Д.Амарбаясгалан: Эрсдэлд тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлнэ


“Шинэ хоршоо хөдөлгөөн" улс орон даяар өрнүүлж байна.  Төрийн 660 албан хаагч Монгол Улсын 21 аймаг, 330 суманд ажиллаж хоршоо байгуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх, төслөө хэрхэн бичих, хөрөнгө оруулалтын зээлд хамрагдахад юунд анхаарах шаардлагатай талаар малчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. 

Малчдад хөрөнгө оруулалтын зээл олгох нь эрсдэлтэй, тэдэнд бизнесийн туршлага байхгүй гэх яриа "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг дагаж хөвөрсөн. Гэвч арилжааны банкуудын зээлийн мэдээллийн сан хамгийн идэвхтэй зээлдэгчийн жагсаалтыг тэргүүлж байгаа, зуд болоход малдаа л өвс, тэжээл бэлтгэж, өөрсдийгөө хөсөр хаядаг, ажилдаа хариуцлагатай байдал нь малчдыг өнгөрсөн хугацаанд итгэлтэй зээлдэгчээр тодорхойлжээ. 
"Шинэ хоршоо хөдөлгөөн" бол малчдын өнгөрсөн хугацаанд мөрөөдсөн боломжит нөхцөл. Энэ боломжийг алдахгүй хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Монгол Улсын Гавьяат малчин Д.Гомбо-Очир гуай ярьж байна. Малчид малынхаа төлөө л явж ирсэн. Тэдэнд өөрсдийн хоол, хүнс, хувцас чухал биш. Малаа тарга тэвээрэг авахуулахын төлөө зүтгэдэг. Тиймээс ч хоршоолон хамтдаа зүтгэж, хөрөнгө оруулалтын зээл авбал хамгийн найдвартай төлөгчид болно. Гэрээ зараад ч хамаагүй зээлээ төлөх хүмүүс бол малчид" гэж "Дөрвөн алтан бэрс" ТББ-ын тэргүүн П.Тамир ярив. 
“Шинэ хоршоо хөдөлгөөн" болон гурил, тэжээлийн үнийн хөөсийг буулгах шийдлийг санаачлагч,  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 3-6-нд зүүн, баруун, хойд, төвийн болон говийн бүсэд ажиллаж, "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нээлээ. 

Зүүн бүсийнхэн үхрийн фермер эрхэлнэ 

Зүүн бүсийн “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий нээлт  Дорнод аймгийн Чойбалсан хотод болов. Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Хөдөөгийн сэргэлтийг дэмжихэд “Шинэ хоршоо хөдөлгөөн"  үнэтэй хувь нэмэр оруулна. Малчид бэлчээрээ зохистой ашиглахыг хүсэж байна. “Шинэ хоршоо  хөдөлгөөн" энэ бодлогыг хэрэгжүүлэхэд бодит үр дүнгээ өгнө. Малчид хамтдаа хоршоо байгуулж, хөрөнгө оруулалт хийснээр  бэлчээрээ хамгаалж чадна. Малын ашиг шимийг өсгөж, малчид орлоготой болно. Монгол Улсын хамгийн олон боомттой зүүн бүсийн хөгжлийн боломж бол “Шинэ хоршоо хөдөлгөөн" юм” гэлээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илтгэл тавьж, танилцуулга хийлээ. Тэрбээр “УИХ-аар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, Засгийн газар “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг хэрэгжүүлж, малчдыг эдийн засгийн эрх чөлөөнд хүргэж, хүний эрхэнд бус өөрийн эрхээр жаргах боломжийг нь нээж өгч байна. Сүхбаатар аймаг мал сүргийнхээ  45, Дорнод аймаг 10 орчим хувийг, Хэнтий аймаг 20 орчим хувийг зуднаар алдсан.  Өнөөдөр бэлчээрийн даац нь хэтрээд байна. Малчид жилийн 20-25 хувийн өндөр хүүтэй зээлийг арилжааны банкнаас авч байна. Малчдын  сарын орлого 1.5 сая, зарлага нь 2.1 сая төгрөг гэж тооцохоор дундаж малчин өрх сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж, амьдардаг. Малчид зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Малчдыг  энэ түгжрэлийн тойргоос гаргаж чадвал амьжиргаа нь дээшилнэ. Энэ нь “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд олгох хөрөнгө оруулалтын зээл юм. Эрсдэлд тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлнэ" гэв. 
Малчид энэхүү хөдөлгөөнийг дэмжин хоршоо байгуулж  ноос, ноолуурын чиглэлийн, эрчимжсэн мал аж ахуй,  малын бүтээгдэхүүн борлуулах цэг зэрэг онцлогт тохирсон газар нутгийнхаа худалдаа үйлдвэрлэл эрхлэхээ илэрхийлж байв. Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын малчин У.Эрдэнэбилэг “Малчин бид “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг дэмжиж байна. Харин мэдээлэлгүй байсан. Энэ хурлаас их мэдээлэл авлаа. Сумандаа очоод малчидтайгаа ярилцаад хөдөө аж ахуйн чиглэлээр хоршоо байгуулах саналтай байна” гэв. Тэгвэл  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Т.Отгонбаяр “Бид өнгөрсөн өвлийг хүнд давлаа. Бог мал их хорогдлоо.  “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг дэмжиж байна. Харин хоршоо байгуулах талаар мэдээлэлгүй, хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж, яаж үйл ажиллагаа эрхлэхээ мэдэхгүй байсан. Өнөөдрийн “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий нээлтээр мэдээллийг дэлгэрэнгүй авлаа.  Хэрвээ хоршоо байгуулбал тэжээлийн ургамал тариална. Мөн үхрийн ферм эрхэлнэ” гэсэн бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин Б.Болортуяа “Би өнөөдөр энэ хэлэлцүүлэгт оролцоод маш их мэдээлэлтэй боллоо. Гар утсандаа мэдээллийг бүрэн бичиж авсан. Сумынхаа малчдад мэдээлэл хүргэнэ. Хоршоо байгуулбал сүү, цагаан идээ боловсруулах, борлуулах үйл ажиллагаа явуулах саналтай байна. Хоршоо байгуулах талаар бусад малчидтайгаа зөвлөлдөнө” гэсэн юм.  
Зүүн бүсийн “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий нээлтэд Дорнод, Сүхбаатар,  Хэнтий аймгийн малчдын 420 төлөөлөл оролцлоо. 


 Говийн бүсийнхэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлтэй

Говийн бүсийн “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий нээлтийг  Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгууллаа.  Нээлтэд  Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн малчдын 400 гаруй төлөөлөл оролцов.
Говийн бүсэд цөөхүүлээ хоршоолбол ашиг бага. Тиймээс   олуулаа нэгдэх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, говийн бүсийнхэн тэмээний ноосоо ганц нэгээрээ тушаахаар хямд үнэтэй байдаг бол олуулаа нэгдэж борлуулбал үнэтэй байна. Малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг дэмжиж шинэ боломж олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Махыг үнэд оруулж экспортлох, хоршоо байгуулахад юунд анхаарах талаар саналаа хэлж байлаа. 
Булган аймгийн малчин Х.Эрдэнэбулган “Малчны үнэлэм­жийг дээшлүүлэхэд бүгдээрээ зүтгэх хэрэгтэй" гэсэн бол Сэлэнгэ аймгийн малчин Ш.Батбаяр “Говийн бүсийн тэр дундаа Өмнөговь аймгийн иргэдэд боломж их байна. Та бүхэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд “Оюутолгой”-д борлуулна. “Шинэ хоршоо хөдөлгөөн" малчдад шинэ боломж нээн өгч байна” гэсэн юм. 

Баруун бүсэд малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулна

Баруун бүсийн “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий нээлт Ховд аймгийн төв Ховд хотод боллоо. Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс  аймгийг нэгтгэсэн баруун бүсийн “Шинэ хоршоо хөдөлгөөн-ий нээлтэд 1200 гаруй малчдын төлөөлөл хүрэлцэн иржээ. 
Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нээж “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, өнгөрсөн өвлийн зудын хүнд нөхцөлийг даван туулсантай холбогдуулан Засгийн газар УИХ-аар хууль батлуулж, “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг өрнүүлж байна. Өнөөдөр Ховд аймагт 160 гаруй хоршоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.  Ховд аймгийн Мөст сумын “Алтайн-Оргил” хоршоо өнгөрсөн онд  нэг удаагийн ногдол ашиг зургаан сая төгрөгийг тараасан байна. Малчид, тариаланчид, хоршоологчид бол баялаг бүтээгчид” хэмээв. 
Ховд аймагт малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэр бай­гуулахаар барилга, цахилгаан, дэд бүтцийг нь төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн байна. Харин одоо хувийн хэвшил үйлдвэрээ оруулж ирэх гэнэ. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулбал баруун бүсийн малчид анхан шатандаа бүтээгдэхүүнээ боловсруулан, үйлдвэрт борлуулах боломж бүрдэх ажээ. 
Баруун бүсийнхэн нутагтаа очоод мэдээллээ хуваалцаж, ямар чиглэлээр хоршоо байгуулж, үйл ажиллагаа явуулахаа ярилцах гэнэ. Тухайлбал, Ховд аймгийн Мөст сумын малчин  Мөнхбаяр "Манай аймаг өнгөрсөн өвөл зудын нөхцөлд байлаа. Зун нь гандуу байсан учир малаа борлуулсан. Харамсалтай нь дайвар бүтээгдэхүүнийг хаясан. Харин баруун бүсэд байгуулагдах Малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэрийг ашиглалтад хурдан ороосой гэж хүсэж байна. Малчид өвөл бүл цөөтэй. Тийм учраас “Шинэ хоршоо хөдөлгөөн"-өөр хоршоо байгуулж, хамтдаа хөдөлмөрлөж, зүтгэвэл үр дүнд хүрнэ. Би энэ хөдөлгөөнийг маш их дэмжиж байна" гэсэн бол Говь-Алтай аймгийн малчин Дэнсмаа "Говь нутагт мал маллах үнэхээр хүнд байдаг. Уйгагүй хөдөлмөрлөж, уйлалгүй үлддэг хүмүүс бол малчид. Бидэнд эдийн засгийн хөшүүрэг дутагдаж байлаа. “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг өрнүүлснээр бидэнд шинэ боломж нээгдлээ. Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд талархаж байгаагаа илэрхийлье" гэсэн бол  Увс аймгийн хоршоологч Оюун "Засгийн газраас малчдыг эвлэлдэн нэгтгэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлсэнд баяртай байна. Малчид өөр өөрсдийн сум, орон нутагтаа хамтарч, түүхий эдээ боловсруулж, борлуулах хэрэгтэй. Хоршоогоороо нэгдэж, өөрсдийн амьжиргааг дэмжээрэй гэж уриалж байна" хэмээв. 

Төвийн бүсийнхэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ  

Төвийн бүсийн “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий нээлт Дархан-Уул аймагт  боллоо.  “Шинэ хоршоо" хөдөлгөөний нээлтэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн малчдын төлөөлөл оролцов.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Малчид нэг төлгөөр 50 килограмм гурил худалдаж авдаг байсан бол өнөөдөр зарим аймагт гурван төлгөөр худалдан авч байна.  Тиймээс малын тоо биш чанарт анхаардаг байх хэрэгтэй. Нэг үхрийг нэг жил тэжээгээд нэг сая төгрөгөөр худалдаж байна. Гэтэл үхрийг худалдан авсан ченж таван сая төгрөг хүргэж байна. Малчид олон малтай байж банкны зээл авч байна. Энэ бүх түгжрэлийн тойргийг арилгах хэрэгтэй. 
Төвийн бүс болох Дархан-Уул аймаг 260 мянга, Төв аймаг таван  сая, Сэлэнгэ аймаг 1.8 сая малтай.  Эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйтай  бүс.  Дархан-Уул аймаг нэг малаас олдог орлогоороо тэргүүлж байна. Гэхдээ бодлогын дэмжлэг дутуу.  Малчдад ямар асуудал тулгамдаж байна вэ гэсэн санал асуулгаар ган зуд, малын тэжээл үнэтэй, бэлчээрийн даацын хэтрэлт  ихтэй байгааг дурджээ.  
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-өөр малчдыг анхан шатны хоршоо байгуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулахыг Засгийн газар зорьж байна. Ингэснээр малчдын амьжиргаа шинэ хэв маягт шилжих юм. Үүнийг  Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан мал аж ахуйн салбартаа шинэчлэл хийж, өндөр ашиг, орлоготой болгосон Шинэ Зеланд улсаар жишээлэн тайлбарлав.

Хойд бүсийнхэн сүүний фермер байгуулна

Хойд бүсийн “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий нээлт Орхон аймагт боллоо. Хойд бүсийн Булган,  Орхон, Хөвсгөл аймгийн малчны 1380 төлөөлөл “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий нээлтэд оролцлоо. 
“Шинэ хоршоо хөдөлгөөн" үр дүнтэй арга хэмжээ болж байна. Малчин бид хамтарч, нэгдэж ажиллавал үр дүнд хүрнэ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сайддаа баярлалаа. Малчид бидэнд эдийн засгийн тулгамдсан асуудал тулгардаг. Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг өрнүүлж, хөрөнгө оруулалтын зээл олгож, биднийг хамтарч ажиллах боломжийг олгосонд үнэхээр талархаж байна. Бидэнд хаалттай байсан эдийн засгийн боломжийг нээж өгсөн талархаж байна” хэмээсэн бол Булган аймгийн Булган сумын хоёрдугаар багийн малчин Цогтгэрэл хойд бүсийн “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий нээлтийн үеэр үг хэллээ. Мөн Булган аймгийн Могод сумын хоршоочин Ганчимэг “Бид хөдөлмөрөөрөө хоршино. Ялангуяа бүл чадал муутай хүмүүс хоршиж, хамтарч ажиллах нь үр дүнтэй. Суманд илүүдэл үүсгэхгүйгээр хэрэгцээтэй зүйлээрээ хөдөлмөрөөрөө хорших нь зүйтэй” гэсэн санал хэллээ. 
Орхон аймгийн Жаргалант сумын улсын аварга малчин Эрдэнэбулган “Малчид бид хоршоонд нэгдэж, хамтарч ажиллавал зүйтэй. Би хоршоо байгуулж байсан. Өнөөдрийн “Шинэ хоршоо хөдөлгөөн" малчин бидэнд эдийн засгийн боломж олгож байна” гэсэн бол Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын улсын аварга малчин Отгонжаргал “Энэ бол маш зөв хөдөлгөөн юм. Бидний үр хүүхдэд шинэ ирээдүй нээж өгч байна. Малчид минь энэ боломжийг итгэлтэй, тууштай атгаад авахыг уриалж байна” хэмээв. Тэгвэл Орхон аймгийн сүүний фермийн тэргүүн Баттөр “Бид аймагт сүүний фермертэй болохыг зорьж, хоршоогоо байгуулж байлаа. Анх 18 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол өнөөдөр 31 гишүүнтэй болсон. Бид төр, засагтаа тулгамдсан асуудлаа хүргэх талд түлхүү ажилласан. Ковидоос хойш фермерүүдээ эдийн засгийн чадамжтай болгохоор түлхүү ажиллаж байна. “Шинэ хоршоо хөдөлгөөн" эхэлсэнтэй холбогдуулан гурван хоршоо болж үйл ажиллагаагаа явуулж байна. Бид тэжээлийн фермерийн үйл ажиллагаа явуулна. Учир нь ногоон тэжээл үнэтэ й  байдаг” гэдгийг онцлов. 
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ямаачин Мөнхзул “Манай сумынхан Эрчим үүлдрийн хар ямаагаараа алдартай. Малчид хүчин зүтгэж, эрчим үүлдрийн ямаагаа өсгөж алдаршсан. Манай эрчим үүлдрийн хар ямаа энэ өвлийн зудыг амжилттай давж гарсан. Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий өрнүүлсэнд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хэллээ. 
Ийнхүү "Шинэ хоршоо хөдөлгөөн" улс орон даяар өрнөж, малчид дэмжиж, "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" уриан дор нэгдэж байна. 


 Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр