“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлэхэд бэлэн боллоо. УИХ-аар дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Амарбаясгалангийн гэж нэрлэгдсэн хоёр хуулийг хэлэлцэн батлав. Тэдгээрийн эхнийх нь гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх хууль. Удаах нь Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль юм. Үүнтэй холбогдуулан “Шинэ хоршоо хөдөлгөөн” болон гурил, тэжээлийн үнийн хөөсийг буулгах шийдлийн санаачлагч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.
-Малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг маш их сонирхож байна. Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Тэгшийн голоор нутагтай 20 малчин өрх нэгдэж хоршоо байгуулахаар болжээ. “Бид ямар хоршоо байгуулж, юу хийх боломжтой вэ” гэсэн малчдынхаа холоос дайсан асуултыг уламжлан, ярилцлагаа эхэлье.
-“Шинэ хоршоо” бол мал аж ахуйн салбарт шинэ сэргэлт авчрах хөдөлгөөн. Малчид нутаг орон, мал сүргийнхээ онцлогт тохируулж, ямар ч төрлийн хоршоо байгуулан ажиллах боломжтой. Хонь, үхэр өсгөх, ямаагаа үржүүлэн ноолуурыг нь ангилж ялгах, угааж самнах хоршоо байгуулж болно. Тэмээ өсгөж, ингэний сүү, хоормог бэлтгэн хэрэглэгчдэд шууд нийлүүлэх, ногоон тэжээл тарих, цаашлаад малын эмч нар мал эмнэлгийн хоршоо байгуулах зэргээр хоршоолох боломжтой юм.
Хонь ноосолдог, арьс шир, түүхий эд анхан шатанд торддог хоршоо ч байгуулах боломжтой. Засгийн газрын зүгээс Монголбанкны төлөөлөлтэй ярилцаад арилжааны банкны эх үүсвэрээр бага хүүтэй урт хугацаатай зээл гаргах боломжийг нээж байгаа юм. Ямар бизнес хийх, малынхаа ашиг шимийг хэрхэн илүү хүртэхээ малчид, мал бүхий иргэд өөрсдөө сонгоно. Түүнээс биш Засгийн газар мал маллах арга заахгүй, ямар мал өсгөх, бизнесээ хэрхэн хийхийг чиглүүлэхгүй, зөвхөн санхүүгийн хувьд боломж олгож байна.
Нэг хоршоонд жилийн зургаан хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, хоёр тэрбум төгрөг хүртэлх зээл олгоно. Өнөөдөр малаас гардаг бүтээгдэхүүн мах, сүү, цагаан идээний дийлэнхийг малчдын гар дээрээс ченжүүд авдаг. Мах, хүнсний том үйлдвэрүүд зарим хэсгийг нь авдаг. Үр дагаварт нь малчны хотноос хямд авсан бүтээгдэхүүн ченжийн гараар дамжаад үйлдвэрлэлд орох, хэрэглэгчдэд очихдоо хэд нугалсан өндөр үнээр хүрдэг. Тэгвэл “Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр малчдад малынх нь үр өгөөж, ашиг орлого нь илүү үлддэг, шингэдэг болгох хөрөнгө оруулалтын зээл авч үйлдвэрлэл эрхлэх боломж олгоно. Хэрэглээний өндөр хүүтэй зээл биш хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлээр малчид хоршиж, анхан шатандаа нядалгааны цехтэй, мах, ногооны зоорьтой болно. Цаашлаад өдөр бүр шинэ бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг, найдвартай, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болно гэсэн үг. Мал аж ахуйн орны иргэд зөвхөн зун, намар шинэ мах идээд, өвөл, хавартаа хөлдөөсөн, эсвэл нөөцийн мах идсээр байх уу. Яагаад өдөр бүр хуучин биш шинэ, нөөцийн бус нойтон мах хэрэглэж болдоггүй юм бэ?
-“Шинэ хоршоо хөдөлгөөн” хотынхонд нөөцийн мах биш нойтон, шинэ мах хэрэглэх боломж бололцоог бий болгоно гэсэн үг үү?
-Тийм ээ, мах нөөцлөх ямар ч шаардлагагүй болно. Өглөө нь нядалсан малын мах орой нь хот суурингийн айл өрхийн гал тогоонд хүрэх байнгын, найдвартай нийлүүлэлтийн сүлжээ, тогтолцоотой болно. Анхан шатны нийлүүлэлт тогтвортой биш учраас махны үйлдвэрлэл, худалдаа тогтворгүй явж ирсэн. Бэлчээрийн мал намартаа л тарган. Хавар хамгийн туранхай, зундаа тарга, тэвээргээ авдаг. Цаг улирлаас хамаарсан ийм нөхцөл мал аж ахуйн хөгжлийг боомилж, малчин, хэрэглэгч хоёулангийнх нь хэрэгцээг хааж хязгаарласан хүчин зүйл юм. Өнгөрсөн өвлийн цас, зуднаар долоон сая гаруй мал хорогдлоо. Нүүдлийн аж ахуйг хагас эрчимжсэн хэлбэрт шилжүүлж, цаг улирал харгалзахгүй шинэ мах зах зээлд нийлүүлдэг, малчин, хэрэглэгч хоёуланд нь ашигтай ханган нийлүүлэлтийн тогтолцоог босгох нь “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үндсэн зорилго.
Саяхан бид Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 500 гаруй гишүүнтэй, дундын хоршоонд очиж үйл ажиллагаатай нь танилцсан. Гар урлалын эдлэл, сүү, цагаан идээ нийлүүлж, хүнсний ногоо ургуулан, ногоон тэжээл тариалж, үхэр, тэмээ өсгөх гэх мэт 12 төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 12 бүлэгтэй. Энэ хоршооныхон “Ченжийн тогтолцоог халж, хөрөнгө оруулалтын бодитой боломж олгохгүй бол цаашид өсөж хөгжихөд хүндрэлтэй” гэж ярьж байна. Дээр нь сүү тулгамдсан асуудал болжээ. Зун сүү нь элбэг, өвөл ховорддог. Үр дагаварт нь монголчууд үнэтэй сүү хэрэглэж байна. Сүү, цагаан идээгээ бага хэрэглэхээр хүүхдийн өсөлт, шүд, ясны бэхжилт гээд нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зундаа сүү элбэгшсэн ч үйлдвэрлэгчид хямдхан аваад, өндөр үнээр худалддаг.
Малчид маань сүү хадгалдаг танк хөргүүр нь хангалтгүй учраас сүүгээ арга буюу хямд үнээр худалддаг. Өнөөдөр нэг литр сүү дэлгүүрт 5000 төгрөг хүрч байна. Сүү, мах, малын түүхий эд тогтвортой ханган нийлүүлэлтгүй, цаг улирлаас хэт хамааралтай байна. Үүнийг бизнес эрхлэгчид бизнес бус Монголын уламжлал гэж хардаг.
Анхан шатанд тогтвортой нийлүүлэлт байхгүй бол дараа дараагийн шат доголдох нь гарцаагүй. Тиймээс “Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр жилийн 365 хоногийн туршид өдөр бүр шинэ сүү, шинэ мах зах зээлд нийлүүлж чаддаг, малын түүхий эд бүрийг бүтээгдэхүүн болгох бодит боломжийг малчдадаа нээж өгч байна.
Ченжийн сүлжээг халж, малчид бизнес эрхэлнэ
-Өнөөдөр нэг малчин өрх дунджаар сард 1.5 сая төгрөгийн орлоготой, 2.1 саяын зардалтай, 600 мянган төгрөгийн алдагдалтай байгааг судалгаагаар гаргажээ. “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлснээр малчин өрхийн сарын орлого таван сая төгрөгт хүрнэ гэж тооцсон байсан. Эрсдэлийг хэрхэн тооцсон бэ. Ган, зуд, гамшиг дахин нүүрлэвэл яах вэ?
-Зудад зутрахгүй, ганд гачигдахгүй малчид маань юу хийх вэ. Бидэнтэй уулзаж ярилцсан, 10 малчны ес нь “Малаа ногоон тэжээлээр тэжээдэг болмоор байна. Бэлчээрийн мал өвлийн тэсгим хүйтнийг давахгүй байна” гэдэг. Энэ өвөл хөрсөн дээрээ -40 хэм, зарим газарт -50 хэм хүрч хүйтэрлээ. Цас, зуд ихтэй байсан нутгуудад хашаа, хороо муутай, мал зогсоогоороо хөлдсөн. Малаа хорогдуулахгүйн тулд чанартай сайн хашаа, хороо хүйтнийг тэсэж чадах шимтэй тэжээл хэрэглэж, уургаа авч чаддаг мал хэрэгтэй байна. Малчид хоршоод ногоон тэжээл тарьж, дулаан хашаа хороо барьж, малаас өөр бизнес давхар эрхэлж ашиг орлогоо өсгөж, амьдралаа өөд татах малчдынхаа хүслийг бодитой дэмжихийг л зорьж байна.
-Мал бол малчны хувийн хөрөнгө. Яагаад хувийн өмчийг төр хамгаалах ёстой юм бэ гэдэг асуултыг хот суурингийн зарим иргэн тавьдаг?
-Монгол бол мал аж ахуйн орон. Дэлхийн улс орнууд ч тэгж үзэж ойлгодог. Гэтэл бид өсөж үрждэг малаасаа биш уул уурхайгаас төсвөө бүрдүүлж байна. Малаасаа малчид нь ч, улс даяараа ч ашиг орлого, үр өгөөжийг нь сайн хүртэж чадахгүй байна шүү дээ. Төв, суурингийн иргэд хямд үнээр шинэ мах авах хүсэлтэй. “Мах магнаг боллоо, үнэ нь өслөө” гэж бухимдах нь олон ч малчны хотоос гараад ямар шат дамжлага дамжиж, ямар зам туулж өөрт нь хүрч байгааг сонирхдоггүй.
Үнийн өсөлтийн 40-50 хувийг мах, гурил хоёр эзэлдэг. Ингээд хот, хөдөөгөөр талцсан асуудал үүсэж, дунд нь зоорьтой ченжүүд л илүү их ашиг хүртээд байдаг. Малчны хотноос ченж мах аваад, үйлдвэрлэл, хэрэглэгчдэд хүргэдэг. Малчин Доржийн жил хагас маллаж тэжээсэн үхрийг ченж хотноос нь кг-аар нь тооцвол 5000-6000 төгрөгөөр бодож, сая төгрөгөөр аваад, шат дамжсаар хэрэглэгчдэд очихдоо нэг килограмм нь 20 мянган болж үнэ нь 4-5 дахин нугардаг. Жил хагас тэжээсэн үхэр 250 орчим килограмм жингээр тооцоход таван сая төгрөг. Ханган нийлүүлэлт, тээвэр логистик хангалттай хөгжөөгүй учир бүх ашиг орлого ченжийн халаасанд ордог.
Малчин, хэрэглэгч хоёулаа цалин орлогоо алддаг. Үүнийг өөрчилж, малчид өөрсдөө үйлдвэрлэл эрхэлж, өрсөлдөөн үүсэхээр үнэ тогтворжино. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр есөөс дээш малчин өрх хоршоогоо байгуулна. Малчнаас анхан шат, дунд шатны хоршоо, үйлдвэрлэлд шилжих тогтолцоо бий болно. Малчдад сүү, цагаан идээ татан авах, хадгалах, яс, өлөн, дайвар бүтээгдэхүүн бэлтгэх цехээ баг, сумандаа байгуулж, малынхаа буян хишиг, үр өгөөжийг илүү хүртэх анхан шатандаа боловсруулалт, ангилан ялгалт хийхийг дэмжиж хөрөнгө оруулах гэж байна. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг амжилттай хэрэгжүүлснээр дэлхийн стандартад нийцсэн, байгалийн цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан бүх төрлийн бүтээгдэхүүнийг олон улсад нийлүүлж, малынхаа буяныг илүү хүртэнэ.
Өнөөдөр үйлдвэрт үхрийн ширний 70 хувь нь хаягдал болж байна. Гар аргаар нядалсан малын арьс, шир хутганаас үүссэн гэмтэл ихтэй, гадна талдаа өвчнөөс үүдсэн цоорол нүхжилттэй, яр, вакцин, тарианы хатууралтай байна. Монгол үхрийн ширнээс нэг хүрэмний арьс л гарч байна. Арьс шир, түүхий эдийг нь үйлдвэрлэлийн аргаар анхан шатанд бэлтгэхгүй бол цаашдаа ч үнэд хүрэхгүй. Арьс ширний том үйлдвэр байгуулчихвал арьс ширний үнэ өснө гэдэг нь хий хоосон хүлээлт. Түүхий эд чанаргүй бол хэчнээн үйлдвэр үүдээ нээгээд нэмэргүй. Анхан шатандаа мал, мах, сүү, арьс ширээ бэлтгэдэг болбол үйлдвэрүүдийн шаардлагыг хангаж, улмаар гадаад зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ.
Мэдээж мал хувийн өмч. Малын чанараа сайжруулж, үнэд хүргэх нь малчны хичээл зүтгэл, ур ухаантай шууд холбоотой. Гэхдээ 30 гаруй жил малчдаа дэмжсэн хөрөнгө оруулалт, амьдрал ахуйгаа өөд нь татах боломж олгоогүй. Арилжааны банкуудаас малчны зээл жилийн 20-25 хувийн хүүтэй гардаг. 15 сая төгрөгийн өндөр хүүтэй зээл аваад, намар мах, хавар ноолуур, жилд хоёрхон удаа орлого олоод, чинээлэг малчин болох аргагүй.
Малчны сарын орлого 1.5 сая, зарлага нь 2.1 сая төгрөг гэж тооцохоор дундаж малчин өрх сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж амьдарч байна. Мал маллах тусам улам ядуураад байдаг. Үүнийг үндсээр нь засаж залруулах нь төрийн үүрэг.
Төрөөс хөрөнгө оруулалтын нэн хөнгөлөлттэй зээлийг малчид хоршоодод олгоод эхлэхээр Монголын мал аж ахуйн салбар бүхлээрээ сэргэнэ. Нийт ажиллах хүчний 24 хувь нь мал аж ахуйн салбарт байна. Тэгсэн атлаа Дотоодын нийт бүтээгдэхүүн, улсын эдийн засгийг 10 хувийг мал аж ахуйн салбараас олж байна.
-Махны үнийг малчид өндөр тогтоовол яах вэ?
-Гурван зуун мянга орчим малчин өрхийн сая орчим хүн үгсэн хуйвалдаад, үнэ тогтоох нөхцөл үүсэхгүй. Монголчууд хүн амдаа ногдох махны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Махны ханган нийлүүлэлт 21 аймаг, 330 сум 1200 багаас эх үүсвэр бүрдэж байгаа учир үнэ тогтоож, хатуу барих боломж байхгүй. Хамгийн гол нь үр өгөөж шингээж, ченжид алдаж байгаа ашгаасаа өөрсдөдөө ахиу үлдээх, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилт тавьж байна. Өмнө нь малчдад төрөөс хөрөнгө оруулалтын зээл олгож, үйлдвэрлэл эрхлэх боломжийг түүхэндээ гаргаж өгч байгаагүй. Социализмын үед улсын өмч болсон мал өсгөх зорилгоор нэгдлийг байгуулж байсан.
-Зуд болж, өвөлжилт, хаваржилт хүндэрснээр малчдын зээлийн төлөх хугацааг хойшлуулж, хүүгийнх нь 75 хувийг төр хариуцах шийдвэр гаргалаа. Гэтэл зээлээ хойшлуулсан малчны зээл гарахгүй байх магадлалтай. Энэ тал дээр хэрхэн анхаарал хандуулсан бол?
-Арилжааны банк, Зээлийн батлан даалтын сан, даатгалын компани гурав зээлээ хариуцаж, эрсдэлгүй байх нөхцөлийг хангана. Мэдээж нарийн тодорхой журам гарна. Засгийн газраас бол малчдадаа хүндрэл үүсгэхгүй байх хүсэлтийг зээл олгох талд тавьж байгаа. Яагаад гэвэл Зээлийн батлан даалтын сан 80-100 хувь батлан даана. Барьцаа хөрөнгө тавиад бага хэмжээний зээл авч чадахгүй байгаа малчдадаа боломж олгох нь чухал. Өмнө нь арилжааны банкаас мянган малтай малчин дансаа үзүүлээд 15 сая төгрөгийн хэрэглээний зээл авдаг байлаа. Одоогийнх бол хөрөнгө оруулалтын зээл. Арилжааны банк малчдын төслийг судалж байж, хөрөнгө оруулалтын зээл олгох учир хүндрэл үүсэхгүй. Энэ зээлийг малчин өмнөх шиг хэрэглээндээ зарцуулах боломжгүй. Арилжааны банкуудад бид сургалт зохион байгуулан хамтарч ажиллах, хүсэлт тавьж байгаа.
Энэ онд ХААН банк 300 орчим тэрбум, Төрийн банк 260 орчим тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээс гаргах боломжтой гэж байгаад малчдынхаа өмнөөс талархаж байна.
-Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс хөрөнгө гаргахдаа хатуу журам тогтоох вий гэсэн болгоомжлол байна уу?
-Шаардлага, шалгуур бага тавьж, хүндрэл үүсгэхгүй байх, энэ салбарыг сэргээхэд хариуцлагатай оролцох хүсэлт тавьж байна. Бид өнөөдөр 1.5 сая ам дөрвөлжин километр өргөн уудам газар нутагт амьдардаг. Гэтэл нийт газар нутгийнхаа 0.3 хувь, ганцхан хөндийд, Улаанбаатар хотдоо төвлөрөөд багтаж ядан амьдрах шаардлагагүй.
-Нэг хоршооны 10 малчин хамтраад 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авахад тухайн зээл малчны дансанд орох уу?
-Хоршоонд хувь нийлүүлэх зорилготой хөрөнгө оруулалтын зээл авна. Мал нядалгааны 300 сая төгрөгийн цех байгуулахаар 10 малчин 30 саяар хоршиж болно. Гучин малчин 10, 10 саяын зээл аваад хоршиж болно. Тухайн хөрөнгө оруулалтыг төлбөрийн баримтынх нь дагуу бэлэн бусаар олгоно. Хөрөнгө оруулалт хийх тэр бүтээгдэхүүнийх нь төлбөрт арилжааны банк шилжүүлнэ. Зээлээ олгосон банк, Зээлийн батлан даалтын сан, даатгалын компани хяналтаа хариуцна.
Төрийн 1400 албан хаагч малчин өрх бүрд хүрч, зөвлөн тусална
-УИХ-аар малчдын хүсэл, хүлээлтийг ихээр дагуулсан хууль хэлэлцэн батлах үед сонгуультай холбож улстөржилт их хийлээ. Хуулийг батлах цаг үе нь зуд, сонгуультай давхацчихав уу даа?
-Тийм ээ, хууль хэлэлцэх үеэр багагүй улстөржлөө. Нөгөө талаар энгийн үед энэ хууль хэзээ ч батлагдахгүй байсан гэж өргөн барьсан хүний хувьд бодсон. Хүнд хэцүү зудын дараа мал аж ахуйн салбараа шинэ түвшинд гаргах цаг болж гэдгийг монголчууд бүгдээрээ мэдэрсэн. Татвар төлөгчдийн мөнгийг зуд боллоо гээд тэрбум тэрбумаар нь малчдад тарааж, зээлийг тэглэж болохгүй учраас энэ хуулийг баталсан. Нөгөө талаас малчид маань малын чанараа сайжруулж, ногоон тэжээл бэлтгээд, өгөөж өртөг шингээсэн үйлдвэрлэл эрхэлж, илүү хөдөлмөрлөж сайхан амьдрах хэрэгтэй гэдгийг ч маш сайн ойлгожээ.
Сөрөг хүчний зарим хүн “Сонгууль болохоор МАН-ынхан малчдад хайр зарлаж байна” гэж улстөржүүлж байна. Харин ч миний хувьд улстөрчид ард иргэддээ хайр зарладаг цаг үед нь хуулийн төслийг өргөн барьж батлуулан, зурвас үеийг ашиглаж чадлаа. Улстөрчдийн сонирхол, зудын хүндрэлийг малчид нэвт мэдэрсэн, мал аж ахуйхаа шинээр сэргээх шаардлагатайг монголчууд ойлгосон. Ийм гурван тулгуур хүчин зүйл давхацсан учраас энэ хууль батлагдлаа.
Би Төв аймгийн Эрдэнэсант сумын 22 малчин өрхтэй уулзсан. Нэг малчин “Зээлүүлсэн мөнгөө буцааж авах уу” гэж асууж байна билээ. Мэдээж арилжааны банкны мөнгийг буцааж төлнө. Банкны мөнгө бол хадгаламж эзэмшигчдийнх нь хөрөнгө. Зээлийн батлан даалтын сан тодорхой хэмжээний малтай иргэнд зээл олгоно. Малчны гэр бүлийн хүн хамтран зээлдэгч болно. Хамтран авсан зээлд нь насанд хүрсэн хүүхэд, эсвэл хамаатан садан нь батлан даалт гаргаж байж олгоно. Тиймээс эхнэр, хүүхдэдээ өр өвлүүлэхгүйн тулд зөв зарцуулна. Үр хүүхдүүддээ өр үлдээхгүйн тулд шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай болно.
1980-аад оны сүүлээр Хятад, Өмнөд Солонгос, Японд “Шинэ тосгон” хөдөлгөөнийг өрнүүлж, хэрэгжүүлж байсан. Зээл авах боломжгүй иргэддээ барьцаагүй итгэлийн зээл олгож, ядуурлаас улс орноороо гарч байлаа. БНХАУ 1990-ээд маш их хэмжээний, хүн амын дийлэнх нь ядууралтай байсан. Гэтэл 2021 онд ядуурлын эсрэг дайнд бүрэн ялалт байгуулснаа зарласан. Энэ нь хоршооны бодлогыг амжилттай хэрэгжүүлсэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой.
-Өмнө нь хөдөө мал маллаж байгаад амьдралын эрхээр хотод ирсэн иргэн олон. Энэ хүмүүс нутагтаа буцаж, ах дүү нартайгаа нийлж, хоршоо байгуулах боломжтой юу?
-“Малжуулах хөтөлбөр”-т хамрагдаад, малтай болж, малчин болоод хоршоондоо нэгдэн үйлдвэрлэл явуулах боломж нь нээлттэй. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр цаашдаа Улаанбаатар хотоос гарч, хөдөөгийн цэвэр агаарт малаа маллаж, үйлдвэрлэл эрхэлж, чинээлэг амьдрах нөхцөл бүрдэнэ.
-Хоршоо байгуулж байгаа малчдад сургалт явуулж, зөвлөмж өгөх үү?
-Энэ томоохон хэмжээний хөдөлгөөнийг бид зүгээр л зарлаад орхихгүй. Засгийн газраас хоршоонд нэгдэж байгаа малчдад хоршоо байгуулах, арилжааны банканд зээлийн хүсэлтээ гаргах ажлыг энэ оны тавдугаар сард хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотоос төрийн 1400 гаруй албан хаагчийг өөрсдийнх нь хүслээр томилж, малчин өрхүүдэд ажиллуулна. Нэг ч малчин өрхийг үлдээхгүй, мэдээлэл өгч сургалт явуулахыг Засгийн газар зорьж байна. Төсөл бичихэд арилжааны банк, ХХААХҮЯ-ны ЖДҮДС хамтран ажиллана. Тухайлбал, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа GIZ төслийнхөнтэй хамтран хоршоо байгуулах загвар зөвлөмж гарган, зөвлөн туслах ажлыг хамгийн түрүүнд эхлүүлсэн байна. Цаашдаа хоршооны 30-300 төрлийн загвар төсөл гарч ирж болно. Энэ бүхэн өөр өөрийн онцлогоос хамаарч хэрэгжээд явах юм.
-Хөрөнгө оруулалтын зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-УИХ-аар хэлэлцэн хууль батлагдлаа. Засгийн газар хөтөлбөр, төлөвлөгөөгөө батална. Ердийн горимоор үргэлжилбэл байгууллагууд хоорондоо бичиг, цаас солилцон 2-3 сарын хугацаа авдаг, маш их цаг хугацаа алддаг. Цаг хугацаа алдахгүйн тулд 14-21 хоногийн хугацаанд арилжааны банк, Зээлийн батлан даалтын сан оролцогч талуудын гэрээ хэлцлийг хийж дуусахаар эхний төсөл шалгарч, зээл олгох боломжтой. Аймаг бүрд хоршооны бүртгэлийн ажил хийж эхэлсэн. Тавдугаар сар бол монголчуудын, мал аж ахуйн салбарын хувьд сэргэн мандалтын сар байх болно.
-Өмнө нь “Монгол мал”, “Таван эрдэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч үр дүн багатай байсан. Энэ хөтөлбөрүүд шиг үр дүнгүй байх вий гэсэн болгоомжлол нийгэмд бий. Энэ талаар...?
-Энэ хөтөлбөр илүү үр дүнтэй байх үндэслэл нь хөрөнгө оруулалтын зээл. Өмнөх малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлд л хэрэгжиж байсан. Харин хүсэл хүлээлт дагуулсан хөнгөлөлттэй зээл авах боломжийг нь бодитой нээж байгаа “Шинэ хоршоо хөдөлгөөн” амжилттай хэрэгжинэ. 2024 онд 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл “Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр гаргах боломжтой гэдгээ арилжааны банкууд мэдэгдсэн. Ирэх жил зах зээл нь өөрөө томорно. Ингэснээр мал аж ахуйн салбарын дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөө өнөөдрийн 10 хувиас гурав дахин нэмэгдэж, 30 хувьд хүрнэ гэж тооцсон.
-Хуулиар тухайн хоршоонд таван га газар өгөхөөр тусгасан байсан. Бэлчээрийн даац хэтэрсэн, цөлжсөн энэ үед боломжтой юу?
-Мал аж ахуй эрхлэх төрлийн хоршоонд төсөл сонгон шалгаруулалтаар нэг удаад таван га газрыг үнэ төлбөргүй өгнө гэж заасан. Мал нядалгааны цех байгуулах, ногоон тэжээл тарих, дарш бэлтгэх гээд хоршоо өөрийн үйл ажиллагааны чиглэлээр тухайн газраа ашиглана. Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ногоон тэжээл зардаг хоршоо байна. Тэдэнд хөрөнгө оруулалт дутагдаад байжээ.
Харин “Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр хөрөнгө оруулалтын зээл олгох болсонд баярлалаа гэж хоршоологчид хэлж байна. Ногоон тэжээл тарьсан хоршоологчид өөрсдийн тоног төхөөрөмжөөр хураан авч, нэмүү өртөг шингээн борлуулахаар нэг боодол өвс 1200 төгрөг болж байна. Өөрсдөө тоног төхөөрөмжгүй учир түрээсээр авч ажиллуулахаар нэг боодол өвс 6-7 мянган төгрөг болж нэмэгдэж байна.
Тиймээс өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийж, тоног төхөөрөмжөө авч ногоон тэжээлээ бэлтгэх нь илүү ашигтай. Мөн бэлтгэсэн ногоон тэжээлийнхээ 40-50 хувийг хэрэглээд үлдэгдлийг нь зэргэлдээ сумдадаа борлуулж болно.
-Техник, тоног төхөөрөмжөөр хэрхэн хангах вэ. Хоршоод тоног, төхөөрөмжөө авахаар гадагшаа явах уу?
-Монгол Улсад өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуйн тоног, төхөөрөмжийн дистрибьютор хувийн 14 компани ажиллаж байна. Улаанбаатар хотод тоног төхөөрөмжийн нэг цэгийн мэдээллийн төвийг байгуулна. Хөдөө орон нутгаас хоршоо байгуулах иргэд Улаанбаатарт ирж үйлдвэрлэл байгуулах, тоног төхөөрөмжийн судалгааг нэг дороос хийх боломжтой болно.
Нэг суманд трактор, тоног төхөөрөмж дээр ажилладаг 10 хүн нийлээд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлдэг хоршоо байгуулж болно. Сумдаар явж, газрыг нь хагалж, тэжээлийг нь хураадаг үйлчилгээ нэвтрүүлж болно шүү дээ.
-Сөрөг хүчний зүгээс “Малчдын зээлийг тэглэ” гэсэн улс төрийн шаардлага тавиад байгаа. Үүнд та тайлбар хийхгүй юү?
-Малчид зудад малаа алддаг, тэтгэвэр тэтгэмжээрээ амьдардаг. Хүүхдийн хурим, найр, сургалтын төлбөрийг малаа барьцаанд тавьж, тэтгэврийн зээлээрээ төлдөг. Сонгууль боллоо гээд нэг удаа тэтгэврийн зээлийг нь тэглэж болно. Гэвч асуудал хэвээрээ үлдэнэ, үргэлжилнэ. Ахиад зуд нүүрлэхэд яах вэ. Зээлгүй, малгүй болсон малчин яаж амьдрах вэ. Малчдадаа ийм хүнийрхүү сэтгэл гаргаж болохгүй. Өнөөдөр хэцүү байж болно. Гэхдээ маргааш өнөөдрөөс илүү сайхан байх ёстой. Тэр сайхан маргаашийн төлөө Засгийн газартайгаа хамт байж, хөрөнгө оруулалт зээл авах боломжийг нь олгож байна. Малчид маань үүнийг ойлгож байна лээ. Зээл тэглэх яах вэ, бид цаашид яаж амьдрах вэ гэж ярьж байна.
Хотод сайхан амьдарч чадахгүй байгаа хэсэг байна. Хөдөө очоод мал маллаж, амьдрал ахуйгаа сайжруулах хүсэлтэй хүмүүс ч бий.
Орон нутагт ажиллах хүчний хүйсийн тэнцвэр алдагдсан. Хөдөө амьдарч байгаа залуусын 75 хувь нь эрэгтэй, 25 хувь нь эмэгтэйчүүд байна. Малчид охидоо боловсролтой болгоно гээд их сургуульд явуулдаг. Гэтэл төрийн алба хааж байгаа хүмүүсийн 75 хувь нь эмэгтэй байна гээд тулгамдсан олон асуудал бий. Үүнийг шийдэх гарц нь "Хөдөөгийн сэргэлт".
Сонгууль ойртсон учраас улстөржилт ихсэж байна. Мал аж ахуйн салбарт сэргэлт авчрах малчин түмний, нийт монголчуудын хүслээр өрнөх энэ том хөдөлгөөнийг битгий улстөржүүлээсэй гэж би хүсэж байгаа.
Улстөрчийн хувьд ч, энэ хөдөлгөөнийг санаачилж байгаа хүний хувьд ч би явуургүй улстөржилттэй хатуу тэмцэнэ. "Малчид боловсролгүй учир ингэж хоршин ажиллаж чадахгүй" гэсэн хүн ч байна. Хэлсэн үгээ буцааж аваарай. Буцааж авахгүй бол малчидтайгаа нийлээд тойрог дээр чинь очиж жагсана шүү гэж би хэлсэн.
Малчдадаа боломж олгож өгөөгүй байж чадахгүй гэж хэлж болохгүй. Харин боломжийг олгоод байхад 10 жилийн дараа чадаагүй бол шүүмжилж болно.
Бид энэ жил 10 сая малаа алдвал Монголын мал сүрэг 60 сая болно. Дараа жил дахиад 10 саяыг алдвал яах вэ. Мал аж ахуйн орон биш зөвхөн уул уурхайн улс болно. “Хил, хэл, мал гуравтай байхад Монгол баян” гэсэн яруу найрагч З.Дорж гуайн үг утга учраа алдана. Тийм учраас бид энэ цаг үед “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эхлүүлж байгаа юм.
-“Шинэ хоршоо хөдөлгөөн” социализмын үеийн нэгдлээс юугаараа ялгаатай вэ?
-Социализмын үед нэгдэлжих хөдөлгөөнөөр хувийн малыг нийгэмчилж, улсын малыг малчид нэгдэж, өсгөн үржүүлж ирсэн. Малын тоог л өсгөх зорилготой байсан. Харин “Шинэ хоршоо хөдөлгөөн” нэрнээсээ эхлээд шинэ, малчид малаасаа гадна шинэ эх үүсвэрээс орлого олох, үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгоно. Бас иргэд хүсэл зорилгоороо нэгдэж ажиллах зах зээлийн шинэ загвар. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, ноос ноолуурын үр өгөөжийг өсгөх “Цагаан алт” хөтөлбөрүүдтэй шууд уялдаатай, дэм дэмэндээ хэрэгжих бодлого. Анхан шатнаас тогтвортой ханган нийлүүлэлтийн тогтолцоо хэрэгтэй. Үйлдвэрүүдэд тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээ хэрэгтэй. Энэ олон хэрэгцээтэй зүйлийг “Шинэ хоршоо хөдөлгөөн” бүтээнэ. Мал аж ахуйн салбар 100 хувь бизнесийн салбар болж, 100 хувь либералчлагдаж байгаа юм.
-Та мах, гурилын асуудлаар улстөрчдийн хайчин дундуур явлаа. Үр дүн гарч эхэлж байна уу?
-Гурилын импортын татварыг чөлөөлөх тухай хууль батлагдсан өдөр нэг кг гурил 100 төгрөгөөр хямдарсан гэж ШӨХТГ-аас мэдээ ирүүлсэн. Цаашдаа гурилын үнэ өнөөдөр борлуулж байгаагаас даруй 1000 төгрөгөөр хямдрах боломжтой. 2019 онд 210 мянган тонн гурил үйлдвэрлэж, 240 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байлаа. 2023 онд буюу гурван жилийн дараа 190 мянган тонн гурил үйлдвэрлэж, 430 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой болжээ. Ямар бизнес яаж үнэ нь өсөхөөрөө үйлдвэрлэл нь буурч, орлого нь нэмэгдсэн бэ. Үйлдвэрлэл нь 20 мянгаар багасаж, орлого нь хоёр дахин нэмэгдсэн байгаа нь эрүүл үзэгдэл биш. Тийм учраас гурил үйлдвэрлэлийн салбарынхан үгсэн хуйвалдаж, үнээ нэмдэг нөхцөлөөс ард түмнийг чөлөөлөх ёстой.
“Алтан тариа” компанийн захирал намайг шүүхэд өгсөн. УИХ-аар хууль батлуулахгүйн тулд гишүүдэд нөлөөлж, чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй, гишүүд зугтаасан. Хуралдааны ирцийн босгыг дөнгөж даван бүрдүүлж, 39 товчлуураар хууль батлагдлаа. Монгол Улсын төр анх удаа үгсэн хуйвалдсан монополуудтай тэмцлээ. Дотоодын үйлдвэрлэл нурах вий гэсэн болгоомжлол байна. Гэхдээ бид хэдхэн хүний бизнесийг дэмжиж ард иргэддээ дэлхийн зах зээлээс 2-3 дахин өндөр үнэтэй гурил борлуулж болохгүй.
Төр, засаг байгаа бол бодлогоор зохицуулж, иргэдээ хямд гурилаар хангаж, үйлдвэрүүд үйлдвэрлэлээ тогтвортой явуулж, чөлөөт өрсөлдөөн бий болгох ёстой. Өмнө нь нэг килограмм гурилан бүтээгдэхүүн гэдэг байсан бол одоо нэг уут боов гэдэг болсон. Яагаад гэвэл савлагаа нь багассан, үнэ нь хэд дахин өссөн. Энэ хууль амаргүй замаар батлагдсан.
Үүний үр дүнд гурил хямдрах ёстой. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хэрэгжүүлснээр мах, сүүн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт тогтворжино. Мах, гурилтайгаа байхад монголчууд алзахгүй. Мах, гурил хоёр нийлээд үнийн өсөлтийн талыг бүрдүүлдэг. Үнэ тогтвортой байвал инфляц буурна. Ингэхээр Монголбанк богино хугацаанд бодлогын хүүгээ бууруулна. Цаашлаад монголчууд сарын нэг хувийн хүүтэй зээлтэй болох боломжтой. Стратегийн бүтээгдэхүүн болох мах, гурилын зохицуулалтыг хийж өгч чадсанаар эдийн засгаа дэмжиж байгаа юм. Намайг анх гурил ярихад зарим намын удирдлага “Гурил ярилаа. Жижиг зүйл ярилаа” гэж шүүмжилж байсан. Стратегийн бүтээгдэхүүнээ харж чадахгүй намын удирдлага байж болох уу.
-Та малчдадаа хандаж юу хэлэх вэ?
-“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг амжилттай хэрэгжүүлснээр монголчуудын амьдралын чанар, түвшин дээшилнэ. Тийм учраас малчдаа айл хотол, гол усаараа сайтар тунгаан ярилцаж, хоршин хөдлөхийг уриалж байна. Хамтдаа амьдралын чанараа дээшлүүлж, мал аж ахуйн салбараа хөгжүүлж Монгол бол мал аж ахуйн эх орон гэдгийг дэлхийд нүүр бардам тунхаглан зарлахын төлөө хичээн ажиллах ёстой.
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий уриа нь “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ”. Уламжлалт монгол ухаан нэвт шингэсэн ардын мэргэн үгээ малчин түмэн итгэл дүүрэн хүлээн авч байгаа. Жалга жалгаар нэг тарж амьдардаг биш хамтдаа бизнес хийж сайхан амьдарцгаахын төлөө хичээж ажиллая гэж уриалъя.
-Ярилцсанд баярлалаа.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна