Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашлан цагийн салхи уринаар үлээн, цасны ул хайлмагтаж, хангай дэлхий хаврын дуугаа аяланхан байна. Хэдийгээр урин цаг ирсэн ч хатуу өвлийн хүнд өдрүүдийг сануулсан байгалийн үзэгдлүүд хэд хэд болоод өнгөрлөө. Туулай жилийн сүүлээр эхэлсэн байгаль дэлхийн уур хилэн Монгол орны мал аж ахуйн салбарыг бүхэлд нь сандаргав. Нэгэн цагт улс орны эдийн засгийн нэлээд хувийг бүрдүүлдэг байсан мал аж ахуйн салбар уналтад орж, малчдын нийгэм дэх үүрэг оролцоо ч бүдгэрсэн гэхэд болно. Монголчууд зуд зулагтай гэж ярьдаг. Тэгвэл энэ жилийн зудны “Зулаг”юу байв?
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, ХХААХҮЯ-ны Бодлогын газрын дарга Ц.Болорчулуун, Монголбанкны Бүтцийн өөрчлөлтийн газрын захирал Н.Ариунбат, Зээлийн батлан даалтын сангийн захирал С.Цогтсайхан нар Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллалаа. Тэд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг малчид, хоршоологчдод танилцууллаа. Засгийн газраас “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Энэ хуулийн төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдвал “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эхлүүлэх юм.
Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагддаг мал сүрэг хувийн өмчид шилжээд 30 гаруй жилийг ардаа орхижээ. Малчид малын тоо толгойгоо нэмэгдүүлж, амьжиргаагаа хангаж явсаар өдий хүрсэн ч бэлчээрийн даац хэтэрч, хангалттай шим тэжээл аваагүй мал давтамж нь нэмэгдсээр буй зуданд тэсвэргүй болжээ. Жил ирэх тусам зудын давтамж нэмэгдэж, түүхий эд бүтээгдэхүүнээ ченжид хямд үнээр худалддаг малчид цаашид хэрхэн амьдрах вэ гэдэг хүнд сорилтод ороод буй. Урьдчилсан тооцоогоор энэ жилийн зудаар улсын хэмжээнд 20 сая мал хорогдож, 10 мянган өрх малгүй болно гэж байв. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж, зуд жил бүр болбол хоёроос гурван жилийн дараа үндэсний дархлаа болсон мал аж ахуйн салбар хэрхэх вэ гэдэг хүндхэн асуулттай тулгарна. Иймээс мал аж ахуйн бодлогыг шинэчлэх, энэ салбарыг хагас эрчимжсэн болгож нүүдлийн өв соёлоо хадгалах санаачилгыг Засгийн газар гаргасан нь энэ. “Шинэ хоршоо хөдөлгөөн” хөтөлбөр бол эрсдэлд тэсвэртэй мал аж ахуйтай, малчид өөрсдөө үйлдвэрлэгч, бүр цаашлаад бизнесмэн болох орчин үеийн Монголын онцлогтой, чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилготойн талаар хөдөлгөөнийг санаачлагчид тодотгож байна.
Төв аймгийн Эрдэнэсант сумын З.Ганхуягийн хотонд 20 гаруй малчин цуглажээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хоршооны гишүүн, малчин өрх хэн ч байсан малчны зээлд хамрагдахын тулд жилийн 24 хувийн хүүтэй зээл банкнаас авах болдог. Өндөр хүүтэй зээл, өрхийн амьжиргааг тэтгэх, шинэ бизнес эхлүүлэх боломж бололцоог олгож чадахгүй байгаа учраас Засгийн газар энэ хүндрэлийг шийдэхийн тулд хоршооны гишүүн малчинд жилийн зургаан хувийн хүүтэй 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байгаа юм. Малчид авсан зээлээрээ хоршиж нэгдээд баг, сумын түвшинд мал нядалгаа, арьс ширний анхан шатны боловсруулалт хийж, ноос ноолуураа ангилж ялгаад, анхан шатны угаалга хийх гэх мэт хязгааргүй боломжийг нь нээнэ. Ингэвэл малчид үйлдвэрлэсэн түүхий эддээ нэмүү өртөг шингээж орон нутагтаа үлдээх боломжтой болж байгаа юм” хэмээлээ. Засгийн газраас орон даяар 800-900 малчны дунд судалгаа явуулж тулгамдаж байгаа, шийдэж болох асуудлыг нь асуухад малчдын 70 хувь нь хоршиж хамтрах саналтай байгаагаа дурджээ. Жалга жалгаараа тарсан малчид амь амьжиргаагаа тэрүүхэндээ болгож аргацаасан, амьдралын идэвхгүй хэмнэлээс татгалзах ёстой гэдгийг Эрдэнэсант сумын малчид ярьж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Малчдад арилжааны банкны өөрийнх нь эх үүсвэрээс нэг өрхөд дээр дурдсанчлан 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувь хүртэл батлан даалтаар олгох боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Засгийн газраас хоршоолж нэгдсэн малчдад нэг удаа таван га газрыг эзэмшүүлэхээр төлөвлөж байгаа нь тухайн талбайдаа өөрсдөө тэжээлээ тарих, хоршооныхоо бүтээн байгуулалт зэргийг байгуулах боломжтой” гэв. Зээлийн ашгаас төвлөрсөн хөрөнгө болон төрөөс нэг удаа эзэмшүүлэхээр олгосон таван га газраа арилжааны банканд тавьж эргэлтийн хөрөнгөө босгох боломжтой болж байгаа нь хоршоодын давуу тал юм байна.
Монгол Улсад хоршоолол 100 шахам жилийн настай. Янз бүрийн арга хэлбэрээр нэгдэн нийлж, хөдөлмөрөөрөө хоршин нийлэх хэлбэрийг хөгжүүлж байлаа. Тун ойрмогхон хоршооллыг хөгжүүлэх оролдлого хийгдэж малын түүхий эдийг хоршооллын нэр дээр улсын үйлдвэрүүдэд тушаах, ийн тушаасан хоршооны малчдад улсаас урамшуулал олгодог хэлбэр хүртэл байлаа. Эдгээр хоршоод өдий хүртэл оршин тогтнож байгаа ч нэр төдий, үйл ажиллагаа нь намар, хавар хоёр улиралд л амь ордог, ингэхдээ тамга хөдөлгөх хэмжээнд л байв. Ийм хоршоод Эрдэнэсант суманд олон гэнэ.
Тус сумын Засаг дарга З.Мөнхчимэгийн өгүүлж байгаагаар 1059 малчин өрхтэйгөөс 989 малчин ямар нэг хоршооны гишүүнчлэлтэй ажээ. Гэхдээ өнөөгийн байдлаар 15 хоршоо л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Хөтөлбөрийн хүрээнд хуучин байгуулагдсан эдгээр хоршоог идэвхжүүлэх, хөрөнгө санхүүгээр дэмжиж үйл ажиллагааных нь цар хүрээг тэлж, малчдыг хоршин нэгдэхэд нь хөрөнгө санхүүгийн боломж нээж өгч байгаа нь “Шинэ хоршоо хөдөлгөөн” гэж нэрлэх утгыг илэрхийлж байгааг сайд Д.Амарбаясгалан онцолж байсныг дурдах нь зүй. Хуучин байгуулагдаж байсан хоршоодын хэлбэр нь хөрөнгө санхүүгийн дутагдалтай байдлаас үүдэн хөл дээрээ тогтож чадахгүй тарж, бутардаг байсан алдааг энэ удаа давтахгүй.
Сумын Засаг дарга З.Мөнхчимэг, малчин З.Ганхуяг, Монгол Улсын Гавьяат малчин Д.Гомбо-Очир тэргүүтэй малчин, хоршоологчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг дэмжиж буйгаа илэрхийлээд зарим асуудлыг тодруулан асууж, хариултаа авч байлаа. Хүн нэг бүр оролцоотой, асуулттай байгаа нь уулзалт хэлэлцүүлэг хэр их ач холбогдолтойг тодорхойлж байв. Уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Гавьяат малчин Д.Гомбо-Очир “Энэ хөдөлгөөн Монгол Улсын ХАА-д сэргэлт авчраад зогсохгүй, хувьсгал болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж өгүүлээд сумынхаа иргэдийг “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг дэмжин ажиллахыг уриалж байв. Малчдын нийтлэг асуулт нь зах зээлээ хэрхэн олох вэ гэдэг байв.
Энэ хөдөлгөөн зөвхөн хөдөөний малчдад хамаатай биш. Хотод байгаа орон нутгийн харьяат иргэд болон хөдөө шилжин суурьших хүсэлтэй хэн ч байсан хоршоолол байгуулж болох ажээ. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөртэй уялдуулах юм байна. Мөн ган, зудаар малгүй болсон малчид Улаанбаатар хот руу нүүдэл хийх шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл хоршоо анхан шатны боловсруулалтаа хийж, бүтээгдэхүүнээ зах зээлд нэмүү өртгөөр борлуулж эхэлснээр малчид тогтмол орлоготой болж эхэлнэ. Тэд сарын 1.5 сая төгрөгийн орлоготой бус 5 сая төгрөгийн орлоготой болох боломж энэ хөдөлгөөнөөр бий болно.
Хоршоолол байгуулснаар малчид юу хожих вэ. Жилийн дөрвөн улиралд хэдэн малаа эргүүлж, нар салхинд онгож гандаж явсан хэр нь хавар, намар гэдэг хоёрхон улиралд орлогождог байдал үндсэндээ үгүй болох боломжтой. Малчид бизнесмэн болж жилийн дөрвөн улиралд орлоготой байж болох нь. Зөвхөн түүхий эд, сүү, цагаан идээний борлуулалтаар хязгаарлагдахгүйгээр нөөц боломжууд хөдөөд олон байгааг хэлэлцүүлэгт оролцсон хоёр тал хүлээн зөвшөөрч байв. Мал эмнэлэг, үржлийн эцэг мал өсгөж үржүүлэх, ногоон тэжээл, хадлан бэлтгэх гэх мэт хоршооллын хувилбарууд ч яригдаж байв.
Хэдийгээр урин цаг наашлан, усны зайр гэсэж байгаа ч зуны сар зургаа, намрын сар найм биш. Өнгөрсөн жилийн байгалийн давагдашгүй хүчинд сөхөрч, бодол имхэрдэн суусан малчид юу хийхээ мэдэв бололтой. Зудны зулаг гэж энэ ажээ. Хавар цаг. Голын зайр гэсэж холын шувууд ирдэг. “Хуучин хүү шинэ хүү болов” гэдэг шиг хуучин хоршоод “Шинэ хоршоо” болох анхны зам эндээс тавигдлаа. Би энэ их үйлийн эхэнд суугаа ч юм бил үү.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна