Сонголтын эрх чөлөөг олгосон эмэгтэй



Монголын худалдаа, үйл­­чилгээ, бизнесийн салбарт дэлхийн стандарт, шинэ соёлыг нэвтрүүлж, олон улсад Монголоо сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэн, монголчуудын ахуй, хэрэглээний соёлд хувьсгал хийсэн "Наран"  группийн гүйцэтгэх захирал Дэндэвийн УДВАЛ

* * *

Дэлхийг Монголтойгоо холбох нэгэн гүүр нь болж, чөлөөт, гадаад худалдааны анхны суурийг эх орондоо тавилцсан "Наран" групп Монгол Улсын худалдааны түүхэнд хувь нэмрээ оруулсан онцгой гавьяатай. Гавьяаг бүтээсэн хүмүүс л амжилтыг буухиалан бэхжүүлдэг.
Одоогоос 30-аад жилийн өмнө Монгол Улсад зах зээл төдийлөн хөгжөөгүй, дийлэнх нь улсын өмчит газарт хувийн хэвшил эрхлэх тун амаргүй. Хөрөнгийн эх үүсвэр, хуримтлал байхгүй, бизнес эрхлэх арга барил дутмаг орчин нөхцөлд бүхнийг тэгээс нь эхэлсэн түүхийн эзэд бол нэг гэр бүлийн хоёр Сэрээтэрийн Болдхэт, Дэндэвийн Удвал нар. Тэд аравдугаар ангид орох жилийнхээ зуны амралтаар танилцаж, оюутны төгсөх жилээ анхны охиноо өлгийдөн авсан гэгээн дурсамжтай. Үүнээс хойш өдийг хүртэл хамтын амьдралаа 51 жил бөхөлж, бизнесийн гараагаа өргөжүүлэн 31 жил болсон ч зогсолтгүй урагшилж явна. Тэдний бизнесийн түүх ингэж эхэлсэн.
Хувийн хэвшил төлөвшиж байсан эхний жилүүдэд төрөөс иргэддээ гарааны ижил нөхцөлийг олгохын тулд хувьчлалын цэнхэр, ягаан тасалбар тараасныг зарим нь мэднэ. Нэг хэсэг нь нөгөөгөөсөө тасалбар худалдан авч цуглуулаад, худалдаа, үйлчилгээний газруудаа нээж байв. Гэвч Монголын эдийн засаг мөнгөөр ангаж байсан учраас шинэ үйлдвэр барих, өргөжүүлэх, техник, технологио шинэчлэх боломж байсангүй. Тиймээс тэр үеийн бүх компани гарааны бизнесээ ганзагын наймаагаар эхэлж байлаа.
"Наран" группийн түүх ч эндээс эхэлжээ. Хүмүүсийн хэрэгцээт барааг гаднаас импортлон, хэрэглэгчдэд хүргэх зорилгыг нь дэмжиж, 1990 оны есдүгээр сарын 19-ний өдөр Сайд нарын Зөвлөлийн Эдийн засгийн гадаад харилцааны комисс тогтоол гаргаж, хувийн "Наран" нэгтгэл байгуулахыг зөвшөөрч, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах эрх олгожээ. "Наран трейд" нэртэй пүүс байгуулж, анхны хурлаа гэртээ хийж байв. "Трейд" хэмээх гадаад үгийг Монголд анх удаа нэрэндээ ашигласан худалдааны анхны компани байгуулагдах нь тэр.
Удалгүй XIII хороололд оросуудын дутуу орхиод явсан гурван өндөр байрны голын нэг давхарт нь хоосон шахуу лангуутай "Наран шоп" дэлгүүр нээсэн гэдэг. Хүмүүсийн гар дээрх, дэлгүүрт зарагддаггүй бараа буюу барууны архи, дарс, бэлгэнд ирсэн гутал, хувцас, эд хогшил, тэр ч бүү хэл томдсон, багадсан янз бүрийн шинэ хувцас эрэлт ихтэйг анзаарч, тэдгээрийг иргэдээс худалдан авч, валютаар нь борлуулж эхэлснээр Монгол дахь хувийн анхны валютын дэлгүүрийн үндэс тавигджээ.
Гэр бүлээрээ эхлүүлсэн бизнес нь бага багаар өргөжин тэлж, Японоос 200 иенийн бараа, хоёр Герман нийлсний дараахан зүүн Германы валютын дэлгүүрийн бараа, Бээжингээс ганзагаар авчирсан бараагаар "Наран шоп"-ын лангуу дүүрэн байх болжээ. Бас болоогүй ээ, Германы "Күэллэ" нэртэй загварын сэтгүүлээс хувцас захиалж авчирдаг боллоо.
"Наран трейд" нь хувийн компаниудаас хамгийн түрүүнд барууны орнуудад түүхий эд, ноолуур экспортод гаргаж эхэлсэн бөгөөд энэ нь валютын эх үүсвэртэй болох анхны алхам байсан юм. Гадаад валюттай болсноор өндөр хөгжилтэй орнуудаас хамгийн чанартай брэндийн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж, Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх боломжтой боллоо.
"Наран трейд" компанийн импортын анхны туршлага нь Японы Рипа1 брэнд. Мөнгөндөө тааруулж, Японоос гэр ахуйн цахилгаан барааны хамгийн хямдхан брэндийг сонгосон хэрэг. Гэтэл оруулж ирсэн телевиз нь амархан эвдэрч, засаж янзлах сэлбэггүйгээс буцаагдаж., хүмүүст мөнгийг нь өгөхөөс аргагүй боллоо. Нэг мэдсэн ашиг олох нь байтугай алдагдал хүлээж, олон тооны эвдэрхий цахилгаан бараатай үлджээ. Эндээс брэндийн нэр хүнд, чанар гэдэг нь гадаад худалдаа амжилттай эрхлэх 100 хувийн баталгаа байдгийг ойлгож, чанарыг нэгдүгээрт тавьж эхэллээ.
Ийнхүү 1995 оноос Японы "Sоnу" брэндтэй хамтран ажиллаж, 1997 онд Монголд анх удаа цахилгаан барааны худалдаа, засвар, үйлчилгээтэй "Sony Showroom- Sеrviсе Сеntеr" бий болсон. Үүний дараа Итали, Франц, Бельги, Герман зэрэг орныг зорьж, шинэ бараа бүтээгдэхүүн, брэндтэй танилцах, бизнесийн түншүүд хайх, туршлага нэмэх, судалгаа хийх амаргүй он жилүүд тасралтгүй хөвөрчээ. Зах зээлийн харилцаанд дөнгөж шилжээд байсан Монгол Улсаа дэлхийд таниулж, түншүүд олж хамтран ажиллах, том брэндүүдийн эрхийг авахад хүч хөдөлмөр, сэтгэл оюун, мэдлэг чадвараа зориулахаас гадна төдий зэргийн бүтэлгүйтэл, урам хугаралт, алдааг даван туулсан ч зөвхөн урагш харж өөдлөн дэвжсэн.
Франчайзингийн анхны гэрээг 1996 онд Францын "Ив Роше" компанитай байгуулсан нь "Наран трейд"-ийн хувьд том амжилт байлаа. Тухайн үед 10 литрийн паалантай хувинд тос хутгаж, гялгар цаасанд боож зардаг, тэр тосоороо гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг байсан улсын эмчилгээний гоо сайхны газрыг дэлхийд алдартай "Ив Роше" брэндийн дэлгүүр болгон тохижуулсан байдаг. Уг үйлдвэрийн ажилчдыг Парис, Москва хотод гоо сайхны курсэд сурган мэргэжил дээшлүүлэх замаар "Ив Роше" компанитай хамтарсан төслийг ч амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй.
Энэ зам цааш үргэлжилж, Германы Мега, Тoffifee чихэр шоколад, Францын Luminarc шил шаазан эдлэл, Щвейцарийн Victоrinох, Францын Dеlsеу зэрэг Европын хүнс, гоо сайхан, гэр ахуйн бараа бүтээгдэхүүний брэндийг Монголынхоо хэрэглэгчдэд нийлүүлж чаджээ. Удалгүй "Наран фүүдс", "Наран косметикс", "Наран март", "Наран бьюти Уорлд", "Наран эло" зэрэг худалдаа, үйлчилгээний чиглэлээр төрөлжсөн охин компаниуд байгуулж, хамтран ажилладаг гадаадын түнш брэндүүдийнхээ тоог нэмсээр байв.
1990-ээд оны үе Монголын нийгэмд түүхэн онцлогтой он жилүүд байлаа. Төрийн мэдэлд байсан үйлдвэр, үйлчилгээний газрууд бүгд хаагдаж, хүмүүс ажилгүй болж, олонх нь ганзагын наймаанд явж эхлэв. Үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн заримыг нь хувийн шинэ компаниуд хувьчлан авч, зарим нь харах эзэнгүй хаягдаж, тоногдож байлаа. Энэ үед "Наран трейд" компани хүүхдийн барааны их дэлгүүрийг хувьчлан авч, сингапур дизайнерын зураг төслөөр шинэчлэн тохижуулж "Наран" их дэлгүүрийг байгуулснаар Улаанбаатарт анх удаа олон улсын стандартад нийцсэн жишиг худалдаа, үйлчилгээний төв нээгдсэн юм.
2004 онд "Наран пойнт" худалдааны төвийг шинээр нээж, Швейцарын Оmеgа, Rаdо, Lоngines, Тissot брэндийн цаг, Францын тансаг үнэртэн гоо сайхны ҮSL, Кеnzo, Davdoff брэндийн бүтик дэлгүүрүүдийг, 2006 онд "Наран плаза" худалдаа үйлчилгээний төвөө ажиллуулж эхлэхдээ дэлхийд танигдсан загварын брэнд болох Германы Еsprit, Францын Сеliо, спортын хувцасны Аdidas, Австрийн гоёл чимэглэлийн Swarovski, Японы Sеiко брэндийн дэлгүүрүүдийг Монголд хамгийн анх албан ёсны эрхтэйгээр худалдах болсон нь Монголын худалдааны салбарт томоохон өөрчлөлт, эргэлт авчирсан гэдэг.
Хэдийгээр өнөөгийн өнцгөөс харахад энэ бүхэн тийм ч сонирхолтой санагдахгүй байж болох ч чөлөөт эдийн засагт шилжсэн ардчилсан Монгол Улсын хувьд олон улсын худалдааны харилцаанд хувийн компани анх удаа оролцсон, хэрэглэгчдэд дэлхийн чанартай бараа бүтээгдэхүүнийг танилцуулж "нүд нээсэн" адал явдалтай, адармаатай, бас сонирхолтой цаг үе байсан юм. Тухайн үед монголчууд гадаад улсад явахдаа цүнх цүнхээр хувцас хунар, эд бараа дүүрч авчирдаг байлаа. Бүр ариун цэврийн цаасаа хүртэл чемодан, савныхаа завсар зайд хийж зөөнө. Бидний дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, идэж ууж, өмсөж зүүж, унаж эдэлж байгаа хэрэглээг өнөөдрийн түвшинд хүрэхэд 1990-ээд онд байгуулагдсан хувийн хэвшлийнхэн томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдгийн учир нь энэ юм.
Дэлхийн улс орнуудаас бараа бүтээгдэхүүн импортолж худалдаална гэдэг зөөсөн бараагаа зарахын нэр биш ээ. Тухайн брэндийн худалдааг дагаад, бизнесийн цоо шинэ хандлага, соёл, стандарт орж ирнэ. Үүнийг Монголдоо нутагшуулахын тулд нэртэй брэндийн үзэл баримтлалд нь нийцсэн дэлгүүр байгуулах, түүнд нь тохирсон боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Олон улсын стандартын дагуу шаардлагатай материал, нөөц, түүхий эдийг заасан орны үйлдвэрээс нь заавал авах журамтай. Англи хэлний мэдлэгтэй маркетинг гадарладаг менежер хэрэгтэй. Тиймдээ ч 1990- ээд оны эхээр гадаад хэлний мэдлэгтэй л бол мэргэжил харгалзахгүй сургаж авахаас өөр аргагүй байлаа.
"Наран" групп анх удаа Америкийн Соffее Веап & Теа Lеаfs сүлжээгээр кофены соёлыг нэвтрүүлж эхлэв. Дараагийн алхам нь Нагd Rоск Саfе сүлжээ ресторан байлаа. Одоогоос 21 жилийн өмнө С.Болдхэт захирал Америкт явж байхдаа уг алдартай сүлжээг Монголдоо ажиллуулах санал тавьсан ч "Москва, Бээжинд нээгээгүй байхад Улаанбаатарт нээхгүй" гэсэн хариуг авч урамгүй буцсан гэдэг. Харин түүнээс 16 жилийн дараа Нагd Rоск-ийн төлөөлөл Улаанбаатарт ирж, өөрсдөө түүнд санал тавьжээ. Нэрэндээ тохирсон хатуу шаардлагатай энэхүү сүлжээ ресторан их хэмжээний хөрөнгө оруулалтаас гадна стандартыг чанд мөрдөх ёстой. Кафед ашиглах дүрс бичлэгүүд оюуны өмчийн шаардлагад нийцэхээс гадна зөвхөн амьД хөгжим тоглох зарчимтай. Ресторан, дэлгүүр, кафе, рок музей, цуглуулга зэргээс бүрдсэн энэхүү энтертайнмент төв нь тухайн оронд ирсэн гадаадын жуулчдын зорин очдог газар юм. Улаанбаатарын Нагd роск-ийн музейд байх Бруно Марсын бөмбөр, Мадоннагийн гитарыг үзэх гэж гаднын жуулчид ирдэг нь эх орноо дэлхийд таниулах аялал жуулчлалын бас нэгэн зам болдог. Энэ бол Д.Удвал бүсгүй, түүний гэр бүлийн Монголд нийтийн хоол, үйлчилгээний салбарт зохих хувь нэмрээ оруулсан түүхийн бас нэгэн гэрч.
"Наран" групп өдгөө 1000 гаруй ажилтантай, тэдгээрийг нэгдсэн удирдлагад зангидах тогтсон системтэй, эх орондоо зохих хувь нэмрээ тогтмол оруулсан их бүтээн байгуулалтын эзэд болжээ. Хэрэв "Наран" групп гэж байгаагүй бол түүнтэй хамтран ажилладаг өөр олон бизнес өнөөдөр ор мөргүй ч байж болох. Компани гэдэг зөвхөн хувийн өмч биш нийгмийг цогцлоон бүтээх баялаг бүтээгч билээ. Бизнес эрхлэгчид аливааг үргэлж өөдрөгөөр харж, шинийг бүтээж, үнэт зүйл бий болгохын төлөө зогсолтгүй урагшилдаг.
2014 оноос эхлэн "Наран" групп үйлдвэрлэлийн салбарт орж "Үндэсний брэндийг бий болгон хөгжүүлэх" төслийг хэрэгжүүлж байна. Үндэсний брэндийн концепцыг компани өөрөө хөгжүүлж, харин үйлдвэрлэлийг европ стандартын дагуу Испани, Турк, Итали зэрэг улсад захиалгаар хийлгэж байна. Мөн худалдаа, үйлчилгээнээс гадна хэвлэл мэдээллийн салбарт оюуны хөрөнгө оруулалт хийж, 1998 оноос Suреrvision кабелийн телевизээр дамжуулан, олон улсын хамгийн үнэ цэнтэй, сонирхолтой контентууд болох танин мэдэхүйн National Gеоgгарhic, Disсоvеry, киноны НВО, Сinеmах, хөгжмийн МТ\/, хүүхдийн Саrtооn Nеtwоrk, Niскеlоdеоn зэрэг сувгийг үзэгчдэдээ хүргэж, 2006 онд SBN телевизийг байгуулав.
"Би бол ажилчин зөгий. Хатан зөгий биш ээ" гэж Д.Удвал захирал ярих дуртай. Багаасаа гэр орны ажилд гавшгай байж, олон юмыг зэрэг амжуулж сурчээ. Түүний энэ зан чанар ажлын талбар дээр ч илэрдэг. Ажилчидтайгаа дарга, цэрэг гэхээс илүү нөхөрсөг харилцахыг хичээнэ. Тиймээс ажилтнууддаа ямар нэг зүйл болохгүй тохиолдолд хурдан мэдээлж, хугацаа алдалгүй, асуудлыг түргэн шийдэх хэрэгтэйг байнга захина. Илэн далангүй байх энэ соёл барууны компаниудтай хамтран ажилласан туршлагаас нь бий болжээ.
Түүнийг "Fоrbеs" cэтгүүлээс Монголын худалдаа үйлчилгээний салбарт томоохон үүрэгтэй оролцсоных нь төлөө Монголын бизнесийн хүчирхэг 50 эмэгтэй захирлын нэгээр шалгаруулсан байдаг. Бизнесээ өргөжүүлэх, үр хүүхдээ хүмүүжүүлэх, 1000 гаруй ажилтнаа удирдан чиглүүлэх, гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарах, шинэ мэдлэгээр оюунаа цэнэглэх, туршлагаа бусадтай хуваалцах, найз нөхдөдөө цаг  гаргах гээд амьдралын талбар бүрдээ өөрийгөө өв тэгш хөгжүүлсэн хүн бол Д.Удвал захирал.
Ургаж байгаа нарны зургийг хоёр хүүхэд нь зурсан гэдэг. Утга бэлгэдлийг нь төдийлөн дэлгэрүүлэлгүй компанийнхаа бэлгэ тэмдэг болгосон нь хожмоо урт холын зорилгыг нь тодруулж өгсөн байх нь. "Дэлхийн энтэй компани болно" гэсэн алсын хараанаас нь "Таны хамгийн сайн сонголт" гэсэн уриа тодорч, "Наран бусдаас түрүүлж алхана" гэсэн итгэлийг хэрэглэгчдэдээ хэдийнэ төлөвшүүлж чаджээ.
Анхандаа хүмүүсийн хангах эрхийг дээдэлж, яваандаа сонгох эрх чөлөөг нь олгож, хожмоо үлгэрлэн замчилж, өнөөдөр харин амжилтын түүхээ хуваалцаж сууна. Амьдралын хэмнэл, хэрэглээ тэр чигээрээ сонголтоор арвин. Сонголт мэргэн бол тав тух, итгэл үнэмшил, эрүүл мэнд, аз жаргал бүрддэг. Эсрэгээрээ сонголт байгаа онохгүй бол эргэлзээ, гомдол, үл итгэл тасрахгүй. Өөртөө итгэх итгэл, бусдад итгэх итгэл хоёрыг хамтад нь дархалж, зориг тэмүүлэл, зогсолтгүй хурд хоёрыг зэрэгцүүлэн хоногшуулж, эв нэгдэл, эрх чөлөөг салгахын аргагүйгээр төлөвшүүлсэн монгол эмэгтэйн ур ухаан дундаршгүй ээ.
Хуримтлуулсан туршлага, хамтын ажиллагаа, төлөвшүүлсэн хандлага, түгээсэн соёлоос нь "Наран" группийн үнэ цэн тодорно. Үнэ цэнийг бүтээсэн хүмүүс үйлс замналаа үргэлжлүүлэн босгодог билээ.

"Зууны 100 эмэгтэй"  II  ботиос...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр