Н.Нямбаяр: Инновац шингээсэн уламжлалт хүнсээ дотоод, гадаадын зах зээлд таниулна



“Фүүл дархлаатай Күүл амьдарцгаая” уриатай  “Анд минерал фүүдс” компанийн захирал Н.Нямбаяртай ярилцлаа. Тус компанийн үйлдвэрлэдэг таван цулын дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд хэдийнэ танигджээ. Цувдай  бол байгальд ургасан эмийн ургамлыг боловсруулдаг, шим тэжээлийн лаборатори. Тиймээс брэндээ “Фүүд лаб”  гэж нэрлэсэн байна. 

-Таван цулыг бизнесийн эргэлтэд оруулах санаагаа хэзээнээс хэрэгжүүлж эхлэв. Энэ талаар ярилцлагаа эхлүүлэх үү?
-Би дүрслэх урлаг, угсаатны зүй судлаач мэргэжилтэй. Сонирхсон нэг зүйлээ лавшруулж уншиж судалдаг зангаараа энэ бизнест хөл тавьсан. Хүүхдийн эрдэс тэжээлийн дутагдлаас үүдэлтэй шүдний цоорол, дархлааны сулрал, ясны сийрэгжилт, эрдсийн дутагдал гээд олон өвчний шалтгаан нь хоол хүнстэй холбоотой байдаг. Мэдээж нийслэлийн агаар, орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийгмийн хүчин зүйлс тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ орчин цагийн монголчууд бид  ахуйгаасаа алсрах нь байг гэхэд олон мянган жилийн турш үе уламжилсан хоолны соёлоо мартаж байна.  Яагаад хөх өвгөд минь  яс сайтай, өвчин хуучгүй байв. Тэд шимт малынхаа махыг улиралдаа тохируулаад зөв зохистой хэрэглэж эрч хүч, эрдсээ нөхөж ирсэн. 

Гэтэл одоо гарал үүсэл тодорхойгүй хүнс,  бэлэн гоймонгоор хооллож, хүүхдүүддээ хүртэл идүүлэх болжээ. Хамгийн энхрий, хайртай хүүхдүүддээ хор өгч байгаагаас өөрцгүй. Амин тэжээл болж шингэдэггүй хүнс идэхээр  эрүүл амьдарч чадах уу. Бид бие физиологийн хувьд эрс тэс цаг агаарт тохирсон үндэстэн. Хоол хүнсний хэрэглээ нь ч шалгарсан сонголттой. Таван цул, цагаан идээ бол монголчуудын амин дэм. Хэдий бид мах хэрэглээд байгаа ч эрдсийн дутагдалд ороод байна. Дотор гэдэс бол байгальд ургасан эмийн ургамлыг боловсруулдаг, шим тэжээлийн лаборатори. Ийм шимтэй зүйлээр яавал амттай хоол хийх вэ гэж гэртээ арваад жил туршилт хийсэн. Ер нь таван цулд юу агуулагддаг, ашигтай фермент нь яагаад хүнд хэрэгтэй болох, ямар өвс, ургамал иддэг зэргийг судаллаа. Санаагаа хоёр найзтайгаа хамтран хэрэгжүүлж байна. Тэд хоол хийх хоббитой, надтай ижил бодолтой явсан учраас миний санааг дэмжиж, сэтгэл нийлсэн хэрэг.

-Зах зээлийн өрсөлдөөний талбарт танайх шиг гарааны бизнес тэсэж үлдэх хэцүү. Ялангуяа гаднын хүнсний бүтээгдэхүүнтэй өрсөлдөх амаргүй байна уу?

-Нийгмийн өөрчлөлтийн дунд монголчуудаас гээгдэж буй хамгийн харамсалтай зүйл бол уламжлалт хоол. Хүнсний аюулгүй байдал гэж бүгд л ярьдаг хэрнээ үйлдэл болгохгүй байна. Таван цулын хэрэглээ бидний үеэр дуусаж байсан гэж хатуу хэлэхэд буруудахгүй.  Манай ард түмэн гаднын соёлд автамтгай, гадаадуудыг даган дуурайх дуртай. Нийтээрээ биш, үндэсний соёлоо дээдэлдэг хүмүүс бий. Массын хандлагыг дагаад  импортын компаниуд зах зээлийн талбарт гадаадын хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхээр өрсөлддөг болж. Дэлгүүрийн лангуун дээрх импортын бүтээгдэхүүнүүдийн орц найрлагыг уншихад сахарын агууламж өндөр хүүхдэд тохиромжгүй хүнс их байна. Энэ бүхэн монгол хүний удамшил, генд сөргөөр нөлөөлнө.  Хоол, шим тэжээлийн боловсрол дутуугаас нийгэмд судалгаагаар нотлогдоогүй ташаа мэдээлэл түгдэг. Бид эрүүл мэндийн дархлаагаа хаячихсан, соёл, хэл, үндэсний дархлаагаа гээсээр л байна. Уг нь сонголт байгаа ч хэрэгтэйг нь авдаггүй.

-Таван цул шимтэй гэж ярьдаг  ч яг ямар эрдэстэйг нь тэр бүр мэддэггүй. Та энэ талаар судалсан мэдээллээсээ хуваалцана уу?

-Цувдай төмөр, кали, натри, кальци, зэс, цайр болон A, D, E, K амин дэмүүдийг маш ихээр агуулдаг. Дэлгэрүүлбэл,  уураг 15-18, төмөр 70-80 хувь агуулдаг. Долоо хоногт нэг удаа дотор гэдэс идвэл төмөр дутагдлын цус багадалтаас шалтгаалсан өвчнөөр өвдөхгүй. Дэлүү, уушги, сархинаг, элэг хамгийн их амин дэм агуулдаг. Махны 20 хувь нь уураг байдаг бол уушгины 18 хувь нь уураг байна. Малын гүзээ гэхэд коллаген буюу холбоос эдийн агууламж өндөр, хөгшрөлтийг удаашруулдаг хүнс. Цул дотор эрхтэнд химийн найрлагын шинжилгээ хийхэд, элэг, бөөр, зүрхэнд агуулагдаж буй уургийн хэмжээ махныхтай адилхан төгс байгаа. Тэгэхээр заавал хонины булчин махаар шөл хийж уух биш элэг, бөөр, зүрх идэхэд л өдрийнхөө уургийг төгс хангаж чадна.

-Суурин амьдралтай хүмүүс таван цул ховорхон иддэг байсан. Нэг үеэ бодвол одоо таван цулыг түлхүү хэрэглэхийг хичээдэг болжээ. Гэхдээ ажил, амьдралын хэмнэлдээ хөтлөгдөөд хялбархан болгож идэх бүтээгдэхүүнд татагддаг. Танайх хэрэглэгчдийн хүсэлд тохируулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үү?

-Таван цулаар бизнес хийдэг компани хувь хүн олширч буй нь сайн хэрэг. Гэхдээ нэг уламжлалт ойлголтыг халах хэрэгтэй байна. Бууз, хуушуур хийдэг нийтлэг хандлагатай. Монголчуудын хоолны нэр төрөл олон. Манайх таван цулаар 100 гаруй төрлийн шөл хийхээр технологио боловсруулсан. Амт, чанарын тест хийж байна.  Үйлдвэрлэлээ эхлүүлээд удаагүй учир дөрвөн нэр төрлийн хөлдөөсөн шөл худалдаанд гаргасан. Одоогоор хонины гүзээ, далайн байцаатай “Хөөрхөн”, халуун ногоотой “Эрдэс”, хүүхдийн дархлаа дэмжих “Төгөлдөр”, адууны мах аарцтай “Поуэр” шөлийг зах зээлд нийлүүлж байна.  Манай бүтээгдэхүүнүүд хөхүүл ээжүүд, хоолны дэглэм барьж буй хүмүүс, ууланд алхдаг болон аялагчид, уртын тээвэрт явж буй жолооч нарт тохиромжтой. Болгож хэрэглэхэд хялбар, цаг хэмнэнэ. Цаашид шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмнэ.

-Танай брэндийн нэр содон санагдлаа. “Фүүд лаб” гэх утгыг  тайлбарлавал?

-Бэлчээрийн малын мах, дотор гэдсийг  төгс хүнс гэдэг. Монголд  олдоцтой, эдийн засгийн хувьд үнэ хямд. Гадаадад  бол тансаг зэрэглэлийн үнэтэй хоол. Таван хошуу мал шаардлагатай ургамлуудыг сорчилж идээшилдэг.  Хонь 400, адуу 250 төрлийн эмийн ургамлыг сорчилдог. Мал хүртэл хатуу ширүүн улирлуудыг давахын тулд идэш тэжээлээ зохицуулдаг байх нь. Дотор гэдэс гэж яриад байгаа тэр зүйл нь бүхэл бүтэн хүнсний лаборатори аж. Тийм учраас брэндээ “Фүүд лаб” гэж нэрлэв. Энэ лабораторид боловсорсон эдийг хүний эд эрхтнүүд дахин задалдаг.

-Брэндийнхээ давуу талаас дурдвал?

-Манай бүтээгдэхүүнүүдэд хугацаа уртасгагч нөөшлөгч бодис ороогүй.   Шимт чанарыг нь алдагдуулалгүй угааж цэвэрлэх, боловсруулах, амтлах, хөлдөөх үйл явцдаа химийн орц найрлага хэрэглэдэггүй. Хүний биед сөрөг нөлөө, харшлах зүйл заалтгүй, малын гаралтай уургаар баялаг бүтээгдэхүүн. Бид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүндээ гурван төрлийн үнэ цэн тогтоосон.  Нэгдүгээрт, хоол хүнсээрээ дамжуулан эрүүл мэндийн  чанараа сайжруулах. Хоёрдугаарт, мартагдаж буй уламжлалт хүнсээ инновац шингээн дотоодын болон гадаадын зах зээлд таниулах. Гуравдугаарт, импортын хүнс, шулуухан хэлэхэд бэлэн гоймонтой өрсөлдөх.

-Таван цулаар хийх 100 гаруй шөлний технологи боловсруулж байна гэлээ. Тэгэхээр монголчуудын хоолны нэр төрөл олон байж ээ?

-Зөвхөн таван цулын шөл гэхэд л 100 гаруй нэр төрөл байна. Хоёрдугаар хоол, зууш гэвэл мөн тооны болно.  Элгээр хиам, зайдас, бургерийн гол мах хийх боломжтой. Сэтгэлдээ багтааж чадвал хийж чадна. Цувдай идэж, монгол гэрт амьдарвал ядуу хүн гэж хардаг ташаа ойлголттой хүмүүс байна. Уг нь монгол хүн энергийн суварган дотор амьдардаг.  Бидний эдлэл хэрэглэл, идээ, ундаа дэлхийд цор ганц.  Энэ уламжлалт соёл сэтгэлтэй минь уусан шингэсэн. Миний монгол хүн болж төрсөндөө талархсан хариу бэлэг.

-Инновац шингээсэн бүтээгдэхүүнээр дотоодын төдийгүй гадаадын зах зээлд гарах зорилготой юм байна. Монгол хоолыг дэлхийд трэнд болгох боломжтой юу?

-Бид хоол боловсруулж идэхээсээ гадна хадгалах онцлог арга техниктэй.  Бэлчээрийн монгол малын мах, цувдайг  экологийн цэвэр, органик бүтээгдэхүүн болохыг нотлох шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг орчин үеийн дэвшилтэт багаж төхөөрөмж ашиглан явуулж, судалгааны баттай дүнг олон улсад сурталчлан таниулах шаардлагатай. Яагаад монгол хоолоо дэлхийд сурталчилж болохгүй гэж. Барбекю бол монгол дайчдын хоол.  Монголд очиж энэ хоолыг идэхсэн гэдэг мөрөөдөл үүсгэж болно. Бид 30 гаруй үндэстнийг эрхшээж, эзэнт гүрэн байгуулсан баатарлаг түүхээрээ омогшдог.  Ийм агуу ард түмэн байж  мэдээллээс хойш сууж, оюун бодлоо хумиад эхэлбэл үндэстний хувьд жижгэрнэ.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/


0
angry
1
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр