1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд нэг намын ноёрхол, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос салж, улс төрийн олон нам үүсэж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээ Үндсэн хуулиараа баталгаажуулснаас хойш 32 жилийг үдэв. Ардчилал бидэнд юу өгөв, ард түмний аж амьдрал хэрхэн дээшлэв, улс орон маань хэр хөгжив гэдэгт иргэн бүр санал бодлоо илэрхийлэх нь миний, таны тулгамдсан үүрэг болж байна.
Шинэ Үндсэн хуульд заасны дагуу хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хаана ажиллаж амьдрахаа өөрсдөө сонгох болсон, өмчийн ялгаварлалыг арилгасан нь өмнөх тогтолцооноос ялгарах онцлог болов. Уул уурхайн үйлдвэрлэл Монгол орны хөгжлийн түүчээ болж, мал сүрэг өсөж байгаа, дэд бүтэц хөгжлийг урагшлуулах замдаа орсон зэрэг нь бидний амьдарч байгаа нийгмийн давуу тал, ирээдүй болж байна. Төр, засгаас улс орноо хөгжүүлэх 50, 30 жилийн алсын хараатай хөтөлбөр дэвшүүлэн нийгэмд бугшиж, хөгжлийн саад тээг болж ард түмнийхээ баялгийг хулгайлсан авлига, албан тушаалын, ах дүүрхэх гэмт хэрэгтэй тэмцэж байгаа нь улс орны хөгжлийн болон монголчуудын язгуур эрх ашигтай нийцэж байна.
Бид хийж бүтээснээ дүгнэхийн хамт алдсан гажуудсанаа эргэн харж сургамж аван дүгнэлт хийж бодлого зорилтоо тодорхойлох нь нэн чухал. Одоо эргэн бодоход 1990 оны түвшинд Монгол Улсад хөнгөн, хүнсний аж үйлдвэр хөгжиж, Эрдэнэт, Дархан хот сүндэрлэн босож, улс орныхоо хэрэгцээг талх тариагаар ханган, мод боловсруулах комбинаттай, арьс ширээ дотооддоо боловсруулан арьс шир, гутлын, оёдлын үйлдвэрүүд хэдэн арваараа ажиллаж, бүхэл бүтэн ажилчин анги бий болсон байв. Хүн амын өргөн хэрэгцээний зарим барааг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байсан ч бүтээгдэхүүний чанар тийм сайн биш байсныг үгүйсгэх аргагүй.
Ардчилсан хувьсгал ялсны дараа улсын хэмжээний үйлдвэр, үйлчилгээний газрууд, ХАА-н нэгдэл, сангийн аж ахуй хувьчлагдаж, хүн болгон л хувиа борлуулж, довоо шарлуулах болсон нь бас үнэн билээ. 1992 оны шинэ Үндсэн хуульд төрийн тогтолцоог тодорхойлж, түүнээс хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулан 76 гишүүнтэй байнгын парламент ажиллаж, ард түмний олонхын сонголтоор байгуулагдсан төрийн эрх мэдлийг МАН, АН ээлжлэн барьж ирсэн билээ. Улс төрийн энэ хоёр намын аль нь улс орноо хөгжүүлж, ард түмний аж амьдралыг дээшлүүлэв, залгамж халаа байна уу гэдэг нь эргэлзээтэй. Намчирхал, талцал, эд хөрөнгө, эрх мэдлийн төлөөх тэмцэл Монгол Улсыг муухай харагдуулж, ард түмний хөрөнгийг хумсалж хулгайлсан, авлига, албан тушаалын гэмт хэрэг нийгмийг түгшээсэн ийм л цаг үед бид амьдарч байна. Энэ бол тогтолцооны гажуудал, тогтворгүй байдлын эх сурвалж юм.
Төр ёсны заншил, залгамжлалыг хадгалж одоогийн мөрдөж байгаа Үндсэн хуульд байгаа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой зүйл заалтуудыг тодотгон хэвээр үлдээж, Монгол Улсын Их хурлыг хоёр танхимтай болгох нь зүйтэй юм. УИХ-ын төлөөлөгчдийн танхимд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын 12 мянган хүн тутмаас нэг, аймгуудын 10 мянган хүн тутмаас нэг, нийтдээ 320 төлөөлөгч сонгодог болбол Үндсэн хуульд заасан ард түмний төлөөллийг хангаж, жирийн ажилчин, малчин, тариаланч, хөдөлмөрийн сэхээтэн багш, эмч, инженер техникийн ажилтнууд Их хуралд суух боломжоор хангагдан бүх салбарын эрх ашгийг тусгасан чамбай эрх зүйн зохицуулалтыг батлан мөрдөх, илүү үр дүнтэй хэрэгжих бололцоо бий болно.
УИХ-ын Төлөөлөгчдийн танхимын хуралдааныг жилд хоёроос илүүгүй хийж анхдугаар хуралдаанаараа хууль тогтоох танхимын гишүүдийг пропорционал системээр сонгож анхдугаар чуулганаар даргаа сонгож байвал болох юм шиг санагдана. Төлөөлөгчдийн танхимын анхдугаар хуралдаанаар Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдыг томилно. Мөн Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Төрийн хяналтын хороог байгуулж удирдлагыг нь томилно.
УИХ-ын төлөөлөгч, хууль тогтоох танхимын гишүүд тангараг өргөнө. УИХ-ын болон хууль тогтоох танхимын гишүүд адил тэгш эрх эдлэх бөгөөд хэрэв тэднээс өргөсөн тангаргаа няцаж гэмт хэрэг өдүүлсэн, албан тушаал, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдвол эгүүлэн татаж, нөхөн сонгодог баймаар байна.
Хууль тогтоох танхимын гишүүд нь төрийн болон нам, олон нийт, аж ахуйн ямар нэг ажил албан тушаал хашихгүй байхаар хуульчилбал зохимжтой. Төрийн яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүнд харьяалагддаг агентлагуудын бүтэц, орон тооны давхардлыг арилгаж, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх шаардлагатай байна. Үүний нэгэн адил сумдын төрийн албан хаагчдыг цомхон, чадварлаг болгууштай юм.
Миний бие 1991-2002 онд аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхад жижүүр, жолооч нарыг оролцуулахгүйгээр татварын улсын байцаагч 23 хүн ажиллаж говийн өргөн уудам нутагт үйл ажиллагаагаа явуулдаг байв. Тэр үед өмч хувьчлал явагдан өдөрт хэдэн арван хувиараа эрхлэх аж ахуй, хоршоо бүртгүүлдэг, тэдэнтэй ажиллаж төсвийн орлого бүрдүүлэх, татварын тайлан гаргуулан авахад гар утас, тоног төхөөрөмж, авто унаа ховор хэрнээ хүрч ажиллаж, шахуу төлөвлөгдсөн орлогыг цуглуулан аймгийн хэмжээний төсвийн байгууллагуудын цалин хөлс, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг сард нь багтааж бүрэн олгодог цөөн аймгийн нэг байлаа.
Аж ахуйн нэгжүүд төлөвшин, татвараа төлөх ухамсар дээшилсэн, ажил амьдралд цахим харилцаа нэвтэрсэн энэ үед татварын албаны бүтцийг цэгцэлж, татвар хураагч, байцаагч гэсэн орон тооны давхардлыг багасган, тухайн аймаг, нийслэл, дүүргийн татварын улсын байцаагч нарыг хэлтэс, газрын дарга нар нь томилж, чөлөөлдөг, ажиллагсдын ажлын бүтээмж, нийгмийн асуудал, мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлагыг бүрэн хариуцаж үйл ажиллагаагаа явуулж байвал бие даан хариуцлага, санаачилгатай ажиллан орон тоо, зардал хэмнэгдэх болов уу. Төрийн албаны оновчтой бүтэц, тогтвортой ажиллагаа нь улс орны хөгжлийн болон ард олны амар амгалан, тайван сайхан амьдрахын баталгаа болно. Төрийн бодлогын үндсэн чиглэл нь ард олонтойгоо байнгын холбоотой байж, тэдний оролцоонд түшиглэсэн, гаргаж байгаа хуулиуд нь амьдралд нийцэн хэрэгжих найдвартай, улс төрийн нам олон биш төлөвшсөн, хариуцлагын ялгаварлалгүй тэгш шударга үйлчилдэг, боловсон хүчин нь гүйцэтгэх чадвар сайтай, ард түмний оролцоотой ил тод хяналт шалгалттай байх нь зүйтэй юм.
Онцлон хэлэхэд оновчтой, үр дүнтэй гүйцэтгэлийн хяналт шалгалт нь төрийн удирдлагын чухал хэрэгсэл билээ. Монголын төрд хяналт шалгалтын уламжлал, туршлага бий. 20 жил үйл ажиллагаагаа явуулсан БНМАУ-ын Ардын хянан шалгах хороо /АХШХ/ нь олон мянган гишүүд, идэвхтнийхээ хүчинд тулгуурлан аливаа алдаа дутагдлыг цаг тухайд нь илрүүлж арилгуулдаг нэр хүндтэй алба байсан билээ.Ардын хяналт шалгалтад бүх шатны төрийн албан хаагчид өртдөг байсан учраас тэдний дургүйцэл эсэргүүцэлтэй тулгарсан, байгууллагын дотооддоо хийх ажлын цаг бүртгэх, ялаа устгах зэрэг бүхий л хяналт шалгалтыг үүрүүлсэн нь АХШБ-ыг татан буулгах шалтгаан болсон болов уу гэж боддог юм. Хэрэв энэ байгууллага үндсэн чиг үүргээрээ ажиллаж байсан бол өмч хувьчлал арай үр өгөөжтэй явагдаж хөнгөн үйлдвэрийн салбарууд устахгүй байсан болов уу. УИХ 2000-аад оны эхээр Төрийн хянан шалгах хороог байгуулсан ч төдий л удалгүй аудит болон өөрчлөгдсөн. Ийнхүү төрийн хяналт, шалгалт суларсан нь албан тушаалын болон авлига, хээл хахуулийн ноцтой хэргүүд гарах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь лавтай.
Улс орны хөгжилд нөлөөлөх нэг шалтгаан, хүчин зүйл бол оновчтой зохион байгуулагдсан нутгийн захиргааны удирдлага, түүнийг хүн ам, ажиллах хүчний нөөц, мэргэжлийн ур чадвартай нь уялдуулан бүрдүүлэх явдал юм. 20 мянган хүнтэй аймаг, хоёр мянга хүрэхгүй хүнтэй суманд хөрөнгө оруулж, томоохон бүтээн байгуулалт хийхэд төвөгтэй шүү дээ. Ийм учраас миний бодож байгаа багцаагаар аймаг нь 70-аас дээш мянга, сум нь таваас дээш мянган хүн амтай байхад хөгжих боломж нь илүү байх болов уу. Нутгийн захиргааны бүтцийг ийнхүү нягтруулснаар 30, 50 жилийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого илүү хурдацтай хөгжихөд дөхөм болж ажиллах хүчний төвлөрөл нэмэгдэнэ. Эдийн засгийн хүчин чадал ойролцоо зохион байгуулагдсан хөдөө орон нутагт юуны өмнө тухайн орон нутгийн нөөц бололцоо, хэрэгцээ шаардлагыг харгалзан жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэн ойрын 20 жилийн дотор малын мах, ноос, сүүг дотооддоо боловсруулан тэдгээр бүтээгдэхүүн болон төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн, гутал, үндэсний хувцас үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ ханган экспортод гаргадаг болох нь төр, засгийн бодлогын анхаарлын төвд байж хэрэгжүүлэх асуудлын нэг яахын аргагүй мөн. Үүний хамт нүүрсийг угаах, зэс, төмрийн хүдэр, алт, жонш зэрэг байгалиас олборлосон бүтээгдэхүүнийг дахин боловсруулалт хийдэг, нефтийн бүтээгдэхүүнээр шатахууны хэрэгцээгээ хангах зэрэг хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх нь тулгамдсан, заавал шийдвэрлэвэл зохих асуудал мөн.
Үйлдвэржилтийн үйл явцыг даган эрчим хүчний хэрэглээ маш ихээр нэмэгдэх нь дамжиггүй. Тиймээс нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудыг байгаль орчинд ээлтэй болгон өөрчлөх, усан цахилгаан станц, цөмийн энергийн эрчим хүчийг ашиглаж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж экспортлох боломж манай улсад бий гэж итгэн хэрэгжих цаг хугацааг нь хүлээж сууна. Төр, засгаас явуулж байгаа улс орноо үйлдвэржүүлэх, дэд бүтцийг хангах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа бодлогыг бүрэн дэмжиж байна. Үүний нэгэн адил ард олныхоо ажиллах нөхцөл, амьдрал ахуйд хандсан арга хэмжээг цаг алдалгүй авч байх нь хөгжлийг түргэтгэх эх сурвалж болно. Өдөр тутмын өргөн хэрэгцээний бараа, бүтээгдэхүүний үнэ байнга өсөж, хэдийгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа ч үнийн өсөлтийн хурдыг гүйцэхгүй байна. Энэ талаар төр, засгаас цаг алдалгүй судалгаа дүгнэлт хийж өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдах үнийн дээд хязгаарыг тодорхой хугацаагаар тогтоох, гаргасан шийдвэртээ хатуу хяналт тавих нь зүйтэй байна. Цахилгаан эрчим хүч, түлш шатахууны хувьд хойд хөршийн, өргөн хэрэглээний бараа, зээлийн хувьд өмнөд хөршийн хараат болж байгаа нь улс орны цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, ард олны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа тул дэлхийн улс орнуудтай хийх эдийн засгийн харилцаагаа тэнцвэртэй, харилцан ашигтай байлган өргөжүүлмээр санагдана.
А.Цоож
/Монгол Улсын Гавьяат эдийн засагч/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна