Сонгуулийн ерөнхий хорооноос МАН тэргүүтэй улс төрийн нам, эвслийг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулав. МАН-ын тухайд сонгуульд оролцох батламжаа МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, А.Ариунзаяа, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар хүлээн авлаа.
Энэ үеэр МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар “Өнгөрсөн хугацаанд цар тахлын хүндрэлтэй цаг үетэй нүүр тулсан хэдий ч МАН богино хугацаанд эдийн засгийг долоон хувь болтол өсгөж чадлаа. Энэ нь дэлхийд хоёрдугаарт буюу Энэтхэг улсын дараа орж буй үзүүлэлт юм. Валютын ханшийг тогтворжуулах, Монголбанк дахь валютын нөөцийг нэмэгдүүлэх, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх гэсэн олон бодлогыг хэрэгжүүлж ажилласан. Эдгээр бодлогоо цаашид тогтвортой хэрэгжүүлэх зорилгыг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг сонгуулийн төв байгууллагад хүргүүлсэн. Сүүлийн үед цахим орчинд МАН болон бусад намын нэр хүндэд халдах гэсэн үйл ажиллагаа зориудаар явагдаж байна. Иймд бусад улс төрийн нам, сонгуульд оролцохоор горилж буй иргэдэд хандаж хэлэхэд хуулийн хугацаанд сурталчилгаагаа эхлүүлэх, хар бараан пи-аргүйгээр, ард иргэдийнхээ эв нэгдлийг хангасан, улс орныхоо үндэсний эрх ашигт нийцсэн сурталчилгаа явуулахыг уриалж байна” хэмээсэн бол ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга “Энэ удаагийн сонгууль манай намын хувьд онцлог болж байгаа. 2020 оны сонгуульд "Зөв хүн электрат" эвслээр оролцсон. Энэ удаагийн сонгуульд дангаар орох ёстой гэж шийдээд анх удаа дангаараа өрсөлдөх гэж байна. 2020-2024 оны хугацаанд ХҮН нам УИХ-д нэг, нийслэлд гурав, дүүргүүдэд 15 суудал авч гуравдагч сөрөг хүчний үүргийг амжилттай биелүүлсэн гэж үзэж байна. Цаашдаа Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө сонгууль болно гэж бид үзэж байна” гэсэн юм.
23 нам, хоёр эвслийг бүртгэсэн
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдийн хүсэлтийг СЕХ өнгөрсөн сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, 26 нам, хоёр эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан бөгөөд үүнээс 23 нам, хоёр эвслийг нь бүртгэж, батламж гардуулахаар боллоо. Харин гурван намыг бүртгэхээс татгалзжээ. Татгалзсан үндэслэл, хуулийн заалт нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-д заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намыг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэсэн байна.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар болон Ажлын хэсэг нам, эвслүүдийн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа, харин нам, эвслийн удирдлагууд УИХ-ын ээлжит сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны энэ оны 22 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах бөгөөд улмаар холбогдох хуульд зааснаар СЕХ баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд дээр дурдсан байдлаар шийдвэрлэсэн байна.
Сонгуулиар ардчилал, парламентын тогтолцоогоо илүү бэхжүүлнэ
Холбогдох хуульд зааснаар нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-нд хүргүүлсэн байх ёстой. Тиймээс өнгөрсөн сарын 26-28-ны өдөр нам, эвсэл хүсэлтээ илэрхийлсэн билээ. Тухайлбал, улс төрийн ууган хүчин МАН 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өнгөрсөн сарын 28-нд СЕХ-нд хүлээлгэн өгсөн юм. Энэхүү арга хэмжээнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй тус намын удирдлагууд оролцов. Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “СЕХ-ноос өгч буй мэдээллээр Монгол Улсын түүхэнд, 1992 оноос хойш сонгуульд хамгийн олон нам, эвсэл оролцох гэж байна. Энэ нь төлөөллийн ардчиллыг хангаж, улс төрийн намуудтай хамтдаа зөвшилцөж хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоотой, 126 гишүүнтэй болох гэж буйн бас илэрхийлэл болов уу. Тиймээс ард иргэд маань бүсчилсэн байдлаар хөгжүүлэх гэж буй шинэ 30 жилийнхээ анхны сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мэдээж сонгууль бүр өөр өөрийн онцлогтой. Энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдийнхээс хоёр зүйлээр ялгаатай байгаа. Нэгдүгээрт, олон улсын нөхцөл байдлаас авч үзвэл цар тахлын дараах үеийн сонгууль. Энэ онд дэлхийн 60 гаруй улс орон ээлжит сонгуулиа зохион байгуулах гэж байна. Чөлөөт ардчилсан сонгуульд хүн төрөлхтний, сонгогчдын 50 орчим хувь нь саналаа өгнө гэсэн үг. Тэгэхээр 2024 оны эцэс гэхэд дэлхийн хүчний харьцаанд нэлээд том өөрчлөлт, шинэ хандлага давамгайлах онцлогтой гэж олон улсын судлаачид хэлж байна. Үүгээрээ энэ удаагийн сонгууль дэлхийн улс орнуудын хувьд маш хариуцлагатай сонголт байх болно. Өргөн уудам газар нутагтай, дэлхийн хоёр том гүрний дунд оршин тогтнодог, парламентын тогтолцоотой манай улсын хувьд энэ удаагийн сонгууль илүү хариуцлагатай, тусгаар тогтнол, ардчилал, парламентын тогтолцоогоо илүү бэхжүүлэх сонгууль юм. Тиймээс энэ утгаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентад олон намын төлөөлөл дуу хоолойг оруулах, үндэсний эв нэгдэл, зөвшилцлийг эрхэмлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг илэрхийлэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, анх удаа 126 гишүүнтэй парламентыг сонгох гэж буйгаараа онцлогтой. Бас нэгэн онцлог нь олон жилийн хугацаанд ярьж ирсэн баялгийн тэгш бус байдал, эдийн засгийн солгой бүтэцтэй болсон, хэт цөөнхөд эрх мэдэл, эд хөрөнгө бүхэлдээ төвлөрч үүнээс болж ардчилсан үнэлэмж унасан. Тэгвэл цаашид шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлж энэ алдаагаа засаж чадах эсэхийг шийдэх сонголт болно” гэсэн юм.
МАН хүний эрхийг дээдлэн, иргэн хүндээ ээлтэй, хувь хүн бүрд сонголтыг бий болгох замаар сурах, хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах боломжийг баталгаажуулсан. Хот хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулан, амьдралын чанарыг бодитой дээшлүүлж, иргэдийн оролцоотой хяналтаар төрийн ил тод байдлыг сайжруулах. Авлигагүй, шударга, эрх зүйт төрийг бэхжүүлэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэсэн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулсан байна.
Мөн Сонгуулийн тухай хуульд заасны дагуу АН УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн бөгөөд тэр үеэр АН-ын дарга Л.Гантөмөр “Энэ сонгууль өөрөө нэрсийн жагсаалтын будилаангуй байх талаар СЕХ-ны удирдлагад саналаа хэллээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад АН-ын байр суурийг илэрхийлнэ. Хяналтын хороо, дэд хороог бүрэн дүүрэн ажиллуулах боломжийг Засгийн газраас шаардана” гэв.
Сонгуульд оролцох эрхээ авсан намууд
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
УИХ-ЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХ ЭРХЭЭ АВСАН НАМ, ЭВСЭЛ:
Эх орончдын нэгдсэн нам
Иргэдийн оролцооны нэгдэл нам
Үндэсний эвсэл
Иргэний зориг ногоон нам
Ард түмний олонхын засаглал нам
Бүгд найрамдах нам
ХҮН нам
Монголын либерал нам
Монголын либерал ардчилсан нам
Иргэний хөдөлгөөний нам
Ардчилал шинэчлэлийн нам
Гэр хороолол хөгжлийн нам
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
Үнэн ба зөв нам
Ардчилсан нам
Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
Монгол консерватив нам
Шинэ нэгдсэн эвсэл (МУНН-ШН)
Монголын социал демократ нам
Монголын хүний төлөө нам
Дэлхийн монголчууд нам
Ард түмний хүч нам
Эх орон нам
Монгол Ардын Нам
Эрх чөлөөний эвсэл намхөдөөгийн
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна