Арцын Гончиг гэхээр идэрхэн залуудаа монгол бөхийн торгон ногоон дэвжээн дээр бяр чадал, уран хурц мэх, авхаалж самбаагаараа гайхуулан барилдаж Монгол Улсын харцага хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн бөх гэдгийг сум, аймаг байтугай Монгол даяар андахгүй. Харин төрийн албаны анхан шатны нэгж болсон баг, бригадын даргаар тасралтгүй 40 гаруй жил ажилласан төрийн захиргааны ажлын баялаг туршлагатай баг, бригадын шилдэг тэргүүний дарга байсан гэдгийг сүүлийн үеийн зарим хүн мэдэхгүй биз ээ. Энэ албыг тасралтгүй 40 гаруй жил хашсан хүн Монголд байдаггүй, үүгээрэээ онцлог, маш том бахархал байдаг.
А.Гончиг агсан олон жил хөдөө орон нутагт хамт олноо удирдан зохион байгуулж, нам, төрийн үүрэг даалгаврыг нэр төртэйгөөр биелүүлэх явцад түүний зам шулуун дардан байгаагүй, саад бэрхшээл багагүй тохиолдсон нь мэдээж. Харин ямар ч бэрхшээлийн өмнө шантарч сөхөрч үзээгүй, уужуу тайван ухаан, ажил зохион байгуулах арга туршлагаараа даван туулж амжилт бүтээл гаргаж байсан алдар хүндтэй шантаршгүй зүтгэлтэн билээ. Энэ хүний хувийн зан чанар, ажлын арга туршлага өнөөдөр ч төрийн захиргааны ажилтнуудад үлгэр дуурайл болсоор байна.
Түүний удирдсан баг, бригадын хамт олноос ажил үйлсээрээ шалгарсан алдар гавьяаны эзэд сум, аймгийн аварга тэргүүний сайчууд олноор төрж алдаршсан төдийгүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, адуучин Л.Бямбадорж, Гавьяат нэгдэлчин Г.Балдан, Улсын аварга саальчин С.Загдаа гэх мэт Монгол Улсын хэд хэдэн удаагийн аварга хадланч, төлчин, саальчин зэрэг алдартан олноор төрсөн байдаг. Энэ хамт олны болон бригадын даргын ажлын арга туршлагыг судалж бүх нийтийн хүртээл болгох талаар тухайн үедээ том том ажлууд нэлээд өрнөж байсан. А.Гончиг агсны ажлын арга туршлагын бас нэг онцлог бол хамт олныг бригад дотор нь гол горхи, хэсэг бүлгийн зохион байгуулалтаар нэгтгэн ажиллуулдаг нь бригадын нийт ажил жигд сайжрахад чухал нөлөө болдог байв.
А.Гончиг агсан ярихдаа “Манай одоогийн бригадын зохион байгуулалт арай томдож байна. Санаа нийлсэн хэсэг малчныг 15-20 өрхтэй буюу 4-5 суурийг бүлэг болгоод ахлагчийг нь албан ёсоор томилон хүн бүрийг үүрэг даалгавартай болгон биеийг нь даалгаж, аж ахуйн тооцоонд оруулаад ямар ч үед нэгдэл, бригадаас тэр бүр дэмжээд байхгүй, үе үе шалгаад байх нь зохистой санагдана” гэдэг байв.
Хот айлын дунд намын гишүүн хүн нэг байж, тэр гишүүний манлайлал, орчиндоо нөлөөлөх байдлыг нь хамт олны ажлаар дүгнэх бөгөөд бусад хэсэг хамт олонтой уралдаантай ажиллуулдаг тул бүгд чармайн ажиллана. Ийм хамт олны зохион байгуулалтаар ажилласан айл өрх нэг ч том мал, төлийн хорогдол гаргахгүй, ноос, ноолуур, сүү цагаан идээ бэлтгэн нийлүүлэх төлөвлөгөө даалгавраа тогтмол давуулан биелүүлж иржээ. Хэрэгцээт өвс хадлангаа хамтын хүчээр бэлтгэнэ. Худаг, булаг шанд, уст цэгээ хамтын хүчээр гаргаж хамгаална. Бэлчээрээ жилийн дөрвөн улирлаар нарийн хувиар, зохион байгуулалттай ашигладаг тул бэлчээрийн өвс ургамал сайн хадгалагдаж, талхлагддаггүй тул мал нь аль ч улиралд соргог бэлчээрт байдаг. Энэ хамт олон гаднаас өөр үүлдэр омгийн мал авахын оронд жил бүр хамт олноороо малдаа нэг бүрчлэн үзлэг хийж, төрөл дотор нь шилмэл омгийн малаа сонгон үржүүлэх аргаар жилээс жилд малынхаа чанарыг сайжруулсан байна. А.Гончиг дарга цааш нь ярихдаа “Нэг нутаг усандаа дасан зохицсон малаасаа л хамгийн сайныг нь шилж сонгон үржүүлээд байхад хэдэн жилийн дараа дан шилмэл сүрэгтэй болдог юм байна. Манай энэ хэдэн хэсгийн малыг сумын мал зүйч үзээд дандаа үржлийн шилмэл сүрэгтэй болжээ. Танайхан ч ямар ч ган, зуд тохиолдоход айх юмгүй болжээ гэсэн” гэнэ.
Энэ хамт олны нэгэн гишүүн Самдан гуайгаас 1978 оны их зудын жил ямаршуу өвөлжиж байна, туслалцаа дэмжлэг юу хэрэгтэй вэ гэхэд “Юу ч хэрэггүй, мал тарган, бэлчээр боломжтой, хадлан өвс хүрэлцээтэй бэлтгэж авсан. Өвөл юм чинь цас оролгүй яахав дээ, цастай болохоор хүйтэрдэг нь байгалийн жам” хэмээн хэлжээ. Бригадын дарга А.Гончиг агсны яриа, энэ хэсгийн малчдын хөдөлмөр зохион байгуулалт нь Монгол Улсын Засгийн газраас өнөөгийн дэвшүүлээд байгаа “Шинэ хоршоо хөдөлгөөн” хөтөлбөрийн агуулга, хэлбэр, үзэл санаатай тун ойролцоо санагдаж тэр үеийн энэ хамт олны ажлын туршлагыг судалж хэрэгжүүлбэл Засгийн газрын шийдвэр хэрэгжихэд тус дөхөм болно гэж үзэж байна.
С.Пүрэвдорж
/МАН-ын ахмад ажилтан/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна