Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-нөөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилж, нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. АН-ын Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны хурал хэл амтай, хэрүүл тэмцэл дүүрэн болж өнгөрөв. АН 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах Сонгон шалгаруулах баг гэгчийг байгуулж, Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат, Д.Мөнх-Эрдэнэ, С.Батзаяа нарыг оруулсан. Харамсалтай нь сонгон шалгаруулалтын багийг гишүүд нь чамлаж, З.Энхболд тэргүүтэй улстөрчид “Ялтнуудаар нэр дэвшигчдээ сонгууллаа” хэмээн шүүмжилж, “Намын дүрэм зөрчиж шинэ нэр дэвшигчид оруулж ирлээ” хэмээн хууччуул нь гоморхож, “Дарга нарт хулхидуулчихлаа” хэмээн залуучууд нь бухимдан арай л нэг нэгнийхээ аминд хүрэлгүй хурлаа дуусгав.
Ардчилсан намын дүрмийн 3.6.1.2 -т “Намын дотоод сонгууль болон намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь зургаан сараас доошгүй хугацааны өмнө намд элссэн байна” гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу 2020 оны сонгуульд АН-ыг удирдаж, Ерөнхий сайдын суудалд заларч байсан Н.Алтанхуяг хүртэл намаасаа нэр дэвшиж чадахгүйгээр бие даан нэр дэвшиж байлаа. Гэтэл энэ удаа Лу.Гантөмөр “Комеди” Д.Амартүвшин, “Элийрэгч” Ц.Уянга, “Улаан бал”-ын Ч.Лодойсамбуу, хэдхэн хоногийн өмнө Шинэ намаа орхин АН-д элсэн Д.Батзандан, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тэргүүтэй хэсэг нөхдийг оруулан ирж, нэр дэвшүүлэхээр шахаж гишүүдээ гомдоож орхив. АН-ын эмэгтэй лидерүүдийн нэг З.Нарантуяа энэ удаа нэр дэвших эрхээ алдаж, “Хурлын дарга, намын удирдлага нь хуйвалдааны жагсаалтаа аваад зугтаасан. Хоосон зааланд чин сэтгэлээсээ дэмжиж, харамсаж байсан журмын олон нөхөд та нартаа маш их баярлалаа. Өнөөдөр ямар ч санал хураалт, нэр дэвшүүлэлт болоогүй, ийм л хурал болов.
АН ийм болтлоо дампуурахыг харах үнэхээр гунигтай байлаа” хэмээн цахим хуудаснаа бичжээ. Л.Гантөмөр дарга болон АН-ын удирдлагууд намын дүрмээ зөрчин нэр дэвшүүлэлт явуулсан хэмээн Т.Сосорбарам тэргүүтэй тус намын гишүүд хэвлэлийн хурал хийв. Тэд “Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар Ардчилсан намын гишүүн биш. Энэ мэтчилэн дурдвал дүрэм зөрчиж 30 гаруй хүнийг нэр дэвшүүлсэн. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргана гэдгээ мэдэгдэж байна. Нэг хэсэг нь нэр дэвшиж чадсангүй” хэмээн гомдол гаргаж байхад нөгөө хэсэг нь "Нэр дэвшүүлчихлээ, сонгуульд оролцохгүй" хэмээн мэдэгдэж байх юм. Тодруулбал, АН-ын дэд дарга Ц.Жадамбаа, АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир, УИХ-ын гишүүн асан Г.Уянга тэргүүтэй арваад гишүүн нэр дэвших эрхээсээ татгалзаж байгаагаа мэдэгдэв. Тэгвэл ХҮН, Үндэсний эвслийн удирдах зөвлөл хурлаа цомхон хийж, нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг уншлаа. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-аас өрх тусгаарлаж Иргэдийн оролцооны нэгдэл нэртэй нам байгуулсан. Энэ удаагийн сонгуульд Ц.Оюунгэрэлийн намд иргэдийн оролцоо тун бага байгаа бололтой. Учир нь, жагсаалтад 48 нэр бичигдэх ёстой ч дөнгөж дөрвөн хүний нэр л бичжээ.
Энэ сарын 20-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж нэр дэвшигчдээ тодрууллаа. Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон нөхдийг өрсөлдүүлэхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эхний 10-т жагсаана” гэсэн амлалтаа биелүүлж, шинэ залуу эрдэмтэд, салбар бүрийн төлөөллөөс 126 нэр дэвшигчээ бүрдүүлснээ зарласан юм. Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнэ бусад нам, эвслийн дарга нар шиг өөрөө жагсаалтад орсонгүй, тойрогт нэр дэвшихээ мэдэгдэв. Мөн МАН-ын жагсаалтад УИХ, Засгийн газрын гишүүдээс хэнийг ч оруулсангүй. МАН-ын жагсаалтыг тэргүүлэн Япон улсад хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн Г.Лувсанжамц гэдэг архитектор мэргэжилтэй залуу тэргүүлж байна.
Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар хуралдаж, хилийн чанадад монгол хэл, түүх соёлоо зааж байгаа сургалтын төв, цэцэрлэг, сургуульд дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан. Гадаадад сурч байгаа хүүхдүүдэд монгол хэл, соёлоо зааж байгаа иргэдийг дэмжиж, улсын төсвөөс санхүүжилт олгож байх энэ шийдвэрийг олон хүн талархалтайгаар хүлээж авч байна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд хүүхдэдээ монгол хэл сургаж, монгол ахуй, түүх соёлоо танилцуулж чаддаггүй гэсэн гомдол, бухимдал их бий. Тэгвэл Засгийн газар ямартаа ч энэ асуудалд анхаарал хандуулж, ач холбогдол өгч байна.
Мөн Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэв. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж, агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс, Налайх дүүргийн гурав, тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” олон улсын тээвэр логистик, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлэх зорилготой тусгай бүс байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Намраас хойш хүлээлгэж байгаа “Ногоон автобус”-ны гэх тодотголтой сонсгол төрийн ордонд эхэллээ. Улаанбаатар хотын дарга нар ногоон автобус худалдаж авах гэрээг нууцын зэрэглэлд оруулсан байсан. Гэвч сонсголын үеэр Тагнуулын ерөнхий газрын ажилтан “Төрийн нууцтай холбоотой асуудлаар нийслэлээс ямар нэг бичиг ирж байгаагүй” гээд мэдэгдчихлээ. Үүнээс харахад ногоон автобусны “но”-той наймааг хийхдээ анхнаасаа л олон нийтээс нууцалж хууль зөрчиж байсан бололтой. Мөн энэ үеэр нийтийн тээврийн автобус нийлүүлэх, гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалт сэдвийн хүрээнд шинжээчид мэдээлэл танилцуулсан юм.
“Тэнүүн-Огоо” гэгч компани асар их мөнгөтэй, бэлэн мөнгийг хайр гамгүй зарцуулдаг байсан нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болов. Тухайлбал, 8.1 тэрбум төгрөгийг "Тэнүүн-Огоо" компани, хамаарал бүхий компани, этгээдүүдээрээ дамжуулан бэлнээр гаргаж авсан, 2.2 тэрбум төгрөгийг "Тэнүүн-Огоо" компанийн хамаарал бүхий компани, этгээдүүд бие биедээ шилжүүлсэн нь тодорхой болов.
Ногоон автобусны сонсголын дараа “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийж, энэ сарын сүүлээр нээлттэй сонсгол зохион байгуулахаа зарлалаа. Ашигт малтмал олборлох, хайх, ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хэн хэрхэн олгосон, өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг олон нийтэд нээлттэйгээр мэдээлэх, энэ сонсголын үеэр томоохон улстөрчид төдийгүй, бизнесмэнүүдтэй холбоотой маш олон баримт сөхөгдөх байх гэсэн хүлээлт олны дунд байна. Учир нь, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шалгах сонсголд сайд, аймгийн Засаг дарга нар, гадаадын компанийн төлөөллүүдийг дуудаж байгаа юм байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна