Аав бол уулсын нөмөр, ижий бол бурхдын хайр
Бүрэнхаан Далх уулын өвөр, их Сэлэнгийн Ивэнгийн голын хөндийд Пүрэвийн Жалбуу хэмээх дуу хууранд дуртай, наадам наргианд одтой, эгэл гүдэсхэн, цовоо сэргэлэн эр нутагладаг байжээ. Жороо морь унаад галгиулж явдаг, авхаалж сэргэлэн, ажилч хичээнгүй, шударга шулуун, түвшин нэгэн байв. Тиймээс ч түүнийг нутгийнхан нь багийн даргаар сонгож байв. Зулай зулайгаа гишгэж төрсөн гурван охины дараа нуган үр мэндлэхэд “Удам залгаж, ургийн овог дуудуулах хүүтэй боллоо” хэмээн Жалбуу магнай тэнийн баярлаж, Чойнхор буюу номын хүрд хэмээх төвөд нэр тэр л цагийн жаягаар хайрлажээ. Ийнхүү эл хөрөг найрууллын баатар мэндэлсэн ажээ. Жалбуу гуай хүүгээ тусад орж эхлэхэд нь үнхэлцгийн чинээ даавуун уут оёулан хүзүүнд нь зүүж, үхэр мал хашаа хороо шөргөөхдөө үлдээсэн ноос, хөөврийг түүлгэдэг байв. Бяцхан хүү нь багагүй тэвчээр, хичээл зүтгэл шаардах уг “даалгаврыг” сайн биелүүлж, уутаа дүүргээд ирэхэд аав нь чихрээр шагнана. Ажил хийвэл ам тосодно гэдгийг хүүдээ ийнхүү багаас нь ойлгуулах эцэг хүний холч ухаан байсныг хүү нь алсдаа л ухаарчээ. Түүнд Жалбуу аавынх нь тухай үүнээс илүү тод дурсамж үгүй. Тавхан настайдаа өнчирч үлдсэн болохоор бүүр түүрхэн л санана.
Чойнхор хүүг төрсөн эцгээс нь дутуугүй хайрлан энэрч, өсгөж хүмүүжүүлэн хүний зэрэгт хүргэсэн ачтан бол Жандгаа аав нь байв. Тэрбээр долоохон настай хүүдээ эмээл төхөөрч, номхон морь унуулаад эрхлүүлэн явах зуураа аливаа юмны утга учрыг уйгагүй тайлбарладаг байжээ. Амарбаясгалант хийдээ сэргээн засварлах арга замыг сэдэх, хурал номыг нь эхлүүлэх, зүгшрүүлэх ажилд олон жил зүтгэж, санасандаа хүрсэн тэр буурал бүх л насаараа Бүрэнхаан уулаа, Өндөр гэгээнээ, Амарбаясгалант хийдээ шүтэн дээдэлж явсан хамбатан байв. Чойнхор Элчин сайд бээр Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээх ажлыг эрхэлсэн Улсын комиссын гишүүн байсан, Бурхан багшийн чандрыг Монголдоо саатуулан залах ажлыг Жагарт элчээр одож бүтээсэн, Балбаас мянган бурхан тээвэрлэн авчирсан, Амарбаясгалант хийдийг сэргээн засварлах ажил үйлсэд ихээхэн үүрэгтэй оролцсон зэрэг буян номын үйлд оруулсан хувь нэмэр нь бүгд л Жандгаа аавынх нь үүдэл сэдэл, үлэмжийн нөлөө байжээ.
Номтой буянтай, сүсэгтэй сүжигтэй буурлынхаа дэргэд өсөж торнисон Чойнхор хүү эрийн цээнд хүрч, өрх өсгөж, сум сунган гал голомтоо бадраахдаа хувь заяаны төөрөг тавилангаар Жамьянгаравын Санжмятав хэмээх айлын хүргэн болж, охин Майжаргалтай нь ханилжээ. Орчин үеийн Монголын дипломат албаны ахмад үеийн төлөөлөл, хүндэт дипломатч Санжмятав гуай бол Эзэн Богд Чингис хааны алтан ургийн 27 дахь үе, Өндөр гэгээн Занабазар богдын авга ах Шолой сэцэн ханы үр удам Жамьянгарав тайжийн төрсөн хүү ажээ.
Чойнхор гуай төрүүлсэн ээж Дэлэг, хадам ээж Ишханд нарыгаа бурхан мэт шүтэн дээдэлнэ. Энэ биеийг төрүүлж, эрийн цээнд хүргэж, эрдэм ухаанаа өвлүүлсэн хайртай гурван аавыгаа гал голомтыг нь түшсэн тулгын гурван чулуу, үйлс тавиланг нь нөмөр нөөлгөндөө багтаасан хан их уулс байж дээ гэж бишрэн хүндэтгэн дурсдаг. Тиймээс ч “Гурван аав, хоёр ээж минь өвөг дээдсийн соёрхсон домогт таван нүдэн тамга лугаа адил тавуулаа дээд тэнгэрээс ерөөл буянаа бидэндээ илгээсээр л байгаа даа гэж бат итгэн үр хүүхэд, ач зээ нар нь зулаа бадрааж, дээжээ өргөн суунам” хэмээн нэгэн дурсамждаа бичсэн байдаг.
Эвийг бататгасан Элчин сайд
Сэлэнгэ аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөөд Москва, Ленинградад очиж сурахсан гэсэн мөрөөдөлтэй байв. Гэтэл багш нар нь “МУИС-ийн англи хэлний ангид ганц хуваарь ирсэн. Чи л яв” гэжээ. МУИС-ийн англи хэлний ангид нэг жил сурч, сайн дүнтэй төгслөө. Нэг өдөр Гадаад яамны Баттулга гэдэг залуу ажилтан оюутнуудыг судлан сонголт хийжээ. Ингээд Агваандамдин, Даваагив, Чанцал, Төмөрхүлэг, Чойнхор гэсэн таван оюутан тэр намраа Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцахаар оджээ. Сургуулийнхаа сүүлийн хоёр жилд нь Нью-Йорк хотноо НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газарт дадлага хийж, жижүүр орчуулагчаар ажилласан байна. Тэр үедээ НҮБ-ын Ерөнхий ассамблейн хоёр ч чуулганд оролцож юм юмны зах зухтай болжээ. Дипломатч болох гараа нь ингэж эхэлсэн аж. Сургуулиа төгсөж ирээд Гадаад явдлын яамны НҮБ, олон улсын байгууллагын хэлтэст референтээр томилогдсоны дараа атташе, нарийн бичгийн дарга зэрэг бүх л шатны албыг дамжиж Элчин сайд, тэргүүн дэд сайд болтлоо ажиллажээ. Нэлээд хожуухан Гадаад хэргийн яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд хэмээх чухал алба хашсан, Монголоо төлөөлөн ЮНЕСКО-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, улмаар Монголын ЮНЕСКО-гийн Үндэсний комиссыг олон жил тэргүүлсэн гээд түүний намтар бол Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах, монгол төрийнхөө, монгол өв соёлынхоо элч төлөөлөгч, эгэл зардас байсан он жилүүдийн товчоон аж.
Түүний дипломат алба хашсан 40 жилийн түүх намтарт АНУ-д Элчин сайдаар ажилласан он жилүүд тод дурсамж үлдээжээ. Эрх чөлөөний оронд олон жил ажилласан болохоор түүнийг “АНУ-д томилогдоод мартагдсан Элчин сайд” гэж хүртэл нэрлэж байв. АНУ-д суух гурав дахь Элчин сайдаар томилогдон очиход хоёр улсын хооронд 1987 онд дипломат харилцаа тогтоосны дараа манай улс Вашингтонд Элчин сайдын яамаа нээгээд зургаан жил л болж байв. Ийм шинэхэн Элчин сайдын яамыг төвхнүүлж тохинуулах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөтгөх их ажил, хүнд үүрэг, ачаа түүнд ногджээ. Монгол Улс, АНУ-ын харилцаа тухайн үед бүх салбарт дөнгөж эхэлж байсан болохоор чадвар шаардсан бэрхшээл, сорилт олон л тохиолдоно. Вашингтонд төвтэй Олон улсын валютын сан, Дэлхийн банктай харилцах, хэлэлцээ хийх, зээл тусламжийн гэрээ хэлэлцээр байгуулах ажил чухлаас чухал байв. Улмаар Дэлхийн худалдааны байгууллагад элсэхтэй холбогдсон яриа хэлэлцээ Женев, Вашингтон, Улаанбаатар хотноо олон сараар үргэлжилж 1997 онд амжилттай хэрэгжиж манай улс ДХБ-д гишүүнээр элссэн түүхтэй. Энэ бол зах зээлийн эдийн засгийн бэрхшээл сорилтыг даван туулахад нь эрх чөлөөт ардчилсан Монгол Улсад боломж бололцооны томоохон үүд хаалга нээгдсэн хэрэг байв.
“Чингис хааны өв” урлагийн үзэсгэлэнг тэртээ 1995-1997 онд Сан Франциско, Денвер, Вашингтон хотноо гурван он дамнуулан гаргаж, ховор нандин үзмэрүүдээ Америкийн үзэгчдэд удаа дараа толилуулан тайлбарлаж, нээж үг хэлэхдээ тэрбээр зөвхөн Элчин сайдын хувьд гэхээсээ илүүтэй монгол хүний хувьд омогшил бахархал өөрийн эрхгүй төрж байснаа эргэн дурсах дуртай.
Элчин сайдын хувьд хийх ажил маш их. Түүнийг 1995-2003 онд Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хугацаанд АНУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа, УИХ-ын дарга хоёр удаа, Ерөнхий сайд гурван удаа айлчилжээ. АНУ-аас ч өндөр түвшний зочид Монгол Улсад олноороо айлчилсан байна. Өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалт, яриа хэлэлцээний үр дүнд улс төрийн харилцаа улам бүр батжин хөгжиж, улмаар цэрэг, батлан хамгаалах чиглэлээр гүнзгийрсэн түүхтэй. Мөн манай улс Ирак, Афганистанд болсон олон улсын цэргийн үйл ажиллагаанд оролцсон нь Монгол, Америкийн харилцаа энэ чиглэлээр улам гүнзгийрч, хамтын ажиллагаа өргөжин тэлж, стратегийн түншлэлийн хэмжээнд хүрэх нэгэн зүйл хөшүүрэг болжээ. Элчин сайд Чойнхор гуай нэгэн ярилцлагадаа “ Монгол Америкийн харилцаа бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын тулгын гурван чулууны нэг мөн" гэж онцлон тэмдэглэсэн байна билээ.
Техас, Колорадо, Калифорниа муж улсуудад Өргөмжит Консулын газрууд нээхийг зорьж, тийнхүү зорьсондоо ч хүрчээ. Мөн Канад улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон ажиллажээ.
1990-ээд оны эхээр манай улсын удирдагчид ОХУ-д очиж янз бүрийн шатны хүмүүстэй уулзаж, яриа хэлэлцээ явуулдаг байжээ. Чойнхор гуай Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай, Д.Бямбасүрэн, Шадар сайд Ч.Пүрэвдорж нарыг дагалдан 1990-ээд онд олон удаа явсан гэдэг. Тэдгээр айлчлалын үеэр их өрийн тухай асуудлыг ч байнга ярьж хэлэлцдэг байв. Их өрийн асуудал 2000 оноос хойш л яригдаад шийдэгдсэн мэт ойлголт байдаг бол ташаарал. Тэр байтугай бүр 1970-1980-аад онд Ю.Цэдэнбалын үед ч яригдаж л байсан. 1990-ээд онд эл асуудлаар ажлын түвшинд, тухайлбал орлогч сайдын зиндаанд холбогдох яамдтай илэн далангүй яриа хэлэлцээ, маргаан мэтгэлцээн их л хийдэг байжээ. Тэр бүхний гэрч бөгөөд багагүй үүрэгтэй оролцсон хүн нь Ж.Чойнхор гуай. Ах дүү нөхөдтэй маргалдлаа, ам зөрлөө хэмээн Ерөнхий сайд, Шадар сайд нартаа зэмлүүлэн бангадуулан байж баримт бичигт тусгаж чадсан ганц өгүүлбэр нь “Их өрийн асуудлыг шийдвэрлэн зохицуулахад өр үүссэн тухайн цаг үеийн түүхэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл зохино” гэсэн зарчмын заалт байжээ.
Ямар хүнийг хамгийн сайн дипломат гэх вэ гэсэн асуултад минь тэрбээр “Улсынхаа эрх ашгийг л юуны өмнө эрхэмлэдэг хүнийг хэлэх байх. Албаны үйл ажиллагаандаа хувийн эрх ашгийг оруулж ажиллавал улсад маш хортой болно. Дипломатууд улс орны эрх ашгийг дээдлэн ажиллана гэж тангараг өргөдөг. Дипломат хүн тэгж л ажиллах ёстой” гэсэн хариулт өгсөн юм.
Элчин сайд Ж.Чойнхор “Өргөн мэдлэг, өндөр боловсрол шаарддаг дипломатын урлаг бол геополитикийн халтиргаа ихтэй хөлгөн дээр баттай нүүдэл хийх ёстой чимхлүүр нарийн мэргэжлийн ажил. Монгол дипломатын бодлого, төрийн алтан аргамжийн уламжлал, залгамж чанар хэзээ ямагт үргэлжилсээр байх учиртай” хэмээн тэмдэглэн ярих дуртай юм билээ. Жалбуугийн Чойнхор гуайг “Булган сүүлтэй Элчин сайд” гэцгээдэг ажээ. Түүнийг хэлтэс газрын дарга, Гадаад харилцааны Тэргүүн дэд сайд, Элчин сайдаар ажилласан он жилүүдэд түүний шууд удирдлагад дор хамтран зүтгэсэн олон арван нөхдийн дотроос төрийн сайд хоёр, УИХ-ын гишүүн гурав, Элчин сайд 12, Соёлын гавьяат зүтгэлтэн гурав, генерал нэг тус тус төрөн гарсан гэхээр аргагүй л онож хэлсэн нэр ажээ.
Эрдэмтний үүргээ эрхэмд үздэг нэгэн
Дипломатчийн мэргэжил тийм ч амар ажил биш. Гэхдээ нэр хүндтэй, олон улсын тавцанд улс орноо төлөөлж явдаг бахархалтай, сайхан мэргэжил. Дипломатч хүн ажлын шугамаар гадаадын олон оронд очиж, дэлхийгээр нэг ёсондоо аялж ажилладаг онцлогтой. Энэ бол хувь тавилантай, сонирхолтой ажил. Элчин сайд Ж.Чойнхорын хувьд ажлын онцлогоор дэлхийн 80 гаруй оронд очиж үзэх аз завшаан тохиосон аж. Орчин цагийн Монголын дипломат албаны 100 жилтэй холбогдуулж Монголын гадаад харилцааны түүхийг бичихэд оролцож, “Монголын дипломат бодлогын 100 жилийн түүхэн тойм” номын 1966-1990 оны хоорондох бүлгийг доктор Ж.Чойнхор бичсэн байна. Эрдэмтэн нөхдийн хамт Геополитикийн судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулж Эрдмийн зөвлөлийн анхны даргаар, мөн захирлаар нь ажиллажээ.
Жалбуугийн Чойнхор түүхийн ухааны доктор, олон орны туршлагыг олж судалсан эрдэмтэн, дипломатч хүний хувьд улс орны нийгэм, улстөрийн амьдралд идэвхтэй оролцдог нэгэн. Тэрбээр манай оронд ардчилал, зах зээлийн эрин эхлэх үед МАХН-ыг шинэчлэх өөрчлөх тухай зоримог санал дэвшүүлж Намын Онц их хурлыг хуралдуулахад нөлөөлж чадсан 15 эрдэмтний нэгэн ажээ.
Шекспирийг “хөтөлж” ирсэн гэгээрлийн өртөөний улаач
Орчуулга бол түүний нэг хөтөлгөө морь нь. Хөтөлгөө хөтөлгөөдөө бүр гурван хэлний орчуулгын ажнайг сэлгэн хатируулдаг нэгэн. Орос, англи, франц хэлийг сайн эзэмшсэн. Тиймдээ ч уран зохиолын орчуулгад залуугаасаа шимтжээ. Хүн төрөлхтний хоёрдугаар мянганы суут бичгийн хүн, Английн аугаа их жүжгийн зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн сонет буюу адармаат хэлбэр, хийц, тогтсон таалал, дотоод бүтэц бүхий сонгодог арван дөрвөн мөрт дуулалт шүлгүүдийг эх хэлээс нь монголчлох ажлыг Ж.Чойнхор анх эхэлжээ. Унаган шахуу англи хэлтэй учир Шекспирийн сонетуудын уран тансаг сэтгэмж, өвөрмөц хэмнэл, зохиомж, хөг аялгуу, хорей ямб, тэр ч байтугай сүүл холболтын хатуу тогтносон зарчмыг нь тэрбээр монгол хэлнээ яруу тансаг сайхан хөрвүүлсэн билээ. Монгол Улсад 2006 онд анх удаа болсон Дэлхийн яруу найрагчдын ээлжит их хурлын өмнө Ж.Чойнхор гуай Шекспирийн сонетын түүврийг орчуулан хэвлүүлсэн юм.
“Монгол түмэн маань Шекспир хэмээх үгийн увдистны сод бүтээлтэй эх хэлээрээ улам гүнзгий танилцана гэдэг бол монголчууд бидний оюуны мэлмий улам бүр нээгдэнэ гэсэн үг ээ. Утга зохиолын орчуулагч буюу дуун хөрвүүлэгчийг нэгэн үед Гэгээрлийн өртөөний улаач гэж нэрлэж байсан юм. Тиймээс аугаа их Шекспирийн зохиолыг орчуулна гэдэг бол ард түмнийхээ гэгээрлийн өртөөнд ямар ч ацаг хөлсгүйгээр улаа нэхэх зориг гаргасан уран бүтээлчийн чин сэтгэлийн гэгээн өргөл юм” гэж Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав түүний номын оршилд бичсэн байдаг. Ж.Чойнхор 1990-ээд оны эхээр Шекспирийн “Макбет” жүжгийг театр судлаач доктор С.Майжаргалын хамт англи хэлнээс анх удаа орчуулсан нь УДЭТ-т тавигдсан. Монголын урлагийн амьдралд болсон тэр содон үйл явдал Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Акимын онож хэлснээр “Харанхуйн дундах гэрэл” байв. Ийнхүү тэрбээр аугаа их Шекспирийг сонет шүлэгтэй нь, сонгодог жүжигтэй нь Монголд “хөтөлж” авчирсан гавьяатай нэгэн.
Эрдэнэт хүмүүний амьдралын намтар товчооныг нэгэн бичвэрт багтаах аргагүй ч эгэл дипломатчаас Элчин сайдын зэрэгт хүрч, Монгол төрийн алтан аргамжийг бэхлэлцсэн Жалбуугийн Чойнхор хэмээх эрхмийн тухай чадан ядан өгүүлсэн минь энэ. Сэлэнгэ сайхан нутгийн Бүрэнхааны эрхэм хүү Бүрэн эрхт Элчин сайд болтлоо үнэхээрийн бахархалтай, үлгэр дуурайлтай амьдралын замналыг туулж, эдүгээ ч эх хэл, өв соёлоо хилийн чанадад түгээн дэлгэрүүлсээр, алтан бийрийг атгаж айзам хөгт шүлэг найргаа бичсээр, ховор нандин дурсамжаа хослуулан тэрлэсээр яваа ажгуу.
Ганболдын Сонинбаяр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна