Эмийн сонсголтой, экс сайдынд нэгжлэгтэй, дуулиан тарьсан баривчилгаатай 7 хоног


Дугаараас дугаарын хооронд

 Монгол хүний эрүүл мэнд, амь нас дээсэн дөрөөн дээр... Өвдсөн бол эдгэрэх магадлал тун бага байгааг, эм тарианы  үнэ өдрөөс өдөрт тэнгэрт хадсаныг  дээр доргүй ярьсаар олон жил өнгөрч байна. Харин энэ удаагийн УИХ зориг гаргаж сүүлийн гуч гаруй жил ноёрхлоо тогтоосон эмийн бизнес, сүлжээ, луйврыг анх удаагаа сөхөж, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах  Түр хороог байгуулж “Нээлттэй сонсгол” зохион байгууллаа. Төрийн ордонд бүхэл бүтэн гурав хоног үргэлжилсэн нээлттэй сонсголын үеэр  чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэсэн, сэтгэл санаагаар навс унагасан олон баримтыг сөхлөө. Улсын эмнэлгүүдийн дарга нар эмийн шахаа хийж төрөөс их хэмжээний мөнгө авдаг нь тодорхой болов. Ганцхан жишээ дурдахад “Өргөө амаржих газар”  эм худалдаж авах гэрээ байгуулахаасаа өмнө  тогтмол бус үнээр  их хэмжээний эм авдаг юм байна. Шалгалтын явцад тариурыг долоон өөр үнээр 2.3 дахин, виркил гэх мэс заслын утсыг есөн өөр үнээр 2.9 дахин, гар угаах губка гэх хэрэгслийг зургаан өөр үнээр 2.3 дахин, дуслын системийг найман өөр үнээр 1.6 дахин, маарлыг найман өөр үнээр 2.7 дахин өсгөж авдаг байсан нь тогтоогджээ. Юун тендер зарлах... Зүгээр л дуртай үнээрээ баахан эм, тариа авч, төрөөс мөнгө татдаг байсан хэрэг. Улсын эмнэлгүүд ийнхүү дураараа дургиж байхад хувийн эмийн сангуудын ард бас л төрийн өндөр албан тушаалтнууд суун эм зарж хөлждөг байсан байх юм. Тухайлбал,  бүртгэлтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт үйлдвэрийн тусгай зөвшөөрөлтэй 44 ААН-ийн 50 хувь нь, эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй 459 ААН-ийн 27 хувь нь, эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 2.142 ААН-ийн 17 хувь нь  эрх бүхий албан тушаалтнуудын хамааралтай байгааг шинжээч танилцуулсан юм. Эрүүл мэндийн яам, эм хангамжийн байгууллагынхан эмийн салбарыг  өөрсдийнхөө хувийн бизнес болгон цэцэглүүлж, тураах бэлдмэлийг  хүртэл Эрүүл мэндийн даатгалд оруулж, борлуулалтаа өсгөж, 15 мянган төгрөгийн үнэтэй эмийг даатгалд оруулаад 40 мянга хүргэж үнийг нь зохиомлоор  өсгөж байсан нь даанч гомдмоор...

УИХ-ын чуулганаар  хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд ямар нэг эд зүйл тараахгүй, төлбөргүй үйлчилгээ үзүүлэхгүй байх заалтыг нэмье” гэдэг санал орууллаа. Эрхэм гишүүн хэдэн жилийн өмнө тойргийнхондоо хоол идэх модон савх тарааж баахан онигоонд орж байсан удаатай. Тиймээс  элдэв юм тараахыг хуулиар хориглох нь зөв гэж үзсэн бололтой. Гишүүний энэ саналыг бусад нь уухайлан дэмжиж байна. Өмнө нь тойрог жижиг байхад 20 мянган бидон тараадаг байсан хүмүүс одоо 3-4 аймаг дамнасан том тойрогт бэлэг сэлт тараах угаасаа боломжгүй гэдэг нь тодорхой.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ төсөлд  албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цэргийн алба хаагчийн гэр бүлд олгох нийгмийн хамгааллын дэмжлэгийг сайжруулахтай холбогдсон зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, амиа алдсан  цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй талбай бүхий 330 сая төгрөгийн өртөг бүхий орон сууцыг нэг удаа олгох, хамгийн бага насны хүүхдэд нь 18 нас хүртэлх хугацаанд тухайн цэргийн алба хаагчийн сарын үндсэн цалинг 100 хувь олгодог байхаар тусгаж өгчээ.

Засгийн газар хуралдаж нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах, нийслэл, зарим аймгийн чиг үүргийг хотод шилжүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтлоо. Ингэснээр Улаанбаатар хотыг 42 дүүрэгт хуваах санаачилга биелэх боломжтой болж байна. Мөн “Төрийн өмчийн дээд боловсролын сургуулиудын байр савны засвар, сургалтын тоног төхөөрөмжийн зардлыг жил бүрийн улсын төсвөөс санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгох замаар оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байгаа бололтой. Үүнээс гадна Төв аймгийн нутаг дэвсгэрт "Шинэ Зуунмод" хот байгуулах хуулийн төслөө өргөн барихаар болжээ. "Шинэ Зуунмод" хотод орсон орлогын 20 хувийг Төв аймагт, 80 хувийг Улаанбаатар хотын хөгжилд зарцуулна гэнэ.  Шинэ хотод 150 мянган хүн амьдрах юм байна. Бариагүй хотын олоогүй орлогоо хуваагаад эхэлснийг бодоход энэ төсөл тун хурдан урагшлах байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсэж эхэллээ.


Өнгөрөгч долоо хоногт хуулийнхан тун ч завгүй ажиллав бололтой.  “Ачит Ихт” компанид гэнэтийн шалгалт орж, 11 объектод  нэгжлэг хийж, 940 гаруй боть санхүүгийн баримт, их хэмжээний мөнгийг хураан авчээ.  “Ачит Ихт”  ХХК-ийн эзэн нь Сангийн сайдаар ажиллаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан. Тус компани  2010 онд эдийн засгийн ба технологийн үр ашгийг тодорхойлох зорилгоор балансын бус хүдрийн овоолгод үйлдвэрлэлийн туршилт хийх, “Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлөөс зөвшөөрсөн тохиолдолд хамтарсан компани байгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь  “Ачит Ихт”-ийн 34 хувийг эзэмшихийг тохиролцсон гэрээ байгуулж байжээ. Гэвч П.Цагаан дарга гэрээгээ биелүүлсэнгүй. Эрдэнэтийн овоолго гэж хэнд ч хэрэггүй шороо байсан гэдэг тархи угаалтыг олон нийтэд хийж,  “Эрдэнэт” үйлдвэрийн 34 хувийг өгсөнгүй. Уг нь тус компанийн ашиглаж байгаа овоолго нь 1978-2004 оны хооронд үүссэн бөгөөд 0.317 хувийн зэсийн дундаж агууламжтай, 197.5 мян.тн зэс агуулсан нийт 62.2 сая.тн хүдрийн нөөцтэй том баялаг юм байна.   Ц.Элбэгдорж 2009-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед “Ачит Ихт” ХХК-ийн эзэн П.Цагаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, ахлах зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан. “Ачит Ихт”-ийн гэрээ 2010 онд хийгдээд өнөөг хүртэл хууль бусаар үргэлжилж байгаа гэдгийг хуулийнхан онцолж байна.


“Алтайн хүдэр” компанийн эзэн олны дунд  “Баян” Базараа гэж нэрлэгдсэн залууг өнгөрөгч долоо хоногт сүр дуулиантайгаар баривчиллаа.  Р.Базар гэгч энэ залууг Нарийн сухайтаас 20 сая ам.долларын нүүрс гаргаж, оросоор дамжуулан мөнгө угаасан, С.Баярцогт, Ц.Элбэгдорж нарт өгсөн хэрэгт сэжиглэж байгаа бололтой. “Баян” Базарыг тойрсон баахан мэдээлэл сошиал орчинд түгээд байна.  Түүнийг Тээвэр хөгжлийн банканд эх үүсвэр нь тодорхойгүй  зургаан сая ам.доллартай байсан, мэдээлэл технологийн мэргэжилтэй залуучуудыг хөлсөлж гадаадын  мөрийтэй тоглоомын сайтуудад мөрий тавиулдаг, мөнгө алдсан хэмээн нэг залууг хорьж цагдаж зодсон гэх яриа ч гарч байна.

Сонгууль дөхөж, нэр дэвшигч, горилогчид ид бужигнаж байна. Хуулийн дагуу ирэх сонгуульд өрсөлдөхөөр 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар өнгөрсөн сард Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн. Гэвч Үндэсний Аудитын газар энэ мөрийн хөтөлбөрүүдэд  өөрчлөлт засвар хийх шаардлагатай гэж үзээд бүгдийг нь буцаажээ.  Сонгуулийн ерөнхий хороо хоёр өдөр хуралдаж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, Төв комиссыг байгуулжээ. Харин гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг Гадаад харилцааны яамны саналыг харгалзан 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн сайн мэдээг Үндэсний статистикийн хорооноос дуулгалаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний улирлын үзүүлэлтүүд гарчээ. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний гурван сард 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 51.3 хувиар өссөн байна. Харамсалтай нь, өссөн орлогыг дагаад Улсын төсвийн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 5.7 их наядад хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37.6 хувиар нэмэгдсэн тааруухан мэдээ байгааг нуугаад яахав.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр