Арван таван настайдаа Монголын эмэгтэй шатарчдаас анх удаа Олон улсын их мастер цол хүртэж, 2011 оноос хойш Монгол Улсын чансааг тасралтгүй тэргүүлж яваа Монгол Улсын Гавьяат тамирчин Батхуягийн МӨНГӨНТУУЛ
* * *
ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын анхны Ерөнхийлөгч асан, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов 2014 онд Завхан аймагт болсон "Өсвөрийн монгол шатарчид- 9999" тэмцээний нээлтэд ирээд байхдаа "Б.Мөнгөнтуул бол шатраар олон улсад Монголыг сурталчилдаг хүн. Олон улсын шатрын холбооны гишүүн 180 орон түүнээр дамжуулж монголчуудыг "оюунлаг үндэстэн" гэдгийг ойлгож авсан" хэмээн бахархан хэлж байлаа. Уг эшлэлээс эрхэм уншигч та нийтлэлийн баатар хэн болохыг даруй ойлгосон байх. Тэр бол Монголоос анх удаа арван тавхан настайдаа Олон улсын их мастер цолыг хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул. "Их мастер" гэдэг бол шатрын спортын дээд оргил цол. Сүмогоор бол Ёкозүна гэсэн үг. Яагаад ингэж адилтгаж байна гэхээр зөвхөн цол авах болзол биелүүлээд зогсохгүй Олон улсын шатрын холбооны хурал дээр албан ёсоор хэлэлцэн баталдаг учиртай. Ийм амжилтад өсвөр насандаа хүрсэн хүн дэлхий дээр хуруу дарам цөөхөн.
Нэгэнт түүний алдраар бичвэрээ эхэлсэн тул гаргасан амжилтуудаас нь энд жаахан дурдахад буруудах юу билээ. Анхны гэж тодотгох зүйл ч цөөнгүй байна. Тухайлбал, Монголын анхны эмэгтэй Их мастераас гадна шатрын спортоос төрсөн анхны Гавьяат тамирчин эмэгтэй. Эрэгтэй төрөлд бас Олон улсын мастер цолтой. Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Ази тивийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний нэг алт, дөрвөн мөнгөн медальт, Дэлхийн шатрын олимпиадын В, С категорийн аварга хүн.
Монголдоо гаргасан амжилт нь бүр тасархай. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд зургаан жил дараалан түрүүлж байсан хийгээд 2011 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын эмэгтэй шатарчдыг 10 жил чансаагаараа тэргүүлж буй. Тиймээс ч түүний амжилтыг Монголын төр үнэлж, 2015 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгосон
Нийгэм шилжихтэй зэрэгцэн, манай улсад мартагдах шахсан олон зүйлийн нэг нь шатрын спорт. Үүнийг дахин олон нийтийн анхаарлын төвд авчирсан гавьяаг мөн л Их мастер Б.Мөнгөнтуултай холбож харахаас аргагүй байдаг. Түүний гаргасан амжилтын суу алдар шатар сонирхогчдын тоог ихэсгэж, энэ спортод шамдан суралцагчдад урам зориг болсон юм. Олон сайн тамирчны замд гэрэл болсон нь нэг хэрэг. Харин шатрын спортод хүмүүсийг даллан дуудаж байгаа нь өнөөгийн цахимжсан нийгэмд хамгийн хэрэгтэй зүйл гэж бодогддог. Шатар бол бодох урлаг. Хүн тэвчээртэйгээр сууж сурах, аливааг олон талаас харах, үйл явдлын дараагийн үр дүнг тооцоолох... зэрэг өдгөө манай хүүхэд, залууст хэрэгтэй олон нандин чадвар энэ тоглоомд оршдог. Энэ өнцгөөс харвал тэрбээр ямар ч маргаангүйгээр зөв ирээдүйд чиглүүлэгч юм.
Эрдэмтний охин Их мастер болсон нь
Их мастер Б.Мөнгөнтуул Улаанбаатар хотод төрж, өссөн хэдий ч аавынхаа нутгийг дагавал Завхан аймгийн Завханмандал сумын харьяат. Аав, ах хоёрынхоо нүүхийг харсаар таван настайдаа хэнээр ч заалгалгүй шатар сурсан тухайгаа дурссан Б.Мөнгөнтуул нэгэнтээ "Би шатар тоглох гэж л төрсөн" гэж байсан удаатай. Түүний эл авьяасыг илрүүлж, дасгалжуулсан хүн бол аав Д.Батхуяг нь Их, дээд сургууль, олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнд багш, математикчаар 40 гаруй жил ажилласан, оюуны спортод хожуу хүч сорьсон ч шатрын "дэд мастер" цол хүртсэн гээд Д.Батхуяг агсан баялаг намтартай хүн байв. Таван настай охиноо аав нь жил орчим бэлтгээд, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оруулахад дэд байр эзэлжээ. Анх удаа тэмцээнд ороод аман хүзүүднэ гэдэг бол хэр ирээдүйтэй шатарчин ирсний нотолгоо шүү дээ. Түүнээс жил гаруйн дараа буюу 1994 онд Унгарт зохион байгуулсан өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нь долоон настай охиныг оюуны спортоос ховхрохооргүйгээр "хадаж" орхиж. Хожим Б.Мөнгөнтуул "Долоон настай байхдаа Унгар улсад зохиогдож байсан Өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд оролцож байхад миний хажууд өнгөт арьстай охин сууж байлаа. Анх удаагаа өнгөт арьстай хүн харж байсан болохоор тоглолт, өргөө бодохгүй тэр хүүхэд рүү харж байгаад аавд загнуулж билээ. Тухайн үедээ их сонирхолтой байсан шүү" гэж дурссан нь бий.
2001 онд шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсад болж, Монгол Улс анх удаа тус төрлөөс медаль хүртэж байв. Тэр медалийг Б.Мөнгөнтуул эх орондоо авчирсан юм. Шатрын спортынхон өдгөө ч "Тэр хүрэл медаль бол алтын дайтай шүү" гэлцдэг. Тэмцээнд нийтдээ 11 өрөг тоглохоос наймд нь дараалан ялж, 1000 гаруй оролцогчийг гайхшируулсан гэдэг юм билээ. Гэтэл аав, охин хоёрт ялимгүй туршлага дутаж, сүүлийн гурван өрөгт дараалан ялагдсан нь гутгаар байрт аваачсан хэрэг л дээ. Их мастер Б.Мөнгөнтуул сүүлд "Ганц өрөгт ялсан бол алтан медаль авах байсан юм. Дэлхийн тэмцээнд анх удаа найман өрөгт дараалан хожил авахаар сүүлдээ нойр ч хүрэхээ больчихдог юм билээ. Эрдэх, айх, сандрах мэдрэмжээс үүдээд тэгсэн байх. Гэхдээ тэр тэмцээн аав бид хоёрт том сургамж, туршлага болсон" гэж байжээ. Үнэхээр тус тэмцээн түүнийг хурцалж, өнөөдрийн Б.Мөнгөнтуулыг "бүтээсэн" ч юм бил үү. Уг тэмцээний дараахан 12 настайдаа Монгол Улсын "Спортын мастер", 13 настайдаа эмэгтэйчүүдийн төрлөөс "Олон улсын мастер", 15 насандаа "Олон улсын их мастер" цол хүртсэн нь Монголд анхны гэх олон тодотгол дагуулсан амжилт байв. Ингэж л эрдэмтний охин Их мастер болсон юм.
Испанийн тэмцээнээс хойш 2005 онд Франц улсад болсон Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Мөнгөнтуул мөнгөн медальтай ирэв ээ. Гэхдээ бас л аваргаас мултарсан харамсал тээжээ. Учир нь алтан медалийн болзол хангасан тамирчид дундаас чансаагаараа тэргүүлсэн ч дэд байр хүртсэн хэрэг. Өсвөрийн дэлхийн аварга болчихлоо гэж бодож байтал нь шүүлтийн өөр арга туршсанаас болоод байр хойшилчихож л дээ. Тухайн жил Б.Мөнгөнтуул 18 настай байж. Тэр тэмцээнд туршсан шүүлтийн аргын нэг онцлог нь нас харгалзаж, оноо бууруулсан явдал юм. Тэмцээнд түрүүлээд мөнгөн медаль авсан учир нь энэ. Гэхдээ Дэлхийн аваргаас хошой медаль хүртэнэ гэдэг чамлах зүйл биш шүү дээ. Хожим Д.Батхуяг агсан охиныхоо эл амжилтыг хэд хэдэн гарын авлага, номонд мөнхөлсөн байдаг.
Орост өнгөрүүлсэн арван жил
Дээр өгүүлсэн жишээнээс Д.Батхуяг агсан мэргэжлийнхнээс дутахааргүйгээр охиноо дасгалжуулж, зөвлөж байсан гэдгийг ойлгосон байх. Охиндоо ямар гараа тохирох хийгээд өрсөлдөгчийнх нь арга барилыг судалж, довтолгоогоо хэрхэн хийвэл оновчтой байх гээд бүхий л мэдээллийг нэгтгэж, тусалдаг, тэмцээнд байнга дагаж явдаг байсныг нь Гавьяат байнга ярьдаг. Б.Мөнгөнтуулыг 12 настай байхад аав нь ОХУ-ын удирдлагын асуудал судлах Олон улсын хүрээлэнд ажиллах томилолт авчээ. Охиноо орос хэлтэй, басхүү сайн шатарчин болгох хүсэлтэй тул даруй зөвшөөрч, гэр бүлийн хамт Москвад суурьшсан байна. ШУТИС-ийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаал аваад удаагүй байсан ч "Охинд маань хэрэгтэй" гээд түүнээ өгөөд ОХУ-ыг зорьсон гэдэг. Б.Мөнгөнтуулын өсвөрийн улсын аваргын олон дараалсан түрүү зургаа дахь дээрээ тасарсан нь ийм учиртай.
Тэгэхэд 2000 он байв. Б.Мөнгөнтуул Моксва хотын Коньково дүүргийн 20 дугаар дунд сургуульд ахын хамт элсэн орж, 2005 онд дүүргэжээ. Энэ хугацаандаа ОХУ-д зохион байгуулсан тэмцээнүүдэд чамлахааргүй амжилт гаргасан байдаг. 2003, 2009 онд ОХУ-ын эмэгтэйчүүдийн хурдан болон блиц тоглолтын аварга болж, "Орос улсын аварга" цолыг хоёр удаа хүртсэн, 2005 онд Москва хотын дэд аварга болсон, 2007 онд ОХУ-ын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2010, 2011 онд ОХУ-ын багийн аваргын хошой мөнгөн медаль гээд хөвөрнө.
Түүний ээж морин спортын мастер цол хүртсэн Монголын гурав дахь эмэгтэй тамирчин Л.Наранцэцэг гэдэг хүн бий. Хүүхэд төрүүлснийхээ дараа спортоо орхиж, улмаар барилгын салбарт бизнес эрхэлжээ. Б.Мөнгөнтуулыг шатраар хичээллүүлэхийн төлөө нөхөртэйгөө эн тэнцүү хөдөлмөрлөсөн тухай ойрын хүмүүс нь хэлэх юм билээ. Нөхөр нь Орост сургуулийн үнэгүй байранд байх боловч цалин тун муутай. Тиймээс Л.Наранцэцэг хавар, зун, намрын улиралд Монголдоо бизнесээ хийж, охиныхоо гадаадад тэмцээн, уралдаанд явах зардлыг зохицуулдаг байсан гэдэг. Б.Мөнгөнтуулыг ахлах сургуулиа төгсөх жил нь ОХУ-ын Нийгмийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч уулзаж, шатрын тэнхим нээж байгааг хэлээд, тус ангидаа элсэхийг урьсан аж. Хэдийгээр гэрээс нь 2-3 цаг явж хүрэх зайтай ч "Тэмцээнд оролцоход чинь дэмжинэ" гэж ятгасан тул зөвшөөрчээ. Ингээд мэргэжлийн багш нартай хичээллэх болсон байна. Аавынх нь томилолт дууссан тул гэр бүл нь 2008 онд Монгол руугаа буцаж, Б.Мөнгөнтуул сургуулиа төгсөөд хойноос нь иржээ. Орост байх хугацаандаа хичээлдээ явахын хажуугаар өдөрт зургаан цаг бэлтгэл хийдэг байсан аж. Хичээлийнхээ хажуугаар Москвагийн хүүхдийн шатрын ордонд хичээлд хамрагддаг тул тоглож наадах зав муутай байсан тухайгаа дурссан нь бий. Гэхдээ хааяа бэлтгэлийн дундуур сэргэх зорилгоор цанаар гулгах завдал бол гардаг л байж.
Дайчин чанар хийгээд халуун сэтгэл
Б.Мөнгөнтуулыг харсан хүмүүс "Ямар даруухан хүн бэ" гэж товчхон дүгнэх нь элбэг. Үнэхээр ч зав гарвал уран зохиол, шатрын ном уншиж суудаг, үг дуу цөөтэй хүнийг өөрөөр яаж ч тодорхойлох билээ. Магадгүй, шатар түүнд сэтгэл хөдлөлөө нуухыг сургасан ч байж мэднэ. Тэгвэл найз нөхөд, багш нь түүнийг шаргуу, хөгжилтэй, хөдөлмөрч, дайчин гэж тодорхойлдог. Үүнд ч үнэний ор бий. Багадаа аав, ах, эгч гээд хүн бүгдтэй шатар тоглохоор шалдаг боловч ихэнхдээ аав нь зөвшөөрдөг байсан тухай Гавьяат тамирчин цол хүртээд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг юм. УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан "Кумсула буюу элстэй газар" бичвэртээ түүний тухай "Аав нь манай охинтой нэг тоглоодох л доо. Надаас өөр тоглох хүн олдохгүй юм. Нүүе гээд шалаад салахгүй хэцүү хүүхэд байгаа юм. Ганцхан хүнтэй тоглож байснаас өөр хүмүүстэй нүүг л дээ гэнэ. Би эхэлж, ганц хоёр нүүгээд зуслангийн автобус явах цаг боллоо, энэ тэр гээд дараа завтай болохоороо хоёулаа тоглоно ч гэх юм уу аргалаад гардаг байж билээ" гэж бичсэн байдаг.
Харин Их мастер Б.Гүндаваа "Зургаан настайгаас нь хойш 20 гаруй жил мэднэ. Б.Мөнгөнтуул хурц тоглолттой. Тактикийн өндөр мэдрэмжтэй. Түүнийгээ сайн ашигладаг" гэсэн бол Халимагийн Их мастер Кобанова Байра "Б.Мөнгөнтуултай анх өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнээр таарч тоглож байсан. Түүнээс хойш бид найзууд болсон. Их дайчин, хурц тоглолттой" гэж дүгнэсэн байдаг юм. Харин түүний багш П.Жигжидсүрэн "Шавь минь бүхий л амьдралаа шатарт зориулж яваа. Б.Мөнгөнтуул надад шавь орсноосоо хойш ердөө хоёр жилийн дараа Олон улсын мастер болсон. Мэдээж хөдөлмөрлөж байж амжилт гаргана. Б.Мөнгөнтуулын хувьд байгалиас заяасан авьяастай. Түүнийгээ өөрөө ч сайн хөгжүүлсэн" гэсэн удаатай. Хадамд очиж, хоёр хүүхдийн ээж болсон Б.Мөнгөнтуул өнгөрсөн онд Дэлхийн шатрын холбооны шүүгч болсон юм. Энэ авьяаслаг, ухаалаг эмэгтэй дан ганц шатар тоглодог, шүүдэг, шатраар эх орноо дэлхийд сурталчилдаг төдийхөн хүн биш ээ. Бас шатраар дамжуулан сайн үйл хийдэг халуун сэтгэлтэн.
Ойрхны жишээ гэхэд 2020 оны дөрөвдүгээр сарын 25-нд "Бид нэг гэр бүл" Монголын шилдэг тамирчид оролцсон хандивын цахим зэрэг тоглолтыг зохиож байлаа. Монголын шилдэг 14 шатарчин тус бүрдээ 20 хүнтэй зэрэг тоглосон тоглолт л доо. Оролцох хүмүүс өөрсдийнхөө сэтгэлээр хандиваа өгөх учиртай. Уг хандивын аянаар цуглуулсан мөнгөө Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилчдад хандивласан. Ийм л халуун сэтгэлтэй суутан, Монголоо дэлхийд сурталчилж яваа эмэгтэй бидний дунд оршиж байна даа.
"Зууны 100 эмэгтэй" II ботиос...
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна