Г.Ариунчулуун: Монгол хүн бүрийг хямд зардлаар аялуулах нь бидний зорилго


“Мирай травел” компанийн захирал Г.Ариунчулуунтай ярилцлаа.

 

-Аялал бидний амьдралын хэв маяг болжээ. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд ямар бодлого, чиглэл баримтлан ажиллаж байна вэ?

-Монголчууд аялаад, амраад сурсан. Тэдэн жилийн дараа тийшээ очиж үзнэ гэж зорилго, мөрөөдөл болгодог цаг өнгөрчээ. Одоо дотоодод, гадаадад гээд жилд хоёр аялал төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, аялал амьдралын нэг хэсэг болжээ. Энэ бол дэвшил. Гэхдээ тэр мөрөөдөл нь халаасанд багтахгүй бол хэцүү. Аялал жуулчлалыг их мөнгө төлдөг, үнэтэй  гэж бодож, татгалздаг хүн олон бий. Манай компани нийт монголчуудаа аль болох хямд төсрөөр гаднын улс орноор аялуулах зарчим баримталж байна. “Мирай травел” тун боломжийн төлбөртэй, тодруулбал нэг сая төгрөгт багтах аяллын зургаан чиглэл санал болгож байна. Үүнд ирж, буцах тээврийн тасалбар, хоол, буудал, үзвэр үйлчилгээний зардал бүгд багтсан. Энэ бол хүн бүрийг аялуулах гэсэн бидний зорилгод нийцсэн боломжит ханш. Өнөөдөр сая төгрөг тэнгэр тулсан ханш байхаа больсон. Олон жилийн өмнө сая төгрөг өндөр тоо байсан. 

 

-Дэлхийн аяллын татах хүч яах аргагүй Хятад улс боллоо. Бизнес, амралт, эрүүл мэнд, худалдааны гээд бүх төрлийн аялагчдыг Хятад улс соронз шиг л татаж байна. Газар зүйн байрлалын давуу талаа ашиглаад бид бага зардлаар БНХАУ руу аялдаг. Танай хөтөлбөрийн ялгарах онцлог вэ?

-Бид ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дунд оршдог. Хойд мөсөн далайгаас урагшаа экваторын бүс хүртэлх бүх бүслүүрийг визгүй үзэх бололцоо байна. Заавал илүү зардал төлж Хавай явах шаардлагагүй. Түүнчлэн өөрсдөө аялахаас гадна Хятадын ард түмнийг татах хэрэгтэй байна. Гаднын зарим улс Хятадын жуулчдыг яаж татах вэ гэдэгт анхаарч Аялал жуулчлалын яамандаа БНХАУ-д зориулсан албатай болсон. Бид хаяанд нь байгаа давуу талаа ашигламаар байна. Үүний тулд зочлох үйлчилгээний соёлоо сайжруулж, хятадуудад зориулсан хөтөлбөртэй болбол зүгээр. Сурагчдын амралтаар БНХАУ-ын хил дээр монголчуудын бөглөрөл үүссэн. Улаанбаатарт хүүхдээ тоглуулах усан парк, амьтны хүрээлэн алга. Арга буюу хүүхдээ дагуулаад Хятад улсыг зорьж байна. Түүнээс биш наймаа хийх гэж очоод бөглөрөл үүсгэсэн хэрэг биш. Хэдий болтол хөмөрсөн тогоон дотроо амьдрах вэ. Тэд хэрхэн амьдарч, бид яаж амьдарч буйг очиж үзэн харьцуулж байж л мэднэ. Хятадын захын мужийн жижиг хотод очиход л хөдөлмөрлөж байгаа ард түмнийг харж, өөрөөр сэтгэх, зүтгэх хүсэл төрнө. Өөрөөр хэлбэл, аялал амралт болохоос гадна хүнд мотивац өгдөг.


-Хүмүүс олон хот дамжсан аяллыг их сонирохдог болж. Танайд тийм аялал байгаа юу?

-Нэг удаагийн явалтаар гурав, дөрвөн хот үзэхийг залуучууд чухалчилж байна. Залуу хүмүүс бол ядрахгүй, олон газар үзэх нь сонирхолтой юм. Тиймээс Бээжингийн аяллын хөтөлбөрөө энэ жилээс баяжуулсан. “Юниверсал” паркаас гадна Жанчхүүгийн даваанд нэг хонох хөтөлбөр нэмлээ. Жанчхүүд өвлийн олимпод зориулсан цогцолбор баригдсан. Энэ нь Хятадын аялал жуулчлалын арван том цогцолборын нэг. Тэнд амарч зугаацах бүх юм бий. Оройн хоол нь хүртэл мах шарж идэх боломжтой учир аялагчдад их таалагдаж байгаа. Бас Бээжин- Эрээний хооронд хол явж ядрахгүй давуу талтай.

-Таны дурдсанчлан хүүхдээ тоглуулах, өөрсдөө дэлгүүр хэсэх зорилгоор монголчууд Хөххот, Бээжин рүү явах болсон. Бараг уламжлал болсон энэ чиглэлд жил бүр аялдаг гэр бүл байж магадгүй. Тэдэнд санал болгох шинэ газар нээсэн үү?

-Бидний санал болгодог нэг сая төгрөгийн аялалд багтсан “Жининь-Датун-Мини Аватар” хөтөлбөр байна. Эрээнээс хөдлөөд Жининий халуун рашаан, сауны бүсэд алжаалаа сайхан тайлж амарч аваад цаашаа аяллаа үргэлжлүүлдэг. Датун бол Диснейлэндтэй адилтгаж болох  тоглоомын парктай. Энэ паркт хүүхэд гэлтгүй томчууд ч уйдахгүй. Ус руу завьтай ордог, супер галзуу хулгана, хэт өндрийн тойруулга, байлдааны онгоцны 4D орчин гээд өдөржин тоглоод ч дуусахгүй олон тоглоомтой. Харин “Мини Аватар” нь бяцхан амьтны хүрээлэн, шилэн гүүр, экстрим сонирхогчдод зориулсан элдэв хөтөлбөр, тоглоомтой. Хамгийн гол нь маш том усан парктай. Тэгээд буцахдаа Эрээнд нэг хоноод хөөрхөн шопинг хийчихдэг. Монголчуудад маш их таалагдаж байгаа аялал. Мөн сүүлийн үед монголчууд Ордосын аяллыг сонирхох болсон. Ордост Чингис хааны онгоны тахилга жилд хоёр удаа болдог. Хаврын тахилга энэ сарын 29-нд эхэлнэ. Манай тусгай аялал 27-нд Улаанбаатараас гарна. Чингис хааны онгоны тахилгыг манайхан жуулчдыг татах оролдлого гэж хардаг. Би ч анх “Нөхдүүд аялал жуулчлалын бүс нээгээд түүх зохиолоо” гэж бодож байсан. Гэтэл түүх  уншаад, судлаад үзтэл үгүй юм байна. Чингис хаан Тангуд улстай дайтаж явахдаа тэнгэрт хальсан. Их хааны алтан бие цогцсыг уугуул нутаг руу нь авч явах замд буюу Ордост бага хэмжээний зан үйл хийсэн байдаг. Тэр зан үйлийг хэдэн зуунаар, хэдэн үеэрээ үйлдэж иржээ. Одоо л Хятад улсад  харьяалагдаж байгаа болохоос биш Монголын нутаг байсан шүү дээ.


-Ордосын аялал зан үйлийн шинжтэй болох нь ээ?

-Чингис хааны онгоны тахилга хоёр өдөр үргэлжилдэг. Тайлга тахилгын ёс, зан үйлээс гадна 512 бөх барилддаг, соёлын том наадам болдог. Аялалд оролцогчид Ордост хоёр хоног наадахаас гадна Хөххот орж Өвөрмонголын музей үзэж, шоппинг хийнэ, “Мини Аватар”-т очиж зугаацна. Тэнд байдаг амьтны хүрээлэн нь жижигхэн ч панда, анааш гээд бидний үзэж хараагүй амьтад байдаг. Хөөрхөн шүү.

-Сонирхолтой санагдаж байна. Тэгвэл зөвхөн амраад алжаалаа тайлаад  ирэх хүсэлтэй хүмүүст та ямар аялал санал болгох вэ?

-Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан амраад ирэх хүсэлтэй хүмүүст Сайхан талын аяллаа санал болгож байна. Өндөр настай аав, ээж, эмээ, өвөө, хүүхдүүдээ дагуулаад явахад тохиромжтой чиглэл. Амралтын бүсэд бага насныхан тоглох усан паркийн хэсэгтэй, томчууд болон гэр бүлээрээ тухлах халуун рашаанууд, вино, сүү, тан, цагаан гаатай ванн, стандарт бассейн, амралтын өрөө, саун, даралттай усны олон төрлийн массажнуудтай. Олон хот орж, автобусаар хол явах сонирхолгүй, тохьтой тухтай алжаалаа тайлах хүсэлтэй хүмүүст Сайхан талын рашаан, усан паркт хоёр өдөр амрах хөтөлбөр тохиромжтой. Мөн байгууллагынхаа хурлаа хийж,  төгсөлтийн ойгоо тэмдэглэж,  хамтын ажиллагаа тогтоохоор ажиллаж буй талууд Сайхан талд уулзаж гэрээгээ үзэглэнгээ 48 цаг амарч, алжаалаа тайлчихаад буцаж байна. Усан парк, халуун рашаан, саун, амралтын бүс, цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолбор, өглөө, өдөр, оройн хоол, унтлагын вагоны ирж, буцах тасалбар нийлээд  650 мянган төгрөг болно. Паркийн цогцолбороос хамгийн ойрхон суурин газар 18 км зайтай. Тиймээс амралтандаа төвлөрөөд, бусад зүйлд сатаардаггүй.


-Сайхан талын аялалд зориулаад  танай компаниас санал болгодог онцгой зүйлс бий юү?

-Сайхан тал бол БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошууны төв. Энэхүү цогцолборыг олон мянган жилийн өмнө болсон газар хөдлөлтийн улмаас үүссэн халуун рашаан дээр шууд босгосон.  Халуун орны мод, ургамал тарьсан, хятад сарнайн хүрээлэнтэй, шувуу жиргэсэн яг л Хавайд, Хайнаньд байгаа мэт орчин бүрдүүлсэн газар. Намар очоод модноос нь усан үзэм аваад идэж болдог. Гадаа цас, бороо орох, шороо шуурах гээд байгалийн ямар ч үзэгдэл болж байсан цогцолбор дотор мэдрэгдэхгүй. Бид монгол жуулчдад зориулж хоолны сонголтыг өөрчлүүлсэн. Халуун ногоо, амтлагч багатай хоолноос гадна сүүтэй цайг цэсэнд оруулсан. Мэдээж, далайн, орон нутгийн хоолны сонголттой. Таныг галт тэргэнд суухаас эхлээд, хил гарах, унаа сэлгэх, дэлгүүр хэсэх, буудалд байрлах хүртэл манай мэргэжлийн хөтөч, хэлмэрч туслан ая тухтай аялуулна. Улаанбаатар хотоос пүрэв гарагт галт тэргээр хөдөлнө. Маргааш нь Замын-Үүдэд буугаад автобусаар хил гардаг. Эрээн хотын авто вокзалаас Сайхан тал руу автобусаар аялна. Сайхан талд 48 цаг амраад Эрээн хот руу автобусаар хөдлөх юм. Эрээнд гурав, дөрвөн цаг саатахдаа зээл, дэлгүүрээр хэснэ. Ингээд даваа гаргийн өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод галт тэрэгнээсээ бууснаар аялал өндөрлөдөг. Хугацаа, үнэ нь бага ч хангалттай сайхан амрах боломж бүрдүүлж, хол явж ядраадаггүй аялал гэж ойлгоход болно.


-БНХАУ-аас өөр улс оронд жуулчин аялуулж байна уу?

-Нислэгийн тийз хямдарсантай холбоотой Дубайн аялал эрэлттэй байгаа. Турк, Вьетнамын шууд нислэгтэй аялал жилийн турш үргэлжилнэ. Оргил үеэ бодвол эдгээр чиглэлийн үнэ буурсан. Гэхдээ далайн бүлээн ус, наранд халсан эргийн элс, дал мод,  тухлаг зочид буудал гээд бүх зүйл хэвээрээ байгаа. Хямд үед нь аялбал санхүүд хэмнэлттэй.

-Монголчууд шинэ содон аялал их хүсдэг. Танайд тийм содон өвөрмөц аялал байгаа юу?

-Ёстой сайхан асуулт байна. Бид энэ хавраас алдарт Хөх мөрөн дээгүүр круйз тур буюу усан онгоц дээр дөрөв хоног аялаад дараа нь шинэ цагийн Хятадын хамгийн олон хүн амтай, хамгийн хурдан хөгжиж байгаа хот болох Чунцин хотоор аялуулдаг шинэ аяллаа зарлах гэж байна. Энэ аяллыг өнөөх алдарт Занжиажи буюу Тэнгэрийн хаалга, Аватар уул, Шилэн гүүрний аялалтай хослуулан авч бас болно. Энэ бол хүн бүр амьдралдаа нэг явж үзүүштэй аялал байх болно.

-Бидэнд цаг гарган яриа өгсөнд баярлалаа. “Мирай травел”-тай яаж холбоо барьж, танай энэ олон төрлийн аялалд хамрагдах вэ?

-Та бидэнтэй 9090-5445, 8802-4353 утсаар холбогдож болно. Мөн “Мирай травел, гадаад аялал” гэж фэйсбүүкт бичээд манай пэйжээс илүү дэлгэрэнгүй хөтөлбөрүүдтэй танилцаж, чатаар бидэнтэй шууд холбогдох боломжтой.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
1
care
0
haha
6
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө