Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын сангийн дансыг Монголбанканд албан ёсоор нээлээ. Ингэснээр иргэн бүр хуримтлалын данстай болж, байгалийн баялгийн үр өгөөжийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хэрэгцээнд зарцуулах боломжтой болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5.875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа. Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна. “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэн бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдна. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ” хэмээн онцоллоо. Ийнхүү Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газраас ипотекийн зээлийн эх үүсвэрийг төрөлжүүлэхээр боллоо. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд зөвхөн Монголбанкны эх үүсвэрээр ипотекийн зээлийг иргэдэд олгож байсан бөгөөд энэ нь эрэлтээ хангадаггүй байв. Тиймээс Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийг Засгийн газраас боловсруулсан бөгөөд ирэх долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхлэхээр боллоо. Энэ хуулийн хүрээнд ипотекийн зээлийн шаардлага хангадаггүй байсан иргэдийг хамруулах үндсэн зорилготой. Өөрөөр хэлбэл, ахмад настан, залуу гэр бүлүүдээс гадна сард хоёр саяас доош орлоготой иргэд ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болох боломжийг ийнхүү бүрдүүлэхээр болж байна. Үүний тулд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд байгуулах Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэснээр уг зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэж байгаа бөгөөд нийтдээ 1.2 их наядын санхүүжилттэйгээр ипотекийн зээлийг цаашид олгохоор болж байгаа юм. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн юм. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өгсөн юм. Энэ тухайд тэрбээр барилгын компаниуд орон сууцны ам метрийг хамгийн бага өртгөөр барьж, зах зээлд нийлүүлнэ. Ингэснээр өмнө нь ипотекийн зээлийн шалгуур, шаардлага хангасан ч сарын төлөлтөө тогтмол төлөх боломжгүй байсан иргэд энэ төрлийн зээлд хамрагдах боломж бүрдэж байгааг онцолсон. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд орон сууцны санхүүжилтийг ипотекийн санхүүжилтээр хийж ирсэн. Одоо бол Орон сууцжуулалтын тухай хуулийн хүрээнд түрээсийн орон сууц, төрийн орон сууцны корпорац захиалгаар орон сууц бариад түүнийгээ түрээслэх шинэ хэлбэрийг оруулж ирж байгаа. Ипотекийн зээл авч байгаа иргэд ихэвчлэн орлогын боломжтой байдаг. Судалгаагаар харахад өрхийн сарын орлого нь 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой иргэд ипотекийн зээлд хамрагдсан байна.
2013-2024 оны хугацаанд 7.6 их наяд төгрөгийн зээлийг 104 мянган айлд олгосон дүн мэдээ байна. Тэгэхээр ипотекийн зээлийг төрөөс олгож эхэлснээс хойш 104 мянган айл орон сууцтай болсон гэсэн үг. Харин сарын хоёр сая төгрөгөөс доош орлоготой өрхүүд орон сууцны зээлд хамрагддаггүй. Учир нь зээлийн эргэн төлөлтөө цаг хугацаанд нь хийх боломжгүй гэж үзсэн байдаг. Тиймээс Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн хүрээнд энэ төрлийн иргэдийг хамруулах боломж нээгдэж байна.
Хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүд цаашид төрөөс олгож буй бага хүүтэй, орон сууцны зээлд хамрагддаг болох нь байна. Залуу гэр бүлийн тухайд эхний ээлжид шалгуур, шаардлагаа хангаж, сарын төлөлтөө хийж явсаар хэмжээ жижигтэй орон сууцтай болсныхоо дараа яваандаа орон сууцаа сайжруулж, томруулж болно шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан Засгийн газар иргэдээ орон сууцжуулах том бодлогын хүрээнд өмнө нь ипотекийн зээлийн гадуур үлддэг, хамрагдаж чаддаггүй байсан хэсэг бүлгээ энэ удаад хуулийн хүрээнд харж үзэх, тэдэнд боломж олгох нь зүйтэй гэж үзээд шинээр хуулийн төслийг боловсрууллаа” гэдгийг тодотголоо. Салбарын сайдын хэлсэнчлэн Үндэсний орон сууцны корпорац нь хамгийн хямд орон сууцыг захиалгаар бариулаад орлого багатай иргэдэд нийлүүлнэ. 20-оос дээш жилийн орон сууцны зээл олгох бөгөөд ахмадууд түрээсэлж болохоор зохицуулалтыг хуульд тусгасан байна. 2022 оны судалгаагаар манай улсын 941 мянган өрхийн 32 хувь буюу 302 мянга нь инженерийн дэд бүтэц шийдэгдсэн орон сууцад амьдарч байна. 29.7 хувь буюу 279 мянган өрх гэр хороололд байшин, гэрт амьдарч байна. Мөн 38.2 хувь буюу 359 мянган өрх гэрт амьдарч байна. Харин нийслэлд 50.1 буюу 216 мянган өрх гэр хорооллын бүсэд амьдарч байгаа ажээ. Ийнхүү Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Хуримтлалын сан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлнэ гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар болж байна.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Уг хуулийг баталснаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна. Судалгаанаас харахад нийслэлийн 50.1 хувь буюу 216.989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна. Харин хууль батлагдсанаар Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөл бүрдэнэ. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Х.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна