Л.Төр-Од: “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлэхэд даатгалын салбар чухал үүрэг гүйцэтгэнэ


Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж хөгжөөд 90 жил болж байна. Салбарынхаа түүчээ болсон “Монгол Даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Одтой ярилцлаа. 

 

-Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж хөгжөөд 90 жил болжээ. Эрсдэл, аюулаас сэр­гийл­дэг энэ салбарыг дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн хөгжүү­лэхэд шаардлагатай зүйлсээс дурдвал? 

 -Одоогоос яг 90 жилийн өмнөх тэртээ 1934 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр монголчууд нэн шинэ үеийн түүхэндээ анх удаа “Улсыг Аюулаас хамгаалах газар” нэртэйгээр орчин цагийн даатгалын байгууллага одоогийн тогтолцооны үндэс суурийг Сайд нарын зөвлөл буюу Засгийн газрын тогтоол тавьсан. Энэ үйл явдал нь тухайн цагийн хүнд бэрхийг үл хайхран ирээдүйгээ өөдрөгөөр харж тэмүүлэх монгол түмний чин хүслийн тод илэрхийлэл байлаа. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг рүү шилжих шилжилтийн үеийг даван туулах, бүтээн байгуулалтыг цогцлооход ард иргэд, бизнесийн байгууллагуудын хэрэгцээ, шаардлагыг хамгийн түрүүнд соргогоор мэдэрсэн нь даатгалын салбар юм. Манай компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн ард иргэдийнхээ амьдралын баталгааг хангах, бизнесийн байгууллагуудын учирч болох эрсдэлээс хамгаалахад чиглэсэн нийгмийн хамгааллын чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. 

Монголдоо арилжааны даатгалын тогтолцоог бий болгох, даатгалын салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах, салбарын хөгж­лийг олон улсын түв­шинд хүргэх, улс орны бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтэд дэмж­лэг үзүүлэх зэрэг олон ажил төлөвлөж гараагаа эрч хүч­тэйгээр эхлэн байр сууриа бататгахаар түүчээлэн бид тэмүүлж байна. Тухайлбал, 2022 болон 2023 оны байдлаар даатгалын салбарын цэвэр ашиг санхүүгийн салбарын нийт цэвэр ашгийн ердөө нэг хувийг бүрдүүлсэн. Энэ нь даатгалын салбар нийгмийн эрсдэлийг бууруулах өөрийн зохих ёсны үүргээ биелүүлэхэд шаардлагатай хуримтлалыг бий болгож чадахгүй байгааг харуулж байна. Иймд Монголын даатгалын салбарын ууган компанийн хувьд салбартаа тулгарч буй саад бэрхшээлийг илрүүлж, гарц шийдлийг тодор­хойлсон стратеги төлөвлөгөө боловсруулан үр дүнд хүрэхийн төлөө “Монгол Даатгал” ХК-ийн баг хамт олон манлайлан оролцох болно.

-Даатгалын салбар эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үргэлж хувьсдаг. Монгол даатгал компанийн Гүйцэтгэх захирал болоод ажлаа юунаас эхлэв, юунд зорьж ажиллаж байна вэ?

 -Манай салбарт тулгарч буй асуудалтай холбоотой шинээг хамтран үүсгэн байгуулсан Даатгалын зах зээлийн хол­бооноос дараах таван үндсэн чиглэлийн хүрээнд ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, даатгалын нэг стандарт гэ­рээтэй, ерөнхий болон тусгай нөхцөлүүдийг тохирч, нийтлэг нэр томьёотой болох. Хоёрдугаарт, даатгалын орлогын шимтгэлийг цаашид зохистой байдлаар шийдвэрлэх. Гуравдугаарт, давхар даатгалын хувьд гадаад руу нэг цонхоор, нийтлэг байр суурьтай, олон улсын давхар даатгалын нэг үндсэн гэрээ байгуулж ажиллах. Дөрөвдүгээрт, даатгалын системийн нийтлэг эрсдэлийг хамтдаа хуваалцах, шийдвэрлэх арга зам руу шилжиж мэдээллийн нэгдсэн сантай болох. Тавдугаарт, даатгалын салбарын хүний нөөцийг хамтран хөгжүүлэх, сурах бичиг сургалтын багц материал боловсруулах, сургалт хөгжлийн хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Танайх салбартаа анхдагч компани учраас хамгийн өргөн сүлжээгээр харилцагчдад үйл­чилдэг. Давуу талаа ч гэх үү нөөц боломжоо ашиглаад зах зээлд шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн үү?

-Даатгалын хүртээмжийг олон нийтэд дорвитой нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Даатгал” ХК  төдийгүй манай нийт даатгалын компаниудын ихэнх нь хатуу болон зөөлөн дэд бүтцээ улам өргөжүүлж, хамгийн өргөн сүлжээгээр ард иргэддээ бү­тээгдэхүүн үйлчилгээгээ хүр­гэхээр зорьж ирсэн. Улаан­баатар нийслэл хот, хөдөө орон нутгийн салбар гэлтгүй өөрсдийн үндсэн салбар нэгж, зуучлагч, төлөөлөгч, банк зуучлал, хамтын ажиллагаа, цахим даатгал гээд бүхий л хэлбэрээр хүрч байна. Гэсэн ч даатгуулагч нар маань сайн дураар даатгуулах нь ховор байдаг. Энэ нь даатгалын мэдлэг боловсрол  дутмаг, ач холбогдлыг сайн ойлгоогүйтэй шууд холбоотой. Тиймээс даатгалын компаниуд иргэдэд учирч болох эрсдэлийг илүү сайн ойлгуулах тал дээрээ анхаарч ажиллаж хэрэгтэй. Монгол Улсын даатгалын салбарын үйл ажиллагаа бусад хөгжингүй орны даатгалын хөгжилтэй харьцуулахад илүү албан журмын, заавал даатгах нөхцөл тавигдаж хийдгээрээ онцлогтой. Жишээлбэл, оно­шилгоонд ороход заавал даатгал хийгдсэн байх, автомашин болон орон сууц зээлээр худалдан авахад банкнаас заавал даатгадаг, жолоочийн даатгал заавал хийгдсэн байх хуулийн зохицуулалттай, бай­гууллага заавал даатгагдсан байж үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог гэх мэт. Өөрөөр хэлбэл, сайн дурын буюу иргэд өөрсдөө даатгалын байгууллагад итгэн эрсдэлээ даатгуулах нь хөгжингүй орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг. Үүнд нөлөөлдөг томоохон хүчин зүйл нь нөхөн төлбөр авч чадахгүй буюу даатгалд итгэл үнэмшил муутай байдагтай холбоотой. Мөн даатгалаар ашиг хийх гэсэн ашиг сонирхол ч үүнд багтана. Бүгдээрээ төлсөн хураамжаасаа илүү мөнгө авч чадах уу гэж богино хугацааны эрх ашиг сонирхол иргэд, хувь хүн, аж ахуйн нэгжид давамгайлсан байдаг.

-Даатгалын салбарыг хүр­тээмжтэй болгохын тулд яавал зохилтой вэ?

-Даатгалын салбарыг хүр­тээмжтэй болгохын тулд зайлшгүй яригдах зүйл бол иргэдийн даатгалын талаарх үзэл бодол, мэдлэгийг дээшлүүлэх явдал нэн түрүүнд яригдах ёстой юм. Даатгалын байгууллагууд ч эсрэг талдаа нөхөн төлбөр олгох тал дээр илүү итгэл хүлээхүйц, хурдан шуурхай, үнэнч шударга байх асуудал эсрэг талд яригдах ёстой юм. Даатгалын салбар техник, технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл зэрэгцэн цахимжиж илүү хүртээмжтэй, бүх эрсдэлийг даатган, олон байгууллага хувь хүмүүс ард иргэдэд санхүүгийн зөв менежмент үзүүлж, гэнэтийн санхүүгийн ачааг хөнгөлж чадаж байгаа. Иргэд даатгалын талаар мэдлэг сул, итгэл үнэмшил бага байгаагаас гэр бүлийн хэн нэг нь өвдөхөд хэрэглэнэ гэж хуримтлал үүсгэдэг гэр бүлүүд ч нэлээн бий. Олон улсын эрүүл мэндийн даатгал болон дотоодын эрүүл мэндийн даатгал нь уг эрсдэлийг бүрэн хааж чадах чанартай бүтээгдэхүүн байгаа талаар мэддэггүй. Тухайлбал, тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай адил бусад тодорхой салбарыг заавал даатгалд хамруулах санаа нь боломжит үр өгөөж болон саад бэрхшээлийг агуулсан цогц ойлголт юм. Мөн нэн тэргүүнд анхаарч ажиллах хэд хэдэн зүйлс байна. Боломжит ашиг тус нь даатгалын хамрах хүрээ болон эрсдэлийн сан нэмэгдэнэ, санхүүгийн хамгаалалт, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх арга зам гэж үзэж болно. Энэ нь хувь хүмүүс нийгмийнхээ сайн сайханд хувь нэмрээ оруулах ёстой гэсэн санаатай нийцдэг. Харин сорилт болон анхаарах зүйлс нь боломжийн үнэ ба хүртээмжтэй байдлаас гадна албан журмын даатгал гэдэг нэрээсээ эхлээд хувь хүний сонголтод шууд халдсан гэж харах тал байдаг. Хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд, албан журмын даатгалыг нэвтрүүлэх нь хүн амын тодорхой хэсгийн эсэргүүцэлтэй байнга тулгарч байдаг. Иймээс, ард иргэд руугаа чиглэсэн олон нийтэд зориулсан даатгалын үр өгөөжийг сурталчлах компанит ажил, харилцааны стратеги зэрэг зайлшгүй авах шаардлагатай зүйлс байна.

-Өнөөдөр манай даатгалын зах зээлийн нийт хөрөнгийн хэмжээ хэчнээн төгрөгт эргэлдэж байна вэ. Даатгалын зах зээлийн бо­ломжийг та яаж харж байна вэ?

-Даатгалын хөгжлийн түвшнийг даатгалын гүнзгийрэлт, нягтрал гэсэн үзүүлэлтүүдээр хэмждэг. Гүнзгийрэлт нь бидний харил­цагчид болох иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаа даатгалын гэрээ байгуулж олсон нийт хураамжийн орлогыг ДНБ-д харьцуулсан, харин нягтрал нь нэг хүнд ногдох даатгалын хураамжийн орлого юм. Монгол Улсад даатгалын гүнзгийрэлт 0.6 хувь байгаа нь дэлхийн дунджаас 10 дахин бага хэмжээтэй, даат­галын нягтрал ойролцоогоор нийт  87816 төгрөг байгаа нь дэл­хийн дунджаас мөн 27 дахин бага байгааг илтгэж байна. Энэхүү үзүүлэлт нь даатгалын зах зээл цаашид хэрхэн өсөх орон зай байгаа болон нөгөө талаар даатгал хийх хэрэгцээ шаардлага төдий чинээ их байна. Монголын нийт даатгалын компаниудын үйл ажиллагаанд зохицуулалт хяналт тавьж ажилладаг Сан­хүүгийн зохицуулах хорооны хамгийн сүүлд мэдээлснээр 2023 оны гуравдугаар улирлын байдлаар даатгалын компаниуд нийт 1217936 даатгалын гэрээ байгуулжээ. Үүнээс 1025856 хувь хүнтэй, 192080 хуулийн этгээд юм. Энэхүү цаг хугацаанд даатгалын компаниуд нийт 82,1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Даатгалын компаниудын нийт хөрөнгө 582.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх 2022 оны мөн үеэс 29.6 хувиар өссөн. Үүнээс 53 хувь буюу 311 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг банк бус санхүүгийн салбарт оруулж, Монголын санхүүгийн зах зээлийн өсөлтөд нөлөө үзүүлж байна. Хамгийн гол нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлэхэд даатгалын салбар чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Хэдийгээр Монголд даат­галын компани олон ч ха­рил­цагчдадаа үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний тухайд өөр хоорондоо ялгарах зүйл бага санагддаг. Жижиг зах зээлээс шалтгаалсан энэ­хүү онцлогийг үл харгалзан цаашид олон улсын жишгээр даатгалын компаниудыг хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхай, барилгын гээд төрөлжүүлэх боломжтой юу?

 -Өнөөдөр харилцагчид маань даатгалын компаниудаас зөвхөн санхүүгийн хамгаалалтаас гадна илүү цогц шийдлүүдийг танилцуулж нэвтрүүлэхийг хүсдэг болсон. Даатгагчид харилцагчдадаа эрсдэл шил­жүүлэн авах үүргээсээ давж, эрсдэлийг урьдчилан таамаглах, сэргийлэх, санхүүгийн цогц шийдлийг санал болгох шаард­лагатай. Ирээдүйг урьдчилан таамаглах боломжгүй ч даатгалын салбарын хөгжлийн замд хэд хэдэн боломжит хүчин зүйл байгаа гэж бодож байна. Хиймэл оюун ухаан (AI), machine learning, том өгөгдлийн аналитикийн хэрэглээ улам  нэмэгдэж, дижитал шилжилт үргэлжлэх төлөвтэй байна. Даатгагчид эдгээр технологиудыг андеррайтинг, нөхөн төлбөрийн үйл ажиллагаа, эрсдэлийн үнэл­гээ болон үйлчилгээндээ түлхүү ашиглах магадлалтай байна.

 Мөн түүнчлэн, дэвшилтэт техник технологийн эрин зуунд олон улсад бол даатгалын технологи буюу иншуртекийн хөгжил үргэлжилсээр байх төлөвтэй. Үүнийг даатгалын салбар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааны процессыг оновчлох, хэрэглэгчийн турш­лагыг дээшлүүлэхэд түлхүү ашиглахаар байна. Улмаар блокчэйн технологи нь даатгалын аюулгүй, ил тод байдалд том нөлөө үзүүлэх магадлалтай. Түүнчлэн одоо үед өгөгдлийн задлан шинжилгээ болон internet of things (IoT) нь даатгагчид илүү хувийн, харилцагчийнхаа хэрэглээнд суурилсан даат­галын бүтээгдэхүүнийг санал болгох боломжийг олгож байна. Харилцагчдынхаа зан төлөвийг мэдэж, хэрэгцээнд нь таарсан даатгалыг санал болгох нь эрсдэлээ зөв үнэлж үүнийгээ дагаад хураамж ч буурах эерэг сайн талтай. Хүн төрөлхтний өмнө дараагийн шинэ зуунд тулгамдаж буй шйидвэрлэх асуудал болох уур амьсгалын өөрчлөлт нь ихээхэн эрсдэлийг Монгол төдийгүй дийлэнх улс орнуудад дагуулсаар байна. Даатгалын салбарт шинээр сэргээдэх эрчим хүчний шил­жилт, уур амьсгалын дулаарлын эрсдэлийг бууруулах, удирдахад чухал үүрэг гүйцэтгэж түүнд зориулсан бүтээгдэхүүн үйл­чилгээ гаргах шаардлага улам бүр тулгарч байна. Нэн ялангуяа уламжлалт даатгалын компаниуд болон технологийн гарааны бизнес эрхлэгчдийн нягт хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн түншлэл нь инновацыг дэмжиж, үр ашгийг дээшлүүлж, ерөнхийдөө даат­галын экосистемийн уян хатан байдлыг илт сайжруулж чадна гэж би харж байна.Шинээр гарч ирж буй сорилт төдийгүй том боломжийн хувьд барилгын салбарт даатгалыг иж бүрэн хэлбэрээр нэвтрүүлэх эрх зүйн орчныг бий болгох зорилт нэн чухал.

-Таныг “Транспэрэнси Ин­тер­­нэшнл-Монгол” бай­гууллагаар нь хүмүүс сайн мэддэг. “Транс­пэрэнси Ин­тернэшнл” олон улсын бай­гууллага Монголд хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Би ажлын гараагаа Энэтхэг улсад эдийн засагч, эрх зүйч хос эрдмийн зэрэгтэй мэргэжлээр 1992 онд МУИС хоёрдугаар курсээс шилжин суралцаж төгссөн. Улмаар 1997 оноос Хууль зүйн яаманд ажиллаж байгаад 1998 онд НҮБ-д олон улсын төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа тухайн үеийн Улсын Их Хурлын ги­шүүн С.Оюуны хамт Өмнөд Африкийн Дурбан хотод анх зохион байгуулагдсан Олон улсын авлигын эсрэг ес дэхь удаагийн хурал чуулга уулзалтад оролцож байхдаа Транспэрэнси Интернэшл байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж Монгол Улсад салбар байгуулах санал анх дэвшүүлж байсан. Энэ цаг мөчөөс эхлэн 1999 онд Монголын анхны авлигын төсөөллийн буюу түвшний индекс гаргахад гар бие оролцож, үзэл санаа нэгт нөхдийн хамтаар 2003 онд албан ёсны салбар байгууллага үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаанд дэмжлэг болж ажиллаж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд НҮБ-ын авлигын эсрэг конвенцод нэгдэн орох мөн Монгол Улсад авлигатай тэмцэх газар байгуулагдахад судалгааны түвшинд буюу хамгийн оновчит хувилбарын дэвшүүлэх багт ажиллаж ирсэн. “Транспэрэнси Интернэшл – Монгол” дахь салбар байгуулын хувьд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд том, жижиг гуч гаруй төсөл хөтөлбөр салбар тус бүрд хэрэгжүүлсэн байна.

 

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.66
2024/08/21
0
0
Зөв сайхан ажил амжилттай хийж яваад нь баяр хүргэе
Хариулах
66.181.183.66
2024/08/21
0
0
Асуулт байна?
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр