Дугаарын сурвалжилга
Зуны дэлгэр цаг айсуй. Монголчууд бид зуны найрсаг, дэлгэр сайхан цагаар хотын бүгчим агаар, түгжрэлээс дайжиж ажлын ачаалал, ахуйн аар саархан асуудлаас түр ч болов салж амарч зугаалж, аялах сонирхолтой болоод удаж буй. Зарим нэг нь Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, уул ус, аймаг сумдын нутгаар аялаад, амраад дууссан болов уу. Тэгвэл “Мирай травел” компани биднийг орчноо сольж, маршрутаа өөрчлөөд үзэхийг санал болгож байна. Тэдний уриа “Жаргахад цаг гарга”. Нээрэн жаргалаас уйдах хүн гэж хаа байх вэ, цаг гаргана даа.
Аялал амралт бол цоо шинэ мэдрэмж, мэдлэг, сэтгэл хөдлөл, адал явдал, дурсамжийг бидэнд өгдөг. Гайхалтай уран яруу хөгжим, ид шидийн төсөөлөл дунд аялуулах уран зохиол, хэлбэр дүрсийг нь таалж ханамгүй нарийн хийцтэй уран баримал, харах нүдний чимэг болсон уран зураг зэргийг байгаль эх олон сая жилийн турш бүтээн та бидний өмнө бодитоор дэлгэн харуулж байдаг. Эх дэлхийн ийм өвөрмөц гойд өнгө үзэмж, онцлог шинжийг харж мэдрэн таашаал авах нь урлагийн тоглолт үзсэнээс дутуугүй тайтгарлыг өөрийн биеэр мэдрэх нь бий. Гэхдээ хүний гараар бүтсэн сүрдэж бишрэм хийгээд дуу алдам гайхамшгууд ч хорвоо дэлхийд маш олон бий. Энэ удаа бид яагаад Сайхан талын аялалд хүн бүр явах ёстой вэ, яагаад Сайхан талын аялалд явсан хүн бүр сэтгэл хангалуун байдаг вэ гэдэг асуултын хариуг хүүрнэх юм.
“Мирай травел” компани бидэнд “Жаргахад цаг гарга” гэдэг санал тавьсны дагуу жаргахаар хөдөллөө. Эхний өдөр аялал, амралтын сэтгэл хөдлөл өндөртэй Улаанбаатараас Замын-Үүд орох галт тэргэнд /унтлагын буюу плацкарт суудалтай/ тухалж авлаа. Галт тэргэнд түмэн янзын хүсэлтэй, түргэн давхичих эрмэлзэлтэй, түрийвч зузаан, сэтгэл өндөр хүмүүс ах дүү, амраг садан, найз нөхөд, хамт олноороо цугларан хөөрөлдөж цаг, газар хороох ажээ. Үдээс хойш 17:00 цагийн орчимд хөдөлсөн галт тэрэг давхисаар Говьсүмбэр аймгийн төв Чойр хотод ирэхэд үдшийн бүрий нөмөрч эхлэв. Үдшийн бүрий нөмөрч эхэлснээс хойш зорчигчид ганц нэгээрээ нойрсож галт тэрэг, цаг хугацаа, шөнийн тал гурав үлдэж маргаашийн зүг хурдалж эхлэв.
Аяллын хоёр дахь өдрийн наран Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн галт тэргийг угтан авахуй бид эхний зорьсон газраа ирсэн байлаа. Галт тэрэгнээс буугаад автобусаар хил гарах юм байна. “Мирай травел” компани бүхнийг нарийн тооцоолж, урьдчилан бэлдсэн байв. Аяны цүнхээ чирээд л дараагийн унаанд суухад бүх зүйл бэлэн. Хил дээр өглөөгүүр хүн сийрэг ачаалал багатай байсан тул төвөггүйхэн давчихлаа. Бид монголчуудын “Солонгон хаалга” гэж нэрлэж заншсан газраас дараагийнхаа унаанд суун Эрээн хотын зүг хөдлөв. Эрээн хотын авто вокзалаас Сайхан тал руу автобусаар аялах ажээ. Эрээн хотыг монголчууд наймаа панз, нарийн ширийн эд таваарын олдоцтой хилийн хот гэдгээр нь мэднэ. Гэтэл Эрээн хот “Үлэг гүрвэлийн өлгий” гэдгээрээ сүүлийн үед нэлээд алдаршаад байгаа ажээ. АНУ, Орос, Канад, Хятадын археологич, эрдэмтэд XIX зууны ерээд оноос хойш 100 гаруй жилийн турш зургаан удаагийн томоохон хэмжээний судалгаа, шинжилгээний экспедиц ажиллуулж шувуун гүрвэл, нугасан хушуут гүрвэл зэрэг хэдэн арван гүрвэлийн чулуужсан ясыг илрүүлэн шинжилж байгаа гэнэ.
Далан сая жилийн өмнө Эрээн нуурын дэнжээр булаг шандтай намаг газар бөгчим халуун, чийглэг уур амьсгал ноёлж, ой шугуй багшран, үлэг гүрвэл үржин амьдрах цэнгэлийн орон байсан гэхээр сонирхолтой юм шүү. Сайхан тал хүртэлх аялал ердөө л хоёр цаг. Эрээн хотоос Хөх хот орох чигийн толь шиг замаар ороод тун удахгүй үлэг гүрвэлүүдийн баримлуудтай таарлаа. Яг л 70 сая жилийн тэртээ ийм аварга амьтад энэ нутгийн хөрс шороон дээр ингээд алхаж байсан байх гэдэг сэтгэгдэл төрмөөр. Гэхдээ аваргуудын дэргэдүүр орчин үеийн хөгжил дэвшлийг гайхуулсан хурдны замууд тал нутгийг зуран жирийж, аварга том салхин сэнсүүд тэнгэр зүсэн эргэлдэх нь ямартаа ч 70 сая жилийн тэртээ рүү очоогүйг минь сануулан тайвшруулах бөлгөө. Нээрэн мартсанаас мөнөөх аварга гүрвэлүүдийн баримал байх газруудыг тэгшилж хонхойлоод усаар дүүргэх гэж байгаа болов уу гэдэг таамаглалаа мартах шахлаа. Хэрвээ тэгвэл Эрээн хот дэлхийн аялал жуулчлалын нэлээд том бүс нутаг болох байх. “Мирай травел”-ынхан нэлээд алсыг харж Сайхан талын халуун рашаан амралтын газартай гэрээ байгуулж шүү. Хүний сониуч зан гэдэг амархан дарагдах юм даа. Үлэг гүрвэлүүдийн хөшөө, хөгжил дэвшлийн хурдыг сонирхож дуусаад хэсэг уйдчихлаа. Сууж явсан унаа маань миний орон нутгийн зам болов уу гэж таамаглаж байсан замаас салж эргэлээ. Хоёр талаараа хэдэн давхар эгнээ мод тарьж, замын голын ногоон зурваст нь ягаан, цагаан цэцэгтэй төгөл битүү ургасан бүр хөдөөний бололтой зам руу орлоо. Гэтэл биднийг Сөнөд түмний амьдран сууж буй Тамчийн уудам тал Сайхан тал, Мандалт хэмээх хот сууринд аваад ирж байгаа нь энэ ажээ. Энэ хот Сөнөд баруун хошуу ба Сөнөд зүүн хошууны улс төр, эдийн засаг, соёлын төв юм байна. Тамчийн талд байгуулагдсан энэхүү хоёр суурин нь сөнөд соёлын өнгө төрх, өвөрмөц хэв намбатай. Хотын баруун биед Сөнөд аймгийн ахлагч Гилгүүн баатрын баримал хөшөө байх агаад Сөнөд түмний эрт эдүгээг хүүрнэнэ. Энд 400 гаруй жилийн өмнө Хэрлэн голын сав нутгаас Гилгүдэй баатар өөрийн хамжилга ард иргэдээ дагуулан нүүдэллэн иржээ. Сөнөдүүд энэ нутагт шөнөөр ирэн буудаллаж, өглөө нь босохдоо үзэсгэлэнт сайхан бэлчээр, уудам өргөн тал нутгийг хараад, бишрэн нутаглахаар шийдсэн гэдэг домогтой. Тэд шөнөөр ирж нутагшсан болохоороо өөрсдийгөө Шөнөд овгийнхон гэж нэрлэсэн бөгөөд хэллэг нь сунжирсаар Сөнөд болон хувирчээ. Ийнхүү энэ нутгийн уугуул иргэд өөрсдийгөө сөнөдчүүд гэж нэрлэх болсон гэнэ. Сөнөдчүүдийн төв Сайхан тал хот нь Эрээн хотоос 120 километрт бидний очихоор зорин буй халуун рашаан сувилал хүрэх замд байгаа юм.
Ийнхүү зам зуурын сонин сайхныг ажин явсаар хоёрхон цагийн дотор зорьсон газраа хүрчихлээ. Сайхан талд өдрийн хоолоо идээд, буудалдаа орно доо. Үдээс хойш усан парк, халуун рашаан, амралтын бүсэд зугаацаж, цэцэрлэгт хүрээлэнд дураар амарна шүү дээ. Хоёр зуу гаруй километр газар явсан гэхэд асгагдаж зүдэрсэн ч үгүй. Амрах гэж явсан хүмүүс амрахаасаа илүү аян замд их хугацаа зарцуулж, аяншиж ядраад буух газраа буларчихсан очих нь элбэг. Өглөө галт тэрэгний буудалд бууснаас хойш ердөө л гурван цаг өнгөрчээ. Ийм байхад хэн ядрах вэ дээ.
Биднийг Улаанбаатар хотоос Сайхан талын аялалд гарахад тэнгэр хангай бага зэргийн ааштай хуйсганаж, хохилзоод, цас бороо холилдон орж байсан юм. Амралтын газрын үүдэнд ирэхэд зэврүүн хүйтэн салхитай л байв. Тамчийн уудам талыг домгийн цагаан будан ээрч, түмэн цагийн чинадаас мянган хуурын хөг сонсогдох шиг. Эргэн тойрон барьсан гэр хэлбэрийн сууц, хуучны овог аймгуудын хүрээ мэт угсруулсан бүхээгт тэрэг, модон мөөртэй үхэр тэрэгнүүд тавьсан нь сэтгэгдэл төрүүлэм юм. Тэрүүхэн урд жижгэвтэр нуур харагдах бөгөөд голдоо эртний хэлбэрээр барьсан ганц гонх, мэлхий отон зогсоо ганц дэглий мэт үзэгдэх авай. Сартай шөнө дорнын шүлэгчидтэй шимт сархад хүртэнгээ шүлэг уншиж суумаар.
Амралтын өглөөний цай, өдөр, оройн хоол нь буфет. Гахай, тахиа, загас, галууны махнаас гадна монгол хоол ч байх юм. Хүн бүр тавгаа барьж босоод хүссэн хоолоо сонгож хатан хүн шиг зажилж, хаан хүн шиг тамшаалан зооглох нь таатай. Мөнөөхөн хүсээд байсан шимт сархад шилтэй, ваартай ширүүн, нялуун, мэглүү, байжуу, пийжүү гээд төрөл бүрээрээ л байна. За энэ ч яах вэ. Энд тал газрын язгууртан мань мэтийн барааг нь харж, барьж ч зүрхлэмгүй далайн хоол, элдэв ногоо жимс тэргүүтэн, хүйтэн зууш, амтлаг жимстэйгээ сонирхол татан байна. Идэж чадахгүй гэж зоволтгүй юм билээ. Уйдаж өлсөхийн зовлон алга. Үгүй ер өө “Нанжин хотын зээлийн гуанзанд идсэн хоол мөн шив дээ”
Амралтын бүсэд бүх насныхан өөрсдийн сонирхлын дагуу тоглох усан паркийн хэсэгтэй. Бүр багачууд нь ч тоглох усан гулсуур тоглоомтой юм. Томчууд болон гэр бүлээрээ тухлах дөрвөн өөр төрлийн хэмтэй халуун рашаантай бөгөөд алжаал тайлах хаш чулуун орон дээр нойрсож ч болох аж. Эмчилгээний винотой, сүүтэй, тантай, цагаан гаатай ваннууд бүсгүйчүүдийн хамгийн дуртай тухлах хэсэг гэдэг нь харагдаж байв. Даралттай усны олон төрлийн массажнууд бүх насныхан эр эмгүй л очих дуртай газрын нэг юм билээ. Миний хамгийн дуртай хэсэг 1.4-1.8 метрийн гүнтэй 25 метрийн урттай олимпын стандарт бүхий бассейн байлаа. Бассейнд орж сэлсний дараа олон төрлийн халуун орны моддын доор хулсан орон дээр амьсгаа даран хэвтэх нь нэг төрлийн таашаал. Амралтын бүсэд орсон хүн бүр өөртөө таарсан хэсгээ олдог. Эсвэл зүгээр л шүршүүрт орж саунд сууж болох юм.
Энэ бүгдийг үзэхийн тулд “Мирай травел” компанитай холбогдоход л болно. Хамгийн хямд үнээр, хамгийн ойрхон гадаад аяллын маршрутыг тэд санал болгоод байна. Нэг удаагийн аялалд том хүн 650 мянган төгрөг, хүүхэд 550 мянган төгрөг гэдэг Монголын зарим газар хоосон гэр ганц хоног авах л үнэ. Гэтэл энэ үнээр Улаанбаатараас Замын-Үүд, Замын-Үүдээс Эрээн, Эрээнээс Сайхан талын амралтын бүс орох хоёр талын бүх зардал, усан парк, халуун рашаантай цогцолборт хоёр хонох байр, хоол нь багтчихсан гэхээр ямар хямд аялал болох нь тодорхой.
“Мирай травел”-ийн мэргэжлийн хөтчүүд таныг галт тэргэнд суухаас эхлээд хил гарах, унаа сэлгэх, дэлгүүр хэсэх, буудалд байрлах, амралтын бүсэд амрах, хоолоо идэх гээд бүх цаг үед тань хамт байж, асуудлыг тань шийдэж байдаг тул та халамж, анхаарлаар дутахгүй, сайхан амраад ирдэг юм билээ. “Мирай травел”-ийн дараагийн аяллууд товлогдсон байна билээ. Тэд дараагийн аяллын багаа тавдугаар сарын 2, 9, 16, 23-нд явуулахаар төлөвлөсөн байна.
Усан парк, халуун рашаан, амралтын бүс, цэцэрлэгт хүрээлэн гээд орчноо өөрчилж “Жаргахад цаг гарга”-аарай. Бас л мартах гэж байна. Эрээн хотод гурван цаг орчим худалдан авалт хийж болох юм билээ.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна