Мал аж ахуйн салбарт шинэчлэл авчрах “Шинэ хоршоо хөдөлгөөн” гараанаас гарлаа


ШИНЭ ХӨДӨӨ

 Туулай жилийн төмөр зуд ард хоцорлоо. Тарга тэвээргээ баран байж тэсэж үлдсэн мал, тамир тэнхээ, таван цаасаа шавхан байж тэмцэж давсан малчин хоёр сая нэг зоо тэнийж байна. Гэвч уламжлан эрхэлсэн хөдөлмөр, өсгөсөн мал сүргээ барж дууссан малчид цаашид яаж амьдрах, зээлээ хэрхэн төлөх, үлдсэн малаа зараад төв бараадах уу гэсэн сонголтын өмнө ирээд байна. Улаанбаатар руу нүүлээ гэхэд агаар, хөрс нь бохирдсон, дуу чимээ нүргэлсэн их хотод идээших үү, тэнд ажил олж, амьдрал ахуйгаа дээшлүүлж чадах уу гэсэн түмэн бодол, мянган асуултад ээрэгдсэн хэвээр л байна. Дараа өвөл ч үргэлжилж мэдэх байгалийн сорилтыг дан ганц малчин давж гарахгүй нь нэгэнт тодорхой болсон энэ цагт хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, амьдарч байгаа малчдынхаа хөрөнгө орлого, амьжиргааг хамгаалах, мал аж ахуйн салбарт шинэ сэргэлтийг авчрах “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг Монгол Улсын Засгийн газраас улс орон даяар өрнүүлж эхэллээ. Засгийн газар Монгол орны өнцөг булан бүрээс 3000 гаруй малчныг нийслэл хотод урьж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг танилцуулав. Малчдыг ирэхээс хэдхэн хоногийн өмнө Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-аар баталсан бол Засгийн газар таван их наядын “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг батлаад байв. Харин баталсан хууль, хөтөлбөрөө малчдадаа танилцуулж, ойлгуулах нь тус хөдөлгөөн үр дүнтэй хэрэгжихийн нэн тэргүүний зорилт билээ.

У.Хүрэлсүх: “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д сайн дураараа нэгдэн ажиллахыг уриалж байна


“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлсэн юм. “Тэртээ 100 гаруй жилийн өмнө монголчууд бид хөгжлийн суурь бодлогоо иргэдийн эвлэлдэн нэгдэл буюу Үндэсний хоршоо байгуулах явдал хэмээн тодорхойлж, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Д.Бодоо, Г.Чагдаржав нарын санаачилга, тухайн үеийн Сангийн яамны тэргүүн сайд С.Данзан тэргүүтэй хүмүүсийн дэмжлэгтэйгээр Монгол ардын харилцан туслалцах хоршоог анх байгуулж байсан билээ. Зуун жилийн түүхийг өртөөлсөн хоршоолол өнөөдөр 5081 хоршоо, 241 мянга гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 49.6 тэрбум төгрөгт хүрч, хөдөлмөрөөрөө хоршин, хүртэх орлого ашгаа нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна” хэмээн тодотгосон юм. Мөн нийгэм эдийн засгийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хоршоологчдын үйл ажиллагаанд Улсын Их Хурал, Засгийн газраас анхаарал хандуулж, жижиг, дунд үйлдвэр хоршоогоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор хоршоог дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж бодитой үр дүнд хүрч байгааг онцолж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ “Монгол Улсын Засгийн газраас миний санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг дэмжиж, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулан, “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргаж, малчдыг бодитойгоор дэмжиж байгаа нь цаг үеэ мэдэрсэн, ард иргэдийн амьжиргааг дэмжсэн, чухал шийдвэр болж байгаад баяртай байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар НҮБ 2025 оныг “Олон улсын хоршооны хөдөлгөөнийг дэмжих жил" болгон зарлалаа. Энэ бол хоршоолох хөдөлгөөний үр өгөөжийг олон улсад бодитойгоор үнэлж байгаа хэрэг юм. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй том эрсдэлтэй нүүр тулгарч байгаа тул та бүхэн нэгдсэн зохион байгуулалтад орж, хамтын хүчээр асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагаагаа хамтын бизнес болгон өргөжүүлж, хөрөнгө хүчээ нэгтгэн, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д сайн дураараа нэгдэн ажиллахыг уриалж байна. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.

Г.Занданшатар: Улсын Их Хурал монгол малчин, монгол мал, бэлчээр гэсэн гурван цогц асуудлыг шийдэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий  нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр мал аж ахуйн салбарт авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлаас хэлэлцэж баталсан болон хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг Засгийн газар өрнүүлж байна. Мөн Улсын Их Хурлаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуулийг батлуулах ажлын хэсгийг байгуулж, УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдсэн. Мөн Малчны эрх зүйн байдлын тухай хууль, Малчны нийгмийн даатгалыг нөхөн төлөх тухай хуулийн төслийг  гишүүд өргөн бариад хэлэлцэж байна. Малчдын тэтгэвэрт гарах насыг эмэгтэй 50, эрэгтэй 55 болгож наашлуулсан. Гэвч малчин маань байнгын орлогогүй, намар мах бэлтгэлийн үеэр, эсвэл хавар, ноос ноолуурын үеэр л орлого олдог. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлээ сар бүр төлж чадахгүй байна. Гэтэл тэтгэвэрт гарах нас нь болчихсон олон малчин бий. Тиймээс Малчны нийгмийн даатгалыг нөхөн төлөх тухай хуулийн төслийг өргөн барьж, нөхөн төлөлт хийлгэхээр хуулийг хэлэлцэж байна. Энэ бол малчдын нийгмийн байдлыг сайжруулахад чиглэсэн хууль. Малчны эрх зүйн байдлын тухай хуульд малчдаа цогцоор дэмжсэн бодлого хэрэгжүүлэхээр зорьсон. “Малчин өрхийн нэгдсэн эрх зүйн байдлын тухай хууль бол малчдын нийгмийн амьдралд оролцох, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах, сум орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох үйл ажиллагааг хангахад чиглэсэн зохицуулалттай. Энэ гурван хууль батлагдсанаар нэгдүгээрт, малчин, хоёрдугаарт, мал, гуравдугаарт, бэлчээр гэсэн гурван цогц асуудлыг шийднэ.  Шүтэн барилдлагатай, харилцан хамааралтай энэ гурван асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол дангаар нь ярих боломжгүй юм. Өнөөдөр Монгол Улсын нийт малчны 80 хувь нь 500 хүртэл толгой малтай. Дөнгөж таван хувь нь 1000-аас дээш толгой малтай байна. Гэтэл 500-гаас доош малтай малчин эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох боломж хомс, тэжээл тарих, малаа бордох, борлуулах гээд бүх ажлыг ганцаараа хийж бардаггүй, хүн хөлслөх, ажиллуулах боломжгүй. Хөдөө орон нутагт малчдын залгамж халаа, ирээдүйн малчдыг бэлтгэх асуудал ч хүнд байна. 1990 онд нийт малчны 50 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байсан. Гэтэл өнөөдөр дөнгөж 24 хувь нь 35 хүртэлх насны залуучууд болж. Малчингүй бол мал аж ахуй цааш хэрхэн явах юм бэ. Иймээс малчдын залгамж халааг бэлтгэх, малчдаа, илгээлтийн эздийг дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Малчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарахгүй бол дундаж наслалт бага. Малчдад үзүүлж байгаа нийгмийн үйлчилгээ ч хүртээмж муутай байна.Үүнийг цогцоор нь “Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хуулиар шийдэхээр зорьж байна. Энэ хуулийн төсөлд  “Малчин өрхийн нэг хүүхдийг мал эмнэлэг, мал үржлийн чиглэлээр сургавал төрөөс сургалтын төлбөрийг нь даах, эрүүл мэнд боловсролын үйлчилгээг шинэ шатанд гаргах, малчдад ногоон тэжээл тариалах боломжийг олгож таван га газар болон өвөлжөөний газрыг нь эзэмшүүлэх, нэг малчин нэг л өвөлжөө хаваржаатай байх" зэрэг олон чухал заалт тусгагдсан.
Сүүлийн үед бид малынхаа ашиг шимийг бүрэн ашиглаж чадахаа байсан. Боловсруулах үйлдвэрүүд хаагдсан. Үүнээс гадна бэлчээр доройтсон. 1972 оноос хойш бэлчээрийн талбай 20 сая га-гаар буурсан. Нийт бэлчээрийн 40 хувь нь 2-3 дахин даац нь хэтэрсэн байгаа. Бэлчээрийн асуудлаас болж бид мал аж ахуйгаа шинэчлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Энэ бүх асуудлыг шийдэх гарц нь “Шинэ хоршоо хөдөлгөөн” гэж би харж байгаа. Хөдөлмөрөө хоршиж, хөрөнгө мөнгөө нийлүүлж, уламжлалт мал аж ахуйнхаа ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд малчдад зээл тусламж, дэмжлэг олгоход “Шинэ хоршоо хөдөлгөөн” дэмжлэг үзүүлнэ. Хоршоогоо бүрэн дүүрэн дэмжихийн тулд Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг батлахаар хэлэлцэж байна. Малчин өрхийн анхдагч хоршоо нь 10 хүртэл өрхөөс бүрдэнэ, энэ анхдагч хоршоод нийлээд сумын хоршоогоо, сумын хоршоод нь аймгийн хоршоодоо, аймгийн хоршоод бүсийн, улсын гээд томроод явах бүтэцтэй байхаар энэ хуулийн төсөлд тусгаж өгсөн. Ингэснээр улсын хэмжээнд нийт малчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага бий болно. Малын гаралтай түүхий эдээ гадаадад гаргадаг, зардаг, сурталчилгаа хийдэг нэгдсэн том байгууллага байх юм. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхим гээд бизнес эрхлэгчдэд зориулсан байгууллагатай. Ноос ноолуурын холбоо ч байна. Гэтэл 300-гаад мянган малчны эрх ашгийг хамгаалах холбоо гэж алга. Монгол Улс үндэсний баялаг бүтээгч малчин өрхийнхөө эрх ашгийг хамгаалах байгууллагатай болно. Швед, Норвеги, Шинэ Зеландад  малчдын холбоо, тэр ч бүү хэл хоньчдын холбоо хүртэл бий. Шинэ Зеландын хоньчдын холбооны зах зээлд нийлүүлж байгаа мах дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог. Хоньчид нь орлого сайтай, холбооныхоо хажууд банктай, малын иж бүрэн даатгалтай, дэргэдээ худалдаа бэлтгэл, маркетингийн тогтолцоотой байдаг. Яг ийм тогтолцоо бидэнд хэрэгтэй. Түүнээс биш хувиа борлуулж, довоо шарлуулж явдаг цаг үе өнгөрсөн. Дов шарлачихаад байна. Хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа иддэг үе ч өнгөрчихөөд байна. Тиймээс бид МУИС, ХААИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг гаргасан. Энэ хууль “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг бүрэн дүүрэн дэмжээд явах эрх зүйн зохицуулалт нь болж чадна. Малчин өрхийн анхдагч хоршоог туршилтын журмаар байгуулаад үзсэн. Өнөөдөр энэ хоршоо ноолуураа Италид зарж, гишүүдийнх нь ноолуурын орлого хоёр дахин нэмэгдэж байна. Иймд хамтдаа нийлж нэгдэн, хоршиж, хөдөлмөрлөн, дэм дэмэндээ амьдрахыг уриалж байна.

Л.Оюун-Эрдэнэ: “Шинэ хоршоо хөдөлгөөн” нь Засгийн газраас бодлогын түвшинд хэрэгжүүлэх реформ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээг нээж, малчдадаа хандан хэлсэн үгэндээ “Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, улсын нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хуваасан луйврыг илчлэн, Улсын Их Хурлын нээлттэй сонсголыг анх удаа зохион байгуулж, “Чингис”, “Евро”, “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцууллаа. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгож зарласан. Цаашид эдийн засгийн хөгжлийг бүсчлэн тухайн бүсүүдийн онцлог, давуу талд тулгуурлан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-тэй уялдуулан хэрэгжүүлнэ. “Шинэ хоршоо  хөдөлгөөн” нь зөвхөн хөдөө аж ахуйн салбарын асуудал бус Засгийн газраас бодлогын түвшинд хэрэгжүүлэх реформ” гэдгийг хэлсэн юм. 
Тэрбээр “Энэ хөдөлгөөнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан манлайлан батлуулж, хэрэг­жүүлэхээр ажиллаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар манлайлан, түүчээлж авч явна гэдэг бол улс орон даяар зохион байгуулагдах ажлын салбар дундын зохицуулалтыг сайн хийж, үр дүнд хүрнэ гэсэн үг…” гэдгийг тодотгосон юм. 

Д.Амарбаясгалан: Малчин хүн чинээлэг дундаж давхаргын төлөөлөл болох зорилго дэвшүүлж байна 

“Төмөр” гэх тодотголтой хахир өвлийн дараа малчдын нийгэм, эдийн засгийн асуудалд оновчтой, шуурхай арга хэмжээ авахгүй бол зудын балаг их юм. Өнөөдөр нийслэл хотод хүн амын тэн хагас нь шавааран суугаа нь ч тэр 1990-ээд оны сүүл 2000-аад оны эхээр болсон зудын уршиг гэж үздэг. Тэр үед малаа барсан хөдөөгийн иргэд Улаанбаатарт амьдрал эрэн тал талаас ирж, их нүүдэл үргэлжилж, өнөөгийн утаа униар, түгжрэл, дөрвөн уулын дундах их бөөгнөрлийн эхлэлийг тавьсан. Ийм л баргар байдал манай мал аж ахуйн салбарт дахин тулгараад байв. Азаар энэ бүхэн ард хоцорч, мал аж ахуйн салбарт эргэлзээгүй хувьсгал авчирч, малчдын амьдралыг шинэ түвшинд гаргахын зэрэгцээ, Улаанбаатарын өнөөгийн “зовлон” хоёр дахин нэмэг­дэхээс сэргийлэх цогц төлөвлөгөөг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дэлгэрэнгүй танилцууллаа. 

“Өнөөдөр малчид жилийн 20-25 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаас авдаг. Барьцаанд нь хотонд байгаа малаа тавина. Их малтай байж гэмээнэ ахиу зээл олдох тул малчид малын тооны араас хөөцөлдөх нэг шалтгаан болсон. Харин ийм өндөр хүүтэй зээлээр малын хашаа хороо барьж, худаг ус татахын сацуу том, жижиг ямар ч хэлбэрийн малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх боломжгүй” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тодорхойлов. Тиймээс Засгийн газар таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо хөдөл­гөөн”-ийг баталж, мал аж ахуйн салбарыг хөгжүүлж, малчин хүн чинээлэг дундаж давхаргын төлөөлөл болох зорилт ийнхүү бодит ажил болж гараанаас гарлаа. 

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/


0
angry
0
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр