Ц.Баярцэнгэл: Хариуцлагатай аяллын сүлжээ орон нутгийн компаниудыг хөл дээр нь босгох хөшүүрэг болно


“Монгол аялал” компанийн ерөнхий менежер Ц.Баярцэнгэлтэй ярилцлаа.

-“Монгол аялал” компани олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, салбартаа танигдсан. Гэхдээ хоёулаа ярилцлагаа эхлэхийн өмнө компаниа танилцуулсан нь зөв байх?
-“Монгол аялал” компани 1999 онд байгуулагдсан. Үйл ажиллагаа эхлэхдээ 1999 оноос 2004 он хүртэл гадаадын жуулчдыг Монгол оронд аялуулж амраадаг хэлбэрээр ажилладаг байлаа. Тухайн үед жуулчлалын анхны “Жуулчин” зэрэг компаниуд гадаадаас жуулчид оруулж ирэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан бол манайх 2004 оноос эхлэн “Монгол аялал” хөтөлбөр гэж зохион байгуулаад монгол аялагчдыг гадаадад аялуулдаг болж эхэлсэн. Энэ нь Монголд анхны гадагшаа чиглэсэн аялал, жуулчлалын урсгалыг эхлүүлсэн гэсэн үг. 


-Монголоос гадагшаа чиглэсэн анхны аялал, жуулчлалын урсгалыг эхлүүлсэн гэж байна. Хаашаа ямар улс орнууд руу анхны аяллуудаа хийж байв?
-Анхны аяллуудаа ОХУ, БНХАУ-ын нутаг руу хийж байлаа. Үүний араас АНЭУ-ын нийслэл Дубай хотын аяллын маршрутыг Монголын аялал жуулчлалын салбарт оруулж ирж байлаа.  


-Сүүлийн үед ямар төсөл, хөтөлбөр зохион байгуулж байна, аяллын шинэ маршрут гаргав уу?
-Сүүлийн үед бид аяллын нэлээд олон чиглэл гаргахаар ажилдаа ороод явж байна. Бид буддын шашинтай ард түмэн. Энэ утгаараа өндөр настан, эцэг эхээ шашны өлгий болсон газруудаар аялуулж, эргэл мөргөл, буян хийлгэхээр авч явах сонирхолтой байдаг. Аялагч, жуулчдын ийм хүсэл сонирхолд тулгуурлаад Төвөдийн Лхасын аяллыг зохион байгуулж шинэ чиглэл гаргаад байна. Мөн Хятадын эртний төрт улсын нийслэл Шиань хотоор аялуулах чиглэл гаргаад байна. Эртний Хятадын нийслэл, Торгоны замын эхлэл, Терракотта дайчдын баримлаараа Шиань хот алдартай. Хятадын түүхэнд чухалд тооцогдох Жоу, Цинь, Хань, Сүй, Тан гээд олон эзэнт гүрний нийслэл байж. Үзэж харах юм ихтэй, маш сонирхолтой аялал болно гэж үзэж байна. 


-Гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын хөтөлбөрүүд нэмэгдэж монголчууд маань ч их аялдаг болж. Гаднаас жуулчин оруулж ирэх ажлаа орхиогүй байх?
-Дотоод руу чиглэсэн аялал жуулчлалаа мэдээж орхигдуулахгүй, орхиж ч болохгүй. Аялал жуулчлалын сэргэлтийн хүрээнд хийсэн ажлууд жуулчны компаниудад маш олон боломжийг нээж өгч байна. Манай “Монгол аялал” компанийн хувьд БНХАУ-ын жуулчдыг Монголд аялуулах шинэ гүүр, гарцыг нээн ажиллуулж байна. Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага Ази руу чиглэж тэр дундаа Хятад жуулчдыг яаж эх орондоо ирүүлэх вэ гэдэгт өрсөлддөг болжээ. Хятад жуулчдад зориулсан тусгай хөтөлбөрүүд гаргаж тэдний уламжлал, зан заншилд нийцүүлсэн аяллын бүтээгдэхүүн гаргадаг болоод байна. Бид газар нутаг ойр гэдэг давуу талаа ашиглаж аялал жуулчлалаас олох орлогоо нэмэх ёстой. Компанийн бусад уламжлалт хөтөлбөрүүд явдгаараа явж байгаа. 


-Сүүлийн жилүүдэд монголчууд эх орныхоо үзэсгэлэнт байгальд аялах сонирхол нэмэгдсэн. "Монгол аялал" компанийн хувьд монголчуудыг дотооддоо аялуулах үйлчилгээ санал болгодог байх?
-Монголчууд эх орондоо аялах сонирхолтой болсон. Тэр дундаа баруун бүсийн аяллыг их сонирхдог. Манай компанид баруун бүсийн нэлээд өргөн цар хүрээтэй, газар нутгийг хамарсан аяллын хөтөлбөр байдаг. Нийт найм хоногийн аялалд Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн үзэсгэлэнт газрууд багтсан. Алтай таван богд, Тэрхийн цагаан нуур, Хяргас, Хархираа, Түргэний уулс гээд эх орон маань үзэж, харах байгалийн цогцолбор газрууд ихтэй. Энэ аялалд монголчууд явах их сонирхолтой шүү. 


-Очиж үзмээр санагддаг газруудынхаа нэрийг сонсоод л бүртгүүлмээр санагдаж байна шүү. Аяллын баг нь хэдэн хүний бүрэлдэхүүнтэй гардаг юм бэ? 
-Баруун аймгийн аялал бартаа саад ихтэй, шороон замтай газраар явдаг учраас аяллын багаа аль болох тав тухтай байлгахын тулд цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй явуулахыг хичээдэг. Аялагчдын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих ёстой. Нэг баг долоон хүний бүрэлдэхүүнтэй долоо хоногийн аялалд гардаг. 


-Монголчууд зуны урин дулаан цаг ирэхээр ах дүү, найз нөхөд, гэр бүлээрээ нийлж аялдаг. Энэ нь тав тухтай, тааваараа аялах боломжийг өгдөг гэж ярьдаг л даа. "Монгол аялал" компани аялагчдад тийм тав тух амлаж чадах уу?
-Аяллын багт орж аялахын давуу тал төлөвлөлтөд л оршино. Олон жил аяллын бизнес эрхэлсэн хамт олон бүгдийг нь ШУ-ны үндэслэлтэй төлөвлөж, цагийг нарийн хуваарилсан байдаг л даа. Хаана буудаллаж, хаана хооллох, хонох газар хүртэл цагийн нарийн хувиартай. Анх хэд хоног, хэдэн төгрөгийн зардлаар аялаад ирнэ гэж та төлөвлөсөн бэ яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу л яваад ирнэ. Ямар газар орон, үзвэр үйлчилгээг, ямар дарааллаар хаанаас үзэж болох вэ гэх мэт. Хүмүүс хувиараа аялахаараа тааваараа явж байна гээд долоо хоноод ирье гэж гарлаа гэхэд 10 хоноод ирэх мэтээр ард дахь ажлаа алдаад алгуурлаад байдаг. Төлөвлөөгүй зардал, цаг хугацаа алдахаас гадна аюул осолд өртөх эрсдэлээс хэрхэн хамгаалагдах вэ. 


-Монгол дахь аяллуудаа “Түүхийн мөрөөр”, “Экстрим” ч гэдэг юм уу сэдэвчилсэн маягаар хийдэг юм болов уу. Ийм байвал зүгээр юм уу гэж бодож л суудаг?
-Яг тийм сэдэвчилсэн аяллын маршрутаар баг гаргана гэдэг  аль аль талдаа хүндрэлтэй. Гэхдээ одоохондоо шүү. Загасчлал ч гэдэг юм уу тиймэрхүү аяллын эрх авна гэдэг юуны түрүүнд асуудалтай. Хоёрт, түүхийн жимээр гэдэг аялал байлаа гэхэд хэдэн хүн явах билээ, загасчлалын аялалд хэрэглэх унаа хөсөг юу билээ, хэдэн хүн явах уу. 


-Гадаадын жуулчдыг Монголд аялуулахад голлон юу үзүүлдэг вэ. Ямар бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож байна вэ?
-Шинээр юу санал болгох вэ гэдгээс илүү тэд юу хүсэж байна вэ гэдэгт голлон анхаардаг гэх юм уу даа. Гадаад жуулчид Монгол оронд аялах сонирхлоо илэрхийлэхдээ бид ийм газар орон үзмээр байна гэдэг санаагаа илэрхийлдэг. Бид тэр саналд нь үндэслэж  аяллын маршрут хөтөлбөр зохиогоод буцаан илгээдэг юм. Гадаадын жуулчид Хөвсгөл далайг үзье гэх санал илэрхийлэх нь элбэг. Тэгэхээр аль болох олон сум, орон нутгаар дайруулж, орлого оруулах маршрут байж болох вэ гэдгийг тооцож үзэх ёстой. 


-Монгол Улсын Засгийн газраас зарласан “Аялал жуулчлалын сэргэлт”хөтөлбөрийн хүрээнд танай компани ямар хувь нэмэр оруулан ажиллаж байна?
-“Аялал жуулчлалын сэргэлт” хөтөлбөрийг зарлаж эхнээсээ үр дүн нь гараад байна. Үүнд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд манайхтай адил мөн талархалтай байгаа болов уу. Бид бодлого гаргадаг газар биш учраас гарсан бодлого шийдвэрийн хүрээнд л ажлаа эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллана. Аяллын шинэ маршрут гаргаж өөр олон аймгууд руу аялагчдын сонирхлыг хандуулах, гадаадаас илүү олон жуулчин татах, өөр улс орнуудтай харилцах шинэ гарцууд нээх гэх мэт бид өөрсдийн нөөц боломждоо тулгуурлаад ажиллаж байгаа. Ажлаа сайн хийх нь л энэ хөтөлбөрт оруулж байгаа хувь нэмэр. 


-Хоёулаа дотоодын аяллаа л яриад байна. ОХУ, БНХАУ, АНЭУ зэрэг улсуудтай байнгын харилцаатай ажилладаг гэж ярьсан. Тэгвэл өөр улс орнууд руу монгол жуулчдаа гаргах гарц нээж байна уу?
-Компани энэ жилээс Япон улс руу аяллын шинэ чиглэл гаргаад байна.  Бизнес аяллын ангилалд багтах болов уу. Монгол аялагчид Япон луу аялангаа автомашин худалдаж авч болох юм. Дуудлага худалдаанд оролцоод өөрийн сонирхсон хүлгээ, нэрлэж чадах үнээрээ, газар дээр нь өөрийн нүдээр харж сонжоод  худалдан авах боломжтой болж байгаа юм. Бид ийм аяллыг АНЭУ-ын нийслэл Дубай хот руу явсан аялагчдадаа санал болгодог тэр л зарчмаараа. 


-Аялагч дуудлага худалдаанд оролцоод хүссэн хүлгээ авлаа.  Үүнээс хойш болох процессыг танай компани хариуцна гэсэн үг. Би зөв ойлгож байна уу?
-Аялагч очоод машинаа үзнэ, дуудлага худалдаанд орж машинаа авлаа, битүүмжлэх болоод чингэлэгт ачих үйл явцыг өөрийн нүдээр харж баталгаажуулаад л болно. Машинаа авсан бол аялагч Япон дахь аяллаа эхлүүлнэ.  Бид Японы хамтрагч аяллын компанитайгаа энэ бүх зүйлээ тохироод гэрээгээ хийчихсэн. Энэ хаврын аяллууд эхлээд хоёр, гурван баг явуулсан байна. Аялагчид сэтгэл өндөр ирж байна. 
-Одоо ингээд бодохоор гадаад руу хийдэг аяллууд чинь дандаа сэдэвчилсэн байдлаар явдаг юм биш үү?
-Тэгж хэлж болно. Манайхаас жил бүрийн тавдугаар сарын 9-нд уламжлал болгон явуулдаг нэг аялал бол ОХУ-ын Улаан-Үд хотод болдог “Ялалтын баярын парад”-ыг үзэх хөтөлбөр байдаг. Энэ парад ОХУ-ын Сибирийн райондоо хамгийн том нь юм. Улаан-Үд хот цэрэг зэвсгийн том үйлдвэрүүдтэй болохоор Эрхүү хотоосоо том парад зохион байгуулдаг. Манайхаас явсан аялагчид энэ парадыг үзэж сонирхоод, Итгэлт хамбад мөргөөд ОХУ-аас худалдан авалт хийгээд ирэх боломжтой. 


-Түрүүн дотоодын аялал гээд хоёулаа яриад сууж байхад би нэг зүйлийг бодож байлаа. Хувиараа аялаад явж байгаа хүмүүсийн тарьсан хог, сэглэсэн байгаль гээд л сэтгэл өвтгөм зураг нийгмийн сүлжээгээр зунжин үзэгддэг. Жишээ нь танай компанийн хувьд аялагчдадаа энэ талаар ямар зөвлөмж зөвлөгөө өгч явдаг юм бэ?
-Энэ бол ганцхан аялал жуулчлалын компани гэлтгүй иргэн бүр цаашлаад Монгол Улсад асуулт болсон эмгэнэл. Байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн Хяргас нуур гэхэд л шуудхан хэлэхэд жорлон болж дууслаа. Энэ нь гадаадын аялагчдаар тогтохгүй дотоодын аялагчид хүртэл аяллын компаниар эх орныхоо үзэсгэлэнт байгальд аялдаг шинэ соёл руу орох ёстой гэдгийг бодит байдал хэлээд өгч байна. Манай компани дотоодын аялал зохион байгуулахдаа тухайн орон нутгийн аяллын компанитай хамтран ажилладаг. Дээр өгүүлсэнчлэн бүх аялал төлөвлөгдсөн тул орон нутгийн аяллын компанийн буудалд аялагчид байрлана. Буудал мэдээж бүх асуудлаа зохицуулсан байдаг тул элдэв асуудал үүсэх боломжгүй. Нэг талдаа ийм хариуцлагатай аяллын сүлжээ орон нутгийн аяллын компаниудыг хөл дээр нь босгох хөшүүрэг болно. 
-Ярилцсанд баярлалаа.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/


0
angry
1
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө