СУДЛААЧИЙН ҮГ
Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал, эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Монгол Улс олон жил ярьсны эцэст Үндэсний баялгийн сангийн тухай хуультай боллоо. Энэ хуулийг бид ер нь ямар агуулгаар хүлээн авч, ойлгох ёстой юм бэ. Монголчууд энэ хуулиар дамжуулан баялагтаа эзэн байх боломж бүх талаар нээлттэй болж чадсан уу?
-Монголчууд эргэн сэргээгдэхгүй уул уурхайн баялгаасаа орж ирсэн 100 ам.доллар тутмын 98-ыг нь хэрэглээд, идээд уучихдаг гэсэн судалгаа бий. Гэтэл угтаа сэргээгдэхгүй баялгийн өгөөжийн тодорхой хэсгийг заавал хуримтлуулах шаардлагатай байдаг. Мэдээж тодорхой хэсгийг өнөөгийн хэрэгцээ шаардлагадаа зарцуулж болно. Гагцхүү цаана нь хуримтлал заавал үүсэж байх учиртай. Хуримтлуулахаас гадна хэнд зориулагдаж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Зарчмын хувьд тухайн хуримтлалыг өнөөдрийн 3.5 сая хүндээ зориулахын зэрэгцээ ирээдүйн монгол хүнд буюу дараачийн үедээ хадгалах ёстой юм. Дараагийн гол баримтлах зарчим нь баялгийн сан бол бүх монголчуудын өмч. Өнөөдөр өндөр албан тушаал эрхэлж буй хэн нэгэн, эсвэл аль нэг намынх бус Монгол Улсын бүх иргэний эзэмшил хөрөнгө нь байх ёстой. Ийм гурван зарчмын үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн хууль дүрэм батлагдан гарсан. Тэгэхээр иргэд олон нийт ч хуулийг энэ агуулгаар нь хүлээн авах хэрэгтэй.
-Баялгийн сан дотроо гурван төрлийн санд хуваагдана. Үүний захиран зарцуулалт ямар байдлаар явах вэ. Тэнд хуримтлал хэрхэн үүсэх юм бэ?
-Үндэсний баялгийн санд Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан байна. Ирээдүйн өв санд өнөөдөр хэн ч хүрэхгүй. Үүнийг Монголбанканд ам.доллараар байлгана. Өндөр өсөлттэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалт руу Ирээдүйн өв сангийн мөнгийг оруулах хувилбар бас бий. Норвегийн санг харахад хувьцаанд хөрөнгө оруулах замаар илүү өндөр өгөөжтэй өсгөөд явж буй харагддаг. Хөрөнгө оруулалт бол зарцуулж байна гэсэн үг биш шүү. Хуримтлалын сангийн тухайд орж ирсэн орлого нь гурван зүйлд зарцуулагдана. Тодруулбал, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, орон сууц гэсэн гурван зориулалтаар зарцуулах боломжтой. Төрийн өмчит уул уурхайн компаниудын ногдол ашиг Хуримтлалын санд хуримтлагдах юм. Өнөөдрийн байдлаар энэ санд орж ирсэн хөрөнгийг манай улс орон сууцны зээлийг санхүүжүүлэх байдлаар зарцуулахаар шийдвэр гаргаад байна. Тодруулбал, ногдол ашгаас Хуримтлалын санд төвлөрсөн 500 тэрбум дээр нэмэх нь Монголбанкны 500 тэрбум болон арилжааны банкуудаас ипотекийн зээлд зориулан гаргах эх үүсвэр нийлээд 1.2 их наяд төгрөг буюу 10 мянган хүний орон сууцыг шийдэх нь зүйтэй гэж Засгийн газраас шийдвэр гаргасан. Ингэж ипотекийн зээлийн эх үүсвэрт Хуримтлалын сангийн хөрөнгийг зарцуулахаар болж байна. Гурав дахь нь Хөгжлийн сан. Төсөв ашигтай гарвал энд мөнгөн хуримтлал үүсгэнэ. Энэ хөрөнгийг улсын хөгжлийн төсөл хөтөлбөрт зарцуулах юм.
-Хуримтлалын сангийн хөрөнгийг иргэн гурван тохиолдолд захиран зарцуулах эрхтэй байхаар хуульд заасан. Тэгвэл энэ заалтыг иргэн хэзээнээс эдлэх боломж бүрдэх вэ, хуульд хэрхэн тусгасан талаар та манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Таны, миний дансанд мөнгө орлоо гэхэд бид шууд л авч үрчихээд байна л даа. Харин баялгийн сангийн ялгаа бол ингэж шууд үрэгдэхгүйд л байгаа юм. Танд цэвэр хуримтлал үүсэж байна. Ирээдүйд учирч болох эрсдэлээс таныг хамгаалах хэрэгсэл ч болно. Муугаар ярихад бидний эргэн тойрноос хэн нэгэн өвдлөө гэхэд эрүүл мэнддээ зарцуулах хангалттай хэмжээний мөнгөгүй л амьдарч байгаа шүү дээ. Ингээд өөрт байхгүй болохоор бусдаас, эсвэл бүр олон нийтийн сүлжээгээр сошиал орчинд хандив тусламж гуйхаас аргагүйд хүрдэг. Хэрвээ бид өөрийн нэрийн дансанд хуримтлал үүсгээд хэвшчихвэл дээр дурдсанчлан эрүүл мэнддээ зарцуулах боломж бүхий хуримтлалтай болж байгаагаараа маш том давуу талыг үүсгэж байгаа юм. Эхний боломж нь эрүүл мэнддээ зарцуулах нь байна. Хоёрдугаарт, боловсрол. Гуравдугаарт, орон сууцны зээлд зарцуулах боломжтой гэж заасан. Гагцхүү та байгалийн баялгийн хуримтлалаа яг зориулалтынх нь дагуу л зарцуулах шаардлагатай. Хуримтлалын сангийн мөнгийг дуртай үедээ, дуртай зүйлдээ зарцуулж болохгүй гэсэн үг. Яахав, бид энэ хуулийг баталж гаргаснаар ерөнхий рам буюу хүнээр яривал араг ясыг нь босгож байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд хэрхэн яаж зарцуулах вэ. Иргэн эрүүл мэнддээ зарцуулъя гэхэд данс руу мөнгө хэрхэн орох вэ гэх мэт нарийвчилсан зохицуулалтуудыг удахгүй гаргаж хэрэгжүүлнэ. Өнөөдөр бидний жишээ авахаар олон улсын сайн туршлага бол бидэнд хангалттай бий. Энэ туршлагад тулгуурлаад эхний ээлжид орон сууцны ипотекийн зээлд зарцуулъя гэдэг шийдвэр гаргачихлаа шүү дээ. Монголчууд бид төдийлөн хуримтлал үүсгэж чаддаггүй учраас эрүүл мэндийн асуудал үүсэхэд үнэхээр хүчин мөхсөддөг. Энэ нь ковидын үед бүр илүү тодоор харагдлаа шүү дээ. Орлого зогсоход бүх зүйл дагаад зогсчихож байна. Эрсдэлд бэлэн бус байна. Тийм л учраас баялгийн сангаар дамжуулаад иргэн бүрдээ хуримтлал үүсгэчихвэл гэр бүлээс хэн нэгэнд нь эрүүл мэндийн асуудал үүсэхэд хуримтлалаа нэгтгээд эмчилгээ үйлчилгээнд нь зарцуулах боломжийг бүрдүүлэх суурийг тавьж өгч байгаа юм. Гэхдээ мэдээж маргааш хагалгаанд орох гэж байгаа хүнд ийм боломжгүй. Ногдол ашиг гэдэг бол уул уурхайн компаниудаас жил бүр орж ирэх эх үүсвэр. Ингэж байж хуримтлал үүснэ гэсэн үг шүү дээ.
-Баялгийн сангийн гол санаа нь байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээхэд оршиж байгаа. Тэгвэл энэ үүднээс нь аваад үзэхээр ногдол ашгийг эхний ээлжид ипотекийн зээлд оруулж байгаа нь хэр зөв шийдэл юм бэ. Орон сууцжуулах хөтөлбөр бүх нийтийн эрх ашгийг төлөөлж чадах юм уу гэдэг асуулт гарч ирээд байна л даа?
-Би хувьдаа үүнийг гурван үндэслэлээр зөв шийдэл гэж харж байгаа. Баялгийн сангийн өгөөжийг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулж байгаа нь хуримтлал үүсгэх сонгодог хувилбар гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Өмнө нь бид “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг иргэн бүрд тараачихсан. Тухайн үед ийм Хуримтлалын сан байсангүй, иргэдийн нэр дээр данс ч байсангүй. Тиймээс иргэдийн хувийн данс руу бэлэн мөнгө шилжүүлчихсэн байдаг. Энэ хувь хишгийн 1.2 орчим тэрбум төгрөгийг Хуримтлалын санд хуримтлуулсан бол одоогийн 10 мянгатай нийлээд 20 мянган хүний ипотекийн зээлийг шийдэх боломжтой байсан байх жишээний. Ипотекийн зээлээр орон сууцтай болох нь залуу хүмүүст, бас гэр хороололд, аймгийн төвд хашаанд амьдарч байгаа олон хүний хувьд зорилго нь болчихоод байна шүү дээ. Цалингаараа ипотекийн зээлээ төлөх чадвартай хүмүүс хүртэл авч чадахгүй байгаа шалтгаан нь мөнгө санхүү хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Ипотекийн зээлийн эргэн тойронд судалгаа хийгээд харахаар хүмүүс эхний ээлжид урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд орон сууцны зээл олж авч чадахгүй болохоор нь машин авах, эсвэл өөр ямар нэгэн зүйлд үрэн таран хийчихдэг. Зорилго тавьж цуглуулаад урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд орон сууцад орчихсон тохиолдолд маш хариуцлагатайгаар төлөлтөө хийдэг. Ингээд нэг талдаа санхүүгийн маш өндөр сахилга баттай болж байна, хэрэглээгээ эрэмбэлээд танаад сурчихаж байна. 10-20 жилийн хугацаанд ипотекийн зээлээ ингэж хариуцлагатай төлөөд дууссан тохиолдолд тухайн хүн өөртөө маш том хуримтлал үүсгээд авчихдаг. Энэ үүднээс нь харахаар ипотекийн зээл бол үндсэндээ зорилготой, төлөвлөгөөтэй, санхүүгийн сахилга баттай амьдралд сургачихаж байгаа биз. Мөн ипотекийн зээлийн хүү өнөөдөр зургаан хувь байгаа юм. Зургаан хувийн хүүтэйгээр ипотекийн зээл авсан хүмүүст төр татаас өгч байна гэсэн үг. Амьдралынх нь туршид магадгүй татаас өгөөд байна л гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, төр иргэнийхээ санхүүгийн сахилга батыг дэмжиж байгаа нэг хэлбэр. “Яагаад татаас гэж, би өөрөө хүүгээ, зээлээ төлж байгаа шүү дээ” гэж хэлэх хүн байж болох юм. Тэгвэл өнөөдрийн байгаа арилжааны банкны хүүтэй харьцуулахад зургаа бол маш бага хувь. Ганцхан жишээ татахад, та бид цалингийн зээл авлаа гэхэд жилийн 18-21 хувийн хүүтэйгээр авч байна. Тэгэхээр ипотекийн зээлийг зах зээлийн ханшаас даруй 2-3 дахин бага хүүтэйгээр авч байгаа биз. Тэгвэл санхүүгийн сахилга баттай, дундаж давхаргыг бүрдүүлэх боломжийг төрөөс олгож байгаа хэлбэр гэж хэлж болно. Энэ гурван шалтгаан, үндэслэлээр харвал Хуримтлалын сангийн хөрөнгийг эхний ээлжид ипотекийн зээлд зарцуулахаар шийдвэрлэсэн нь оновчтой бөгөөд цагаа олсон шийдэл гэж би хувьдаа харж байгаа.
-Цаг хугацааны хувьд сонгуулийн жилд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж таарлаа. Энэ утгаараа зарим шүүмжлэлд өртөж байна л даа. Тухайлбал, Монголбанкнаас ипотекийн зээлд зориулан гаргадаг байсан эх үүсвэртэй дүйцэх хэмжээний төсвийг нэмээд цутгачихлаа гэдэг ч юм уу. Энэ тухайд та яаж харж байна вэ?
-Үл хөдлөх хөрөнгийн агентууд мэднэ дээ. Өнөөдрийн байдлаар зах зээлд 25-30 мянган орон сууц бэлэн зарахаар эзнээ хүлээж байна. Шинээр ашиглалтад орсон болон хуучин орон сууц нийлээд шүү. Шинээр гэвэл 2023 онд 19 мянган орон сууц ашиглалтад орсноос 15 мянга нь Улаанбаатар хотод байна. Нөгөө талдаа 2023 оны хоёрдугаар сараас 2024 оны хоёрдугаар сарын хугацаанд 6500 иргэнд ипотекийн зээл олгосон дүн мэдээ байна. Эндээс дүгнэхэд одоогийн эх үүсвэрээр бид жилдээ хамгийн ихдээ 6.5 мянган хүнд л ипотекийн зээл олгох боломжтой. Гэтэл арилжааны банкуудад яг одоо ипотекийн зээлийн хүсэлтийн тоо 17 мянга гаруй байна. Нэг талаас нь харвал ипотекийн зээл авах хүсэлтэй ч чадахгүй 17 мянган хүн байна шүү дээ.
-Эрэлтээ дагаад орон сууцны үнэ өсчихвий гэх болгоомжлол ч бас бий шүү дээ?
-Үнэ өсөх эрсдэл бий. Гэхдээ орон сууцны үнэд дан ганц эрэлт нөлөөлөхөөс гадна орцын үнэ нөлөөлдөг. Орон сууцны гол орц нь цемент, арматур байдаг. Цемент, арматурын зах зээл дээр өрсөлдөөн нэмэгдэх тусам иргэд хамгийн боломжтой үнээр орон сууц авах эсвэл өөрсдөө барилга байшин барих боломжтой болно л гэсэн үг. Нөгөө талаас нийлүүлэлтийн төсөөллийг харахад 2024 онд дахиад 16-18 мянган орон сууц ашиглалтад орно. Үүний талаас илүү нь мэдээж Улаанбаатар хотод байж таарна.
Тийм учраас барилгын явц, зах зээл дээрх нийлүүлэлтийн нэмэгдлийг харгалзах ипотекийн зээл гаргах хэмжээгээ зэрэгцүүлээд нэмээд явбал үнэд нөлөөлөхгүй хэлбэрээр хэрэгжүүлээд явж болно.
-Манай улс энэ төрлийн хуультай болох гэж олон жил ярьсан ч ажил хэрэг бололгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Хууль боловсруулах явцад манайх шиг байгалийн баялагтай улс орноос хэр судалсан бол. Ингэж асууж байгаа нь Баялгийн сангийн хууль цаашид хэр амжилттай хэрэгжих талаар лавлаж байгаа юм шүү?
-Хөгжлийн эдийн засагч хүний хувьд Үндэсний баялгийн сангийн хууль амжилттай хэрэгжихэд хоёр үндэслэл бий гэж харж байна. Нэгдүгээрт, хамгийн чухал зүйл нь хяналт, ил тод байдал. Монгол Улсын 3.5 сая иргэний, дээр нь ирээдүйд төрөх монгол хүнд байгалийн баялгаас хүртээх үр өгөөжийн талаар ярьж байгаа учраас бид өөрсдөө төдийгүй хөндлөнгийн, мэргэжлийн түвшний хяналтыг маш өндөр түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Ингэж байж энэ сангийн үйл ажиллагаа амжилттай бөгөөд тогтвортой үргэлжилнэ. Та бидний хүртэх үр өгөөж нь өснө. Хоёрдугаарт, та биднээс их зүйл шалтгаална. Энэ удаагийн парламент ямар ч байсан хуулиа баталж чадсан нь урагшаа хоёр алхсан шийдвэр байлаа. Харин дараа дараачийн парламент энэ хуульд, санд хэрхэн хандах вэ гэдэг та биднээс хамаарна. Аль нэгэн парламент гарч ирээд “За Хуримтлалын сан руу гар дүрэхгүй л бол болохгүй нь” гэдэг шийдвэр гаргачихвал бид өнгөрсөн үеийнхээ алдааг дахиад л давтана. Ийм шийдвэр гаргуулахгүй байхад ард түмний хүсэл эрмэлзэл хамгийн чухал гэдгийг дахиад тодотгоё. Тэгэхээр нэгэнт баялгийн сан бол бүх ард түмний өмч, ирээдүйд төрөх монгол хүн бүрийн эзэмшил учраас хаана хаанаа зарчмаа барьж, хяналтаа сайн тавиад явбал өнөөдрийн болоод ирээдүйн Монголчууд үр шимээ хүртэнэ.
-Баялгийн өгөөжийн алдагдсан боломжийн талаар яривал барагдахгүй. Бусад улс орнуудад баялгийн сангийн хуулиа амжилттай авч явсан сайн туршлагын талаар та бидэнд нэмэлт мэдээлэл өгнө үү?
-Магадгүй 10 жилийн өмнө бид Баялгийн сангийн хуультай болоод Хуримтлалын сан нээчихсэн бол өнөөдөр хэдэн арван их наядаар тооцогдох хуримтлалтай болох байлаа. Гэхдээ ийм сонирхол өмнөх үеийнхэнд байсангүй. Өнгөрсөн хугацаанд хэн нэгэн эрх мэдэлтэн, бүлэглэлүүдийн эрх ашигтай зөрчилдөж байсан учраас манай улс хуримтлал үүсгэж чадахгүй явсаар өдий хүрсэн. Ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, энэ олон ашиг сонирхлын бүлэглэлтэй тулж, хулгайтай хэн тэмцэж чадах бол гэж хүлээж байсан. Тэгвэл энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манлайлж энэ ажлыг хийлээ. Ингэснээр хэн нэгэн Ерөнхий сайд, эсвэл Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн биш, харин Монгол Улсын 3.5 сая хүн хожно. Үүлэн цоорхой ч гэж хэлж болохоор цаг үе таарлаа. Харин үүнийг хэрхэн үргэлжлүүлж, илүү гэрэлт ирээдүйг бүтээх вэ гэдэг энэ жилийн сонгуулиас харагдах болов уу. Ерөнхий сайдын хувьд маш зоригтойгоор шийдвэр гаргаад явж байна. Өөрөө ч гэсэн заримдаа ганцаардаж байгаа гэдгээ хэлж байгаа шүү дээ. Хэдий энэ шийдвэрүүд үр дүнгээ өгч байгаа ч гэлээ, нэг өдөр бүх асуудал шийдэгдэхгүй. Нэг сонгуулийн дөрвөн жилд сангууд дэлхийд толгой цохихгүй. Норвегийн сан гэхэд 1.4 их наяд ам.долларын хөрөнгө хуримтлуулсан. Үүнийг бүтэн 50 гаруй жилийн турш буюу 1969 оноос хойш цуглуулсан байдаг. Эцэст нь хэлэхэд Монголчууд бид ямар ч байсан ийм сантай, хуримтлалтай болох эхний алхмаа хийж чадлаа.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна