Монголчууд байгалийн баялгаас ашиг хүртэх боломж хууль эрх зүйн хүрээнд баталгаажив. Тодруулбал, УИХ-ын нэгдсэн чуулганаар Баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталснаар олон боломж хуулийн хүрээнд бий боллоо. Манай Улс Баялгийн сангийн тухай хуультай болох нь зүйтэй гэж үзсэн ч олонхоор санал нэгдэн, баталж чадахгүй явсаар өдийг хүрсэн байдаг. Үндсэндээ энэ талаар 10 гаруй жилийн хугацаанд маргалдан талцсан ч Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар энэ хуулийн төсөлд санал нэгдэн, эцэслэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Засгийн газраас энэ сарын 3-ны өдөр УИХ-д нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүй, техникийн шинжтэй засваруудыг хийсэн байна. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг үндэслэн хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол, дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн Б.Баттөмөр гишүүн танилцууллаа. Иймд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарын төсөл, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэнтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан санаачлан боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт асууж, үг хэлээгүй гэдгийг санал, дүгнэлтэд дурдав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 69.2 хувь нь дэмжсэн тул Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын долоо нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байгааг УИХ удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно. Ордон дотор хүчин мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. МАНАН хэмээн томьёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав. Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна” гэсэн юм. Ийнүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталсан бөгөөд Ерөнхий сайд "Монгол Улс анх удаа баялгийн нэгдсэн сантай боллоо. Парламентад суудалтай гурван намын дарга энэ хуулийн төсөл дээр зөвшилцөж чадсан. АН, ХҮН-ын дарга нарт талархаж байна. Баялагтаа эзэн болох эхлэлийг энэ хуулиар тавилаа. Сингапурын баялгийн сангийн зарчмаар энэ хуулийг баталсан. Үржүүлэхийн хүрд шиг ажиллаж чадвал орон сууцны санхүүжилтийг энэ сангаас бүрдүүлэх, эдийн засаг тэлэх боломжтой. Бид эдийн засгаа 100 их наяд төгрөгт хүргэхийг зорино” хэмээн тодотголоо. Баялгийн сангийн хуулийн хүрээнд гурван сан байгуулж, орлого төвлөрүүлнэ. Тодруулбал, Ирээдүйн өв сан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлогоос бүрдэнэ. Хөгжлийн сан нь уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх болон түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгаас бүрдэнэ. Хуримтлалын сангийн эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ. Орлого төвлөрүүлэгч этгээд нь 100 хувь төрийн өмчит компани байх бөгөөд хувьцааг Засгийн газар эзэмшихээр зохицуулжээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна