“Йэс Монгол” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд тэргүүн Т.Сайнжаргалтай ярилцлаа.
-Нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлаг зэрэг мэргэшсэн салбартаа санаачилгатай ажиллаж, ид хийж бүтээж яваа залуучууд “Йэс Монгол”-ын гишүүн нь байдаг. Та энэхүү ашгийн бус төрийн бус байгууллагатай хэрхэн холбогдож, гишүүн нь болох шийдвэрийг гаргаж байв?
-“Йэс Монгол” төрийн бус байгууллагыг ЦХХХ-ны сайд Н.Учрал тэргүүтэй бидний хэдэн залуус хамтдаа 2015 онд үүсгэн байгуулж байлаа. Тухайн үед Монгол Ардын Нам сонгуульд ялагдаад цөөнх байсан үе. Дараагийн жил нь УИХ-ын сонгууль болох хуваарьтай, залуусыг дэмжих хандлагатай байгаа нь ажиглагдсан. Нийгэмд байгаа тэр хүлээлтийг мэдэрч залуучуудтайгаа эвлэлдэн нэгдэх ёстойг ойлгосон учраас “Йэс Монгол” холбоогоо үүсгэн байгуулсан түүхтэй.
Энэ холбоог байгуулсан нь бидний хувьд эхлэл байв. Манай удирдлагын баг ажил авснаасаа хойш байгууллагынхаа салбар зөвлөлийг 21 аймагт байгуулахаар ажлаа эхлүүлсэн. Бидний санал санаачилгыг хот, хөдөөгийн залуучууд маань дэмжиж гишүүдийнхээ хүрээллийг тэлснээр “Йэс Монгол” байгууллага өргөжсөн. Манай залуучуудын нэгдэл салбар салбарын төлөөллөөс бүрдсэн. Төрийн албан хаагчдаас эхлээд биднийг дэмждэг залуус олон байдаг. Гишүүдийн маань дунд аль нэг намд харьяалагддаггүй хүн ч бий. Тэд үе тэнгийн залуучуудтайгаа мэдээлэл солилцох, хийж хэрэгжүүлж байгаа ажилд нь тусалж дэмжих хүсэл зорилготойгоор бидэнтэй нэгдсэн. Үүнээс л санаа авч байгууллагынхаа гишүүнчлэлийг заавал “Ардын намтай холбоотой байна” гэж туйлширч болохгүй, харин ч төрийн болон тусгай албан хаагч, урлаг соёл, бизнесийнхнийг багтаасан байгууллагатай болох шийдвэрийг гаргаж байлаа.
-Нэгэнт жигдэрсэн үйл ажиллагаагаа салбар зөвлөл байгуулан үргэлжлүүлэх ажлыг та бүхэн эрчимтэй хийжээ. Одоо таны тэргүүлж буй байгууллага хэдэн гишүүн, салбар зөвлөлтэй болоод байна вэ?
-Бид Монгол Улсын 21 аймгаас 16-д, есөн дүүргээс долоод нь салбар зөвлөлөө байгуулаад байна. Манай байгууллага Бодлогын зөвлөл, Зөвлөхүүдийн танхимтай. Бодлогын зөвлөлийг надаас өмнө тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс, үүсгэн байгуулагчтай хамт бүрдүүлдэг. УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал “Йэс Монгол”-ын Бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байна. Харин Зөвлөхүүдийн танхимын тухайд УИХ, яам, тамгын газарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс багтдаг. Энэ танхимын тэргүүн нь УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа. Тэд бол Ардын намын дэргэдэх бүтцийн байгууллагын хоёр удирдлага нь болохыг та анзаарсан байх. Ингэж бид намд харьяалалтай болон аль нэг намын харьяалалгүй салбар салбарын залуучуудыг нэгтгэж үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
-“Йэс Монгол” дотроо хороодтой. Ойролцоо чиглэл, хамрагдах хүрээллээр нь нэгтгэсэн оновчтой хуваарилалт болжээ. Одоо хэдэн хороо байгуулан залуучуудтайгаа ажиллаж байна?
-Манай байгууллагын хамрах хүрээ нэмэгдэхэд бид яалт ч үгүй хороодын зохион байгуулалтад орсон. Тухайн гишүүн ямар чиглэлээр ажилладгаас хамаарч ойролцоо үйл ажиллагаагаар нь багцлан долоон хороотой болсон нь бидний ажлыг үр дүнтэй болгосон. УИХ-ын 2016 сонгуульд Монгол Ардын Нам ялахад дэмжлэг үзүүлсэн хүмүүс нь энэ субьектүүд байсан юм. Ид ажил хөдөлмөр эрхэлж байгаа үе тэнгийн залуус нэгнээ ямар ажил эрхэлдэг, цаашид юу хийж чадахыг мэднэ. Тиймээс 35-40 насны залуучуудын төлөөллөөс бүрдсэн “Йэс Монгол”-чууд УИХ-ын 2016 оны сонгуульд залуучуудаа дэмжсэн. Энэ сонгуулиар манай үүсгэн байгуулагч Н.Учрал УИХ-ын гишүүн болж бид төрд төлөөлөлтэй болсон.
-Боломж нөхцөл нь байвч нэг санаа бодолгүй бол ямар ч ажил урагшилдаггүй. Харин “Йэс Монгол”-ын гишүүд хамтдаа эерэг хандлага түгээсээр өнөөдрийг хүрчээ. Эдгээр залуустай нэгдээд анх ямар ажилд нь гар бие оролцож байсан бэ?
-Цар тахлын хүнд үед бид хөл хорионд байгаа иргэн, малчдад аль чадахаараа туслахыг хичээж байлаа. Сайн дурын ажил зохион байгуулж, дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст хүрч ажиллахыг зорьсон. Ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнуудад эмнэлгийн анхан шатны хамгаалалтын хэрэгслүүдийг өгч байв. “Йэс Монгол” сайн дурын, ашгийн бус байгууллага. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын иргэний хувьд аль ч цаг үед нэгдэж байгууллагынхаа гишүүд болон бусдад чадах чинээгээрээ тусалж дэмжихийг хичээдэг.
Хийхээр төлөвлөж байгаа ажлын тухайд ирэх долоо, наймдугаар сард Өмнөд Солонгос, Америк болон Европын зарим оронд “Йэс Монгол”-ынхоо салбар зөвлөлийг байгуулахаар төлөвлөөд байна.
-ЦХХХ-ны сайд Н.Учралын үүсгэн байгуулсан залуучуудын нэгдлийг цаашид хөгжүүлэн авч явах амаргүй ажил таны нуруун дээр ирсэн. Ажлаа юунаас эхлүүлэв, төлөвлөсөн ажлынхаа хаана нь явна?
-Миний хувьд энэ байгууллагын тэргүүнээр 2023 оноос хойш ажиллаж байна. Ажлаа аваад хамгийн эхэнд зорьсон зүйл нь “Йэс Монгол”-оо үндэсний хэмжээний байгууллага болгох байв. Тиймээс өнгөрсөн хугацаанд үүнд анхаарч дээр хэлсэнчлэн салбар зөвлөлүүдээ байгуулсан. Одоо манайх 5000 гаруй хүнийг хамруулсан залуучуудын үндэсний нэгдэл болоод байна. Үүнд нөлөөлсөн зүйл цөөнгүй бий. Монгол Ардын Нам дэргэдээ ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутнуудыг нэгтгэсэн дүрмийн дөрвөн байгууллагатай. Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа залуучуудын байгууллагын насыг 35 болгож хязгаарласан. Тиймээс Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо тухайн үед нэрээ Социал демократ Монголын залуучуудын холбоо болгон өөрчилсөн. Үүний дараа зохион байгуулсан бага хурлаараа Социал демократ Монголын залуучуудын холбооны сениор буюу дээд үеийнхний клуб нь “Йэс Монгол” байна гэж дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Тэгэхээр “Йэс Монгол”-д намын дэргэдэх залуучуудын байгууллагын дээд үеийнхэн байдаг гэж ойлгож болно. Манай байгууллагад салбар салбарын төлөөлөл байдаг болохоор их дэмтэй. Амьдралд янз бүрийн юм тохиолдож мэдэхгүй, чадахгүй зүйл гарахад бид нэг нэгэндээ тусалдаг.
-Төрийн бус байгууллагын гишүүдээ дэмжин тэдний хөгжих боломжийг бүрдүүлэх, оролцоог нь хангах чиглэлээр өнгөрсөн хугацаанд ямар ажил зохион байгуулсан бэ?
-Гишүүдээ хөгжүүлэх зорилготойгоор бид “Йэс Монгол” академийг байгуулсан. Энэ хүрээнд JCI Мongolia байгууллагын залуус бидэнтэй нэгдэж сургагч багшаар ажиллаж салбар зөвлөл болон хороодод байгаа залуучуудын хөгжлийн асуудалд анхаарч байна. Тэдний зарим нь “Йэс Монгол”-ын албан ёсны гишүүн болж, бодлогын хүрээнд сургалт, судалгааны ажлуудад оролцоод явж байна.
-Та бүхэн СДМЗХ-той хамтран өнгөрсөн хоёрдугаар сард Азийн улс төрийн намуудын олон улсын Залуучуудын VII бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Цаашид олон улсын харилцаагаа бататгаж, тэлсэн ямар арга хэмжээ хийхээр товлож байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч хоёр, гурван ажил зохион байгуулсан. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн хоёрдугаар сард Азийн улс төрийн намын залуу лидерүүдийн чуулга уулзалтыг СДМЗХ-ныхонтой хамтран Улаанбаатар хотод зохион байгууллаа. Энэхүү олон улсын нэр хүндтэй чуулга уулзалтад 15 орны 20 гаруй залуу парламентч хүрэлцэн ирсэн. Тухайлбал, Туркээс парламентын 24 настай эмэгтэй гишүүн, Камбож улсаас 25 настай сайд ирж чуулга уулзалтад оролцсон. Үүнээс Азийн улс орнуудад парламентын залуу гишүүд сонгогдон шийдвэр гаргах, Засгийн газрын түвшинд түрэн орж ирж байгаа нь ажиглагдаж байна. Ер нь дэлхий нийтээрээ залуучууддаа ачаа, хариуцлага үүрүүлж байгааг харуулсан үйл явдал боллоо. Ирж яваа цагийн залуучууд хот, хөдөөгүй ажиллаж байгаа салбартаа хариуцлагатай, бүтээмжтэй байхын зэрэгцээ мэдсэн сурснаа бусадтайгаа хуваалцаж, шинэ технологийг эх орондоо нутагшуулахад хүчин чармайлт гарган ажиллаж байна.
-Энэ ташрамд асуухад, удахгүй болох УИХ-ын сонгуульд танай байгууллагаас нэр дэвших сонирхолтой гишүүн байгаа юу?
-Бидний дунд салбар салбарын төлөөлөл багтсанаараа давуу талтай. Манай байгууллагын гишүүдийн дундаж нас 40. Өөрөөр хэлбэл, ажиллаж байгаа салбартаа бүтээмжтэй, тодорхой орлоготой болсон залуучуудын нэгдэл гэсэн үг. Мөн аль хэдийнэ гэр бүлтэй болж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа нийгмийн тогтсон төлөөлөл юм. Монголчууд бид “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг дээ. Одоо залуучууд ачааны хүндийг үүрэх цаг нь болсон гэж бодож байна. Иймд энэ удаагийн УИХ-ын сонгуульд 10 орчим залуу МАН-аас нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн. Эдгээр залуус дунд эмэгтэйчүүдийн төлөөлөл ч бий. УИХ-ын дараа ирэх аравдугаар сард Орон нутгийн сонгууль болно. Энэ сонгуульд манай залуусаас сонгогдох боломж, нөөц бололцоотой боловсон хүчин олон бий. Гэхдээ ингэж хэллээ гээд “Йэс Монгол”-ын залуучуудыг төрийн өндөр хэргэм, сандал суудлын төлөө л явдаг гэж эндүүрч болохгүй. Бидэн дунд нийгмийн тод төлөөлөл болсон эрхэлсэн ажилдаа манлайлан явж байгаа залуус ч байна. Тэд бүгд сонгуулийн тухай яриагүй. Зөвхөн мэдсэн сурснаа бусадтай хуваалцъя, бодож санасан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд төрд төлөөлөлтэй болохыг зорьж яваа юм.
-Та өөрөө ч цухас дурдлаа. Нам дагасан залуус Төрийн ордонд суудалтай болохоор зүтгэж байна гэж харах хүн олон?
-Би хэллээ шүү дээ. “Бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг төр төвшитгөхөд бэлэн болсон залуус олон бий. Монгол Улсын хамгийн шилдэг боловсон хүчин “Йэс Монгол”-д байна. Энд байгаа залуучууд амбиц багатай. Нийт массаар харахад дунд шатанд ажиллаж хөдөлмөрлөөд явж байгаа залуус дийлэнх олонх байдаг. Тэднийг ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлэхээр нь “будаг цацаж” болохгүй. Учир нь, тэд л шинэчлэлийг үргэлжлүүлнэ шүү дээ.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/
Сэтгэгдэл (1)