Робот, автомат жолоодлоготой машин, гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд гээд хүний оролцоогүйгээр өөрөө өөрийгөө ажиллуулах чадвартай техник, технологийн ололт, дэвшил өнөөдрийн дэлхийг тодорхойлж байна. Үүнийг дагаад хиймэл оюун ухаан гэх нэршлийг бид өдөр тутам сонсох болсон. Ирээдүйн бүхий л технологийн үндэс болжээ. Хиймэл оюун ухааныг бид хүнээс илүү ухаантай робот, супер хүчин чадалтай компьютероор төсөөлдөг байсан. Гэвч энэ нь аль хэдийнэ орчин үеийн технологийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болж чаджээ. Учир нь бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутмын амьдралдаа ашиглаж байна. Энгийн нэгэн гар утас, компьютер гэх мэт бүхий л ухаалаг төхөөрөмж болон цахим сүлжээнүүд хиймэл оюун ухаанд суурилжээ. Тэгвэл хиймэл оюун ухааныг робот төхөөрөмжтэй хослуулсан төслүүдийн эрэлт нэмэгдсэн. Роботууд өөрийгөө хөгжүүлэх шинэ шатанд хүрэх тухай мэдээлэл технологийн сэтгүүлүүдэд хэвлэгддэг. Ингэснээр роботууд хүнтэй адил түвшинд сэтгэж, эрх, эрх чөлөө шаардаж мэднэ. Тухайлбал, орон гэр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сонгох, цэргийн алба хаах, бүр цаашлаад иргэншил олгохыг хүсэх болно. Ийм зүйл хэдийнэ биеллээ олсон. София нэртэй роботод Саудын Араб улс иргэншил олгосноор анх удаа робот хүнтэй адил эрх эдлэх болсон юм. Хүний хийж чадахгүй олон дахин давтагдах үйлдлийг робот хийж, онгоц, машинаас эхлээд бичил эд ангийг угсарч, асар их зардал хэмнэдэг. Роботын давлагаанд хамгийн ихээр өртөх салбар бол тээврийн салбар. 2030 он гэхэд тээвэр ба агуулах үйл ажиллагааны 56 хувийг машин гүйцэтгэх боломжтой болно. Дараа нь үйлдвэрлэл болон жижиглэнгийн худалдааны салбарыг нэрлэжээ. Цаг хугацааны хувьд авч үзвэл, 2027 он гэхэд ачаа тээврийн машинууд автомат жолоодлоготой болж, жижиглэнгийн худалдаа 2031 онд 50-аас доошгүй хувь нь автоматжина. 2049 онд роботууд ном, зохиол туурвиж, 2053 онд мэс засал хийнэ. Энэ мэт робот хөгжүүлэлтийн зах зээлд 2024 онд хамгийн шинэлэг хэмээн тодорхойлогдсон төслүүдийг онцоллоо.
3D-гээр хэвлэх арьс
Иллинойсын их сургуулийн эрдэмтэд роботуудад зориулж хиймэл арьс бүтээхээр судалж байна. “ IEEE Transactions on Robotics” шинжлэх ухааны сэтгүүлд бичсэнээр хиймэл арьсыг 3D принтерээр хэвлэх аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энгийн зөөлөн арьсанд маш олон тооны мэдрэгч байдаг. Хэрэв роботыг анагаах ухаанд ашигладаг бол бүх мэдрэгчийг халдваргүйжүүлэх шаардлагатай болно. Энэхүү шинэ бүтээлийн тусламжтайгаар роботууд гадаад ертөнцтэй илүү идэвхтэй харилцах боломж бүрдэнэ.
Хүний оролцоогүй мэс засалч
Стэнфордын их сургуулийн төгсөх дамжааны оюутнууд болон “Google DeepMind” роботын мэргэжилтнүүдээс бүрдсэн гарааны компани “Aloha 2” дэвшилтэт роботын төслөө эхлүүлсэн. Хиймэл оюун ухаанд суурилсан загвар нь нарийн төвөгтэй үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай. Жишээлбэл бусад роботыг угсрах, засварлах нэг ёсны мэс засалч, инженер. Туршилтын явцад хүний оролцоо тусламжгүйгээр өөр роботын эвдэрсэн гарыг бие дааж сольсон байна.
Сэтгэл хөдлөлтэй “Эмо”
Олон улсын эрдэмтдийн баг хүний сэтгэл хөдлөлийг дуурайж сургасан “Эмо” хэмээх антропоморф робот бүтээж байна. “Science Robotics” сэтгүүлд гарсан нийтлэлд “Силикон арьсаар бүрхэгдсэн 26 төрлийн мотор, идэвхжүүлэгч бүхий робот зөвхөн толгойноос бүрддэг. Төхөөрөмж нь ярилцагчийн нүүрний хувирлыг дуурайж чадна. Нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийг гаргахын тулд ярилцагчийн сэтгэл хөдлөлийг урьдчилан таамаглахад тусалдаг алгоритмыг боловсруулсан” гэжээ. “Эмо”-г ашиглан хүмүүстэй харьцах антропоморф робот бүтээх боломжтой.
Хятадын “Тянгонг”
Бээжингийн инженерүүд анхны цахилгаан роботоо танилцууллаа. “Тянгонг” робот гар, хөлтэй, хүн шиг хөдлөх чадвартай. Цагт 6 км хүртэл хурдтай алхаж, гүйж чаддаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ бол дэлхийн анхны цахилгаан хөтөчтэй хүн дүрст робот юм. 163 сантиметр өндөр, 43 килограмм жинтэй, гурван хэмжээст харааны мэдрэгч болон өндөр нарийвчлалтай инерцийн хэмжих нэгжийг суурилуулжээ. Үүнээс гадна робот нь өндөр нарийвчлалтай зургаан хэмжээст хүч мэдрэгчээр тоноглогдсон. Мөн “Тянгонг” нь операторын оролцоогүйгээр өөрчлөгдөж буй орчинд дасан зохицох чадвартай.
Дасан зохицох чадвар
Европын RoboSAPIENs төслийн оролцогчид энгийн роботыг дасан зохицох чадвартай болгон хувиргах мэдрэлийн сүлжээ зохион бүтээхээ зарлав. Ингэснээр роботууд өөрчлөгдөж буй орчинд дасан зохицох чадвартай болно.
Элон Маскийн “Оптимус”
“Тесла” корпорац робот худалдаанд гаргахаар товлосныг гүйцэтгэх захирал Элон Маск зарлалаа. Техаст үйлдвэрлэх “Оптимус” роботыг 2025 оны сүүлээр хэрэглэгчдэд хүргэх ёстой. Роботын туршилтын дээжүүд лабораторид тодорхой ажлуудыг гүйцэтгэх чадвартай болсныг Элон Маск онцолжээ. Уг робот нь цахилгаан автомашинаас хоёр дахин бага буюу ойролцоогоор 25 мянган ам.доллар байх гэнэ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна