Бид энэ удаагийнхаа дугаарын зочноор “Жи Мобайл” компанийн ТУЗ-ийн дарга Г.Дашнямыг урьж ярилцлаа. Түүнийг олон нийт ялангуяа залуучууд “скүүтэрийн Дашка” гэдгээр нь андахгүй.
-Юуны түрүүнд та өөрийгөө уншигчдад товчхон танилцуулна уу. Аль аймгийнх вэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ гэр бүлийнхээ гарал угсаагаар бол Хэнтий аймгийнх. Миний өвөө эмээ Хэнтий аймгийн Дадал сумын хүмүүс. Тиймээс бид өвөөгийнхөө нутаг усаар овоглож явдаг юм. Манай гэр бүл намайг дөрвөн настайд буюу 1990 онд ОХУ-ын Москва хот руу нүүж, тэнд найман жил амьдраад эх орондоо ирж байлаа. Монголдоо ирээд тухайн үеийн албан ёсны нэршлээр бол ОХУ-ын Элчин сайдын яамны сургуульд би хоёр жил суралцсан. Дараа нь 2000 онд Швейцар улсын Женев хотод суралцахаар явж байсан. Тус хотод ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд улмаар Англи улсын Лондон хотод 2004-2008 онд их сургуулиа дүүргэж бизнес удирдлагын мэргэжил эзэмшсэн. Ингээд их сургуулиа төгсөөд эх орондоо ирж, ажлын талбарт гарч байсан юм.
-Ажлын гарааны тухай ярихаас өмнө бага насны тань дурсамжаас хуваалцмаар байна. Багаасаа аав ээж, эх орноосоо хол хүний нутагт сурч, амьдрахад шантрах үе бишгүй л гарч байсан болов уу?
-Ер нь анх ганцаараа явахдаа хүүхдүүд дээрэлхэж, гадуурхах болов уу гэсэн багахан айдастай очиж байсан. Харин очоод сургууль, анги хамт олондоо хурдан дасаж, нөхөрлөсөн. Намайг Швейцарт 14 настай очиход манай өрөөний найз 10 настайгаасаа эхэлж аав, ээжээсээ хол бие даан суралцаж байгаа тухай ярьж байсан. Тэгэхээр би бас тийм ч бага очоогүй санагдсан шүү. Мэдээж саад бэрхшээлтэй нүүр тулж, шантрах үе гардаг байсан. Гэхдээ тэр бүхнийг даван туулаад л гардаг байсан даа. Монголчууд бид чинь нүүдэлчин ард түмэн шүү дээ. Тийм болоод ч тэр үү хаана ч очсон хурдан дасан зохицож чаддаг.
Би гадаадад эрдэм сурч, мэдлэг боловсрол эзэмшихээс гадна өөртөө хөрөнгө оруулалт хийсэн хамгийн том зүйл бол сайхан нөхөрлөлийг бий болгож чадсан явдал юм. Миний суралцсан дунд болон их, дээд сургууль олон улсынх учраас олон улс орны сурагч, оюутнууд суралцдаг байлаа. Монголоос би ангидаа ганцаараа сурдаг байсан. Тиймээс хэтрүүлж хэлбэл, би дэлхийн өнцөг булан бүрд сайхан найзтай гэж хэлж болно. Өдөр бүр уулзаад байдаггүй ч бид хаана байгаагаас үл хамаарч интернэтээр холбогдож чадаж байна шүү дээ.
16 жилийн хугацаанд мерит зарчмаар дэвшин ажилласан
-Их, дээд сургуулиа төгсөнгүүтээ Монголдоо ирж ажилд орсон шийдвэр тань сонирхол татаж байна. Гадаадад сурч, амьдарч буй хүмүүс үргэлжлүүлэн сурах аль эсвэл тэндээ ажиллах сонголтыг түлхүү хийдэг юм шиг санагддаг. Харин таныг эх орондоо ирж ажиллахад юу нөлөөлсөн бэ?
-Би их сургуулиа төгсчихөөд үргэлжлүүлэн магистрт суралцах бодолтой байсан. Харин аав минь эх орондоо ирж ажиллахыг зөвлөж, миний бодлыг өөрчилсөн. Аав маань “Хүн сургуулиас их зүйл сурна. Мэдлэг боловсролтой болно. Чиний суурийг тавьж, замыг чинь чиглүүлж өгнө. Харин хүү минь бизнесийн арга, чадвар, туршлагыг ажлын талбарт гарч байж л олж авдаг юм шүү. Тиймээс эх орондоо ирж ажиллах хэрэгтэй, хүрээд ир” гэж хэлж байсан юм. Тэгээд л би 2008 онд Монголдоо ирж, “Жи Мобайл” компаниас ажлын гараагаа эхлүүлж байлаа. Түүнээс хойш харилцаа холбооны салбарт өдгөө хүртэл тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байна. Хамгийн анх Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежерээр орж, түүнээс хойш өнгөрсөн хугацаанд мерит зарчмаар дэвшин ажилласаар 2017 онд “Жи Мобайл” компанийн гүйцэтгэх захирал болж байлаа. Энэхүү хариуцлагатай алба үүргийг 2021 он хүртэл гүйцэтгэж байгаад өдгөө бодлогын удирдлага буюу ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.
-Таныг спортод нэлээд сонирхолтойгоос гадна энэ салбарт хүч үзэж багагүй амжилт гаргаж байсан тухай сонссон. Таны спортын салбарт гаргаж буй замнал хэрхэн өрнөж байна вэ?
-Би жюү жицүгийн спортоор зургаа дахь жилдээ хичээллэж байна. Ангиллынхаа хүрээнд олон улсын тэмцээн уралдаанд оролцож өөрийнхөө хэмжээнд чамлахааргүй амжилт гаргасан. Тухайлбал, сарын өмнө БНХАУ-ын нийслэл Бээжинд зохион байгуулсан олон улсын тэмцээнд энэ спортынхоо өөрийн ангилалд өрсөлдөөд мөнгөн медалийн эзэн болсон.
Өнгөрсөн хугацаанд би Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, мөн Туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгчөөр, түүнчлэн Олимпын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан. Харин одоо бол Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Манай “Жи Мобайл” компани олон тамирчин, спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг дэмжин ажилладаг уламжлалтай.
Ер нь би бүхий л төрлийн спортод дуртай. Тэдгээрээс хамгийн их сонирхож, хөгжөөн дэмждэг спорт бол яах аргагүй хөлбөмбөг. Энэ утгаараа би “Улаанбаатар сити” хөлбөмбөгийн клубийг байгуулж, өдгөө клуб маань багагүй амжилттай явж байна. Би олимпизмд хайртай. Энэ бол нийгмийн хариуцлага, улсаа дэмжих сэтгэл, спортын салбарт хувь нэмрээ оруулъя гэсэн итгэл үнэмшил, чин сэтгэл гэж ойлгодог. Тийм ч учраас би хэсэг хугацаанд Олимпын хорооны гишүүнээр ажиллаж байсан. Харин одоо иргэнийхээ хувиар Парисын зуны олимпыг тэсэн ядан хүлээж сууна даа.
-Та спортод ийм их хүсэл сонирхолтой, дуртай атал яагаад бизнесийн салбар руу оров. Таны багын мөрөөдөл юу байсан бэ?
-Би багадаа тамирчин болохыг хүсэж мөрөөддөг байсан. Тухайн үед ялангуяа уралдааны төрлийн спортыг илүү их сонирхдог байсан учраас аав, ээж маань гарч болзошгүй эрсдэлийг нь бодолцож өөр салбар руу татан оруулсан болов уу гэж боддог. Ээж минь багш мэргэжилтэй. Харин аав маань бизнесмэн, “Магнай трейд” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Компаниа 1996 онд байгуулж, 1997 оноос газрын тосны бүтээгдэхүүн импортлох чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.
-Анхнаасаа нэг их дурлаагүй салбар руугаа ороход эргэж буцах асуудал гарч байсан уу. Хэзээнээс салбартаа, ажилдаа илүү их дурлаж эхэлсэн бэ?
-Багаасаа гадаадад сурч, олон жил амьдарсан болоод ч тэр үү Монголд ирсэн эхний жил ажлаас илүүтэй нийгмийн харилцаанд буюу олон нийттэй харилцах харилцаа хандлага, үзэл бодол маань хүртэл зөрчилдөхөд хүрч байсан. Гэхдээ ерөнхийдөө жилийн дотор дасан зохицож, ажил, амьдрал жигдэрч эхэлсэн. Ажлаа ч ойлгож, мэддэг болсон. Тэгээд яваандаа ажилдаа илүү их дурлаж, өөрийгөө харилцаа холбооны салбарын хүн гэдгийг ойлгож ухаарсан гэж хэлж болно. Харилцаа холбооны салбар бол минут тутамд шинэчлэгдэн хөгжиж байдаг. Тиймээс энэ салбарт ажиллаж буй хүмүүс ч гэсэн тэрхүү өөрчлөлт шинэчлэлтээс хоцрохгүйн тулд үргэлж суралцаж, тархиа цэнэглэн, өөрийгөө хөгжүүлж байх ёстой. Энэ бол манай салбарын нэг давуу тал.
Өндөр хурдтай, хүртээмжтэй номер нэг интернэт борлуулагч болох зорилготой
-Шинэ бизнес эхлүүлэхэд ялангуяа тогтворжсон, томоохон хэмжээний үүрэн холбооны операторуудтай өрсөлдөж, мөр зэрэгцэн алхахад нэлээд хүндхэн байсан болов уу. Ямар саад бэрхшээлийг даван туулж өнөөдөртэй золгосон бэ?
-Би их сургуулиа төгсөнгүүтээ буюу 2008 оны зургадугаар сард эх орондоо ирж байлаа. Намайг ирэхээс жилийн өмнө “Жи Мобайл” компани маань 2007 онд үүд хаалгаа нээж, цорын ганц үндэсний оператор гэсэн тодотгол, уриатайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Байгуулагдсан эхний жилдээ орон нутагт сүлжээгээ суурилуулж дуусгаад дараа жил нь буюу 2008 онд Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж эхэлсэн. Тухайн үед бид үүрэн холбооны бусад операторын эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Эхний хоёр, гурван жил үнэхээр хүнд байсан хэдий ч хамт олныхоо хичээл зүтгэлээр компаниа хөл дээр нь босгож, үйл ажиллагаагаа тогтворжуулж чадсандаа баяртай байдаг. Олон нийт ч Монголын үндэсний оператор гэж хүлээн зөвшөөрч эхэлсэн.
Ингээд дөнгөж тогтворжиж эхэлж байтал товчлууртай гар утасны үе дуусаж, ухаалаг утас руу шилжиж эхэлсэн. Технологи, харилцаа холбооны салбар минут тутам шинэчлэгдэн хөгжиж байдаг учраас тэр бүх үеийг даван туулах ёстой. Тиймээс дахиад л бүгдийг шинээр хийж эхэлсэн. Харилцаа холбооны салбарын үе шат болох 2G, 3G, 4G гэх мэт сүлжээ болон бүх төрлийн технологи, тоног төхөөрөмжийг бүрэн нэвтрүүлсэн. Одоо бид бүх талаараа үндэсний томоохон хэмжээний компани болж чадсан гэж хэлж болно. Тийм ч учраас бид өдгөө 500 мянган хэрэглэгчтэй болж чадсан гэж ойлгож байна.
Бидний өнгөрсөн хугацаанд гаргасан ололт амжилтыг энгийнээр хэлбэл, малчид малынхаа бэлчээр дээр утас барьдаг болсон. Алслагдсан сум, суурин газруудад сүлжээ нэвтрүүлж, харилцаа холбоо тогтоох боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн хилийн заставуудыг холбоожуулж, амгалан тайван байх, цаашдын хөгжил дэвшилд нь тодорхой хувь нэмэр оруулсан гэж бодож байна.
-Та бүхэн цаашдын зорилго зорилтоосоо хуваалцаж болох уу?
-Одоо интернэтийн эрин үе явж байна. Зөвхөн гар утас, компьютер л интернэттэй холбогддог байсан бол харин одоо машин, зурагт, смарт дэлгэц гэх мэт тоног төхөөрөмж төдийгүй тавилга, эд хогшил хүртэл ухаалаг болсон байна. Тиймээс цаашид бид хамгийн өндөр хурдтай, хүртээмжтэй номер нэг интернэт борлуулагч болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдөр хүмүүс цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч интернэт ашиглаж ажил хөдөлмөр, бизнес эрхэлж, орлого олж байна шүү дээ.
Интернет ашиглан цахимаар сурч мэдлэг боло всрол ч эзэмшдэг болсон. Үүнээс гадна интернэт байгаа учраас техник, технологи цаашлаад хиймэл оюун ухаан ч хөгжиж байна. Энэ бүхний үр дүнд бидний амьдрал илүү амар хялбар болдог. Жишээлбэл, технологийн хөгжил болон интернэтийг хослуулан ашиглаж хил, тив дамнан уул уурхайн ажил, мэс засал хийж байна шүү дээ.
Түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулахыг хүсэж шийдэл эрэлхийлдэг
-Хоёулаа одоо арай өөр сэдвээр ярилцъя. Нийслэл хотод агаар, хөрсний бохирдол, түгжрэл гээд тулгамдсан олон асуудал бий. Та Улаанбаатар хотын иргэний хувьд ямар асуудалд сэтгэлээ чилээж, гарц шийдэл эрэлхийлж явдаг вэ?
-Нийслэлд шийдлээ хүлээсэн маш олон асуудал байгаа нь үнэн. Агаар, хөрсний бохирдол, түгжрэл, ногоон байгууламж муутай, хотын иргэдийн аз жаргалын индекс буурсан гэх мэт урт жагсаалт хөвөрнө. Эдгээрээс хамгийн түрүүнд автомашины түгжрэлийн асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсэж явдаг. Иргэд түгжрэлд маш их цаг хугацаа зарцуулахаас гадна цаана нь эдийн засгийн ихээхэн алдагдалд орж байдаг. Тиймээс залуу хүн бас жолооч хүний хувьд энэ асуудалд чимээгүй суухыг хүсдэггүй юм. Өөрийн боломж нөхцөлд тулгуурлан түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулахыг хүсэж шийдэл эрэлхийлдэг. Энэ утгаараа би өнгөрсөн жил нийслэлд скүүтэрийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Гадаадад ажлаар явж байх үедээ скүүтэрийн үйлчилгээг хараад манайх шиг хөгжингүй улс оронд хамгийн тохиромжтой санагдаж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр шийдсэн. Тэгээд гадаадаас ирэнгүүтээ хөрөнгө оруулалт хийсэн маань үр дүнгээ өгч байна. Өнгөрсөн жил 3000, энэ онд дахиад мөн тооны скүүтэр худалдан авч үйлчилгээнд гаргасан. Ямартаа ч түгжрэлийг бууруулахад нэмэр болох зорилгоор хэрэгжүүлэхээр бодож төлөвлөж явдаг шийдлийнхээ эхнийхийг бодит ажил хэрэг болгож чадсан. Харин удаах нь бүх төрлийн замын хүртээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх явдал юм. Ялангуяа явган болон дугуйн зам. Үүний дараа ухаалаг хотыг бий болгох. Өөрөөр хэлбэл, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж түгжрэл төдийгүй олон асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Тодруулбал, ухаалаг камераар замын хөдөлгөөнийг хянаж, хаана ачаалал их байна, тэнд нь ухаалаг гэрлэн дохиогоор удирдаж, зохицуулалт хийдэг системийг нэвтрүүлэх юмсан гэж бодож явдаг даа.
-Та бүхэн түгжрэлийн тухайд скүүтэрийн үйлчилгээг нэвтрүүлэхээс өмнөх болон дараах харьцуулсан судалгааг хийж үзсэн үү. Ямар өөрчлөлт гарсан байна вэ. Скүүтэр анх нэвтэрч эхэлж байх үетэй өнөөдрийг харьцуулахад залуучууд нэлээд идэвхтэй бас зөв соёлтой ашигладаг болсон харагдаж байна?
-Энэ талын тооцоо судалгааг хараахан хийгээгүй байна. Ерөнхийдөө нүдээр харахад түгжрэлийг бууруулахад их хувиар биш ч гэсэн тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу. Харин шатахууны тухайд боломжийн тоон үзүүлэлт гарсан. Тодруулбал, судалгаагаар өнгөрсөн жилийн хувьд 75 мянган литр шатахуун шатаагаагүй гэсэн тооцоолол хийсэн.
Сүүлийн үед манай залуучууд өөр хандлага сэтгэлгээ, үзэл бодолтой болж нэгнээ дэмждэг, урам өгдөг болсон байна. Миний хийж буй ажлыг ойлгож, үнэлж дэмжиж буйд урам орж дахиад юу хийх вэ гэж боддог болсон шүү.
Гадны улсад биеэр мэдэрсэн сайхан бүхнийг эх орондоо бий болгохыг л хүсдэг
-Та сүүлийн үед улс төр сонирхож байх шиг. МАН-ыг сонгосон шалтгаан үндэслэлийг тань сонирхож болох уу?
-Улс төрийн ууган хүчин МАН-д элсээд гурван жил болж байна. Би энэ шийдвэрийг сэтгэлийн хөөрлөөр гаргаагүй. Бас хэн нэгэн хүний шахалт нөлөөгөөр ч ийм сонголт хийгээгүй. Улс төр бол ганцаарчилсан бус баг, хамтын хүчээр явдаг тул аль нэгэн намд элсэх тухай 2019 оноос хойш бодож, улс төрийн томоохон хүчин болох МАН-ыг сонгосон. МАН бол 100 жилийн түүхтэй мөн тогтвор суурьшилтай, төлөвшсөн, алсын хараа нь тодорхой, мөн үзэл баримтлалтай нь санал нэгдсэн тул тухайн намд элсэх шийдвэр гаргасан юм. Ингээд 2021 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-д элсэж улмаар Удирдах зөвлөлийн гишүүнээр нь сонгогдон ажиллаж байна.
-Та улс төрийн хүрээнд ямар чиг шугам, зарчим баримталдаг вэ?
-Миний хувьд улс төрийн мэдлэг, туршлага бага. Гэхдээ заавал улстөрч, улс төр судлаач хүн энэ салбар руу орох, ажиллах ёстой гэсэн ойлголт байхгүй. Гол нь итгэл үнэмшил, сэтгэл зүтгэл, мэдлэг боловсролтой байх нь чухал гэж боддог. Хамгийн чухал баримтлах зарчим бол өөрийнхөө бус бусдын, нийтийн сайн сайхны төлөө ажиллаж чадна гэсэн итгэл үнэмшил юм.
Би багаасаа гадаадад сурч, амьдарч тухайн улс орны хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхан бүхнийг нүдээр харж, биеэр мэдэрсэн учраас тэр бүхнийг эх орондоо бий болгохыг л чин сэтгэлээсээ хүсдэг. Би гэр бүлтэйгээ хамт гадаад гарч ажиллаж, амьдрах бүрэн боломжтой. Ямар ч асуудал байхгүй. Харин би ингэж хувиа хичээж, асуудлаас зугтахыг хүсэхгүй байна. Хойч ирээдүй үр хүүхдүүд маань эрүүл, аюулгүй орчин нөхцөлд, шударга, зөв боловсон нийгэмд өсөөсэй гэж боддог. Манай улсад ард иргэдээ амар тайван, аз жаргалтай амьдруулах боломж нөхцөл бий. Хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй, газар нутаг өргөн уудам гээд давуу тал олонтой. Тиймээс үүний тулд юуны түрүүнд манай улсын төр, засаг төдийгүй иргэд гаднын улс оронтой нөхөрлөж, түншийн харилцаа, хамтын ажиллагаа үүсгэх хэрэгтэй гэж боддог. Мөн бүх салбартаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийг төрөлжүүлэх ёстой.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна