориулан авах боломжтой. Манай үйлчилгээ шинэ тутам учраас орон нутгийнхан, тэр дундаа хөдөөний малчдад “Старлинк”-ийн талаар төдийлөн мэдээлэл хүрээгүй байна. “Цахим хөгжлийн өдөрлөг”-ийн хүрээнд зорилтот хэрэглэгчдэдээ хүрч, мэдээлэл хүргэн ажиллаж байгаа нь бидэнд олон талын давуу талыг үүсгэж байна. Өдөрлөгийн үеэр хувь иргэдийн зүгээс ч биднээс худалдан авалт хийж байгаа нь үр дүнгийн нэг илрэл юм” гэлээ. Түүнчлэн цаг бүртгэлийн timely.mn, найм болон зургаан нэрийн дэлгүүр нэгдсэн платформ болох On time зэрэг аппликейшнийг орон нутгийн төрийн үйлчилгээнийхэн болон бизнесийнхэн ихээхэн сонирхож, хамтын ажиллагаа өрнүүлж байгаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодит үр дүн болж байгаа юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна