Хөл хөсөр, гар газар амьдран суухын хүсэл



Бидний амьдран суугаа ертөнц болоод эрх чөлөөт нийгэм хүн нэг бүрийн хүсэл зорилгыг үл харгалзан нийтээр дагаж мөрдөх нийтлэг эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг дүрэмтэй. Түүнийг нь хууль, дүрэм, төлөвлөгөө, стандартаар зохицуулна. Хүн болж хүзүү толгой холбож яваа бол энэ зохицуулалтын дор толгой бөхийж, тойг нугалахаас өөр аргагүй. 

Манай хотын анхны төлөвлөлт гэвэл 1911 онд тухайн үеийн сэхээтнүүдийн зурсан Нийслэл хүрээний зураг юм билээ. Харин 1921 онд Ардын хувьсгал ялахад Их хүрээ 80 орчим мянган хүнтэй байжээ. Ингээд 80 мянган хүнтэй хотын анхны ерөнхий төлөвлөгөөг алсыг харж боловсруулахдаа 260 мянган хүнээр төлөвлөсөн байдаг. Монгол Улсын анхны архитектор Б.Чимид 1948 онд ЗХУ-д сургууль төгсөж ирээд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, суурийг судалж үзэхэд 1911 оны Нийслэл хүрээний тэрхүү төлөвлөлтийг тухайн үеийн дэлхийн орнуудын хот байгуулалтын түүхэнд байхгүй, гайхамшигтай бүтэцтэй хийсэн байж. Хүрээлэн байгаа орчин байгальтай зохицсон төлөвлөлтийг гэрийн зохион байгуулалтын хэв загварыг алдагдуулалгүйгээр, сүм хийдийг тойруулан хийсэн нь өвөрмөц болсныг Зөвлөлтийн мэргэжилтнүүд онцолж байсан гэдэг. 
Нийгмийн шилжилтээс хойш нийслэл хотын  хүн амын тоо 1.5 саяыг давж мегаполисуудтай хөл нийлүүлэн давхиж яваа ч өнгө төрхийн хувьд айлын шоовдор хүүхэд шиг халтайсан юм дэлхийн хөгжлийн баруун хаяанд хөлөө жийгээд суучихаж. Ямар сайндаа л хотын дарга маань бүх нийтээрээ хотоо угаахыг уриалж байх вэ. Товчхондоо байшин хорооллуудын дунд бензин түгээгүүр байрлаж, үйлдвэрийн бүсэд орон сууц барьсан эзэнгүй хот. Төлөвлөлт, стандартгүй 30 жил явж ирсний хар гай л даа. Энэ миний өгүүлэх гээд байгаа санааны нэг л хэсэг. 
Нэгэн бодол: Албан газар, байгууллагуудын хаяг, шошго стандарттай өнгө будаг зохицсон байхаас гадна байгууллагын үйл ажиллагааг илтгэсэн утга санааг агуулсан, энгийн монгол хүнд ойлгогдохоор нэршилтэй байдаг бол сайн сан гэж хотын гудамжаар алхах тоолондоо гашуудан боддог. Даяаршил гэх нэрийн дор орж ирсэн харийн соёлд ингэтлээ түргэн автчих гэж. Газар нутгийн тухайд дэлхийн хүчирхэг гүрнүүд ч атаархам том, нэг үндэстнээс бүрддэг улс юм сан. Гэтэл зүсэн бүрийн хэл, үсэг бичгээр бичсэн эрээн мяраан хаяг хотын аль ч дүүрэгт толгой эргүүлэн эрээлжилнэ. Монгол хэлээ кирилл үсгээр сурч амлан хүн болж, хүзүү толгой холбосон юм сан. Кирилл бичигт олзлуулсан монгол хэлээрээ уншиж, бичиж өдий хүрсэн болохоор албан газруудын үүднээс кирилл үсэгтэй монгол нэр хайдаг зуршлаасаа салж чадахгүй нь би. Миний хайдаг тийм хаяг харамсалтай нь Улаанбаатар хотод ховор. Уг нь Монгол Улс хуультай, дүрэмтэй хаяг, самбарын стандарттай улс. Хаягийн бичвэрт тавигдах шаардлагын 6.1-д “Аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн бичвэрт монгол хэлний зөв бичих дүрэм, монгол бичгийн зөв бичих дүрмийг баримтлан бичнэ” гэж заасан байдаг. Аж ахуйн нэгж гэдэгт гудамжны үзүүрт байх найман нэрийн дэлгүүр ч багтах болов уу гэж мунхаглана. 


Нэгэн цагт Улаанбаатар хотыг “Азийн цагаан дагина” гэдэг байлаа. Хятад хоргой шиг эрээн мяраангүй,  энгийн тайван өнгийг дүр төрхөө болгосон, байшин барилга, зам талбай, суваг шуудуу, хашаа далангууд нь цогц төлөвлөсөн цэмцгэр хот учраас тэр. Нэг загвараар баригдсан хорооллуудтай гэх боловч автомашины зогсоол, нийтийн бие засах газар, явган хүний зам, тоглоомын талбай, цэцэрлэгт гудамжууд гээд бүгд эмх цэгцтэй. Албан газрын хаяг журам, стандартын дагуу  байв. Тэр үед тэнгэризм, буддизм, уулнизм, жалганизм гэж байсангүй. Хууль, журмын дагуу баталсан стандартаар гудамж, зам талбай, түүх соёлын дурсгалт газар, үл хөдлөх хөрөнгийн хаягийн тэмдэг, хаягийн зурган самбар болон төрийн байгууллагуудын хаягийг нэг л загвараар үйлдвэрлэж, байрлуулдаг байв. Энэ стандартыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд дагаж мөрдөнө. Улс төр, эдийн засгийн хувьд хойд хөршөөс хараат байж ирсэн ч орос хэлээр бичсэн албан газар, аж ахуйн нэгжийг харж явсангүй. 
Удаах бодол: Хотжих үйл явц улс орнуудад харилцан адилгүй л байж таарна. Соёл хийгээд амьдрах ахуй хэлбэрээсээ шалтгаалах нь мэдээж. Дэлхийн хөгжиж буй орнуудад 1990-ээд оноос хотжих үйл явц эрчимтэй өрнөж байна. Дэлхийн нийт хүн амын 53 хувь хот суурин газар оршин суух болсон статистик мэдээг би харж сууна. Энэхүү хүн амын өсөлт, хэт төвлөрлийг дагаад хүрээлэн буй орчны доройтол, хотын дэд бүтцийн даац хэтрэх, ажилгүйдэл, ядуурал ихсэх зэрэг нийгэм эдийн засгийн сөрөг үзэгдлийг бий болгоод байгаа юм. Эдгээр сөрөг үзэгдэл их танил санагдаад байгаа нь манай улс ч мөн ийм хүндрэлүүдтэй тулгараад байгааг илтгэнэ. Манай улсын хувьд нийслэл хот 300 гаруй жилийн настай ч хотжих үйл явц 1950-аад оноос л эхэлсэн гэж хэлж болно. Энэ утгаараа бид хотын соёл, хөгжлийн стандартын талаарх ойлголт харьцангуй нимгэн байж магадгүй юм. Хэдийгээр Монгол Улс нэг хүнд ногдох зай талбайн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх боловч нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцэх 407 мянган квадрат километр талбайд хүн амынх нь тэн хагас нь амьдардаг хачин хэв маягтай. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг ч хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр гэр хорооллын тэлэлт утга, замбараагаа алдаж хот буруу голдиролоор будаа тээсээр яваад хүрсэн үр дүн нь ийм. Уг нь хотын хөгжлийг даган тэлэлт бий болохоос хамгаалж, хөгжлийг хязгаарлах бүс буюу “Green belt”-ийг 1971 онд нэвтрүүлж байсан юм билээ. Хамгаалалттай газар суурьшлын бүс бий болж түүнээс үүдэлтэй байгаль экологийн нөхөж баршгүй гарз учрахаас хамгаалах, зорилготой байсан болов уу. 
Хот буруу голдирлоор хөгжиж, тэлэлт утга замбараагаа алдсан нь наад захын хэрэг болж таарав. Эдийн засгийн эрх чөлөөгөө олж авсан нийгмээс хөрөнгөтнүүд олноор төрөн гарлаа. Хөрөнгөтнүүд хотын “А” зэрэглэлийн бүсийг өмчилж авах нууц хуйвалдаанд оролцож хөрөнгө, мөнгөний илүүрхлээр хүссэн газраа худалдан авч өндөр, өндөр шилэн барилгууд сүндэрлүүлж эхэлснээр хотын наад захын стандартууд алдагдаж хүний таатай амьдрах нөхцөл боломж тэдгээр өндөр шилэн барилгуудын сүүдэрт орж хаягдав. Хөрөнгөтнүүдийн илэрхийлэмж нь өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй гэдэг олимпын уриа шиг. Энэ илэрхийллийнх нь үр дүнд явган хүний замгүй гудамжууд, автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжгүй үхмэл хорооллууд бий болов. Эдийн засаг, оюун санааны эрх чөлөөг дураар дургих, дүрэм журамгүй амьдралтай хутгаад ойлгочихсон хүмүүс нийгмийн дийлэнх хэсгийг бүрдүүлэхээр бусдын эрхийг үл тоосон хандлага газар авч буйгаар харагдана. Хотод байх ёстой хамгийн наад захын стандартууд зөрчигдсөөр ирсэн нь ардчилсан хувьсгалаас хойш 30 жил энэ хот авлигын торонд хэрэгдсэний шинж. Авлигатай хот дураар дургигчдын амьдрах таатай хөрс болох нь мэдээж. 
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа эдгээр асуудалд анхаарал хандуулж шат дараалсан арга хэмжээ авч эхлээд байна. Засгийн газрын барьж буй бодлоготой уялдуулан Улаанбаатар хотын захирагчийн алба барилгын чанар стандарт, хаягжилт, өнгө төрх, далан суваг шуудуу, үерийн даланг стандартын түвшинд хүргэх, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газруудыг хотын иргэдэд буцаан өгөх, хотын иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр шуурхай ажиллаж эхэллээ. Захирагчийн ажлын албанаас таван хэсэг гарч хотын захын дүүргүүдээс эхлэн ажиллаж эхлээд байгаа юм.  
Ардчилсан нийгмийн амин сүнс болсон иргэдийн нийтлэг эрх ашиг болох тав тух, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх нь төрийн бодлогоос үл тасрах ёстой болов уу. Тийм ч учраас УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийгэм эдийн засгийн гарц шийдэл” эрдэм шинжилгээний бага хуралд хэлсэн үгэндээ “Ардчилсан ёсны амин сүнс болсон иргэдийнхээ нийтлэг хүсэл эрмэлзлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тооцоолж, нэгтгэн дүгнэж, төрийн бодлого болгон амьдралд хэрэгжүүлэх нь Шинэ сэргэлт, хөгжлийн зорилгын чухал шаардлага, ард түмний засаглах эрхийг хангах эрмэлзлийн тулах хүч мөн” гэсэн байдаг. Ард түмэн засаглахын цаад мөн чанар нь аюулгүй амар тайван, эрүүл цэвэр цэмцгэр орчинд, эрх чөлөөт иргэний хувиар хөл хөсөр, гар газар амьдран суухын хүсэл хэмээн би сэтгэнэ. Ийм нийгмийг бүтээхэд иргэн бүрийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ. Иргэн бүр хотын өнгө тохижилтод гар бие оролцон, эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлье  гэдгээ ухамсарладаг байх ёстой. Нийгмийн сайн сайхан, аз жаргалыг бүтээхийн тулд хэн нэгнээс сайн сайхныг нэхээд суух биш нийгмийн нэг эс, эд болсон бид өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй. Өмнөх нийгмийн үед бидний эцэг эх ийм л итгэл үнэмшлийн төлөө явж ирсэн. Социализм түүнээсээ болоод нураад, сүйрээд алга болсон гэж би бодохгүй байна. 
Үг нь үйлдлээсээ зөрдөг үй түмэн чихцэлдэн орших мөртлөө хашаа давбал танайх, хамар доорхоо минийх гэсэн аминч арчаагүй үзэл Улаанбаатар хотын “Азийн цагаан дагина” гэдэг нэрийг ямар нэг хэмжээгээр гутааж байгааг бүгд л мэднэ. Аминч үзэл авлигыг дэмждэг. Социологич А.Хишигтөгсийн бичсэнээр “Авлигатай хотод хөдөлгөөний эрх чөлөө алдагддаг. Бүгчим замын хөдөлгөөн. Нийгмийн эрүүл уур амьсгалыг дэмжих ногоон байгууламж хэн нэг баяны мэдэлд орж, явган хүний зам танагдаж аль нэг эрх мэдэлтний эзэмшилд орно. Явган хүний зам нарийсан хүүхдээ тэргэнд түрэх эсвэл тэргэнцэртэй иргэн гадуур гарахад хүндрэл учирна. Олигархуудын байшин хотын төвийг эзлэн төвлөрөл үүсгэнэ” гэжээ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас таван хэсэг гарч хотын захын дүүргүүдэд ажиллахад нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн дураар эзэмшин хашаа, хаалт тавьсан зөрчил их байв. Ажлын хэсгүүд иргэдийн эрх ашгийн талд шийдвэр гаргахаар асуудлыг газар дээр нь шуурхай шийдэж байгаа юм. Зам тулган  барилга байшин, барилгын өргөтгөл, хороолол, албан газрын хаалт, хашаа энэ хотоор явган зорчигч явах нөхцөлгүй болгодог. Үүссэн хүндрэл бэрхшээлээр илүү тод илрэн гарч буй олон асуудлыг ямар учир шалтгаантай байгааг эхэлж тогтоосноор шийдвэрлэх эрэмбэ дараалал тодорхой болно. Иргэн бүрд улс орныхоо сэргэн мандлын зүг чигийг тодорхойлох хариуцлага ногдож буйг ухамсарлах нь чухал. Нээрээ ухамсар гэдэг үгийг орчин үеийнхэнд сайн тайлбарламаар санагдана. 

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр