Г.Гантүвшин: Өсвөр насныхан цахим орчинд сэтгэлзүйн дайралтад өртөж байна



Улсын хэмжээнд  “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аян  энэ оны дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ны хооронд үргэлжилж байна.  Энэ аянаар өсвөр насны хүүхдүүдийн дунд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, үе тэнгийн дээрэлхэл болон ялгаварлан гадуурхалтыг зогсоох, урьдчилан, сэргийлэх, тэдэнд ухуулга, таниулга хийх зорилготойгоор ЦЕГ, Боловсролын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд ямар ажил хэрэгжүүлж байгаа талаар  Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Гантүвшинтэй ярилцаа.

 

-Сонгинохайрхан дүүрэг нийслэлдээ хамгийн их  хүн амтай. “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд тус дүүрэгт ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-ЦЕГ болон Боловсролын ерөнхий газраас хамтран гаргасан удирдамж, төлөвлөгөөний дагуу цагдаагийн байгууллагууд тухайн  хариуцсан нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохируулан тодорхой ажил зохион байгуулж, ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хэмжээнд хүн ам, нутаг дэвсгэрийн онцлогоороо хамгийн томоохонд тооцогддог. Манай дүүрэг 330 гаруй мянган хүн амтай. Үүнээс ЕБС-ийн насны 13 мянга гаруй сурагчтай. Манай Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст төрийн өмчийн 12, хувийн хэвшлийн хоёр, нийт 14 ЕБС үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн дөрвөн их, дээд сургууль, 24 цэцэрлэг  манайд харьяалагддаг.  Тус дүүрэг 43 хороотойгоос 18 нь манай хэлтэст  харьяалагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Аян эхэлснээс хойш сургуулийн өсвөр насны хүүхдийн гэмт хэрэг зөрчлийг бууруулах, үе тэнгийн дээрэлхэлийн ялгаварлан гадуурхалтын шалтгаан нөхцөлийг арилгах, ойлгуулах  чиглэлээр соён гэгээрүүлэлтийн 54 сургалтад 6789 сурагчийг хамруулан ажиллалаа. Аяны хүрээнд төлөвлөгөөнд заасан ажлыг шат дараатайгаар хэрэгжүүллээ. Боловсролын ерөнхий газраас нутаг дэвсгэрээ хариуцсан сургуулиудад удирдамж хүргүүлсэн. Удирдамжид тусгасан ажлын дагуу ЕБС-ууд сурагчдадаа сургалт, таниулга хийж, хамтран зохион байгуулж байгуулж байна.

-Өсвөр үеийнхний дунд дээрэлхэлт, гадуурхалт хэр байна вэ?

-Аян эхэлснээс хойш манай хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой дуудлага бүртгэгдээгүй байна. Далд хэлбэртэй буюу хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөөд байгаагаа мэдэхгүй, өртсөн тохиолдолд хэнд хэлж, хаана хандахаа мэдэхгүй, айдаг, ичдэг, нуудаг тохиолдол байсан. Харин сургалт зохион байгуулсны үр дүнд сурагчид маань хаана хандах, эрхээ яаж хамгаалахаа мэддэг боллоо. Эцэг эх, асран хамгаалагчид нь мэдээлэлтэй болж байна. Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдын  хандлага өөр болж, харилцаа нь сэргэж байна. Эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал нь дээшиллээ.

-Та хүүхдийн асуудал хариуцсан байцаагч. Хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд өртөх нь хэр байна вэ?

-Он гарсаар сургуулийн орчноос гадна гудамж  талбай, олон нийтийн газар маргаан үүсгэх, нэгнийгээ цахим орчинд ялгаварлан гадуурхах гэх мэт сэтгэл зүйн дарамтын шинжтэй үйлдэл гаргасантай холбоотой  долоон   гомдол мэдээлэл ирсэн. Энэ асуудлыг шалгаж, шалтгаан нөхцөлийг нь тогтоох чиглэлээр ажиллаж байна.  Мөн гурван сургуульд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг гаргуулахгүй байх чиглэлээр мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн. Шаардлагын мөрөөр хийсэн ажилтай нь танилцсан.

Сургуулийн орчин, гудамж талбайд гэмт хэрэг, зөрчилд өртөх тохиолдол бага. Хүүхдүүд маань гаднын халдлага, хүчирхийлэлд  өртөх  тохиолдол нэмэгдэх ханд­лагатай байна. Тиймээс бид өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд анхаарч ажиллан, “Чи ганцаараа биш” зэрэг аяныг зохион байгуулж ирсэн.

-Дээрэлхэлтэд өртсөн хүүхэд хуулийн байгууллагад хандаж, мэдэгдэхээр эргээд олны анхааралд өртөж, сургуулийн орчинд танигдаж, хохирсон дээрээ хохирогч, сэтгэл зүйн дарамтад өртөж байна гэдэг. Хохирогчийг олонд таниулахгүй байх чиглэлд ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Бид Боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайн дүүргийн Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын хэлтэс, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч гэсэн баг бүрэлдэхүүнтэй хамтран ажиллаж, тухайн хохирогч хүүхдэд чиглэсэн төлөвлөгөө гарган ажилладаг.  Анги хамт олон дунд нь болсон асуудлыг нийтийн дунд зарлаж, сургалт соён гэгээрүүлэх ажил хийх нь өрөөсгөл ойлголт. Нийтэд нь гэмт хэрэг, зөрчлийн талаар ерөнхий ойлголтыг өгч ажилладаг. Тухайлсан сургууль болон анги дотор болсон асуудалд хүүхдүүдтэй нэг бүрчлэн уулзаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч зохион байгуулдаг.

-Ямар орчинд хүүхэд дээрэл­хэлтэд өртөж, эсвэл бусдыг дээрэлхээд байна вэ?

-Өсвөр насныхан цахим орчинд бие биеийнхээ сэтгэл зүй рүү чиглэж дайрах, доромжлох, ялгаварлах гадуурхалт хийж байна.  Тухайн эцэг эхийн хараа хяналт сул,  гэр бүлдээ ярилцах  хүнгүй, ганцаардмал, ар гэртээ үл хайхралтад өртсөн, бусдаас хайр халамж дутсан хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Хүүхэд гэдэг өөрөө эмзэг байдаг. Бусдын анхааралд өртөхийн тулд санаатай болон санамсаргүй байдлаар үе тэнгийн дээрэлхэл үйлдэж эсвэл  өөрөө өртөж  байна.  Сургуулийн орчинд багшийн ёс зүйгээс шалт­гаалсан асуудал ч гарч байна. Дээрэлхэл, гадуурхалтад өртсөн сурагч анги, хамт олноосоо зож­гирч, сурах сонирхолгүй болж байна. Нийгмийн олон хүчин зүйл гарч шалтгаалж байгаа юм.

-Эцэг, эхчүүдэд хандаж юу зөвлөх вэ?

-Сүүлийн үед цахим орчин, гар утасны хэрэглээ өндөр болсон. Хүүхдүүддээ тавих хараа хяналт буурсан. Хүүхдүүд хаана, хэнтэй нийлж байна, цахим орчинд хэнтэй харилцаад байгааг тэр бүр хянаж чаддаггүй. Тиймээс хүүхэд амьд харилцааг гадаад орчноос хайж байна. Цахим орчинд ямар ч хүнтэй нийлж болно. Тухайн хүүхдийг гэмт хэрэгт өртүүлэх, уруу татах хүн ч гарч ирнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхэд нь үл хайхрах хүчирхийлэл өртөөд байгаагаа мэдэхгүй байна. Үүнээс үүдэж хүүхэд гэмт хэргийн субьект болж байна. Хүүхдийн суурь хүмүүжил бол гэр бүл. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ сайн анхаарах хэрэгтэй.

-ЕБС-ийн аль ангид зөрчил их гарч байна вэ?

-Дунд болон дундаас дээших ахлах ангийн сурагчид зөрчилд өртөх нь элбэг байна.  Төгсөх ангийнхан гэмт хэрэг, зөрчилд өртөөд байдаггүй.

-Энэ аянаар ямар үр дүн гарах вэ?

-“Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд багш, эцэг эх, хүүхдийн хууль, эрх зүйн мэд­лэг дээшилнэ. 2024 оны есдү­гээр сарын 1-нээс мөрдөж эх­лэх Хүүхэд хамгааллын хуульд ялгаварлан гадуурхвал хариуц­лага тооцох заалттай байгаа. Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртүүлсэн бол эцэг эх, асран хамгаалагчдад хуулийн хариуцлага тооцно. Энэ талаар эцэг эх, сурагчдад мэдээлэл өгсөн. Иргэдийн эрх зүйн боловсрол дээшилснээр хариуцлага дээшилж, хандлага өөрчлөгдөнө.

Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 3 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 4 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 5 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 7 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 7 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 7 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 11 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 11 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 11 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 11 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 12 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 12 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 12 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18