Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон”-ы зохион байгуулалтын мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүллээ
“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаа 34 орны 20,451 хүн оролцохоор бүртгүүлээд байна. Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ. Мөн энэ үеэр зам хаасан бүсийн 310 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км (18-аас дээш нас, тусгай хэрэгцээт иргэдийн), хагас марафон буюу 21 км (18-34, тусгай хэрэгцээт иргэдийн, 35-54, 55-aac дээш нас), 10 км, 5 км (12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт), 1,5 км (хараагүй, тэргэнцэртэй тусгай хэрэгцээт иргэдийн, гэр бүл), 0.8 км, 0.5 км (тусгай олимпын төрлийн) гэсэн зай, төрлөөр зохион байгуулна. “Улаанбаатар марафон”-ы бүртгэлийг хоёр сар гаруйн хугацаанд хийлээ. Иргэд санал тавьсны дагуу тав км-ийн бүртгэлийг гурван хоногийн хугацаатай сунгаж, тавдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагаас хаах юм” хэмээв.
20 гаруй худалдааны төв амарна
“Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төвүүдийн талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд мэдээлэл өглөө.
Зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, “Нарантуул”, “Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ”,“Цайз”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Барс-1” “Барс-2”, “Хархорин”, “Шинэ сандэй” худалдааны төв”,“100 айл” барилгын материалын дэлгүүр зэрэг 20 гаруй худалдааны төв амрах юм.
Спорт клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж буй. Тодруулбал, Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компанитай танилцах боломжтой. Мөн урлаг соёлынхон 11:00-20:00 хүртэл олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн, төв цэг дэх DJ үзүүлбэр, хоолны өдөрлөг болно. Иргэд бүтэн өдрийг Сүхбаатарын талбайд энэ мэт үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөх боломжийг зохион байгуулагчид бүрдүүлжээ.
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнд нэвтрүүлсэн технологийн шийдлүүдийн талаар “Хай пэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ мэдээлэл өгөв.
Бүртгэлийг цахимжуулахаас гадна 10, 21, 42 км-т гүйж байгаа тамирчдын энгэрийн дугаарын ард RFID чип байршуулж, хөлийн шагай хэсэгт зүүх боломжтой RFID бугуйвчийг өгсөн. Гүйлтийн замын дөрвөн цэгт RFID хэмжих гудсыг байршуулснаар тухайн тамирчны гүйлтийн хугацааг мэдэх боломжтой болж буй юм. Мөн гүйлтийн замд байрлах зурагчид энгэрийн дугаарын зургийг авч, хиймэл оюун ухааны тусламжтайгаар таниулан гүйж буй тамирчны Hipay аппликэйшнд бүртгүүлсэн мэйл хаяг руу зургийг нь илгээх боломж бүрдсэн.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна