В.Түмэндэмбэрэл: Шатаах зуухнаас гаргасан тоосгыг нүцгэн гараараа барьдаг байлаа



Монгол Ардын Намын ахмад гишүүн, инженер В.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.

 

-Ярилцлагын эхэнд та нутаг ус, аав, ээжийгээ танилцуулахгүй юу?

-Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын малчин Ванчиннаваан, Долгор нарын гэр бүлд төрсөн. Аав маань 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин байсан юм. Тухайн үед хоёрын хоёр дайнд оролцоод эргэж ирнэ гэдэг  “Ёстой л ус уух хувьтай хүн байж дээ” гэж хэнд ч бодогдох биз. Тэр их дайн тулаанаас эргэж ирээд аав минь мал маллаж Улсын сайн малчин болтлоо хөдөлмөрлөсөн. Миний аавыг БНМАУ-ын сайн малчны II зөвлөгөөнд оролцоход нь “Улсын сайн малчин” цол хүртээж, маршал Х.Чойбалсан шагналыг нь гардуулж өгсөн гэдэг. БНМАУ-ын “Улсын сайн малчин” болно гэдэг маш их хөдөлмөр, нөр их хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, арга ухаанаар энэ зэрэгт хүрнэ шүү дээ. Унтах нойр, хэвтэх сүүжгүй байж ийм амжилтын эзэн болно. Тэр үед мал маллаж, улсын сайн малчин болно гэдэг зүгээр нэг малаа өсгөхийг хэлэхгүй. Улсад тушаах мах, сүү, ноос ноолуур, хялгас хөөвөр, арьс шир зэрэг малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн төлөвлөгөөг, “Улс ардын аж ахуй-соёлыг хөгжүүлэх V жилийн төлөвлөгөөний удирдамж”-д заасан хэмжээ, нэр төрлөөр бүрэн биелүүлж байж ийм амжилтад хүрнэ. Би ийм их хөдөлмөрч аав, ээжийн үргэлжлэл болсноороо бахархдаг.

-Та ямар сургууль дүүргэж, хаана, ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан тухай дурсамжаасаа хуваалцаач? 

-Улаанбаатар хотын барилгын техникумын зураг-төсвийн анги, Политехникийн дээд сургууль (БИФ)-ийг төгсөж, барилгын зураг-төсвийн техникч, сантехникийн инженерийн мэргэжил эзэмшсэн. Аймгийн Барилга угсралтын контор, Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд барилгын техникч,  Барилга угсралтын трестэд  орлогч дарга, намын үүрийн нарийн бичгийн дарга, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, Барилгын захиалагчийн товчооны инженер, дарга, аймгийн ЗДТГ-т барилгын мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажиллаж байлаа.

-Аливаа юмсын эхлэл болгон амаргүй байдаг. Таныг барилгын мэргэжил эзэмшиж, ажил амьдралын гараагаа эхэлж байх үед тань ямар хүндрэл бэрхшээл тохиолдож байв?

-Бид барилгын салбарын дунд мэргэжилтэн болж, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу барилгын үйлдвэрлэл, зураг төсвийн байгууллагад яамныхаа шийдвэрээр томилогдон ажилладаг байлаа. Тухайн үед манай улсад барилгын ажлыг БНХАУ-ын барилгын ажилтан, мэргэжилтнүүд гүйцэтгэдэг байсан ч тэр үеийн Зөвлөлт-Хятадын улс төрийн  харилцаа хүйтэрснээс шалтгаалж, хятад барилгачид гарч нутаг буцсан. Монголын барилгын салбарт мэргэжлийн инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчид нэн шаардлагатай болсон үе байв. Иймээс тухайн үеийн нам, засгаас шийдвэр гаргаж салбарын дээд, дунд боловсролтой мэргэжилтнүүдийг дотооддоо, мэргэжилтэй ажилчдыг эх орондоо болон ЗХУ-д олноор нь сургаж бэлтгэн үйлдвэрлэлд ажиллуулах болсон. Биднийг техникумд суралцаж байхад барилгын мэргэжлийн онолын болон дадлагын хичээлүүдийг Зөвлөлтийн мэргэжилтнүүд, монгол багш нартай хамтран заадаг. Тухайлбал, “Найрамдал” тоосгон заводад дадлага хийхдээ дөнгөж шатаагаад сайн хөрөөгүй халуун тоосгыг бээлийгүй улаан гараараа бариад модон тавиур дээр 15-20 ширхгээр өрж, 30-50 метрийн зайд нуруундаа үүрээд зөөж гаргадаг байсан. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд төдийлөн ач холбогдол өгч анхаардаггүй,  охид  хөвөнтэй бээлий оёж, өмсөх боловч удалгүй түлэгдэж дахин хэрэглэх боломжгүй болдог байсан юм. Энэ дадлагыг 20 гаруй хоног хийхэд  хоёр ч бакал гутал түлэгдээд байхгүй болж байсан юм даг. Би ийм л замаар барилгачин болох ажлын гараагаа эхлүүлсэн. Биднийг суралцаж байхад хичээлийг маш чанартай зааж, дадлагын кабинет болон барилгын талбайд, мөн  манай улсад ажиллаж байсан Зөвлөлтийн барилгын трестийн салбар нэгжүүдэд ажиллуулдаг тул оюутан сурагчдыг барилгын ажил гүйцэтгэх чадамжтай болгохын зэрэгцээ, орос хэл сургадаг онцлогтой байлаа.

Төгсөлтийн өмнөх дадлагыг Зөвлөлтийн барилгын III трестийн ажилчдын орон сууцны барилгын зам талбайн ажил дээр хийж, хүн бүр трестийн нам захиргаа, ҮЭ-ийн байгууллагын “ПОЧЕТНАЯ ГРАМОТА” хэмээх хүндэт жуух бичгээр шагнуулж, 650 төгрөгийн цалин авч байлаа. Тэр үед л ажил хөдөлмөрийн амт, цалин хөлсний ач холбогдлыг мэдэрсэн шиг санагддаг. Дадлагын ажлаа дуусгаад аав, ээж хоёртоо дээлийн торго, дүү нартаа хоёр цаасан хайрцаг дүүрэн чихэр, боовтой харьснаа одоо ч мартдаггүй.

-Таныг техникумаа төгссөний дараа хаана хуваарилсан бэ?

-ББМҮЯ, Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторт хуваарилж, зочид буудал, 36 айлын орон сууцны барилга хариуцсан даамлаар томилж билээ. Намайг ажлын талбарт наад захын мэдлэгтэй болгосон хүмүүс бол миний мастераар ажиллаж байсан Мидаа гэдэг техникч, тооцооны ня-бо Чулуунбаатар (хожим Тариалан сумын орлогч дарга болсон) нар байлаа. Мидаа гуай бол миний аав шиг хүн, дээр үед ЗХУ-д КУТВ ч билүү РАФАК ч гэдэг бил үү сургууль төгссөн, оросоор маш сайн ярьдаг хүн байсан. Түүний “Зоригтой бай, аливаа ажлыг сайн бодож, өөрийн толгойгоор шийдвэрлэж бай. Эцсийн эцэст хариуцлагыг чи л хүлээнэ” гэж хэлдэг байсан нь миний санаанаас ер гардаггүй юм. Барилгын техникч хүнд хийх ажил барагдана гэж ер үгүй. Зураг төсвөө судлах, ажлаа ерөнхийд нь  зохион байгуулж удирдах, материал хангамж, тээвэр, ажиллах хүч, чанарын асуудал энэ бүхнийг толгойдоо багтааж, уялдаа холбоог зохицуулж холбогдох арга хэмжээ авч график, төлөвлөгөө гарган 7-20 хоногийн цаадахыг харж байхгүй бол аль нэг нь доголдвол, ажил урагшлахгүй. Түүнчлэн бичгийн ажил, тайлан мэдээ, ажлын гүйцэтгэл зэргийг ихэвчлэн өөрөө хөтөлнө. Зарим зальтай бригадын дарга, жолооч нар ахиухан цалин, хөлс авах санаагаар хуурамч баримт бүрдүүлэхээр янз бүрийн арга хэрэглэнэ.

-Тийм үед нь ямар арга  хэмжээ авдаг байсан бэ?

-Сахиулынхаа гэрийг хашааны орох хаалганы дэргэд бариад, гэрийн хаалганд нь шилэн цонх гаргуулж нэг дэвтэр өгсөн. Ирсэн машины рейсийн тоог тэмдэглэх үүрэг өгч тэр өдөрт нь тооцоо хийж, ачаа тээврийн дагалдах хуудсыг баталж өгч байх болсон учраас жолооч нар худлаа тоо бичээд гарын үсэг зуруулж авдаг явдал эцэс болсон юм.

Би барилга захиалагчийн товчоонд ажиллаж байхдаа худаг, усан сан хүлээлцүүлэх ажлаар 1970-аад онд аравдугаар сарын сүүлчээр аймгийн комиссын бүрэлдэхүүнтэй Галт сумын Идэрийн гол гаталж яваад, шөнийн харанхуйд гарам алдаж, машинтайгаа усан дотор хонож, маргааш нь хайнагийн шараар татуулж байж гарч байлаа. Бас 1980-аад онд барилга хүлээлцүүлэх ажлаар Рэнчинлхүмбэ суманд шөнө явж байтал (жолооч замын сумаас бензин авахаа мартаж) гэнэт бензин дуусаж -40 хэмийн хүйтэнд 20 шахам км газрыг явганаар туулж, хацар нүүрээ хөлдөөж амь насаа алдах шахаж байсан, Чандмань-Өндөр сумын Шавартын шугуй гэдэг газар машин шаварт сууж, хоол ундгүй бараг хоёр хонож байсан зэрэг бэрхшээлүүдийг залуу насны эрч хүчээр туулж байсныг алийг тэр гэх билээ.

-Ажил, амьдралын явцад тулгамдаж байсан асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэж байсан талаараа яривал хойч үед маань сургамжтай, бас сонирхолтой байх болов уу?

-Намайг ажиллаж байх үед жилийн дөрвөн улиралд барилгын ажлыг  гүйцэтгэдэг, үүний тулд намар нь өвөл ажил гүйцэтгэх бололцоотой барилга обьектыг сонгож, тухайлбал халаалт оруулж, дотор заслалын ажлыг гүйцэтгэх, хүйтний улиралд ажил гүйцэтгэж болох модон шувуу нуруу, дээвэр гэх мэт ажлын бэлтгэлийг дулааны улиралд хангадаг байлаа. Үүнийгээ “заделийн барилга” гэж нэрлэдэг байв. Намайг “Дэлгэрмөрөн” зочид буудлын барилгыг бариулж байх явцад арматурын төмөр тасалдсанаас шалтгаалж, II давхрын зарим хаалга, цонхны ялууг цутгаж хийх бололцоогүй болж бараг өвөлтэй залгаж, заделийн барилгын ажил зогсонги байдалд ороход хүрлээ. Би даацын тооцоо хийж үзээд, модон балкны огтлолыг сонгон авч, мужаан цехээр бэлтгүүлээд ажлаа үргэлжлүүлж байтал, манай Д.Даваацэрэн ерөнхий инженер (хожим Намын төв хорооны барилгын хэлтсийн эрхлэгч болсон) ирж үзээд, надад яагаад танилцуулалгүй модон балк тавиулж байгаа юм, энэ чинь хугарах юм бол чи бид хоёр толгойгүй шүү, үүнийгээ нотлоорой нөхөр минь  гэж хэлээд явчихлаа. Маргааш нь би даацын тооцоогоо дахин нэг сайн шалгаад, ерөнхий инженертээ аваачиж өгвөл, миний тооцоог нэлээд үзэж байснаа, за явж ажлаа хий! гэж хэлээд гаргаж билээ. Тэр модон балк хугараагүй одоо 53 дахь жилдээ ачаагаа үүрээд зогсож байна.

-Таныг ажиллаж байх үеийн нам-төрийн байгууллагуудын бодлогын онцлог, түүнийг ажил амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж ямар ололт амжилт гаргаж байв?

-Социалист нийгмийн үеийн төлөвлөгөөт эдийн засаг гэдэг бол улс орны бүхий л салбар, үйлдвэр, аж ахуйн газар байгууллагууд ажлаа урьдчилан төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлдэг, нам-төрийн байгууллагууд хэрэгжилтийн явцад байнгын хяналт тавьж төлөвлөгөөг заавал биелүүлдэг онцлогтой байлаа. Улс ардын аж ахуйн бүхий л үйл ажиллагаа төлөвлөгдөн бланслагдсан байдаг байлаа. Би техникум төгсөж ирээд аймгийнхаа Мөрөн хотын 40 ортой зочид буудал, 36 айлын орон сууцыг халаалтын зуухны хамт бариулсан. Түүнээс хойш Баянзүрх сумын хүн эмнэлгийн 15 ортой больниц, 320 хүүхдийн дунд сургууль, 200 ам метр талбайтай барааны агуулах, есөн машины гарааш, Р-65 хөрөө рам бүхий мод боловсруулах үйлдвэр,  ДЭСМ-50  дизелийн цахилгаан станц, сумын ХБА болон Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 250 ам метр талбайтай барааны агуулах, эмчилгээ тэжээлийн цэг зэрэг барилга байгууламжийг хариуцан бариулж, ашиглалтад хүлээлгэн өгч байв. Тэр үед аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргаа миний ажлын ололт, амжилтыг үнэлж, 1973 онд аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга (одоогийн аймгийн Засаг дарга) надад баяр хүргэж аймгийн тэргүүний залуучууд-гавшгайчдын сүлд модны наадамд урилгаар оролцуулж,  баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулж байлаа.

Би аймгийн Төлөвлөгөөний комиссын шийдвэрийн дагуу Баянзүрх суманд томилогдсон. Тус суманд таван жил гаруйн хугацаанд барилгын техникчээр ажиллаад аймгийн төв рүү шилжих бодолтой байгаагаа захиргааны нэгдүгээр орлогч Г.Жамсран даргад хэлэхэд уриалгахан хүлээн авч “Чи манай даалгаврыг амжилттай биелүүлсэн. Төлөвлөгөөний комисст барилгын материал хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилла. Би сум-нэгдлийн даргад утсаар хэлнэ. Чи очоод ажлаа хүлээлгэж өгөөд ир” гэснээр миний төрийн албан хаагч болох зам нээгдсэн юм. Аймгийн захиргаанд ажиллаж төрийн албан хаагч болно гэдэг бол сум-нэгдлийн хэдэн барилгачдыг удирдаад, барилга бариулахаас их өөр,  ихээхэн мэдлэг чадвар шаарддаг,  бичиг баримт боловсруулж, тооцоо судалгаа хийдэг, аймгийн албан байгууллага, үйлдвэр, аж ахуйн газрын дарга, удирдлагууд зэрэг нэлээд өндөр албан тушаалын хүмүүстэй харилцдаг. Ерөнхийдөө урьд өмнө хийж байгаагүй болохоор юм бүхэн шинэ амаргүй байсан. Шинэ ажилдаа дадлагажиж, гэр бүлийн ахуй амьдрал төлөвшиж байтал Г.Жамсран дарга дахин дуудаж “Чамайг мэргэжлийн дагуу барилга захиалагчийн товчоонд шилжүүллээ. Чи дургүйцэхгүй юм байгаа биз дээ. Төлөвлөгөөний комисст МУИС төгсөж ирсэн эдийн засагч залуучууд хуваарилагдан ирсэн” гэхэд нь би дургүйцэхгүйгээ хэлсэн. Барилга захиалагчийн товчоо нь дарга, барилгын ажилд хяналт тавих нэг техникчтэй (тэр нь би), ня-бо, нярав бичээч гэсэн ердөө л дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, аж ахуйн тооцоон дээр бие даан ажилладаг, аймгийн захиргааны бүтцэд ордог цомхон нэгж байлаа.

Ажлын хувьд маш их, аймгийн төв хөдөөд баригдаж буй 10 гаруй барилга байгуудамжийн ажлын явцад байнгын хяналт тавьж, ашиглалтад хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулах, тухайн жилд улсын төсөв, болон банкны зээлийн хөрөнгөөр баригдаж буй 40-50 худаг,  усан сангийн ажлын явцад хяналт тавьж, санхүүжүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг. Үүнээс гадна барилгын гүйцэтгэгч байгууллагуудтай аж ахуйн гэрээ байгуулж дүгнэх, зураг төсвийн байгууллагаас боловсруулсан зураг төсөв, техникийн баримт бичгүүдийг шалгаж хүлээн авах, Улсын төлөвлөгөөний комисс болон яам, тусгай газруудаар хянуулан батлуулах, барилгын гүйцэтгэгч байгууллагуудаас гаргаж ирүүлсэн ажлын гүйцэтгэл, далдлагдах хийц бүтээцүүдийн актуудыг хянаж баталгаажуулах гэх зэрэг ажлуудыг өдөр тутам хийж гүйцэтгэдэг байлаа. Барилга угсралтын ажлын явцад хяналт тавих, ашиглалтад хүлээлцүүлэх ажлыг төв, хөдөөд цаг наргүйгээр явж гүйцэтгэн, гэр орондоо ч өнжиж, хонохгүй байх үе бишгүй олон тохиолдоно шүү дээ.

-Захиалагчийн хяналт сайн байж, барилгын үе шат бүрд хяналт хийж чадвал барилгын чанар сайжирч, гүйцэтгэгч байгууллагын хариуцлага дээшилдэг. Үүнийг та мэдэх нь дамжиггүй?

-Түүгээр ч барахгүй зарим тохиолдолд аймгийн цаг үеийн болон шаардлагатай ажилд дайчлагдаж, тариа ногоо хураах, хадлан бордоо авах, гал түймэр унтраах, хашаа хороо барих, сумдад төлөөлөгчөөр ажиллах зэрэг ажлыг ч хийдэг байлаа. Намайг аймгийн АДХ-ын  гүйцэтгэх захиргааны Барилгын захиалагчийн товчооны инженер, даргаар 1975-1985 онд ажиллаж байх үед, Хөвсгөл аймгийн хэмжээний барилга угсралт, их засварын ажлын төлөвлөгөө 103.7- 115.5 хувиар биелж, ашиглалтад оруулах барилгын төлөвлөгөө жил бүр биелэгдэж, барилга байгууламжийн зураг төсөл, төлөвлөгөөт оны өмнө бэлэн болж батлагдаж байсан юм. Нийгмийн байгуулал солигдох шилжилтийн үе 1989-1991 онд аймгийн Барилга угсралтын трестийн орлогч даргаар ажиллаж, шилжилтийн хүнд үед хөдөлмөрийн хамт олныг ажлын байртай болгоход зохих хувь нэмрийг оруулж, хөрөнгө оруулалт зогссон 1990-ээд онд аймгийнхаа нэлээд барилгачдыг ОХУ-ын Тункен аймагт гэрээгээр ажиллуулан ажлын байраар хангаж байв. Манай аймагт 1980-аад оны сүүлчээр нэлээд хэд хэдэн орон сууц, сургууль, цэцэрлэг шинээр баригдаж, аймгийн төв Мөрөн хот өдөр ирэх бүр өнгө засаж байсан боловч, ус хангамж, ариутгах татгуургын асуудал шийдвэрлэгдээгүй, томоохон барилга бүрийн дэргэд байсан бохир ус хуримлуулах цооногоос НААҮ-ний газрын КО-2 (манайхны ярьж заншсанаар “Барын сүүлт”) автомашинаар байнга зөөж, 10 гаруй км-ын алсад байрлах Элстэйн ар гэдэг газар асгадаг байв. Бохир ус тээврийн арав шахам машинаар өдөр, шөнөгүй зөөх боловч, заримдаа машин тэрэг эвдрэх, бензин шатахуунгүй болох зэрэг шалтгаанаар машинууд нь бүрэн ажилд гарч чадахгүйн улмаас, цооног дүүрч халиад Мөрөнгийн төв гудамж дагуу бохир ус урсаж тэр чигтээ эвгүй үнэрт автаж,  аймгийн намын хороо, захиргаа хуралдах боловч, тодорхой шийдвэр гаргаж чадахгүй, ёстой л “толгойны өвчин” гэгч болж байж билээ. Хожим Политехникийн дээд сургуулийн Сантехникийн ангийг Ус хангамж-ариутгах татуургын мэргэжлээр сонгон суралцахад, тэнхимийн эрхлэгч, багш нар яагаад энэ чиглэлийг сонгох гэж байгааг  сонирхоход, манай аймагт ус хангамж, ариутгах татуургын асуудал шийдвэрлэгдэхгүй олон жил болсон, үүнийг шийдвэрлэхэд шинээр инженерийн мэргэжил эзэмшиж байгаа  хүний хувьд би зохих хувь нэмэр оруулах ёстой гэж хариулж байж билээ. Аймгийн ЗДТГ-т барилгын мэргэжилтнээр ажиллаж байх үедээ  (1995-1997 онд) Мөрөн хотын ус хангамж, ариутгах татуургын төв шугам, цэвэрлэх байгууламжийг барих ажлыг анх санаачлан, аймгийн засаг даргын зөвлөлийн хуралд оруулан, эдийн засаг-нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгуулан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлж, улмаар Азийн хөгжлийн банкны урт хугацаат зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх шийдвэр гаргуулж, дээрх бүтээн байгуулалтын ажлыг биечлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллаж байлаа. Энэ ажлын үр дүнд тус аймгийн төв Мөрөн хотын томоохон барилга бүрийн дэргэд байсан  бохир ус хуримтлуулах цооногоос, олон тооны автомашинаар бохир усыг соруулан их хэмжээний бензин шатахуун зарцуулж, тээвэрлэн ил задгай газар асгаж, байгаль орчноо бохирдуулж байсан явдал байхгүй болсон билээ. Уг цэвэрлэх байгууламжийн тоног, төхөөрөмжийг ОХУ-ын Новосибирск хотын  “Росводканал” ОАО байгууллагатай хэлэлцээр хийж, өөрөө биечлэн очиж гэрээ байгуулан бэлтгэн нийлүүлж байв. Энэ бол миний хувьд эзэмшсэн мэргэжлээрээ төрөлх нутагтаа багагүй хувь нэмэр оруулж, олон жил шийдвэрлэгдэхгүй байсан том асуудлыг шийдвэрлэсэн  гэж бодож явдаг.

-Тантай цуг ажиллаж байсан хамт олон, түүний дотроос хамтран зүтгэж байсан хүмүүсийнхээ тухай ярихгүй юу?

-Намайг хөдөө ажиллаж байх үед, сум-нэгдлийн дарга Н.Жигжгээ (Гавьяат нэгдэлчин), нэгдлийн орлогч дарга О.Лувсан, барилгын бригадын дарга Ж.Дотгонванчиг болон нэгдлийн барилгачин С.Дүүжий, Л.Батжий, С.Гомбо, Г.Халтар,  С.Пүрэв, Х.Пүрэв, Л.Гүррагчаа, Готов, Сандагдорж, Ж.Баатар, будагчин Ж.Батчулуун, цахилгаанчин Ч.Содном (хожим Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон) нартай хамтран ажиллаж, миний ажилд маш их дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг байлаа. Нэгдлийн барилгын техникчээр ажиллаж байхдаа би энэ хүмүүсийнхээ ачаар хариуцан бариулсан барилгаа чанарын өндөр үзүүлэлтэйгээр ашиглалтад хүлээлгэн өгч, амжилттай сайн ажиллан, аймагт төрийн захиргааны албан хаагч болж дэвшин улмаар инженер болсон хүн л дээ. Аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргаанд ажиллаж байхад, аймгийн захиргааны нэгдүгээр орлогч дарга, төлөвлөгөөний комиссын дарга Г.Жамсран, Г.Наваантаяа, Их барилгын  хэлтсийн дарга Г.Жигжид, Д.Бямбажав, мэргэжилтэн Д.Пүрэвдорж, С.Дамдинсүрэн, улсын байцаагч Ц.Монхор нар болон Барилга захиалагчийн товчооны дарга асан У.Хасбаатар, ня-бо Б.Магван, Л.Төрмөнх, техникч Р.Энэбиш (хожим инженер болсон), Лхагваа, Ж.Баярсайхан, нярав-бичээч Ч.Халтар нарын зэрэг олон сайхан хүмүүстэй хамтран ажиллаж байсныг өнөөдрийн  өндөрлөгөөс санан дурсахад таатай байна. Би ийм л сайхан хүмүүсийн ач буянаар мэргэжилдээ өсөж өндийн, манай аймаг тухайн үед барилга хот байгуулалт, барилгын ажлын чанарын хувьд бусад аймаг, хотоос илт давуу хөгжиж байлаа.

-Таны хэлсэнчлэн дунд мэргэжлийн, хэдэн хүн удирдаад барилга л бариулж байсан хүнийг яагаад аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Барилгын захиалагчийн товчооны дарга хэмээх албан тушаалд томилох болов?

-Тэр үед мэргэжлийн боловсон хүчин нэн ховор, ялангуяа барилгын инженер бол аймагт ганц хоёр л байдаг байлаа. Нөгөө талаар би тэр үед МАХН-ын гишүүн байсан. Нам бус хүмүүсийг барагтай л бол ийм хариуцлагатай ажилд томилохгүй шүү дээ.

Улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, зээлийн хөрөнгөөр баригдах барилга байгууламж, их засварын ажлын 40-50 сая. төгрөг (тухайн үеийн үнэ ханшаар)-ийн хөрөнгө оруулалтын санхүүжилт зөвхөн миний гарын үсгээр зарцуулагддаг байлаа шүү дээ. Ийм их хэмжээний хөрөнгө, мөнгийг зохих зүйлд нь шаардлагын дагуу зөв, зохистой зарцуулахад найдвартай (итгэлтэй) хүн хэрэгтэй биз дээ. Мэдлэг чадварыг бол явцын дунд олж авч болно, хамгийн гол нь намын хүн итгэлтэй, бас хариуцлагатай байх ёстой гэдгийг тэр үеийн нам-захиргааны удирдлагууд гол шалгуураа болгодог байж дээ  гэж хожмоо би боддог юм.

Б.Сийлэн 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр