Малчид малын бэлчээр, ус ундаа бараадан уулын ам хөндий, ус голын ойролцоо ганц хоёроороо нүүдэллэн амьдарсаар сүүлийн 30 гаруй жилийг өнгөрөөж байна. Энэ нь нэгдэл гээч хамтын социалист маягийн амьдрал задарч малаа хувьчилж авснаас хойших хугацаа л даа. Энэ хугацаанд мал сүрэг тооны хувьд нэлээд өсөж баг, сумдад мянгат малчид, сум, аймаг, улсын сайн малчид, Алтан төлийн эзэд гээд алдартнууд олноор төрөн гарсныг бид мэднэ. Тэгэвч малын төл хүлээн авч бойжуулах, мал ноослох, хадлан өвс бэлтгэх гээд хүн хүч шаардах цөөнгүй ажилд хүчин мөхөсдөж ядарч зүдрэх тохиолдол бишгүйдээ л гардаг болсон нь нууц биш. Энэ мэт бэрхшээлийг хохирол багатай даван туулахад хүний нөөц, нэгдсэн хүч хөдөлмөр хэрэгтэй. Монголын ухаант мэргэд “Олны хүч оломгүй далай” гэх зэргээр цэцлэн ярьж, сургасаар ирсэн билээ. Тиймээс ч нэлээд хэдэн жилийн өмнөөс малчдын дунд хоршоо маягаар нэгдэн ажиллах хөдөлгөөн гарч байснаа бараа сураг тасарсан гэхэд болно. Тэгвэл одоо “Малчин өрхийн холбоо” байгуулж ажиллах тухай дээр, доргүй ярьж эхэллээ. Энэ нь цас зудын хүнд бэрхийг туулж арайхийн урин хавартай учирч байгаа малчдад таатай л сонсогдож байгаа байх. Тиймээс хууль журмыг нь хурдхан батлаад, ажил хэрэг болгож эхлүүштэй санагдана. Энэ талаар өөрийн бодлыг хуваалцахыг зорьж хэдэн санаа, өлгөц болгон бичье.
Малчин өрхийн холбоонд ус бэлчээр ойр нэг довны хориод малчин өрх нэгдлээ гэхэд дотроо 4-5 малчин өрх ойр саахалтаараа нийлж нэг хэсэг /хот айл/ болж дундаасаа ахлагчаа томилж ажиллах нь зүйтэй байх. Тэгээд малын бэлчээр, ус ундаа цаг улирлын байдлаар хуваарьтай ашиглан малаа хэсгээрээ, хот, саахалтаараа хишиглэн /ээлжээр/ хариулж өвс тэжээл бэлтгэх, мал ноослох, төл хүлээн авч бойжуулах, нүүдэл суудал хийх гээд бүхий л ажлаа хэсгийнхээ өрхийн холбооныхоо тус дэм, хамтын хүчээр хийгээд явахад цаг алдаж цалгардахгүй дээ. Хашаа саравчийг засаж тохицуулах, худаг ус гаргах зэрэгт хүн хүчээ дотроо хуваарилаад хамтраад хийгээд явж болно. Тэр ч байтугай идэж ууж төхөөрөх, малын арьс шир түүхий эд, мал, махаа зах зээлд хүргэж борлуулах зэрэгт холбоо, хэсгээсээ төлөөлөх хүн хүч, хөсөг уналга гаргаад бүтээчихдэг болбол хүн хүч явдал чирэгдэл багатай болох талтай санагдана. Цаашид малынхаа эрүүл мэнд, үржил шим, чанар чансаа, ашиг шимийг арвитгах талаар анхаарч хэд хэдэн хэсэг /хот айл/ болж чадвал Малчдын өрхийн холбоондоо мал эмнэлэг үржлийн салбартай болж ч болох мэт. Мөн холбооныхоо дүрэм журмын дагуу дундын сантай болж зохих журмынхаа дагуу аривтгаад, зарцуулаад явах нь зөв байх. Тэгэхгүй бол хүний гар, хандив, тусламж горьдсон байдалд хүрнэ шүү дээ. Малчдын өрхийн холбоонд нэгдсэн айлууд маань зарим нь хүн бүл олонтой байхад зарим нь цөөнтэй байх нь мэдээж. Ийм нөхцөлд хэсгийнхээ дотор л гэхэд төл бойжуулах, өвс тэжээл бэлтгэх, мал ноослох, хашаа сарав барих гээд хүн хүч их шаардагдах үед хүн бүл олонтой айлаас ажиллах хүчээр дутагдалтай нэгэндээ хүн хүч илүүчилж олон цөөн хоногоор туслуулаад явах боломжтой. Цаашид малчин өрхийн холбоо өргөжиж, хагас суурьшлын байдлаар хөгжөөд эрчимжсэн мал аж ахуйг эрхлээд явахад айраг, сүү, цагаан идээ тэр ч байтугай арьс шир, түүхий эд, ноос, ноолуураа ч боловсруулж үнэд хүргэх өрхийн үйлдвэрлэл өргөжин тэлэх үүд хаалга нээлттэй болох юм. Ялангуяа бүсчилсэн хөгжлийн цогц бодлого хөдөө нутагт дэлгэрч дэгжихэд бүр ч таатай суурь үндэс нь болох талтай санагдана. Тэр ч байтугай хажуугаар нь талхлагдсан бэлчээрээ сэргээх, малын тэжээл, хүнсний ногоо тариалах зэрэг ажлыг ч хослуулаад явж болох юм. Нэгэнт хүчээ нэгтгээд хамтран ажиллаад яваа болохоор сум аймгийн төвд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдээ эргэж тойрох, хоол ундны юм дөхүүлэх зэрэгт айл бүр жаахан юм тээж, ганзагалаад явах биш хэсгээрээ ярьж нэгдээд хүн томилон явуулаад байж ч болох жишээтэй.
Байгалийн аюулт үзэгдэл, зудад малаа барж хотоо харлуулсан малчин өрх олон зуугаар тоологдож байгаа өнөөгийн нөхцөлд тэднийг малжуулах ажлыг дээрээс зохион тусалж байгаагийн хажуугаар тэднийг хот суурин газар бараадан шилжиж нүүхээс нь өмнө хөдөө орон нутагтаа авч үлдэх ухаан сүвэгчилж тодорхой хугацаагаар хамжаа, туслах малчин болгон ажиллуулж, хүлээн авч бойжуулсан төл, хийсэн ажлын хэр хэмжээгээр хурга ишиг төлөг борлонгоос эхлээд амьжиргаанд нь тус болох мал өгч, сэтгэл санааг нь сэргээн дамжих хэрэгтэй юм шиг. Тэгээд ч “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэх зэрэг мэргэн үгийн үлгэрээр аливаа ажил үйлсээ холбоо, хэсгээрээ /хот айл/ хэлэлцэж зөвлөөд хамтын хүчээр гүйцэтгээд алдаа, оноогоо тухай бүрд дүгнэж цэгнээд явбал амжилт бүтээл өрнөж, амьдрал ахуй нь дэгжээд хөгжөөд явах нь дамжиггүй. Энэ бүхнээс эргэцүүлэн бодохуйд Малчдын өрхийн холбоо гэх энэ шинэ бүтээл хөдөлмөрийн нэгдмэл орчин чухамхүү цаг үеэ онож олсон сайхан санаачилга, саруул ирээдүй хэмээн харж дэмжиж бодлоо хуваалцаж байгаа минь энэ юм.
Ю.Санжаагончиг
/Ахмад зохиолч, сэтгүүлч/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна