Б.Нандин-Эрдэнэ: Залуучууддаа итгэж, монгол компанийн оролцоотой томоохон төслүүдээ хэрэгжүүлээсэй


Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, улс төр судлалын доктор Б.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа. “Ой партнерс” компанийн  гүйцэтгэх захирал тэрбээр монгол хүний хөлний онцлогт тохирсон гутлуудыг үйлдвэрлэж, чанарыг хямд үнэтэй хослуулан дотоодын зах зээлд нийлүүлж яваа үндэсний брэнд бүтээгчдийн нэг юм.  

 

-Худалдааны шинэ үеийн платформ бий болгох зорилготой бизнес эрхлэгчийн хувиар эчнээ танилцаж байсан нь саяхан. Харин энэ удаа улс төр судлаачийн хувьд ярилцахаар зорин ирлээ. Та улс төрийн суурь мэдэгдэхүүнийг аль сургуульд суралцаж эзэмшсэн бэ?

-Би Монгол Улсын их сургуу­лийн улс төр судлалын ангид 2007 онд элсэн орсон. Үүний зэрэгцээ мөн “Глобал удирдагч” дээд сургуулийн санхүү менежментийн ангид тэтгэлгээр сурдаг байв. Хүсэл зорилгодоо хөтлөгдөн гаргасан энэ шийдвэр миний хувьд амар байгаагүй. Томоохон хоёр шинжлэх ухааныг нэг дор судлаад явахад мэдэхгүй, чадахгүй зүйл олон гарна. Тэр үед багш нар маань тусалснаар олон ажлын ард гарсан. Хичээсний эцэст сургуулиа төгсөж зорилгодоо хүрэх эхний алхмаа хийж байв. Хоёр өөр мэргэжлийг эзэмшсэн нь хувийн бизнесээ эхлүүлэхэд ихээхэн нөлөөлсөн. Оюутан байхаасаа аливаа зүйлийг олон талаас нь харж, судалснаар шинэ технологи, шинэ платформын талаар ярих нөхцөлүүд бүрдсэн юм болов уу гэж боддог.

 -Улс төрийг эдийн засагтай хослуулан сурахдаа зах зээлийн өөр орон зай байгааг харж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх талаар бодож эхэлжээ. Харин түүнээс өмнөх улс төрийн талаарх таны төсөөлөл ямар байсан бол?

-Хүүхэд байхдаа улс төр судлаачийг УИХ-ын гишүүнээр төлөөлөн боддог байв. Их сургуульд орж хичээлүүдээ судалснаар асуудлыг арай өөрөөр харж, ойлгож эхэлсэн юм. Улс төр судлалын ангид элссэнээр төсөөлж байсан зүйлсээ тэс өөр өнцгөөс харах ёстой юм байна гэдэг бодол надад суусан. Үүнээс улбаалан “Засаглал гэж юуг хэлэх вэ. Тэнд харьяалагддаг хүмүүс хэрхэн ажиллах ёстой юм бэ. Ямар бодлогууд гаргах ёстой вэ” гэдэг нь миний сонирхлыг маш их татсан.

-Онолын мэдлэгтэй болох нэг хэрэг. Судалж, хуримтлуулсан мэдлэгээ практикт хэрэгжүүлэх ондоо. Сургуулиа төгсөөд та мэргэжлээрээ ажилласан уу?

-Докторын ангид сурдаг байхдаа удирдагч багшийнхаа туслахаар улс төрийн онолын хичээл зааж байсан. Гэхдээ зорилгоо өөрөөр тодорхойлсон байсан учраас үүнийгээ үргэлжлүүлж чадаагүй.  Судалгаанаас судалгааны хооронд явсаар хувийн бизнесээ эхлүүлэхэд төвлөрөн ажилласан. Үүнээс өмнө магистр, докторын зэргээ хамгаалсан. Докторын ангид ороход надад ямар сэдэв сонгох нь маш чухал байлаа. Тухайн үед би “Мега төсөл” гэдэг сэдвийг сонгон авч энэ чиглэлээр судалгаагаа эхлүүлэхээр шийдээд байв. Гэтэл тэр үед мега төслийн талаарх ойлголт нийгэмд түгээмэл бус. 

Хүмүүс мега төсөл гэхээр Оюутолгой гэж ойлгодог. Зарим нь надаас “Оюутолгойн талаар судлах юм уу. Түгээмэл бус сэдэв сонгоод хамгаалж чадах уу” гэж асуудаг байлаа. Харин би хувьдаа “Мега төсөл Монголд хэрэгтэй. Юу хийвэл бид мега төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэх вэ. Үүнийг улс төрийн өнцгөөс нь хэрхэн тайлбарлах вэ” гэсэн өргөн хүрээгээр нь бодсон. 

Мега төслийг хэрэгжүүлэх, гаднаас хөрөнгө оруулалт авахын тулд эрх зүй, улс төрийн бодлогоо шинэчлэх шаардлагатай гэдэг өнцгөөс судалмаар байсан. Гэтэл сургуулиас “Мега төсөлтэй холбоотой сэдэв сонгоод хэрэггүй. Үнэхээр энэ сэдвээ судалмаар байвал эдийн засгийн салбартай илүү холбогдоно” гэсэн. Харин эдийн засаг нь үүнийг улс төрийн сэдэв гэсэн хариулт өгсөн. Мега төслийн хувьд шинэ тутам учраас судлах хэцүү гэж бодсон байх л даа. Надад сэдвээ солихыг зөвлөснөөр би “Гадаадын хөрөнгө оруулалтын улс төрийн эдийн засгийн шинжилгээ” гэдэг сэдвийг сонгосон. 

Миний хувьд эхний сэдвээ багахан өөрчилж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь улс төрийн бодлого болон эдийн засагт яаж нөлөөлж байна вэ гэдэг талаар судалсан. Ингэж улс төрийн эдийн засгийн сэдвийг сонгон авч хамгаалсан. Улс төрийн эдийн засгийг судлах гэхээр 1950-1960 оны ганц нэг ном байдаг. Түүнээс өөрөөр энэ чиглэлээр судлаад уншчих ном, материал байхгүй. Уншъя, судалъя гэхээр ихэнхдээ гаднын ном, судалгааны ажлуудыг орчуулах шаардлагатай болсон. Улмаар Монголд гадаадын хөрөнгө оруулалт оруулахаар яагаад болохгүй байна вэ. Улс төрийн орчинд юунд алдаа гаргаж, залгамж халаагаа үргэлжлэн явуулж болохгүй байна вэ гэдгийг судалж их сонин үр дүнд хүрч байв. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд мега төсөл хэрэгжүүлэх гэхээр хувь улстөрч дээр бүх асуудал гацдаг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтад хамгийн их нөлөө үзүүлдэг болохыг олж мэдсэн.

 

Бодлогын залгамж халаа гадаадын хөрөнгө оруулалтад ихээхэн нөлөө үзүүлдэг

 

-Энэ судалгааг та хэдэн онд хийж байв?

-Би докторын зэргээ 2017 онд хамгаалсан. Энэ сэдвээ хамгаалахдаа “Засгийн газрын тогтвортой байдал, бодлогын тогтвортой байдал чухал байна. Бодлогын залгамж халаа гадаадын хөрөнгө оруулалтад ихээхэн нөлөө үзүүлдэг” болохыг судалгааны үр дүнгээр гаргаж ирээд багагүй ярьсан. Тухайн үед хүмүүс төдийлөн шинэ соргогоор хүлээж аваагүй. Харин одоо мега төсөл, бодлогын тогтвортой байдлын талаарх сэдэв хүмүүсийн амны уншлага болжээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, таатай орчныг бүрдүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Энэ бол миний судалгааны сэдэв. Гаднаас нь харахад гадаадын хөрөнгө татах эрх зүйн орчин их сайхан харагддаг. Манай улс хуультай,  хариуцсан байгууллагатай, нэг цэгийн үйлчилгээтэй гээд харагдах өнцгөөрөө гадаадын хөрөнгө оруулалтыг татах өнцөг нь гэрэл гэгээтэй. Гэтэл яг ороод ирэхээр хаалт тавьдаг хүмүүс нь улстөрчид байдаг. Тэд аль болох өөрт ашигтайгаар аливаа асуудлыг шийдвэрлэхийг оролдоно. Түүнийг гаднаас орж ирж байгаа компани ойлгодоггүй. Тэгэхээр энэ бүх зүйл үгүй болж байж гадаадын хөрөнгө оруулалт хэвийн түвшинд үргэлжилнэ. Энэ бол хувь хүний үзэл бодол биш. Судалгаагаар гарсан бодит үр дүн юм.

-Сэдвийн хувьд ч, улс төрийн үзэл бодлын хувьд ч нийгэм танаас хол зөрүүтэй  байж. Тийм учраас л та өөрийнхөөрөө ажиллахын тулд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллалгүй бизнесээ эхлүүлсэн юм уу?

-Тухайн үед надад манай удирдагч багш багшаар ажиллаач гэсэн санал тавьж байсан. Гэхдээ миний хүсэл мөрөөдөл шинэ зүйлийг бүтээх, шинэ платформ хөгжүүлэх байсан учраас багшдаа үгүй гээд хэлчихсэн. Нөгөөтэйгүүр “Багшлах цаг нь болохоор багшилна” гэж хэлээд хүмүүст зэмлүүлж байсан удаатай. Бизнес хийвэл болчихмоор юм шиг санагдаад алдана гэж эмээлгүйгээр судалгаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш тухайн үеийн итгэл үнэмшлээ алдалгүйгээр явсаар өнөөдөртөө золгожээ.

-Та саяхан Германд лекц уншаад ирсэн. Олон жил хуримтлуулсан мэдлэгээ бусадтай хуваалцахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Өөрийн сонирхол, хүмүүсийн тавьсан саналын дагуу аль болох шинэлэг байдлаар, яаж хүнд хүргэх вэ гэдэг талаас нь илтгэлээ бэлтгэж бусад ажлаа ч үүний дагуу хийж, төлөвлөдөг. Лекцийн хувьд Герман улсын Бавари мужийн иргэдийн төлөөлөгч, Christian Social Union (CSU) намын гишүүн Н.Солонгын урилгаар тус улсад очиж монгол залуучуудын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, шүүгч, панелистээр оролцоод ирлээ. Энэ ажлыг Монгол Улсаас Герман улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулсан. Европын бүх улс орнуудаас монгол залуучууд эрдэм шинжилгээний материалаа явуулаад тэдгээрээс шалгарсан нь Германы Мюнхенд хуралдсан юм. Энэ хуралд би “Бүтээмж ба бодлого: Залуучуудын жишээн дээр” сэдвээр илтгэл тавьсан.

Харин одоо “Бүтээмж” сэдвээр лекц унших гэж байна. Бидэнд бүтээмж яагаад хэрэгтэй юм бэ. Бүтээмжтэй бас анхаарал хандуулж чадвал ямар давуу талууд бий болох вэ гэдэг талаар ярих юм.

-Үүнээс гадна та мэргэжлийнхээ хүрээнд цөөнгүй өгүүлэлтэй. Хааяахан хэвлүүлдэг таны судалгааны ажлууд даацтай, өгөөжтэй байдаг. Улс төрийн эдийн засгийн хүрээнд бүтээл хэвлүүлэх бодол бий юү? 

 -Яалт ч үгүй академик суурьтай учраас өгүүлэл бичиж, хэвлүүлнэ. Аль болох улс төрийн хэрнээ амьдралд ойр сэдвээр бичих гэж оролддог. Хэрвээ олигтой болоогүй санагдвал хадгална. Дараа нь гаргаж ирээд дахин боловсруулдаг дадалтай. Улс төрийн эдийн засгийн чиглэлээр ном бичсэн ч хэвлэх гэхээр дутуу юм шиг санагдаад байгаа.

 

Эмэгтэй хүний хувьд зөв бодлого гаргахад нь оролцож, бусдадаа тус дэм болъё гэж бодсон

 

-Та Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн нэг. Нэгдсэн үзэл баримтлалтай энэ байгууллагын удирдлагын багт ажиллахад ямар санагдаж байна вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоход тус холбооны Удирдах зөвлөлийн нэг гишүүн нь болж энэ хамт олонтой нэгдсэн. Эмэгтэйчүүдийн байгууллага, ялангуяа намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн байна гэдэг хариуцлагатай ажил. Яагаад гэвэл, намын бүх эмэгтэйд хүрч ажиллах, тэднийг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд тус дэм болж, яавал дэмжих боломжтой вэ гэдэг дээр манлайлан оролцох ёстой. Мөн яаж зөв бодлого гаргах вэ гэдэгт илүү анхаарч ажилладаг байгууллага юм шиг санагдсан. Энэ нь намайг Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэг хэсэг нь болох шалтгаан болж, эмэгтэй хүний хувьд ч гэсэн тодорхой ажлуудад гар бие оролцож, бусдадаа мэдэх чадахаасаа эергээр давлагаалъя. Хамгийн гол нь зөв бодлого гаргахад оролцох оролцоогоороо бусдадаа тус дэм болъё гэж бодсон.

Эмэгтэйчүүдийн байгууллагаас өмнө одоогийн нэршлээр Социал демократ Монголын залуучуудын холбооны  гишүүн байсан. Намын дэргэдэх эдгээр байгууллагын гишүүн бус, ажил үүргийн талаар дутуу мэдээлэлтэй хүмүүс биднийг гаднаас харахдаа өөр өнцгөөр, буруугаар хүлээж авдаг. Ялангуяа залуучуудын байгууллагын төлөөллийг цүнх баригч гэсэн хандлагатай байдаг. Харин үйл ажиллагаанд нь оролцоод явахад чухал үүрэгтэй байгууллага болохыг ойлгодог юм. 

Гурван үеийн нэгдлээс бүтсэн эдгээр байгууллага нийгмийн аль ч төлөөллийг хөгжих, мэдлэг боловсролтой болоход нь тусалж дэмжихээс гадна дараагийн карьерт нь бэлтгэдэг гэдгийг ойлгосон. СДМЭХ-ны хувьд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд хэрхэн бэлтгэх вэ, яаж тасралтгүйгээр энэ хүмүүсийг хөгжүүлэх вэ. Улс төрийн бодлого, шийдвэр гаргахад юунд алддаг вэ. Тэгвэл юугаа давуу тал болгон идэвхжүүлэх вэ гэдэг дээр хувь хүн, нийгэм, улс орны бодлого талаасаа уялдуулсан цогц ажиллагааг хийдэг байгууллага гэж бодож байна.

-Хэдийгээр та улс төр судлаач ч эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн талаар асуудал хөндөж нийгэмд түчээлдэг. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагад энэ үзэл бодлоо баримтлан ажиллаж байна уу?

-Би Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Бизнесийн хороонд нарийн бичгээр ажилладаг. Бид эмэгтэйчүүдээ яавал өөрийн гэсэн бизнестэй болгох вэ, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих боломжтой вэ гэдэгт илүү төвлөрч ажилладаг гэсэн үг.

 

Хүн сэтгэлтэй, эхлүүлсэн ажлынхаа ард нь гарахаар зоригловол хүссэндээ хүрч чадна

 

-Сургалт хийх тусдаа асуудал. Харин яг бизнесээ эрхлүүлэх гээд хэдэн төгрөгөө бариад явж байгаа эмэгтэйчүүдтэй уулзаж, тэдэнд зөвлөн туслах нэг өөр хэрэг. Өнгөрсөн хугацаанд таныг зориод ирсэн хэн нэгэнд туршлагаасаа хуваалцаад дэмжиж байсан удаа бий юү?

-Компанийнхаа шугамаар тийм эмэгтэйчүүдтэй уулзаж дэмжиж байсан. Одоо заримынх нь бизнес амжилттай яваа. Манай байгууллага 21 аймаг, есөн дүүргийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсдог. Зарим хүн “Бизнесээ эхлүүлье гэхээр санхүүжилтгүй байна. Уг нь нэг зүйл бариад авбал үр дүнг нь үзэхийн тулд тасралтгүй явмаар байна” гэж санал бодлоо хуваалцдаг. Ялангуяа ингэж ярьж, үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд байдаг.

 Бид ийм хүмүүстэй уулзахдаа асуудлыг чадлынхаа хэрээр шийдвэрлэхийг хичээдэг. Ингэж бизнесээ эхлүүлсэн хүмүүсээс амжилттай яваа нь олон. Жишээ нь, Орхон аймгаас намайг нэг эмэгтэй ажил дээр хайгаад ирж уулзсан. Миний нэрийг мэдэхгүй хэрнээ компанийн хаягийг олоод хотод хүрээд ирсэн. Тэр эмэгтэй шатахуун түгээгүүрийн газарт түгээгч хийдэг. Эмэгтэй хүнд хийхэд амаргүй учраас өөр зүйлд өөрийгөө сориод үзье гэж бодоод 500 мянган төгрөг бариад ирсэн байлаа. Энэ хүн бизнес хийхийг хүсэж байгаа ч яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан юм. Тиймээс бид тэр эмэгтэйд тусалж бизнес хийхэд нь тусалсан. Үр дүнд нь жил гаруйн хугацаанд гутлын дэлгүүртэй болж олсон ашгаасаа хүнсний дэлгүүр нээн ажиллуулах болсон. 

Би энэ хүсэл тэмүүлэл, зоригтой эмэгтэйгээр жишээлэн ярих дуртай. Хүн сэтгэлтэй, эхлүүлсэн ажлынхаа ард нь гарахаар зоригловол хүссэндээ хүрч чадна. Хамгийн гол нь энэ эмэгтэй шиг зориглосон хүн  цөөхөн байдаг.

-Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа социал демократ үзэл баримтлалтай нам байна гэдгээ зарлаж хүний эрх, эрх тэгш байдлын талаар хөндөн эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр дэх оролцоог хангахад анхаарч ажиллаж байна. Улс төр судлаачийн хувьд үзэл баримтлалын энэ шинэчлэлд ямар ажиглалт хийсэн бол?

-Намын 30 дахь Их хурлаас гаргасан бодлого, шийдвэрүүд залуу эмэгтэйчүүдэд маш их боломж олгосон гэж бодож байна. Судлаач хүний үүднээс үзэхэд социал демократ үзэл баримтлал гэдэг нь ард иргэдийн хэмжээнд хөгжлийн ялгааг арилгах, дундаж орлоготой иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, илүү олон хүнийг баялагтай болгоход гол анхаарлаа хандуулдаг. Социал демократ үзэл баримтлал нь эмэгтэйчүүддээ хүрэхдээ тэдний бизнесийг дэмжих, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, улстөрд орох оролцоог нэмэгдүүлэх бодлоготой уялдаатай явж байна. Тэгэхээр энэхүү үзэл баримтлал нь салбар бүрийн залуу эмэгтэйчүүдэд хамгийн том боломжийг олгож байгаа юм.

Түүнчлэн МАН сүүлийн хоёр жилийн хугацаанд эмэгтэйчүүдээ хөгжүүлэх, сургах, карьерт нь бэлтгэх тал дээр илүү анхаарал хандуулсан. Миний хувьд ч гэсэн бүх сургалтад нь оролцож оролцоогоо хангаад явж байлаа. Эдгээр сургалтад суугаад юу гэж ойлгосон бэ гэхээр эмэгтэйчүүд бид ирж байгаа боломжийг амьдрал дээр ажил хэрэг болгомоор байна. Бидэнд индэр засаж өгөөд байхад зоригтой алхам хиймээр байна. Эмэгтэй хүний онцлогоос болоод зориг дутдаг тал бий. Гэхдээ л өөртөө итгэж оролдлого хиймээр байна.


-Хаана боловсрол эзэмшсэнээр нь асуудал болгож нийгэмд нэгэнд нь  нөгөөхийг нь муухай харагдуулах гэж хичээгсэд олшрох болжээ. Дотооддоо боловсрол эзэмшсэний хувьд энэ талаар та ямар үзэл бодолтой явдаг вэ?

-Улс төрийн оролцооны  талаар ярьж байгаа учраас хүн хамгийн түрүүнд сэтгэлтэй байх хэрэгтэй гэж би хэлмээр байна.

Яагаад гэвэл, хүнийг хүнээр нь байлгаж байгаа зүйл нь сэтгэл юм. Хоёрдугаарт, бидний ямар хандлагатай байх нь чухал. Хүн сайн эсвэл муу боловсролтой байгаад сэтгэлгүй бол нийгэм, улс төрийн ажлыг хийх боломжгүй гэж би хувьдаа үздэг. Тэгэхээр улс төрийн хөрсөн дээр ямар асуудлууд байна, түүнийг нь мэдэрч, асуудлыг шийдвэрлэж, үр дүнд хүргэж чадсан хүн л манлайлагч болно. Хаана сурч боловсорсон нь эхний асуудал биш хамгийн гол нь хэн үр дүн гаргаж чадаж байгаа нь чухал юм.

-Улс төрд байр суурь эзэлж, тодорхой албан тушаал хашиж байгаа болон эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа субьектүүдийг хуваан үздэг. Тэдгээрээс хэнийг төрийн зүтгэлтэн гэж хэлэх вэ гэдгийг онцлон асууя?

-Юунаас ч илүү бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэх, тулгамдаад байгаа зүйлийг шийдвэрлэх арга зам  нь сайн эсвэл муу ч байж болох, хувь хүнээс гараад байгаа хүчин зүйлсээр үр дүнд хүрэх гээд байгаа субьектийг улстөрч гэж хэлэх байх. Харин төр, нийгмийн зүтгэлтэн гэдэг нь  илүү нийгэм, ард иргэддээ үнэлэгдэж, хүлээн зөвшөрөгдсөн, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, бусад нь хараад үлгэрлэн дуурайдаг сэтгэхүй болоод хөдөлмөрийн оргил дээр гарсан хүнийг хэлэх юм болов уу. Энэ утгаар нь ялгаж, салгаж ойлгох нь чухал. Мэргэжлийн зүгээс нарийн тайлбарлавал ялгаа нь илүү тодорно л доо.

 

Улстөрчид ч гэсэн сэтгэлгээний өвийг бүтээх ёстой

 

-Ингэж асуух болсон нь  цаанаа шалтгаантай. Учир нь, төрийн зүтгэлтэн буюу өв тээгчид улс төрийн төдийгүй нийгэм, сэтгэлгээний өвийг бүтээдэг шүү дээ?

-Сонирхолтой асуудлыг хөндөж байна. Яагаад гэвэл,  улстөрчийн хувьд ч ялгаагүй сэтгэлгээний өв (legacy)  гэдэг зүйлийг бий болгох ёстой юм болов уу гэж би боддог. Сэтгэлгээний өв гэдгийг бид хүлээн зөвшөөрөгдөх тал руу нь чиглүүлэн ойлговол илүү дөт болно. Яагаад хэрэгжүүлж байгаа бодлого нь бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч төрөхгүй байна вэ. Эсвэл энэ нь монголчуудын сэтгэлгээний онцлогтой хамааралтай байна уу. Хувь улстөрч өөрөө хүлээн зөвшөөрөгдөх, сэтгэлгээний өвөө үлдээх дараагийн залгамж халааг бэлтгэх, тэдэнд мэдлэг, сэтгэлгээний өвөө уламжлах боломж нь байхгүй байна уу. 

Миний хүсээд байдаг зүйл юу вэ гэхээр бид залуугаасаа улс төрийн оролцоогоо хангаад, үйл ажиллагаанд нь  тодорхой хэмжээгээр оролцоод явж байгаа бол өөрсдийн гэсэн сэтгэлгээний өвтэй байх ёстой. Түүнийгээ дараагийн үеийнхэндээ үлдээх ёстой гэж боддог. Үүний тулд хүн өөртөө анхаарал хандуулдаг. Хүн ямар нэг легасигаа үлдээхийн төлөө илүү хичээж эхэлдэг. Тиймээс бид илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Илүү сайн бодлого гаргах шаардлагатай юм. 

Ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд зөв зохистой, үр дүнтэй ажлуудыг дэс дараатайгаар хийх шаардлагатай. Үүний дараа л бид залуучууддаа сэтгэлгээний өвөө үлдээж чадах юм болов уу. Хэрвээ ингэж чадвал улс төр, бодлогын тогтвортой байдал гээд улс орны тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Гэтэл өнөөдөр үүнд анхаарал хандуулж байгаа хүн нэг ч алга. 

-Тэгвэл одоо яах ёстой вэ?

-Залуучуудыг одооноос ямар нэгэн алхам хийгээсэй гэж боддог. Нийгэмд тулгамдаж байгаа олон асуудал бий. Тэдгээрийн аль нэгийг сонгон авч шийдвэрлэхийн төлөө хөдөлмөрлөж үр дүнг үзэх ёстой. Үүний тулд хамгийн гол нь эхний алхмаа зөв хийх нь чухал юм. Алхам хийхийн тулд зөв аргаас гадна бурууг нь сонгодог байсан. Харин одоо бид буруу аргыг нь хэрэглэмээргүй байна. Яг тухайн ажлыг хийхийн тулд зөв аргаараа л дагнамаар санагддаг. Хэрвээ бид ингэж чадвал тодорхой хугацааны дараа хүссэн хүсээгүй сэтгэлгээний өв гэдэг зүйлээ үлдээж чадна.

Би бодохдоо залуучууддаа итгэж, мега төслүүдээ өгөөсэй. Залуучууддаа итгэж, монгол компанийн оролцоотой томоохон төслүүдээ хэрэгжүүлээсэй гэж боддог юм. Тэгэхийн тулд бодлого, шийдвэр гаргаж байгаа дарга нар маань алхмуудаа зөв тодорхойлох ёстой. Тэгж байж дараагийн үед байгаа бид тэр хүнээс үлдсэн мэдлэг, туршлагыг хүлээн авч, үргэлжлүүлэн бусдадаа уламжлах боломж бүрдэх юм.

 

Гутлын улыг дахин боловсруулах ажлыг санаачлан төслийн шатандаа явж байна

 

-Улс төрийн сэдвээсээ багахан хөндийрч таны удирдаж буй “Ой партнерс” компанийн талаар ярилцъя. Өнгөрсөн найман жилийн хугацаанд үйлдвэрлэлээ өргөтгөж, үйл ажиллагаагаа жигдрүүлж чадлаа. Одоо та бизнесийн хэтийн төлөв, алсын хараагаа хааш нь  чиглүүлж байна вэ?

-Манай компани 2023 оны тогтвортой хөгжлийн тайлангаа гаргасан. Хэдийгээр томоохон хэмжээний компани биш ч одооноос тогтвортой хөгжлийн тайлангаа гаргаад юунд зорих вэ гэдгээ стратегийн түвшинд анхаарч ажиллаж байна. Учир нь, бид гадаадын компаниудтай хамтран ажилладаг учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тайлангаа гаргадаг. Тайлан гаргахын тулд эргээд хийсэн ажлаа дүгнэх шаардлагатай болдог. 

Өнгөрсөн хугацаанд  манай компани Монгол Улсад олон мянган хос гутлыг нийлүүлсэн. Тоог нь сонсоход сайхан ч нөгөө талаараа бид төдий хэмжээний хаягдлыг бий болгож байна гэсэн үг. Тиймээс бид гутлын улыг дахин боловсруулах ажлыг санаачлан төслийн шатандаа явж байна. Энэ ажлыг эхлүүлж дахин боловсруулалт хийснээр гутлын ул хийж болно. 

Зөөлөвчтэй зам, хүүхдийн тоглоомын талбайн зөөлөвч ч хийж болно. Ингээд бид дахин боловсруулсан улаараа олон зүйлийг хийх боломжтойг олж харсан. Хоёрдугаарт, дахин боловсруулсан улаа гадаадын зах зээлд гаргах боломжтой. Дэлхийн брэнд, загварын чиг хандлага байгальд илүү ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, дахин хэрэглэх хандлага эрчимтэй явж байна. Бид ч гэсэн хөгжлийн энэ зарчмаас хоцрохгүйгээр хамт алхах боломжийг эрэлхийлэн ажил хэрэг болгохоор зорьж байна.

-Хэрэглэгчдийн дунд эко бүтээгдэхүүнүүд илүү хандалт өндөртэй байгаа нь ажиглагддаг. Харин танай  байгууллага байгальд ээлтэй, эко чиглэлд хэрхэн анхаарч, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна вэ?

-Бид гутлынхаа материалыг маш  нарийн сонгодог. Гутлын арьсыг боловсруулахдаа ургамлын гаралтай эсвэл химийн гаралтай идээлэг хэрэглэж байна уу гэдгээс гутлын хэр эко байх вэ гэдэг талаар ярина. Түүнчлэн гутлын улыг байгальд ээлтэй материалаар хийсэн үү эсвэл дахин боловсруулсан уу , байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг холиод хийсэн гутал уу гээд орц найрлага, үйл явцад аль болох эко бүтээгдэхүүн оруулахыг хичээдэг. Бид нэгэнт л үйлдвэрлэл эрхэлж байгаа учраас үйлдвэрлэлийн бүх процессыг удирдах боломжтой. Тэр утгаараа бид аль болох эко материалуудыг ашиглан гутлынхаа үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн төлөө хичээдэг.

-Танай компанийн үйлдвэр Хятад, Вьетнам улсад төвлөрдөг. Анхан шатны үйлдвэрээсээ дэлхийн аль улс оронд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа вэ. Дараагийн бүтээх гутлын загвар аль чиглэлд зах зээлийн хувьд хөгжих боломжтой гэж та харж байна вэ?

-Манайх “Lexter” арьсан гутлын брэнд хөгжүүлдэг. Түүнчлэн “Trex Pro Safety”  ажлын гутал, “Trex Pro Hiking” буюу уулын гутал үйлдвэрлэдэг. Одоо бид хүүхдэд зориулсан загвар гаргахаар ажиллаж байна. Бидний хөгжүүлж байгаа чиглэл өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь, “Lexter” герман стандартаар үйлдвэрлэгддэг гутал. Хөдөлмөр, аюулгүй хамгааллын гутал ч гэсэн яг л олон улсын стандартуудаа хангадаг. Загваруудаасаа бид уулын гутлыг монголчуудын хөлний онцлогт тохируулан гаргасан.

 Манайх ажлын гутлыг одоо Австралид борлуулж байна. “Lexter” брэндийг коронавируст цар тахлаас өмнө Африкийн орнуудад борлуулж байсан. Ер нь гадагшаа гаргаж зарах боломж байдаг. Одоо бид уулын гутлаа Япон, Өмнөд Солонгос руу гаргая, тэнд зах зээл байна гэж үзээд хөгжүүлэлтээ хийж байна. Бид үйлдвэрлэлийн бизнес эрхэлж байгаа учраас бүх ажилд оролцох боломжтой байдаг. Тэр утгаараа бид чанартаа анхаарал хандуулах, үнийг хямд байлгахад хяналт тавих боломжтой. Яг тухайн хэрэглэгчид, салбарын хэрэгцээ, шаардлагад нь зориулсан загварыг гаргадгаараа онцлогтой юм.

-Тантай уулзахаас өмнө харилцагчаас тань сонирхолтой ажлын байр гаргахаар судалж байгааг сонслоо. Энэ талаараа мэдээлэл өгч болох уу?

-Одоо бид “Гутал өмсөгч” нэртэй цоо шинэ ажлын байр зарлахаар бэлтгэж байна. Энэ ажлыг хүссэн хэн ч хийж болно. Гол нь салбар салбарын төлөөллөөс хамруулах юм. Гутал өмсөгчид бидний гаргасан загварыг өмсөж туршина. Хүмүүсийн хөл янз бүрийн онцлогтой. Энэ утгаараа гутал өмсөгчид уг загварыг өмссөнөөр биед нь эвтэйхэн байна уу, эсвэл тухгүй байна уу гэдгийг бидэнд эргэж мэдэгдэх юм. 

Монгол орон жилийн дөрвөн улиралтай. Энэ онцлогоос шалтгаалан бидний гутлын хэрэгцээ их. Улиралдаа тохируулан гутлаа сонгон өмсөх шаардлагатай байдаг болохоор бид үүнд тохирсон загваруудаа санал болгоно. Хүмүүс сүүлийн үед эрүүл мэнддээ анхаарч хөдөлгөөнтэй байхыг эрхэмлэдэг, цаг гаргаж чөлөөт алхалт хийж, ууланд авирдаг болсон. Үүнд зориулан бид уулын гутал санал болгоно. Мөн хаана ч өмсөхөд тохиромжтой арьсан гутлуудаасаа гутал өмсөгчдөд өмсүүлэн туршин судлахаар ажилдаа ороод байна.

Гутал өмсөгчийн хувьд үндсэн ажилтан шиг гэрээ байгуулна. Гэхдээ оффисын байранд тогтмол суух шаардлагагүй. Тодорхой заасан хугацаанд цуглахдаа загвар, бүтээгдэхүүний талаарх мэдээллээ солилцох байдлаар явна. Эхний удаад гутал өмсөгчийн ажилд 10-20 хүнтэй гэрээ хийнэ. Сардаа нэгээс хоёр удаа цуглаж санал бодлоо солилцсоноор тухайн бүтээгдэхүүнийг сайжруулах ажлыг хийгээд явах юм. Үүний үр дүнд бидний бизнесийн үйл ажиллагаа, цаашдын үйлдвэрлэл маань оновчтой байна гэж бид үзсэн.

-Шинэ гуталнуудаа та бүхэн өөрсдөө өмсөж туршдаг уу?

-Анх би загваруудаа өөрөө туршиж үздэг байсан. Загваруудын онцлогуудыг олж мэдэхийн тулд заримдаа хоёр өөр гутал өмсөх тохиолдол ч гардаг. Хамгийн сонирхолтой нь түүнийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Өмсөөд явахад өсгий ямар байна, чийг татаж байна уу, биед эвтэйхэн байна уу гэдгийг анзаарч, ажигладаг. Зарим гутлыг гаднаас нь харахад дэгжин ч өмсөхөд биед тухгүй байдаг. Энэ бүхнийг эхэндээ өөрөө туршиж мэддэг байсан. Харин одоо илүү сонирхолтой бөгөөд ажлын байр гаргаж туршиж үзэхээр болоод байна.

Үйлдвэрлэл тасралтгүй явагдаж бүх төрлийн гутал хийж байгаа учраас гаргаж байгаа загвар болгоныг туршуулж сайжруулалтаа хийнэ. Манай бестселлер арьсан хромон гутал.

-Монголын гутал хувцас зах зээлээсээ хамаараад өндөр үнээр борлуулагддаг. Цөөн тоогоор гаргадаг учраас хэрэглэгчдэд хүрэхдээ их үнэтэй байдаг нь нууц биш. Энэ байдлыг та бүхэн хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Бид Эрээнтэй өрсөлдөнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт, бид гутлаа өөрсдөө үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэсэн гутлаа 21 аймаг, есөн дүүрэгт байгаа бүх худалдааны төвүүдийн худалдаа эрхлэгчидтэй харилцаад гутлаа шууд нийлүүлдэг. Товчхондоо, үйлдвэрээс лангуун дээр хүргэж өгдөг. Үүний үр дүнд худалдаа эрхлэгчид хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн авахаар Эрээн рүү явах шаардлагагүй болно. 

Мөн ачаа тээврийн болон Эрээн рүү явах замын зардлаа хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Хоёрдугаарт, бид худалдаа эрхлэгчдэдээ Эрээнээс ч илүү хямд үнэ санал болгодог. Эрээний борлуулагчид уг бараа иртэл замын зардал шингээдгийг хэмнэж үйлдвэрийн үнэ санал болгодог. Түүнчлэн Эрээнээс бараа авахад хэдэн зуугаар нь захиалж байж хэрэглэгчдэд хямд тусна. Гэтэл манай зах зээл хязгаартай. Энэ ялгаатай байдлаас үүдэн цөөн тооны бараа захихаар илүү үнэтэй, заримдаа захиалж чаддаггүй. Манай компани энэ асуудлыг шийдвэрлэж адил бараа худалдан авах хүсэлтэй байгаа хүмүүсийн захиалгыг хамтад нь хийснээр хэрэглэгчдэд ирэх үнэ буурах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/


0
angry
1
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр