Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, харьяалагдсан салбартаа ихийг бүтээж буй залуучуудын төлөөлөл “Йэс Монгол”-д нэгджээ. Тэд Зам тээвэр, ногоон хөгжил, аялал жуулчлал, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсрол, шинжлэх ухаан, цахим хөгжил зэрэг найман хороогоор дамжуулан гишүүд төдийгүй нийгмийн бусад хэсэгт хүрч эерэг хандлага түгээж байгаа юм. Тэдгээр “Йэс Монгол”-чуудын заримтай нь уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
“Йэс Монгол” төрийн бус байгууллагын Хяналтын хорооны дарга Б.Энхбаатар
-Манай төрийн бус байгууллагад Монгол Улсын хөгжил, бодлогод хувь нэмэр оруулах, дэмжлэг болох салбар болгоны төлөөлөл бий. Бид олон нийтийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэхдээ үндэс суурьтай авч үзэхийг зорилгоо болгодог. “Йэс Монгол” төрийн бус байгууллагын залуучууд бид дүү нарынхаа эрч хүч, ахмад үеийнхний туршлагад тулгуурлан ажилласаар, хөгжсөөр байна.
"Йэс Монгол" ТББ-ын Барилга, эрчим хүчний хороо Д.Батням
-Миний бие барилга эрчим хүчний хороон дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээр 2023 оны зургадугаар сараас эхлэн сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд Барилга эрчим хүчний хорооны нийт гишүүд төв холбооны зүгээс зохион байгуулсан аливаа арга хэмжээнд идэвх санаачилгатай, хамт олноо манлайлан оролцож ирсэн. Манай хороо нь “Йэс Монгол” залуучуудын холбооны нэрийн өмнөөс Монголын Барилгын салбарын нэгдсэн зөвлөгөөнийг Барилга хот байгуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-тай хамтран 21 аймгийн ГХБХБГ -уудыг хамруулан Монгол Улсын Төрийн ордонд амжилттай зохион байгуулсан. Төв хорооны зүгээс нийт гишүүний дунд зохион байгуулдаг спортын арга хэмжээнд баг тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн хамтаар оролцон тэргүүн байр эзэлсэн. Мөн дээрх хугацаанд төр болон хувийн хэвшилд амжилттай яваа эрхмүүдтэй өглөөний уулзалтуудыг зохион байгуулж салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлууд, хөгжлийг хэрхэн сайжруулах талаарх сэдвүүдээр ярилцсан зэрэг олон сайхан арга хэмжээнд гишүүдийн хамтын хүч, идэвх санаачилгаар амжилттай зохион байгуулж ард нь гарсан байна. Бидний энэ амжилтыг холбооны зүгээс өндрөөр үнэлэн шилдгийн шилдэг хороогоор шалгаруулсан зэрэг олон сайхан амжилтуудыг гарган ажилласан байна.
“Йэс Монгол” ТББ-ын Хүний эрх, хууль зүй, эдийн засгийн хороо У.Өнөрцэцэг
-“Йэс Монгол” ТББ-ын хуульч, эдийн засагч мэргэжилтэй салбар салбарын манлайлагч залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн тус хороо байгуулагдаад гурван жил болж байна. Өнгөрсөн 2022, 2023 онд бидний хамтдаа санаачилж, сэтгэл зүтгэл гарган хийж хэрэгжүүлсэн олон ажил, төсөл биеллээ олж шилдэг хороогоор шалгарч шагналын эзэн болсон төдийгүй холбооны нэр хүндийг нийгэмд эергээр таниулж, гишүүнээр элсэх залуусын сонирхлыг татаж улмаар холбоо маань улам өргөжиж байна.
Биеэ засаад гэрээ зассан, одоо төрөө засахаар зориг шулуудсан залуусын урам зориг, итгэлийн галыг бадрааж улс орны хөгжилд өөрсдийн оюуны чадамж, ухаанаа уралдуулж хамтдаа шинэ бодлого дэвшүүлэн ажиллах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Спорт, урлаг, сургалтын үйл ажиллагаа биднийг ойртуулж, нягтруулдаг ч бид өмнөхөө илүү эв нэгдэлтэй, урдхаасаа илүү сахилга баттай, одоогоосоо илүү санаачилгатай, байгаагаасаа илүү хурдтай байхыг нийгэм биднээс хүсэж байна. Үзэл санаандаа бат зогсдог, дэргэдээ байгаа журмын нөхдөө дэмждэг, аливаа шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг байх нь манай холбооны зарчим юм. Тийм ч учраас бид бүхэнтэй нэгдэж буй мянга мянган залууст нөхөрлөлийн алтан хэлхээг бүрдүүлж хамтдаа хөгжих олон боломж бий.
Орхон аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Алтаншагай
-“Йэс Монгол” ТББ-ын 2021 оны арванхоёрдугаар сард болсон ээлжит IV хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтийн хүрээнд 2022 оны дөрөвдүгээр сард Орхон аймгийн салбар зөвлөл үүсгэн байгуулагдсан. Тэр цагаас хойш залуучууд, дунд үеийнхэн нөхөрлөн, нэгдэж дотооддоо нэг нэгнийгээ дэмжин ажиллаж байна. Бид хамтдаа үнэ цэнийг бүтээж, урагш алхацгаалаа. Бидний ажлын үр дүнг өндрөөр үнэлж, 2022, 2023 оны шилдэг салбар зөвлөлөөр шалгаруулж, урамшуулсан нь цаашид илүү өргөжих, манлайлах хариуцлага хүлээлгэж байна.
Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Л.Мөнхнаран
-Манай салбар зөвлөл өнгөрсөн оны тавдугаар сард аймгийн хэмжээнд гишүүд, дэмжигчдийнхээ хүрээллийг тэлсэн. Энэ жил залуусынхаа идэвхийг нэмэгдүүлэх, цар хүрээгээ тэлэх зорилготой ажиллаж байна. Энэ ташрамд, Өвөрхангай болон Монгол орон даяар салбарласан “Йэс Монгол” ТББ-ынхаа гишүүддээ ажлын амжилт хүсье.
Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн дарга О.Баатарцогт
-"Йэс Монгол" ТББ-ын Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл 2023 он арванхоёрдугаар сард бүх гишүүдийг хамруулсан хурлаа хийсэн. Манай салбар зөвлөл аймгийн 17 сум, зургаан тосгонд гишүүд, дэмжигчидтэй өнөр өтгөн байгууллага болсон. 2024 оны ажлын төлөвлөгөө гарган гишүүд, дэмжигчид, залуучуудаа идэвхжүүлэн ажиллаж байна.
Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга Н.Дугар
-Бид Монгол Улсын ирээдүйг тодорхойлно. Залуучууд орон нутаг, парламентын түвшинд гарч ирснээрээ нийгэм эрүүл болно гэж харж байгаа. Залуучууд технологийн дэвшил, инновац нэвтрүүлэх тал дээр илүү анхаарч ажиллана гэж хардаг.
Чингэлтэй дүүрэг дэх салбар зөвлөлийн дарга Д.Ядамжав
-Чингэлтэй дүүргийн салбар зөвлөл нийгмийн бүхий л салбарын төлөөлөлтэй, чадварлаг залуусаас бүрдсэн. Залуучууд бид нэг нэгнээсээ харилцан суралцаж, шинэ найз нөхөдтэй болж, хүрээллээ тэлж, хөгжих нөхөрлөх боломжийг "Йэс Монгол" ТББ бидэнд олгодог.
Эх орныхоо, нийслэл дүүргийнхээ хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, нийгмийн сайн сайханд чиглэсэн олон талт ажлуудыг хийх хүсэл эрмэлзэл дүүрэн ажиллаж байна.
Хан-Уул дүүрэг дэх салбар зөвлөлийн дарга С.Сайнбаяр
-Манай салбар зөвлөл 2024 оны хоёрдугаар сард үүсгэн байгуулагдсан. Бидний онцлог маш эрчимтэй өргөжин тэлж, хүн ам нэмэгдэж байна. Хан-Уул дүүрэг 1992 онд 60 мянган хүн амтай байсан бол 2024 онд 280 мянган хүн амтай болсон. “Йэс Монгол” ТББ-ын Хан-Уул дүүргийн салбар зөвлөл байгуулагдаад удаагүй боловч Улаанбаатар хотод зохион байгуулсан Азийн залуу улстөрчдийн чуулга уулзалтад идэвхтэй оролцсон. Бидний бүрэлдэхүүнд эрдэмтэн, бизнэс эрхлэгч, төр захиргааны анхан шатанд ажиллаж буй манлайлагч олон залуус нэгдэж байна. Бидний хувьд Монгол орноо хөгжүүлэхэд улстөржилгүй нийгэмдээ манлайлж гэрэл гэгээ авчиръя гэсэн уриатайгаар нэгдэн ажиллаж байна.
Сүхбаатар дүүрэг дэх салбар зөвлөлийн дарга Ш.БАТБАЯР
-“Йэс Монгол” ТББ-ын Сүхбаатар дүүргийн салбар зөвлөлийн залуус дүүрэгтээ төрж өсөн, ажлын гараагаа эхлүүлж, ажиллаж амьдарч байгаагийн хувьд дүүргийнхээ өчигдөр, өнөөдрийн нөхцөл байдал жаргал зовлонг хамгийн сайн мэддэг. Иймд бид цаашид дүүрэгтээ хийж хэрэгжүүлэх ажил, хөгжлийн гарц шийдлийн талаар ярилцаж, санал солилцож, залуусынхаа дуу хоолойг дүүргийнхээ хөгжлийн бодлогод оруулахыг зорьж ажилладаг.
Манай байгууллага бидний насны залуусын хувьд салбар бүрд хуримтлуулсан туршлагаа хуваалцах, хувь хүнийхээ хувьд ч хөгжих боломжийг олгодог.
Баянзүрх дүүрэг дэх салбар зөвлөлийн дарга Д.АТАРБАЯР
-Миний бие Баянзүрх дүүргийн салбар зөвлөлийг 2023 оны тавдугаар сард байгуулан дүүргийнхээ чадварлаг залуусаар хүрээлүүлэн ажиллаж байна. Дүүргийнхээ хөгжилд бид хувь нэмрээ оруулж нийгэмд эерэг хүрээлэл үүсгэж, төр, засгийн удирдах үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулахаар шинэ санал, санаачилга гарган итгэл дүүрэн ажиллаж байна. Сонины нийт уншигчид, “Йэс Монгол” ТББ-ын гишүүддээ ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна