Тэрбум модоо тэнгэрт тарих уу



Монгол орон газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгалаас хамаараад дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөөд байгаа 10 орны нэг. Сүүлийн жилүүдэд бодитоор мэдрэгдэх болсон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хавар, зуны хур тунадасны хэмжээ багасаж гандуу зун жил дараалан болсон нь хөрсийг доройтуулж цөлжилт үүсэх нөхцлийг бий болгосон. Манай улсад цөлжилтийн үнэлгээг 2020 онд хийхэд нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай доройтсон гэдэг дүн гарчээ. Өнгөрсөн зууны 80-аад оны дунд үеэр  Монгол орны ойн сан нийт газар нутгийн 12 хувь байдаг гэж дунд сургуулийн хичээлд заадаг байсан санагдана. Худлаа санаагүй байх аа. Харин өнөөдрийн байдлаар ойн сан нийт газар нутгийн 7.9 хувь байгаа аж. 

Монгол Улсын Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх Дэлхийн улс үндэстнүүдийн холбоо НҮБ-ын индэр дээрээс “Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болоод байна. Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал. Монгол Улсад 2030 он гэхэд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна” хэмээн мэдэгдсэнээр  “Тэрбум мод” тарих төсөл үндэсний хэмжээний хөтөлбөр болоод хэдэн оныг ардаа орхилоо. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж арчлан ургуулах гурван үе шаттай төлөвлөгөө гаргасан байдаг. За энэ ч яах вэ. Төлөвлөгөө хэрэгжсэнээр ойн санг есөн хувьд хүргэнэ гэдэг нь таалагдаж байна. Мэдээж ойн сан нөхөгдсөнөөр цөлжилт буурч Монгол орны нэрийн хуудас болоод байгаа хаврын шар шороон түйрэн Ази тивийг чичрүүлэхээ болино л гэсэн үг. Мод гэдэг хүний нүдэнд үл харагдах хумхын тоосыг шүүн, шингээх байгалийн шүүгч юм шүү дээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бүрэн хэрэгжиж дууссанаар хөрсний доройтлыг бууруулж, хүлэмжийн хийн шингээлт мод бүрийн тоогоор сайжрах нь дамжиггүй. Учир нь нэг мод жилдээ 118 килограмм хүчилтөрөгч үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь дөрвөн ам бүлтэй айлын жилийн хэрэгцээ юм. Эндээс нэг гаргалгаа харагдана. Бид нэгэнт л тэрбум мод тарих төслийг үндэсний хэмжээний төсөл болгоод авчихсан учраас дөрвөөс дээш ам бүлтэй айл жилд хоёр ширхэг мод тариад байвал бидний ирээдүйдээ хийх хамгийн том хөрөнгө оруулалт болно. Энэ л цэнхэр гаргийнхаа буян хишгээр төрөх, үхэхийн дундах амьдрал хэмээх цаг хугацааг туулан өнгөрөөдөг биш үү бид чинь. Жил бүр тарих хоёр мод жилд дөрвөн тонн ус татаж, нэг машины найман мянган километрт гаргасан нүүрстөрөгчийн бохирдлыг шингээх чадвартай юм.  

Бидний гаргасан амжилт

Тарих нэг хэрэг тарьснаа ургуулах гэдэг өөр хэрэг гэдгийг надаас өмнө мянгантаа давтаж түмэнтээ улиглаа биз. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 41.5 сая мод тарьж ургуулсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд мэдээлжээ. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн 452 газарт 39 зүйлийн мод сөөгийн 12 тонн үр, 63 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдүүлсэн гэдэг тоо байна. Ямартай ч бид тодорхой үр дүнд хүрчээ. Монгол Улс Европын холбооны “Ойн түншлэл”-д нэгдэн орсон Ази тивийн анхны улс болж, энэ хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зарлан ажиллаж эхэлснээс хойш иргэн бүр өөрийн эзэмшил газартаа мод тарих гэж хичээх болсон нь бидний хүрсэн хамгийн том үр дүн байж мэдэх юм. Хангай дэлхийгээс авахын дон шүгэлж явдаг бүтэлгүй бодолтой хэсэг байхад нөхөн сэргээх, арчлан ургуулах арга зам эрэлхийлж явах нь олонх юм даа. Тэгвэл цаашид хэрхэн ажиллах тухай төлөвлөгөө юу билээ. Үндэсний тодотголтой томоохон компаниудаас эхлээд уул уурхайн компаниуд тэрбум мод тарих үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаагын жишээ бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ. Тэд “Ойн генетик нөөцийн төв” болон “Хөрсний инновац, технологийн төв” байгуулан ойн салбарын дэд бүтцийг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийжээ. “Хөрсний инновац, технологийн төв”нь Биологийн хүрээлэнтэй хамтран Эрдэнэт хотын хуримтлагдсан лагыг боловсруулан хөрс болгож  мод тарих туршилт нь амжилттай болж байсан тухай бид өгүүлж байлаа. Үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих нийт модны 50 гаруй хувийг уул уурхайн компаниуд тарих бол Монголбанк, арилжааны банкууд “Тэрбум мод сан” байгуулан төсөл хөтөлбөрүүдэд ногоон санхүүжилт олгож байгаа юм. 

Ой юу замын зурвас уу

Саяхан ажлаар БНХАУ-ын Шилийн гол аймгийн Баруун Сөнөдийн нутгаар явлаа. Хаашаа л харна нүд алдам тал цэлийн дуниартах агаад дуниартсан их талын дундуур нэгэн зурвас газар бараантан харагдах бөгөөд хэдэн зуун километр алсран одох аж. Ойртон очвол төмөр зам дагуу тарьсан ногоон зурвас алсаас тийн бараантан харагдсан ажгуу. Бид тун ч удалгүй талын багшаархан хот руу орж ирсэн тул яаж тийн ургуулж, арчилсан тухай сонирхон лавлах ч хэрэг байсангүй. Хот руу орохын өмнөх 20-иод километрийн наанаас замын хоёр талаар ногоон хэрэм үргэлжлэх бөгөөд тун саяхнаас тарьж, арчлан ургуулж буй нь нүднээ бэлхэн харагдаж байсан юм. Бид Улаанбаатар хотын авто машины зам дагуу тарьсан мод бут бүхий ногоон зурвасыг мэднэ. Замын хоёр хажуугаар нэг эгнээ мод, нэг эгнээ бут тарих маягаар явдаг. Зарим газар бут ч байхгүйг санаж байна. Гэтэл урд хөршийн стандарт ба технологи өөр бололтой. Хоёр урсгалтай замын голоор ягаан, цагаан цэцэг бүхий мод бут тарьсан байна. Замын хоёр талаар цаад тал нь харагдахын аргагүйгээр мод бут тарьж нэг төрлийн хана хэрэм үүсгэжээ. Хамгийн эхний эгнээнд бут, бутархаг ургамал, дараагийн эгнээнд шилмүүст мод, цаад эгнээнд нь навчит мод гэсэн дараалалтайгаар тарьдаг байх нь. Энэ бодвол шинжлэх ухааны тайлбартай л байх. Мод нэг бүрийг дөрвөн талаас нь тулж усжуулалтын хоолой татсан байгаа харагдана билээ. Замын голын ногоон зурвас, хажуугийн ногоон байгууламжтайгаа нийлээд нэгэн цогц бүрэлдэхүүн болж ой дундуур яваа мэт сэтгэгдэл төрөх юм билээ. Энэ бол бидэнтэй хамгийн ойрхон байгаа сайн жишээ. Улаанбаатар хотоос Яармагийн зүг явахад тийм сэтгэгдэл төрдөг байсан цаг бий юм шүү. 

Төр засгийн бус иргэн бүрийн үүрэг

Хотын ногоон байгууламж иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр болдог. Ийм ч учраас хотын ногоон байгууламжийн эзлэх хувь хэзээд чухалд тооцогддог юм. Дэлхийн хотууд 50:50 эсвэл 60:40 гэсэн харьцаатай ногоон байгууламжтай хотыг бий болгох стандартыг мөрддөг аж. Манай улсын хувьд 70:30 харьцаатай зохицуулалт үйлчилж байснаас болж өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн харьцаа, орон зайн төлөвлөлт, иргэдийн ая тух алдагдсаар ирсэн байна. Өнөөдрийн байдлаар бидэнд Туул гол дагуу ургасан бургас, хайлаас бүхий зурвас хэсэг л хотын доторх хамгийн том ногоон байгууламж байх шив. Хэрвээ бид тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд хотын бүтээн байгуулалтын 60 хувийг нь ногоон байгууламж, 40 хувийг нь барилга байгууламж байхаар зохицуулж чадвал иргэд маань цэнгэлийн манлайд хүрлээ л гэсэн үг. “Зохицуулж чадвал” гэдэг үгийг хэрвээ уншигч та анзаарсан бол үүний цаана өгүүлэх гэсэн санаа буй. Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж, талбайг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улирлаас нэмэгдэж эхэлсэн тухай сайхан мэдээ байна. Гэсэн ч энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага. Ядаж дэлхийн хотуудын дундаж хэмжээнд дөхөж очихын тулд нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүнд хийх ажлын нэг болоод буй. Гэтэл Улаанбаатар хотын зарим хэсэг ногоон байгууламж нэмэх нийтийн эзэмшлийн талбайн хомсдолд орсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Авто замын даац хэтэрснээс шалтгаалан замын ногоон байгууламж хилээ татсаар зарим газар огт ногоон зурвасгүй болж, үлдсэн хэсгийнх нь шинийн хоёрны сар шиг зураас төдий болж хоцорсон. Нийтийн эзэмшлийн талбай өндөр барилгуудад хормойноосоо тасдуулсаар мод тарих нь бүү хэл хөлөө жийгээд суух ч зай үлдсэнгүй. Тэрбум модоо тэнгэрт тарих уу та минь ээ. Ногоон байгууламжийн хил хязгаарыг тэлэх нэг боломж нь гэр хорооллын дахин төлөвлөлт юм уу гэж надад бодогдоод байгаа юм. Барилгын компаниудад газар олгохдоо нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийн стандартаа чанд мөрдөж нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг шаардах нь ганцхан төр засгийн ч бус иргэн бүрийн үүрэг.

Ойн үнэр

Ойгоос 25 мянгаас дээш төрлийн үнэр ялгардаг гэнэ. Ойн чийглэг уур амьсгалтай орчинд унасан навч, шилмүүс хийгээд амьтдын ялгадас урвалд орж хөрсний ялзмаг үүсгэн мянга мянган төрлийн үнэр ялгаруулсаар байдаг аж. Ойд ороход сэтгэл санаа тайвшран, бас нэг төрлийн хөөрөлд автдаг нь тэдгээр үнэр ажлаа хийж байгаа хэрэг. Нийслэл хотын ойр орчмын ойн нөөц хортон шавж, хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас ихээхэн хэмжээгээр хохирон сүйрснийг ойлгохын тулд заавал эрдэмтний нүдтэй байх шаардлагагүй. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зарласнаар хохирон сүйдсэн ойн нөөцөд төр засаг анхаарал тавьж  өнгөрсөн онд л гэхэд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хортон шавжнаас хамгаалж, доройтолд өртөн, хатаж хуурайшихаас сэргийлж чадсан бөгөөд энэ жил 300 гаруй мянган га талбайг ойн хөнөөлт шавжнаас хамгаалахад 20 гаруй тэрбум төгрөг зарцуулах ажээ.

Бидэнд ямар төлөвлөгөө байна вэ

Бидний нэн тэргүүний зорилт бол гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг шанд орчмыг ойжуулж эхлэх юм. Ингэснээр хайлж эхлээд байгаа цэвдгийг хамгаалж цэвэр усны нөөц  нэмэгдэх боломжтой болох юм. Усны бохирдол, хомсдол буурах нь бидний хамгийн түрүүнд амсах үр шим нь байх болно. Мэдээж уулнаас буулгаж авчраад цэцэрлэгт тарьснаар мод тарьсан болчихгүй. Тиймээс мод, модлог ургамал, мөчрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай болно. Мод үржүүлгийн газрыг төрөлжүүлэх чиглэлээр ажиллавал төрөл зүйлээр дагнасан мэргэжилтнүүд олноор бэлтгэгдэх боломжтой. Нэг үгээр хэлбэл мэргэшсэн боловсон хүчний дутагдалд орохгүй л гэсэн үг. Авто зам, төмөр зам дагуу ногоон зурвас байгуулах ажлын төлөвлөгөө төрд байгаа биз ээ. Эцэст нь хэлэхэд эх дэлхийн эко системд үнэтэй хувь нэмэр оруулдаггүй юмаа гэхэд эвдрэл сүйрэл авчрах зүйл битгий хийгээсэй. Хүний нэг насанд үйлдэх гурван буяны нэгд мод тарих зүй ёсоор ордог гэдгийг мэргэн уншигчид мэдэж буй биз ээ. 


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр