Хүсэл тэмүүллийн дууч


Хөгжмийн ертөнцөд шуурга мэт орж ирсэн эуран бүтээлч бол Дуа Липа юм. Тэрбээр урлагийн салбар төдийгүй гоо сайхан, загварын ертөнцөд  үзэсгэлэнт дүр төрхөөрөө алдаршаад байгаа билээ. Зоригтой, шинэлэг хэв маягаараа хамгийн сүүлийн үеийн трендийг  тодорхойлдог Дуа Липа “Тайм” сэтгүүлийн топ 100 жагсаалтыг хошуучилжээ. Инди ба синт поп урсгалаар дуулдаг  тэрбээр “Warner Bros. Records” дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулснаар хөгжмийн карьераа амжилттай эхлүүлсэн юм. Нелли Фуртадо, Пинк, Кристина Агилера  нарын дуу ковер хийж “Youtube” хуудастаа байршуулж байхдаа  Манхэттэний  тансаг зочид буудалд  тухалж, “Хадсон Ярд”-ын 101 дүгээр давхарт Грэммийн ялалтаа тэмдэглэж,  алдартай сэтгүүлүүдэд ярилцлага өгнө гэж зүүдлээгүй биз. Тэрбээр Грэммийн шагналыг гурван удаа, “Brit Awards”-ыг зургаан удаа, “MTV Europe Music Awards”-ыг хоёр удаа, “Billboard Music Awards”, “American Music Award” гэсэн томоохон бүх шагналыг удаа дараалан хүртсэн байдаг. Түүнчлэн Гиннесийн амжилтыг хоёр удаа эвдэж, түүхэнд бичигдэх хэмжээний амжилтаа хэдийнэ бататгажээ. Дуу хөгжимд хил хязгаар үгүй. Дэлхий даяар цацагдаж буй 10 дуу тутмын нэг нь Их Британийн уран бүтээлчийнх байдаг. Домогт “The Beatles”, “Pink Floyd”-оос эхлээд Дуа Липа, Харри Стайлс, Селест зэрэг өсөж буй супер одод хүртэл бүгд багтана.

 

Харанхуй поп

 

Балканы мөргөлдөөний үеэр Косовогоос дүрвэсэн Дуа Липагийн аав нь  эх орондоо алдартай рок хамтлагийн дуучин байв. Лондонд ирээд цагаачдын жишгээр  баар, ресторанд цагийн ажил хийжээ.  Вестминстерт суурьшсанаас гурван жилийн дараа 1995 онд Липа мэндэлсэн гэдэг.  Түүний нэр албани хэлээр “хайр” гэсэн утгатай. Тэрбээр охиныхоо хөгжмийн ертөнцийн анхны хөтөч болж Боб Дилан, Стинг, Дэвид Боуи нарын дууг хамтдаа сонсдог байв.  Липа есөн настайдаа “Силвиа” залуучуудын театр, урлагийн сургуульд элсжээ. Уг сургуульд Рита Ора, Том Флетчер, Эми Уайнхаус нар суралцаж байв. Түүний хоолойг сонссон багш нь өсвөр насны хүүхдүүд сурдаг ахисан түвшний ангид оруулжээ. Хожим Липа  “Би айж байсан.  Гэхдээ багш намайг дуулж чадна гэж хэлсэн анхны хүн. Лондонд төрсөн ч  төрөлх хот биш гэдгийг багаасаа мэдэрч өссөн. Дүрвэгсэд шаардлагагүй бол эх орноо орхихгүй гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Манай гэр бүлийн төлөвлөгөө үргэлж Косово руу буцах. Косово 2008 онд тусгаар тогтнолоо зарласны дараа бид эх орондоо амьдрахаар нүүсэн. Би албани хэлээр англи аялгатай ярьдаг охин байв. Найзууд минь намайг хип хоптой танилцуулсан юм. 14 настайгаасаа эхлэн “Пинк”, Нелли Фуртадогийн дууг коверлож, “Youtube” хуудастаа бичлэгээ оруулсан.   Англид илүү боломж байгаа учир хөгжмийн сургуульд сурахаар Лондонд эргэн ирсэн.  “Парламент Хилл” ахлах сургуульд суралцаж, бямба гарагт нь “Силвиа” залуучуудын театр, урлагийн сургуульдаа хичээллэж эхэлсэн. Дуу хөгжимд зарцуулах орлого олохын тулд ресторан, шөнийн клубүүдэд цагийн ажил хийсэн” гэжээ. Дуа Липа өсвөр насандаа хөгжмийн салбарынхны хараанд өртөхөөр Лондон хотын клубт ковер дуулдаг байв. Загвар өмсөгч болох хүсэлгүй ч ашигтай ажил учраас 16 настайдаа “Next Models” агентлагтай гэрээ байгуулж, “ASOS Marketplace” компанийн нүүр царай болсон удаатай. Агентлагийн шугамаар 2013 онд  “X Factor”-ын сурталчилгаанд тоглохоор сонгогдов. Эд Ширан, “One Direction”-той хамтран ажиллаж байсан продюсертой зураг авалтын талбайд танилцсанаар “Warner Bros. Records” дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулав. Энэ үйл явдал  толгой эргэм хөгжмийн карьерынх нь эхлэлийг тавьсан юм. Липа 2017 онд анхны дебютаа бичүүлжээ. Мөн "New Love", "Be the One" сингл нь Европын чартуудын эхний аравт багтжээ. Энэ хугацаанд Дуа Липагийн хөгжмийн хэв маяг бүрэлдэн тогтсон. Тэрбээр  өөрийнхөө хэв маягийг "Харанхуй поп" гэж тодорхойлдог. Түүний электрон хэмнэлтэй хөгжмийн  найруулгад цахилгаан гитар, бөмбөр, төгөлдөр хуур ордог. Хөгжмийн шүүмжлэгч, шүтэн бишрэгчид нь Дуа Липаг хүсэл тэмүүлэл, илэрхийлэл, эр зоригоо дуулдаг гэж үздэг. Анхны студийн цомгоороо Европ, Хойд Америк, Австралид танигдсан дуучин ховор. Европын 11 орны хөгжмийн чартыг тэргүүлсэн эрчээрээ хэд хэдэн дуу гаргажээ. Ингээд 2016 оны арваннэгдүгээр сард аялан тоглолтоо хийж шүтэн бишрэгчдээ баярлуулав.  “Хүсэл тэмүүлэл болсон янз бүрийн жанрын нэгдэл”  гэгддэг цомгоороо Грэммийн анхны шагналаа хүртсэн юм. Тус цомог нь Их Британийн хөгжмийн цомгийн жагсаалтын гуравт эрэмбэлэгдсэн амжилттай бүтээл болжээ. Дуа Липа 2018 онд “Youtube”-т нэг  тэрбум гаруй хандалт авсан хамгийн залуу дуучин болжээ.  Уран бүтээлчийн карьерын чухал мөч бөгөөд олон улсад  түүнийг хүлээн зөвшөөрсний баталгаа бол 2018 онд Киевийн “Олимпийский” цэнгэлдэх хүрээлэнд болсон Аваргуудын лигийн хөлбөмбөгийн шигшээ тоглолтын нээлтийн ёслолд дуулсан явдал юм. Мөн ондоо Британийн нэр хүндтэй хөгжмийн шагнал гардуулах ёслол "Brit Awards"-аас "Оны онцлох бүтээл" болон "Британийн шилдэг дуучин" төрөлд нэг дор шалгарчээ. Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг болох “BLACKPINK”-тай хамтран гаргасан "Kiss and Make Up" гэх эрч хүчтэй, бүжгийн хэмнэлтэй дуу 2018 онд  олон улс даяар хит болсон. Эмэгтэйчүүдийн эв санааны нэгдэл Дуа Липагийн эхэн үеийн уран бүтээлийн  сэдэв байлаа.  Түүний “Ерөнхийлөгчийн залбирал”, “Ухамсаргүй шийдвэр байсан” , “Охид ингэж ярьдаг” гэсэн дууны үгс феминистүүдийн уриа болов. Харви Вайнштейны дуулиан, #MeToo хөдөлгөөний тэсрэлт  түүнийг хурцалж хөгжмийн салбарт далд оршиж байсан хүйсийн ялгааг ил тод ярьжээ. 2018 онд Грэммийн шилдэг шинэ уран бүтээлчийн шагнал авахдаа “Эмэгтэй уран бүтээлчид "давхих" хэрэгтэй” хэмээнсэн.  Төд удалгүй Лос-Анжелес дахь “Crazy Girls” тайчих клубт болсон үдэшлэгт оролцсон дуучин эмэгтэйчүүдийг олон нийтийн сүлжээнд шүүмжлэхэд  “Хэрэв та феминист бол эмэгтэйчүүдийг ажлын бүхий л салбарт дэмжих ёстой” гэж бусдыгаа өмөөрчээ.

 

Альфа эмэгтэй

 

Дуа Липа чиг хандлагыг үл тоомсорлож, өөрийгөө бүтээсэн дуучин. Дэлхий даяараа тэг зогсолт хийх үеэр цахим хуудсууд түүний шинэ уран бүтээлүүдээр донсолж байв. Лэди Гага, Сэм Смит нар цомгийн нээлтээ хойшлуулж байхад  Липа шинэ цомгоо товлосон хугацаанаас нь нийтийн хүртээл  болгосноо инстаграмдаа зарлав. Цомгийн дебютээ хийсэн долоо хоногт “Spotify” дээр хамгийн олон сонсогчтой эмэгтэй уран бүтээлч бөгөөд манай гаргийн хамгийн олон урсгалтай уран бүтээлчдийн гуравт жагсжээ. “Future Nostalgia” цомогт  диско, поп, электро зэрэг хөгжмийн хэд хэдэн төрлийг хослуулсан 11 дуу багтсан. “Бүү гар”,“Би гэртээ үлдэх ёстой байсан” гэсэн дууны үгс нь өдгөө хөл хорионы дурсамж болон үлджээ.  Тухайн жилийнхээ  Грэммид “Оны шилдэг цомог”, “Оны шилдэг дуу”, “Шилдэг поп гоцлол” зэрэг зургаан шагналд нэр дэвшиж, Майли Сайрусын хэлснээр “Альфа эмэгтэй” болов. Тиймдээ ч “Цар тахлын эрин үеийн поп од” гэх алдрыг хүртжээ.  Үнэхээр Ковидын жилүүдэд Дуа Липа, “Скүд гэйм” гэсэн нэрээр урлагийн ертөнц амьсгалж байсан. Түүнийг шүтэн бишрэгчид нь бүхий л авьяасыг цогцлоосон гайхалтай бүсгүй гэдэг. Учир нь тэрбээр чадварлаг загвар өмсөгч, дууны ая, үг зохиогч, жүжигчин, дуучин. Тэр алдартай поп од ч дүр эсгэх дургүй. Үдийн хоолны үеэр үйлчлэгч нарт  баярлалаа гэж халуун дулаан үг хэлж,  эелдэг ханддаг. Дуа Липа эцгийн хамт 2016 онд Косово улсын Приштина хотын эмзэг бүлгийнхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Санни Хилл” буяны сан үүсгэн байгуулсан. 2019 оноос ЮНИСЕФ-ийн үйл ажиллагааг дэмжиж, Ливан улс дахь дүрвэгч хүүхдүүдийн хуаранд хүмүүнлэгийн тусламж хүргэн зочилжээ. Липа улс төрийн итгэл үнэмшилдээ бат зогсдог бөгөөд Палестины талыг баримталдаг. Төрөлх Их Британидаа  Хөдөлмөрийн намыг, АНУ-д Берни Сандерсыг дэмжиж, 2020 оны  сонгуулиар ярилцлага хийсэн.  Дуа Липа сүүлийн үед уран бүтээл төдийгүй загварын хэв маяг, нүүр будалтаараа мэргэжилтнүүдийн магтаалыг хүртээд байгаа. “Glamour” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 1990-ээд оны стильд ухаангүй дуртайгаа онцолж, тод өнгийн тень эсвэл уруулын будаг хоёрын аль нэгээр нүүр будалтаа тодотгох дуртай хэмээн хуваалцаж байсан юм. Тэрбээр гоо сайхны мэргэжилтэн бүрийн зөвлөдөг  "Алтан дундаж"-ийг баримталдаг. Бүсгүйчүүд түүнээс санаа авдаг. “Valentino”-гийн кутюр цуглуулгын цагаан даашинз, “Moncler Genius Х Richard Quinn цуглуулгын хослол зэрэг сонголт нь загварынхны ярианы сэдэв болжээ. Түүний давтагдашгүй төрхүүдийг стилист Лоренцо Позокко бүрдүүлдэг. Лоренцо дизайнеруудын шинэ цуглуулгуудаас гадна танил талаа ашиглан “Azzedine Alaia”, “Gucci”, “Tom Ford”-ын ховор цуглуулгыг олоод зогсохгүй “Mugler”, “Versace”-ийн дахин давтагдашгүй гоёлуудыг захиалгаар авдаг.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө