Нарны халуун нэмэгдэж, намчдын хардалт ширүүсэв


Дугаараас дугаарын хооронд


Ааш нь олддоггүй хавар цаг буцаж, зуны тэргүүн сар морилон ирж, хатуу хөтүү өвөл, хаврыг зутруухан давсан  хүн малын зоо одоо л нэг тэнийж байна. Хаа сайгүй +30 хэм хүртэл халж, зуны зугаатай өдрүүдийг зарлан тунхаглав. Нарны халуунаас гадна  намчдын халуурал ч бас нэмэгдэж, нэг нэгнээ хардаж сэрдэн,  Монголын улс төр ид бужигнаж эхэллээ. Нэр дэвшихийг горилогчид янз бүрийн мэдээллийг баруун солгойгүй  тарааж, нэг нэгнээ харлуулах ажилд ханцуй шамлан орж, ээлж дараалан мэдэгдэл хийцгээж эхэллээ. Сонгууль дөхөж байгаа учир арга ч үгүй биз.

Энэ хаврын УИХ-ын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх ёстой байсан “Ногоон автобусны сонсгол” дахиад хойшилсон сурагтай. Их хурлын даргын захирамжаар түр хороонд орсон  эрхэм гишүүд хуралдаа ирэхгүйгээс болж энэ асуудал гацаанд оржээ. Түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Уржигдар Түр хорооны гишүүдтэй утсаар ярихад “ирнэ л” гэсэн.  Гэтэл өнөөдөр ирсэнгүй.  Би хардаад л байна, цаанаас нь нөлөөлөөд байдаг юм болов уу. Түр хороо өнөөдөр  хуралдсан бол тавдугаар сарын 14, 15-нд сонсгол хийе гэж төлөвлөж байсан. Шинжээч нар бүх асуудлаа боочихсон, танилцуулах гээд байдаг. Гэтэл гишүүд алга болоод ирдэггүй. Материал харахад асуудал их байна. Мэдээлэл задарсан байж магадгүй” гэж ярьж байх юм. Ингэж хардахаас ч өөр аргагүй байгаа бололтой. Учир нь энэ түр хорооны ирц бүрдэхгүй, хурал нь удаа дараа хойшлоод байгаа юм. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хэт түгжрэл бол эрх мэдлийн хэт төвлөрөл гэдэг улс төрийн дүгнэлт хийж байна” хэмээн мэдэгдэж, “20 минутын хот эрхзүйн цогц реформ” хэлэлцэн баталснаа танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ Зуунмод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох,  Улаанбаатар хотыг 14 хотод хуваан бие даан хөгжүүлжүүлэх, Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар төлөвлөжээ. Ерөнхий сайдын өргөн барьсан  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэллээ.

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Орон байрны асуудлаа шийдэх гэж олон жил хүлээж байгаа монголчуудын хувьд энэ бол түүхэн шийдвэр гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Сарын орлого нь 2.1 сая төгрөгөөс доош иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй, орон сууцад орно гэдэг бараг л хойд төрөлдөө л биелэх мөрөөдөл болчихоод байгаа. Тэгвэл одоо  ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлийг дээрх хуулийн хүрээнд хямд үнэтэй орон сууцад хамруулахаар хуульд тусгаж өгчээ.  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож хилсээр шоронд сууж, эрүүдэн шүүгдсэн гэх Т.Чимгээ Монгол Улсын Засгийн газраас 48 тэрбум төгрөг нэхэж, шүүхэд гомдол гаргаад байгаа. Тиймээс  бусдыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдоод байгаа Б.Хурц нарт холбогдох гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллаж, энэ онд хоёр ч удаа ногдол ашиг тараагаад байгаа юм. Гэвч 2016 оны сонгуулийн үеэр АН-ынхан “Сайн хувьцаа” нэртэй хөтөлбөр гаргаж, ахмадуудад сая төгрөг өгч, олон хүн хувьцаагаа зарсан. Өнөөдрийн байдлаар 47 мянган иргэн хувьцаагүй, ногдол ашиг авч чадахгүй байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт “Баялгийн эзэд” нийгэмлэгээс “Санхүүгийн мэдлэг муутай, хувьцаагаа зарсан иргэдийн хувьцааг нөхөж өгөх хүсэлт гаргаж, УИХ-д гомдол гаргаад байна. Гэхдээ “Хувьцаагаа зарсан мөнгөө өөрсдөө хэрэглэчихээд одоо дахиад хувьцаа нөхөж авна гэдэг шударга ёсонд нийцэхгүй” гэж зарим хүн үзэж байгаа юм.


УИХ-ын 2024 оны сонгуульд 23 нам, хоёр эвсэл, 70 гаруй бие даан нэр дэвшигч өрсөлдөх нь тодорхой болсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт СЕХ-ноос сонгуулийн саналын хуудасны загварыг баталснаа танилцууллаа.  Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар иргэд анх удаа мажоритар, пропорционал хоёр тогтолцоогоор 126 гишүүн сонгох гэж байна. Саналын хуудас нь хуульд зааснаар 48 гишүүнийг сонгох пропорционал системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм байна. Олон нэр дэвшигчтэй тойргуудад  саналын хуудас бөглөх их л хүндрэлтэй байх бололтой. Учир нь баруун бүсийн 10 мандаттай тойргийн саналын хуудас 80 орчим см урттай байх нь. Саналын хуудаст нам, эвслүүдийн нэр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа бичигдэнэ. Харин  хэнийг хэдэд эрэмбэлж бичихээ нам шийдэх учраас урт жагсаалтын эхэнд нэрээ бичүүлэхийн тулд горилогчид намын даргатайгаа л учраа олох хэрэгтэй болох нь. Үүнээс гадна  гадаадад амьдарч байгаа иргэн сонгуульд оролцохын тулд тавдугаар сарын 6-наас зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгч бүртгүүлэх шаардлагатайг Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогчид зургадугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд саналаа өгөх юм байна.

Өнгөрсөн долоо хоногт хамгийн их шуугиан тарьсан хүнээр “Эрэл” компанийн босс Б.Эрдэнэбат тодроод байна. Улаанбаатар хотын хамгийн ашигтай сайн байршилд хамгийн том газар эзэмшдэг Б.Эрдэнэбат нийтийн эзэмшлийн зам барих 800 метр талбай чөлөөлж өгөхөөс татгалзаж, замын ажил бүхэл бүтэн хоёр жилээр хойшлоод байгааг Х.Нямбаатар мэдэгдлээ. Аргаа барсан хотын дарга зам барих газрыг хүчээр чөлөөлөх шийдвэр гаргаж, Б.Эрдэнэбат хэвлэлийн хурал хийн, өмч хөрөнгө рүү дайрлаа хэмээн зарга үүсгэв. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой тун таагүй мэдээлэл дахиад л цацагдлаа. Их тэнгэр цогцолбороос алга болсон 21 ширхэг уран зураг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын эзэмшлийн “Монгол арт” галерейгаас олджээ. Тодруулбал, Их тэнгэр цогцолбор, Хатан туул зочид буудлын ханыг нь чимэглэхээр түр байршуулна гэсэн гэрээтэйгээр 1986 онд Дүрслэх урлагийн музейгээс 40 бүтээл тэнд байршуулжээ. Гэвч хоёр бүтээл л  галерейн сан хөмрөгт буцаж  ирсэн бөгөөд 37 зургийг эрэн сурвалжилж байсан.


Хууль хяналтын байгууллагынхан Х.Болдбаатараас хураасан зургуудыг нягтлан шалгаж байгаа гэнэ. Энэ мэдээллийг сонссон олон хүн “Монгол төрийн тэргүүн орон байрны хулгайд холбогдлоо” хэмээн эгдүүцэж байна.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр