Т.Гүенбаатар: Энэ удаагийн сонгуулиар хяналтын тооллогыг 100 хувь хийнэ


Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатартай ярилцлаа. 

 

-СЕХ энэ удаагийн УИХ-ын сон­гуульд оролцох улс төрийн нам, эвслүүдийн хүсэлтийг хэлэл­цэж шийдвэрлэсэн байсан. Тухайн шийдвэрийг албан ёсоор танилцуулна уу? 

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 26 нам, хоёр эвсэл оролцохоор хүсэлтээ илэрхийлсэн. Энэхүү хүсэлтийг СЕХ дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, 23 нам, хоёр эвслийг бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлээд байна. 

-Гурван намыг ямар шалт­гаан, үндэслэлээр бүртгэхээс татгалзсан бэ? 

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-д заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намыг бүртгэхээс татгалзсан. 

-УИХ-ын 2024 оны ээлжит сон­гууль болоход хоёр сар хүрэх­гүй хугацаа үлдлээ. Бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү? 

-СЕХ-ноос баталсан цаг хуга­цааны хуваарийн дагуу бэлтгэл ажлуудаа хийж гүйцэтгэж байна. Хуульд заасан хугацааны дагуу өнгөрсөн сарын 29-нөөс өмнө гадаад улсад ажиллаж амьдарч буй иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс болон 330 сум, есөн дүүргийн сонгуулийн хороог байгуулсан. Харин одоо санал авах хэсгийн хороодынхоо бүрэлдэхүүнийг батална. Мөн саналын хуудасны загварыг баталсны дараа түүнийг сонгогчдод танилцуулж, сурталч­лах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

-Энэ удаагийн сонгуулийг томсгосон тойрогт холимог тогтолцоогоор зохион байгуулна. Мөн мандатын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор саналын хуудас нэлээд том болж улмаар хүчингүй болох эрсдэлтэй гэж харж байгаа. Тиймээс саналын хуудас сонгогчдыг төөрөгдүүлэхгүй, илүү хялбар байлгах боломж бий юү. Урьдчилсан байдлаар ямар хувилбар яригдаж байгаа вэ? 

-Саналын хуудас үргэлжилсэн нэг урт уу аль эсвэл хоёр тусдаа байх уу гэдэг хувилбар яригдаж байна. Ерөнхийдөө сүүлийн хувилбар нь илүү тохиромжтой байх болов уу. Өөрөөр хэлбэл, тойрогт нэр дэвшигчдэд, мөн жагсаалтаар нэр дэвшигч буюу улс төрийн намуудад зориулсан хоёр төрлийн саналын хуудас байна гэсэн үг. Томсгосон тойрогтой, мандатын тоо нэмэгдсэн учраас сонгогч саналаа өгөхөд хүндрэлтэй асуудал гарах магадлал бий. Тиймээс үүнийг бас тооцоолж байгаа. Сонгогч мандатын тооноос илүү эсвэл дутуу тэмдэглэгээ хийсэн тохиолдолд санал тоолох төхөөрөмж уншихгүй. Тиймээс бид ийм эрсдэл гаргахгүйн тулд мандатын тоотой тэнцүү нэр дэвшигч, нам сонгох ёстой гэдгийг иргэд, сонгогчдод ойлгуулахад чиглэсэн ажлыг нэлээд зохион байгуулахаар төлөвлөж байна. 

-Хэрэв сонгогч мандатын тооноос илүү юм уу дутуу тэмдэг­лэгээ хийж саналын хуудас нь хүчингүй болсон тохиолдолд дахиж саналын хуудас авах боломжтой юу? 

-Хүчингүй болсон тохиолдолд сонгогч хуульд заасны дагуу дахин нэг удаа саналын хуудас авах эрхтэй. 

-Энэ удаагийн сонгуулиар санал тоолох хэчнээн төхөөрөмж ашиг­лахаар төлөвлөж байна вэ? 

-Санал тоолох 3000 ширхэг төхөөрөмж ашиглахаар төлөвлөсөн. Хамгийн анх 2500 ширхгийг авч байсан. Харин өнгөрсөн онд 500 төхөөрөмж нэмэлтээр авсан. Олон сонгогчтой хэсгийн хороонд нэмэлт төхөөрөмж тавих зэргээр зохион байгуулалтын арга хэмжээ авна. 

-Сонгуулийн санал хураах өдөр ажиллах төрийн албан хаагчдын тухайд янз бүрийн мэдээлэл гарч байна. Ер нь тэднийг ямар зарчмаар сонгож, хэрхэн бэлтгэж ажиллуулдаг вэ? 

-Сонгуульд ажиллах төрийн албан хаагчаас өмнө тойрог, хэсгийн талаар ярих хэрэгтэй болов уу. Монгол Улсыг 13 тойрогт хуваасан. Эдгээр тойрог нь дотроо хэсэг болж хуваагддаг. Хуульд заасны дагуу гуравдугаар сарын 1-нээс өмнө сум, дүүргийн ИТХ-аар хэсгийг байгуулдаг. Үүний дагуу 2187 хэсэг байгуулагдсан. Харин СЕХ хэсгийг нэгтгэх, нэмж байгуулах, татан буулгах эрхтэй. Тиймээс сум, дүүргээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн СЕХ есөн хэсгийг нэмж байгуулсан. Ингэснээр улсын хэмжээнд 2196 хэсэг дээр санал хураана гэсэн үг. Нэг хэсэгт есөн хүн ажиллана гэж тооцоход 20 орчим мянга болох тооцоолол бий. Үүн дээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороог нэмэхээр нийт­дээ 26-27 мянган төрийн албан хаагч ажиллахаар байгаа. Хол­бог­дох хуульд зааснаар байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгуул­лагад төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллах үүрэгтэй байдаг. Гэхдээ эдгээр албан хаагч холбогдох сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах ёстой. Тиймээс бид энэ удаад цахим систем ашиглаж байгаа бөгөөд сонгуульд ажиллах төрийн албан хаагч тухайн системд хандаж бүртгүүлээд дараа нь холбогдох сорилд хамрагдаж гүйцэтгэл нь тогтоосон хувьд хүр­сэн тохиолдолд гэрчилгээ олгох зарчмаар явдаг. 

-Ямар шалтгаанаар есөн хэсгийн хороог нэмж байгуулсан бэ? 

-Сонгогчдын тооноос шалтгаалж нэмэлтээр байгуулсан. Хуульд зааснаар хэсгийн хороо байгуулахад сонгогчийн тоо аймгийн төв болон нийслэлд 200-гаас багагүй 3000-гаас ихгүй байх ёстой. Тиймээс 200-гаас доош хүн амтай багуудыг зэргэлдээ багтай нь нэгтгэх, хэрэв алслагдмал, нэгтгэх боломжгүй гэж үзвэл тогтоосон тооноос бага байсан ч хамаагүй хэсгийн хороо байгуулна. Харин 3000-аас дээш сонгогчтой байвал хувааж хэсгийн хороо байгуулдаг. Яагаад ингэж тоонд хязгаарлагдаж хэсгийн хороог байгуулдаг вэ гэхээр санал хураалтад оролцох сонгогчдын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хэсгийн хороодын ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой байдаг. 

-Сонгогчдын саналыг нэгтгэх ажлыг зохион байгуулахад хүлээлт үүсгэхгүйгээр түргэн шуур­хай нэгтгэх талаар ямар нэгэн шинэ шийдэл нэвтрүүлж байгаа юу? 

-Сонгуулийн тогтолцоо, тойрог, мандатын тоонд л өөрчлөлт оруулсан болохоос процессын хувьд яг л өмнөх шигээ үргэлжилнэ. Харин хяналтын тооллогын тухайд өөрчлөлт оруулж, 100 хувь гараар тоолохоор болсон. Тодруулбал, сонгуулийн санал хураалтын дүнг дэлгэцээр дамжуулан олон нийтэд танилцуулсны дараа 2196 хэсэг дээр хяналтын буюу гараар тоолох ажлыг зохион байгуулна. Өмнө нь хяналтын тооллогыг 100 хувь хийж байгаагүй. Ерөнхийдөө 50, 60 хувьд нь л хяналтын тооллого хийдэг байсан. 

-Тэгэхээр хяналтын тооллогын дүн гарахад нэлээд хугацаа орох юм шиг санагдаж байна. Барагцаа хугацаа хэлэх боломжтой юу? 

-Арав орчим цаг болох байх гэж тооцоолсон. Ер нь хяналтын тооллого санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрж байсан тохиолдол гарч байгаагүй. 

-Сонгуулийн жил “царцаа нүүлгэх” буюу иргэдийн шилжилт хөдөлгөөн болон хаягийн зөрчил, маргааны асуудал хөндөгддөг. Хэрэв энэ мэт зөрчил гарвал үүнийг хэдий хугацаанд багтаан шийдвэрлүүлэх ёстой вэ? 

-Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээх хуулийн заалттай.  Тиймээс одоо бол ямар нэгэн шил­жилт хөдөлгөөн хийх боломжгүй. Сонгогчийн нэрийн жагсаалтыг УБЕГ дөрөвдүгээр сарын 1-нээс цахим хуудастаа байршуулдаг. Тиймээс сонгогч election.burtgel.gov.mn рүү нэвтэрч өөрийнхөө хаяг дээр ямар хүмүүс бүртгэлтэй байгааг харах боломжтой. Хэрэв хүн дутуу эсвэл илүү байвал харьяа бүртгэлийнхээ ажилтанд хандаж зөрчлөө арилгуулах боломжтой. Гэхдээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө зөрчлөө шийдвэрлүүлсэн байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. 

-Одоо албан тушаалтайгаа бай­гаа, мөн ажлаа хүлээлгээд өгчих­сөн горилогчид ажил үүргийн­хээ хүрээнд хэвлэлд ярилцлага, мэдээлэл өгч болох уу? 

-Аль, альных нь хувьд хэвлэлд ярилцлага өгөх нь нээлттэй. Харин тухайн ярилцлага, мэдээллийн агуулга ямар байх вэ гэдэг нь л чухал. “Би нэр дэвших гэж байгаа”, “Намайг дэмжээрэй” гэх мэтээр ярьж болохгүй. Хуулиар хориотой. Харин нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлдэг. Ингэснээр эл агуулгаар ярих нь чөлөөтэй. Харин одоо бол ажил үүрийнхээ хүрээнд, мөн энгийн иргэний хувиар санал бодлоо илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгч болно. 

Үүнийг зарим хүн хуулийн өөр заалттай андуурч “Би нэр дэвших гэж байгаа болохоор ярилцлага, мэдээлэл өгөх боломжгүй” гэж өрөөсгөл ойлгоод байх шиг байна. Тэр хориглосон заалт нь юу вэ гэхээр, ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, хишиг, хувь хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, оруулах амлалт авах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглодог. Мөн нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад, дотоодын аялалд оролцуулах, амралт сувилалд амраах, сувилуулах зэрэг нь хориотой. 

-Энэ удаагийн сонгуулийн сур­талчилгааны тухайд шинэ зохицуу­лалтаар хэрэгжинэ. Суртал­чил­гааны самбарын талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

-Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр сонгуулиар гудамж, талбайд байршуулдаг жижиг самбаруудыг ашиглахгүй. Харин нэгдсэн болон зурагт самбар гэсэн хоёр зүйлийн талаар хуульд тусгасан. Нэгдүгээрт, нэгдсэн самбар бол тойрогт нэр дэвшигчдэд зориулсан. Үүнийг тухайн сум, дүүргийн Засаг дарга хариуцаж, тухайлсан нэг байршилд байршуулах бөгөөд түүн дээр нэр дэвшигч өөрийнхөө танилцуулга, мэдээллийг бичсэн А3 хэмжээтэй цаасыг саналын хуудаст бичигдэх дарааллынхаа дагуу наана. Хоёрдугаарт, зурагт самбар нь намд буюу жагсаалтаар нэр дэвшиж буй хүмүүст зориулагдсан. Үүний байршлыг сум, дүүргийн ИТХ-аас тогтооно. Харин нам, эвсэл самбараа өөрсдөө хариуцан хийж тухайн тогтоосон байршилд байршуулна. Гэхдээ зурагт самбар хэвлэлийн найман хуудаснаас хэтрэхгүй хэмжээтэй байх ёстой. 

-Нэгдсэн болон зурагт самбарын тоо ширхэг тойрог, хүн амын тооноос хамаарч харилцан адилгүй байх уу? 

-Нэгдсэн самбар бол аймгийн төвийн суманд тав, дүүрэгт дөрөв, суманд хоёр байх ёстой. Харин зурагт самбарын тухайд суманд нэг, дүүрэгт хоёр гэх мэт харилцан адилгүй тоотой байх юм. Энэ мэт зохицуулалтын гол зорилго бол нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлыг бууруулахад чиглэж байгаа юм. Энэ утгаараа сурталчилгааны тараах материалын тухайд ч мөн адил хэвлэлийн хуудас, ухуулагч, тээврийн хэрэгслийн тоо, хэмжээг багасгасан. Харин сонгуулийн сур­тал­чилгааны хувьд мэтгэлцээнийг түлхүү ашиглах зохицуулалт хийсэн. Улс төрийн намууд улсын хэмжээнд хийж хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулж өрсөлддөг учраас тэрхүү мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд мэтгэлцэх шийдлийг оруулж өгснөөрөө бас онцлогтой байна.

 С.Юмсүрэн 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр