Ж.Чинбүрэн: Эм үнэтэй хэрнээ чанаргүй байгааг иргэд гэрчилсэн


  Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус Түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.01) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Ж.Чинбүрэн: Үнэ дагаж чанар тогтдог зарчим Монгол Улсын эмийн салбарт эсрэгээрээ үйлчилж, эм үнэтэй хэрнээ чанаргүй байгааг иргэд гэрчилсэн

    Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.6-д иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно гэж заасан. Энэ заалтыг иргэд зайлшгүй мэдэж, мэдэрч байх ёстой. Тийм ч учраас энэ сонсголын онцлог нь иргэдээ сонссон. Сонсголын эхний өдөр өвчин зовлонг үзэж туулж яваа ард иргэдийн төлөөллийг гэрчээр оролцууллаа. Тэр тусмаа архаг хууч өвчтэй, удаан хугацаагаар эм хэрэглэж буй бүлэг хүмүүсийн төлөөллийг оролцуулж, тэдгээр иргэдийн дуу хоолойг төр сонссон. Тухайлбал, В, Д вирустэй, чихрийн шижинтэй, таталт уналттай, хорт хавдраар өвчилж, даван туулагсдын төлөөлөл сонсголд ирж үг, саналаа хэлсэн. Гэрчээр оролцсон иргэд эрүүл мэндийн салбарын тогтолцооны зарим гажуудал иргэдийн нуруун дээр хүндрэл болж бууж байгаа тухай хэлсэн. Үнэ дагаж чанар тогтдог зарчим Монгол Улсын эмийн салбарт эсрэгээрээ үйлчилж, эм үнэтэй хэрнээ чанаргүй байна гэдэг гэрчлэлийг иргэд хэлсэн. Тухайлбал, “Үнийн хөнгөлөлтөд хамруулаагүй байхад 15 мянган төгрөгөөр авдаг байсан эм хөнгөлөлтөд хамрагддаг болсноор 45 мянган төгрөг болчихлоо” гэж в, д вирустэй иргэдийн төлөөлөл хэлсэн. Уналт таталттай иргэдийн төлөөлөл “Байнга хэрэглэдэг эм нь Монголд ороод ирсэн хэрнээ эмийн бүртгэлд бүртгээгүйгээс болоод авч чадахгүй байна” гэдэг зүйлийг ярьсан нь анхаарал татсан. Өөрөөр хэлбэл, иргэд эрүүл мэндийн салбарын удирдамж нь чанартай эмийн хүртээмжийг бий болгож чадахгүй байгаа жишээг гэрчилсэн.


    Сонсголоор хөндөгдсөн заавал тэмдэглэж хэлэх ёстой асуудлын нэг нь эмийн чанар шалгадаг лабораторийн үйл ажиллагаа тоног төхөөрөмжийн эвдрэлээс болоод доголдсон. Нөхцөл байдал хүнд байхад Эрүүл мэндийн үе үеийн сайдууд нэг ч удаа очиж танилцаагүй нь харамсмаар байсан. Сайн мэдээ нь гадны хөрөнгө оруулалт буюу ДЭМБ-аас лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх гэж буй тухай салбарын удирдлагууд сонсголд оролцохдоо хэллээ. Түүнчлэн, эмийн чанарыг шалгахдаа  улсын мэдлийн нэг лабораторид шинжлүүлээд тэнцэхгүй гэсэн хариу гарахаар нөгөө лабораторид нь шинжлүүлээд тэнцүүлчихдэг, ингэж шинжилгээний хариу зөрж байхад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж авдаг буруу тогтолцооны жишгийг баримт нотолгоотойгоор гаргаж ирсэн.

    Сонсголоос харагдсан бас нэг асуудал, гаальд мэдүүлж байгаа ханган нийлүүлэгч байгууллагын эмийн үнийг жижиглэнгээр зарж байгаа үнийн нэгжээр мэдүүлдэг болгох тогтолцоог хэрэгжүүлдэг болох шаардлага тулгарч байна. Ингэснээр ард иргэд  жижиглэнгээр буюу эмийн сангаас авч байгаа үнэ хилээр оруулж ирж буй үнээс хэд дахин илүү болж нугарсан бэ гэдгийг мэдэх, хянах боломж бүрдэнэ. Иргэдийн энэ хяналт тухайн эмийн үнийн өсөлтөд бодитой хяналт болно гэдэгт Түр хорооны гишүүд санал нэгтэй байна.

    Заавал тэмдэглэж хэлэх өөр нэг асуудал бол Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн үнийн өсөлт, чанарын хяналтын асуудлаар сонсгол хийсэн. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ, эмч нарын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөөгүй. Өнөөдөр Монгол Улсад эмчийн ур чадвар дутсан зүйл хараахан байхгүй. Эмч нар, эрүүл мэндийн салбарынхан хичээн ажиллаж, дэлхийд нэвтэрч буй олон олон эмчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлж, эмчилдэг болсон. Гэтэл энэ салбарт ашиг сонирхлын нэгдмэл байдлаар сүлбэлдсэн тогтолцоо цагаан халаадтай эмч нарын араар “нуугдаж”, эмч нар, эрүүл мэндийн салбарынхны ажлыг сулруулж, харлуулж байна.

    Түр хорооноос Авлигатай тэмцэх газарт  200 гаруй албан тушаалтан эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд хамаарал бүхий, нэгдмэл ашиг сонирхолтой байж болзошгүй талаар мэдээ материалыг өгч байна. Энэ нь гэм буруутай гэж шууд тогтоож байгаа гэсэн үг биш ээ. Харин шийдвэр гаргахдаа тухайн нэгдмэл сонирхолтой байгууллагынхаа эрх ашгийн төлөө асуудалд ханддаг уу гэдгийг шалгаарай гэж өгч байна. Илт гэмт хэргийн шинж чанартай материалыг ч хууль хяналтын байгууллагуудад шалгуулахаар өглөө.  

М.Оюунчимэг: Монгол хүний эрүүл мэндээр бизнес хийдэг үйлдлийг таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна


    Салбарын бодлогыг зохицуулах ёстой яам нь өөрөө компанийн эрх ашиг, нэгдмэл сонирхлын төвлөрөл болчихсон, цөөхөн компани эм хангах нийлүүлэх чиглэлд монополь тогтоочихсон, энэ аалзны тор бэхжих тал руугаа явж байхад Түр хорооны сонсголоор үүнийг задлах баримт нотолгоог гаргаж тавилаа. Цаашид ямар үр дүн гарах вэ гэдэг иргэн бүрийн хүлээлт байна. Эхнээсээ үр дүн гарч байгаа. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслөө яаралтай батлуулах ёстой байсан. Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар  хэлэлцээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ. Нөгөө талаар эмийн чанар шалгадаг, шинжилдэг лабораторийн санхүүжилт шийдэгдэж, тоног төхөөрөмж засварлах ажил эхэлж байгааг Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ.

    Одоо эмийн үнийн өсөлт, чанартай холбоотой асуудалд мэргэжлийн байгууллагууд, Эмийн агентлаг анхаарал хандуулж, ажиллах хэрэгтэй. Монгол хүний эрүүл мэндээр бохир бизнес хийдэг энэ үйлдэлд хууль хяналтын байгууллагууд анхаарал хандуулж, таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна. Иргэдээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд бид ч байнга анхаарал тавьж, явна. Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо үүргээ гүйцэтгэсэн.

Б.Жаргалмаа: Монополь компаниудын олсон 4-5 дахин цэвэр ашиг иргэдийн халаасыг тэмтэрсэн үнийн өсөлт байсан нь харагдлаа

 

    “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж байгаа эм, зайлшгүй шаардлагатай хөнгөлттэй эмийн жагсаалтыг гаргаж байгаа албан тушаалтнууд бүгд буруу нөлөөлөл үзүүлсэн,  хамаарал бүхий байсан гэж Түр хороо үзээгүй. Тодорхой хэмжээнд нөлөө бүхий албан тушаалтнууд байна гэдгийг гаргаж тавьсан. Одоо хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоох ёстой. Нөгөө талаар эмийн салбарт төрийн бодлого үгүйлэгдэж байна. Эмийг хэрхэн бүртгэх, хуваарилах, үнийн дээд хязгаарыг хэрхэн тогтоох вэ гэдэгт төр бодлогоо гаргах зайлшгүй шаардлага байгаа нь тодорхой болсон. Ганцхан жишээ хэлэхэд, эмийн салбарт ажиллаж байгаа монополь компаниудын олсон 4-5 дахин цэвэр ашиг иргэдийн халаасыг тэмтэрсэн эмийн үнийн өсөлт байсан нь тодорхой харагдлаа.

    Одоо Эрүүл мэндийн яам болон энэ салбарт ажиллаж буй албан тушаалтнууд нөлөө бүхий хамааралтай асуудлаа цэгцлэх, Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллага арга хэмжээ авах асуудал үлдлээ. Энэ шаардлага хангагдсанаар ард иргэд чанартай эм хэрэглэх, хууль бус үнийн өсөлтөд нэрвэгдэхгүй байх боломжийг нээж өгнө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр