Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд авто болон төмөр замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Түүний нэг буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Таван шарын 396 дугаар гармын орчимд төмөр зам доогуур тавьж байгаа нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар сурвалжиллаа. Биднийг очиход барилгын багаж, тоног төхөөрөмжийн чимээ хангинаж, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа.
Холбогдох албаныхны өгч буй мэдээллээр нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Нүхэн гарцын хөдөлгөөнийг ирэх зургадугаар сард нээхээр төлөвлөн ажиллаж байна. Нүхэн гарцын хөдөлгөөнийг нээснээр авто замын түгжрэл 10.5 хувиар буурна гэж тооцоолжээ.
Авто замын түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй тухайн бүтээн байгуулалтыг зураг боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулж өгөх гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэж буй гэдгийг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер Я.Өнөртүвшин онцлон дурдлаа. Тэрбээр “Өмнө нь төмөр замтай огтлолцох хэсгүүдэд байгуулж байсан нүхэн гарцын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхдээ тухайн хэсэгт төмөр замын хөдөлгөөнийг бүрэн хаасны дараа 8-9 цагийн хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэдэг байсан. Харин бид энэ удаагийн нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр угсралтын ажлыг гүйцэтгэх технологи, аргачлал ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, гал тэрэг хэвийн зорчиж, харин бид доор нь ажлаа гүйцэтгэж байгаа нь аль аль талдаа хүндрэл, чирэгдэл учруулахгүй төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломж бүрдэж байгаа юм. Зураг төслийг найман сар, барилга угсралтын ажлыг 18 сарын хугацаанд хийж дуусгах нөхцөлтэй. Үүний дагуу авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын дунд үед нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин төлөвлөсөн зураг төслийн хүрээнд барих барилга, байгууламжуудын ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтааж, ашиглалтад оруулах хуваарьтай байгаа. Энд байршлаас гадна “Хермес”, Геологийн төв лаборатори, Нарантуул гэсэн гурван байршилд нүхэн гарцад барих бөгөөд мөн адил бороо болон үерийн ус зайлуулах байгууламж хийхээр төлөвлөсөн" хэмээн ярилаа.
Борооны болон үерийн ус зайлуулах хоолой суурилуулна
Тухайн байрлалд өрнүүлж буй бүтээн байгуулалтын хүрээнд түр барилга байгууламжийн ажлыг өнгөрсөн оны наймдугаар сард, харин үндсэн барилгын ажлыг мөн оны есдүгээр сард эхлүүлж, одоогоор төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил дуусах шатандаа оржээ.
Энэхүү нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд энэ нь Улаанбаатар хотын дөрвөн байршилд барих нүхэн гарцаас хамгийн том нь юм байна. Тиймээс нийтийн тээвэр болон том оврын ачааны авто машин саадгүй нэвтрэх бүрэн боломжтой юм. Мөн нүхэн гарцад хоёр төрлийн насос суурилуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, нэг нь борооны, нөгөөх нь үерийн усыг зайлуулах зориулалттай байх аж.
Таван шарын 396 дугаар гармын орчимд байгуулж буй энэхүү нүхэн гарцын барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байна.
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургадугаар сард нээснээр түгжрэл буурна
Тус нүхэн гарцыг ашиглалтад оруулснаар төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөнөөс баруун тал руу 22-ын товчоо хүртэлх авто замын хөдөлгөөн галт тэрэгний хөдөлгөөний улмаас саатахгүйгээс гадна хоногт 25 мянган авто машин нэвтрүүлэх хүчин чадалтай болох юм байна. Судалгаанаас харахад, Таван шарын төмөр зам орчимд авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2:40 минут хязгаарлагддаг аж. Өөрөөр хэлбэл, төмөр зам болон авто зам нэг түвшинд огтлолцсонтой холбоотойгоор авто замын хөдөлгөөн их, бага хугацаагаар саатдаг гэсэн үг. Тиймээс тухайн байршилд томоохон хэмжээний нүхэн гарц байгуулснаар замын хөдөлгөөний ачаалал буюу авто замын түгжрэл тодорхой хэмжээнд буурна гэж тооцоолж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр өдгөө ийн дуусах шат руугаа оржээ.
Уг төслийг нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус нэгж мөн дүүжин замын тээвэр “UB CABLE”, их багтаамжийн нийтийн тээвэр “UB METRO”, тусгай замын автобусны сүлжээ “UB BRT”, нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил тэргүүтэй зам, дэд бүтцийн “UB GREEN GATE” төслүүдийг хэрэгжүүлж байна.
Гурван байршилд нүхэн гарц байгуулна
“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төслийн хүрээнд зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Таван шарын орчимд нүхэн гарц байгуулахаас гадна дараах гурван байршилд бүтээн байгуулалт өрнүүлэх юм. Үүнд:
-Геологийн төв лабораторийн уулзвар
-“Хермес” төвийн төмөр замын зоорь
-Нарантуул захын дөрвөн замын уулзвар багтаж байгаа.
Эдгээр байршилд хамгийн их түгжрэл үүсдэг тул нүхэн гарц байгуулахаар шийдвэрлэсэн юм. Төлөвлөсний дагуу нүхэн гарцууудыг шат дараалан ашиглалтад оруулснаар босоо чиглэлд авто машины хөдөлгөөнийг задлах, урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг холбогдох албаныхан тодотгож байлаа.
Улаанбаатар хотын төв хэсгээр төмөр зам хөндлөн дайран өнгөрдөг тул хот бүхэлдээ хоёр хэсэгт хуваагдан оршдог гэж хэлж болно. Хотын урд хэсгээр суурьшлын бүс нэмэгдсэний улмаас хотын дундуур дайран өнгөрөх төмөр замыг хөндлөн гатлах замын хөдөлгөөн жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа тул замын сүлжээг нэмэгдүүлэх, хөдөлгөөний эрчмийг сайжруулах шаардлага тулгарсан гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс тодотгодог. Учир нь, иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг авто замын түгжрэлд өнгөрүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ.
Харин Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлийн зорчих хурд 13 км/цаг, ид оргил ачааллын үеэр 8.9 км/цаг байгаа нь дэлхийн стандартаар тэг зогсолтод хүрсэн үзүүлэлт аж. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор УИХ-ын 2013 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичигтэй уялдуулан 2030 он хүртэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах, өргөжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна