“Шинэ Хархорум” хотын концепц боловсруулах сонгон шалгаруулалтад 54 улс оролцох хүсэлтээ илэрхийлжээ


“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хорооны зургадугаар хурал боллоо. Энэ удаагийн хуралдаанаар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын ажлын явц, хотын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ, хотын зам тээврийн төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд болон тулгамдсан асуудлуудын холбогдох албаныхан мэдээлэл солилцон хэлэлцлээ. “Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн байршилд инженер геологийн нарийвчилсан судалгааг 2024 оны хоёрдугаар сараас эхлүүлсэн. Нийт 1017 цооног өрөмдөж, хөрсний шинжилгээ хийх ажил өрнөж байгаа бөгөөд эцсийн тайланг ирэх зургадугаар сард хүлээн авна. Төлөвлөлтийн байршилд М1:2000 масштабтай байр зүйн зураг боловсруулах боловсруулах ажлыг Өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн бөгөөд эцсийн тайланг долдугаар сард эцэслэн хүлээн авахаар захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. “Шинэ Хархорум” хотын хүн амын унд ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгаа хийх тендерийг зарласан. Мөн хоёрдугаар ээлжийн байр зүйн зураглал боловсруулах ажлын тендерийг мөн зарлаад байгаа юм. Түүнчлэн “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд өнөөдрийн байдлаар 54 улсын 428 багаас оролцох хүсэлтээ ирүүлээд байгаа ажээ. XIII зуунд дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв болж байсан Хархорум хотыг сэргээн байгуулах, хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хотын дүр төрхийг тодорхойлсон бүтээлүүдийг ирэх долдугаар сарын 16-ны өдөр хүртэл эцэслэн хүлээн авах юм байна. Улмаар хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийг ирэх долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 1-ний хооронд олон нийтэд нээлттэй байдлаар танилцуулж санал авахаар болжээ. “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулан олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын эцсийн дүнг ирэх наймдугаар сарын 2-ны өдөр тодруулж олон нийтэд танилцуулах ажээ. 


“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хорооны зургадугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Энэ удаагийн хуралдаанаар бид “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалттай холбоотойгоор салбар бүрд хийж буй ажлын талаарх мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс авлаа. Тухайлбал, инженер геологийн судалгааны ажил ид өрнөж байна. Мөн эрчим хүчний шугам сүлжээ, дулаан хангамжаа хэрхэн шийдэх тухайд танилцуулга мэдээллийг авлаа. Түүнчлэн ЗТХЯ-наас шинэ нисэх буудлын ТЭЗҮ-ийг боловсруулахаас гадна хурдны зам, төмөр замын ажлыг хариуцан ажиллаж байгаа. Одоогоор хэчнээн хувьтай байна, ямар асуудал тулгарч байна гэх зэргээр олон талын мэдээллийг солилцож байна. Ингэснээр цаашид бид аль салбарт, ямар ажил хийх вэ гэдгээ ярилцаж, төлөвлөгөөгөө нарийвчилна. Өнөөдрийн байдлаар “Шинэ Хархорум” хотын хөгжлийн концепцыг боловсруулах тендер зарлагдсан байгаа. Олон улсын байгууллагуудаас энэ тендерийн ажилд оролцох саналаа илэрхийлээд байна. Мэргэжлийн концепц боловсруулах үйл ажиллагаа ирэх долдугаар сарыг дуустал үргэлжилнэ. “Шинэ Хархорум”-ыг дэлхийн жишиг хот болгох зорилготой байгаа учраас ингэж олон улсын тендер зарлаж байгаа юм. Энэ бол маш олон талын оролцоотой том ажил учраас хөрөнгө санхүүгээс авахуулаад дэд бүтцийн асуудал тулгамдаж байгаа тал бий. Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний хүрэлцээ хангамжийн асуудал тулгамдсан энэ цаг үед “Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн ажлын хувьд ч мөн шийдэх ёстой, шаардлагатай шийдлийн нэг болоод байна. Мөн газар доогуурх усны эх үүсвэрийн судалгааг давхар хийх учиртай. Энэ тухайд тендер нь зарлагдсан байна. Материалаа, саналаа ирүүлсэн газрууд бидний зүгээс тавьж буй шаардлагыг төдийлөн хангахгүй байгаа учраас тендерийг дахин зарлах нөхцөл үүсээд байна. Энэ жилдээ багтаад төв талбай байгуулах ажлыг хийхээр холбогдох зураг төслөө хийгээд эхэлсэн. Түүнчлэн “Шинэ Хархорум” хотын Ерөнхийлөгчийн ордны зураг төсвийн ажлыг мөн хийнэ. Нисэх онгоцны буудлын ТЭЗҮ хийх ажлыг ч мөн энэ жилдээ багтаах ёстой. Энэ мэтчилэн төлөвлөгөөнд тусгасан ажлаа графикийн дагуу хийж байна. Нийт төсвийн тухайд 60-аад тэрбум төгрөгийн хүрээнд ТЭЗҮ, зураг төсөв, судалгааны ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс улсын төсөвт 30-аад тэрбумыг нь тусгуулж шийдсэн. Энэ хүрээнд шаардлагатай ажлуудаа эрэмбэлэн хийгээд явж байна” гэлээ.

 М.Өнөржаргал 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 7 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 8 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 9 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 11 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 11 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 12 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 15 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 15 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 15 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 16 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 16 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 16 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 16 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18