Монгол судлалыг түүчээлэгч


Индианагийн их сургууль бол АНУ дахь монгол судлалын гол цөм билээ. Энэ сургуульд монгол судлалаар мэргэшиж буй залуу судлаачдад монгол хэл, соёлын хичээл заадаг профессор, ахлах багш Л.Цэрэнчунтыг онцоллоо. Тэрбээр Индианагийн их сургуульд 2004 онд зочин багшаар анх уригдан очжээ. Орчин цагийн  монгол хэлийг анхан, дунд, гүнзгийрүүлсэн гурван шатанд заадаг. 2007 оноос эхлэн тус сургуулийн Төв Европ, Дундад Азийн хэлнүүдийн зуны эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрт монгол хэлийг хамруулж, анхны А үсгийг нь заасандаа бахархдаг. Төв Европ, Ази судлалын тэнхим нь түгээмэл заадаггүй хэлнүүд буюу монгол, төвөд, узбек, уйгур, эстони, фин, унгар, перси  хэлийг заадаг. Өөрөөр хэлбэл, эдгээр хэлээр ярьдаг улсуудын судлалаар магистр, докторуудыг бэлтгэдэг АНУ-ын судалгааны гол төв юм. Тэр дундаа АНУ-д монгол судлалыг албан ёсны хөтөлбөрөөр заадаг цорын ганц сургууль. Хүйтэн дайны төмөр  хөшиг Монгол, Америк хоёр орныг халхалж байсан 1963 онд Индианагийн их сургуулийн  Төв Евро-Ази судлалын тэнхим монгол хэлийг албан ёсоор зааж эхэлсэн.  

Монгол хэлний хөтөлбөрийг стандартчилжээ

Л.Цэрэнчунт багш Дундговь аймгийн Мандалговь хотын дунд сургуулийг дүүргэжээ. Элсэлтийн шалгалтаа өгөхөд комиссын гишүүн Москвагийн их сургуулийн хуваарь өгчээ. Намар нь Боловсролын яаманд очоод сургуульдаа бүртгүүлэх гэтэл Москва биш Эрхүүд орос хэлний багшийн ангид хуваарилагдсан болж таарав. “Явах ёстой зам болоод л ингэж таарсан юм байлгүй дээ” гэж бодон Эрхүү хотын Багшийн дээд сургуулийг зорьжээ. Орос хэлний багшийн диплом өвөртлөн  1980 онд ирээд тухайн үеийн МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багшилжээ. Ардчилсан нийгэмд шилжсэний дараа 1993 онд гаднын байгууллагуудын хамтарч байгуулсан гадаад хүнд монгол хэл заадаг сургуульд багшаар оров. Удалгүй танил багш нартайгаа хамтарч монгол хэл сургалтын “Гүүр” төв байгуулж захирлаар нь ажилласан. Ингэж л хувь заяа нь гадаад хүмүүст  хэл соёлоо зааж сургах ажилтай холбогджээ. Төрөлх хэлээ гадаад хүнд заах амаргүй. Манай хэлзүйн айнууд хэл ярианд ямар утга үүргээр яаж хэрэглэгддэг, эсвэл нэг үг, хэллэг ямар хам сэдэвт түгээмэл хэрэглэгддэгийг тухайн шатны оюутанд тохирсон аргаар заахгүй бол сургалтын үр дүн тааруу, сурч байгаа оюутан  баяртай, эрмэлзэлтэй байж чаддаггүй. Иймд аажмаар, тодорхой үе шаттай, системтэй заахыг багшийн хувиар чухалчилна. Энэ хугацаанд америк шавь Шарон Лютитэй хамтран гадаад хүнд зориулсан “Сайн байна уу 1,2,3”  монгол хэлний гурван цуврал сурах бичиг бичиж, сургалтдаа ашиглав. Тэр шавийнхаа урилгаар 2001 онд Америкт хөл тавьжээ. Тэгж явахдаа Индианагийн их сургуультай танилцах боломж таарч, өөрийн бичсэн сурах бичгээ бэлэглээд эх орондоо буцсан гэдэг. Удалгүй  2004 оны хавар гуравдугаар сард гэнэтхэн нэг өдөр Индианагийн их сургуулиас холбогдож,  “Монгол хэл заах багшийн ажил байна та сонирхох уу” гэх санал тавьжээ. Дэлхийн монгол судлалын нэгэн том төвтэй ажил, амьдралаа холбосон түүх ийм. Багшлах гэрээ байгуулбал нэг насаараа  ажиллана гэсэн ойлголт АНУ-д байхгүй. Ер нь бол хамгийн удаандаа гадаад хэлний багш нар гурван жил ажиллаад буцдаг дүрэмтэй байв. Харин Л.Цэрэнчунт багшид аз дайрсан  гэх үү, гадаад  хэлний багш нараа байнгын болгох зарчим мөрдөж эхэлсэн үе таарчээ. АНУ-ын их сургуульд багшлахад нарийн шалгууртай учир  санаа амарч болохгүй. Оюутны санал асуулга, ажлын үнэлэлт дүгнэлт, олон талаас нь хэлэлцүүлсний эцэст үндсэн багш болж үлдэнэ. Ингэж үлдлээ гээд бас санаа амарч болохгүй. Зургаан жил ажилласны дараа ахлах багш болох ёстой. Ахлах багш болох шалгуурыг хангаагүй бол цаашид энэ сургуульд ажиллах боломжгүй. Тэрбээр 2014 онд ахлах багшийн зэрэгт хүрчээ. Салбартаа танигдсан байх, хичээлийн хөтөлбөр, сургалтын материал боловсруулах, эрдмийн ажил, хурал цуглаанд илтгэл тавих, мэргэжлээ дээшлүүлэх сургалт семинарт суусан байх, хичээлээс гадуур ажил зохион байгуулдаг аж. Ахлах багш болохын  тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Индианагийн их сургууль орчин үеийн сургалтын техник технологи, сургалтын материал боловсруулах нөөц бололцоо сайтай, заах арга, техник технологийн тухай хурал семинар тогтмол зохион байгуулдаг боловсролын төв. Энэ их нөөц бололцоондоо тулгуурлан Л.Цэрэнчунт багш хоёр ч төвтэй хамтраад монгол хэлний портал бий болгож, дунд түвшний ангийн оюутнуудад хэрэглэх унших, сонсох материалуудыг шинээр боловсруулжээ. Индианагийн их сургуулийн профессор, багш нарт заах аргын ур чадварыг нь үнэлэн олгодог “The Trustees Teaching Award” шагналыг 2021 онд хүртжээ.  Тэрбээр 2009 оноос  Охаяа, Висконсин, Чикагогийн их сургуулийн оюутнуудад цахим  сургалт явуулж байна.  Цахим хичээл цаг хэмнэх давуу талтай. Эрчимжүүлсэн зуны сургалт болон цахим сургалтад бусад их, дээд сургуулиудад монгол судлалын чиглэлээр судалгаа хийж буй магистр, докторын оюутнууд олноор хамрагддаг байна. Мөн гадаад хэлний сургалтын өнөөгийн дэвшил, чиг хандлагад үндэслэн сургуулийн монгол хэлний хөтөлбөрийг стандартчилсан байна. Улиралд 3-4 хичээл заахаас гадна монгол хэлний шинэ сурах бичиг, онлайн хичээлүүдийг боловсруулдаг. “Төв Азийн бүс нутгийн хэлнүүдийн төв”-тэй хамтран Монгол хэлний сурах бичиг бичих төсөл хэрэгжүүлэн, гадаад хэл заах аргын сүүлийн үеийн ололтод үндэслэсэн “Монгол хэлний анхан шатны сурах бичиг”-ийг доктор П.Увшийн хамтаар боловсруулсан байна. Мөн жил бүр Монголын залуу багш нараас АНУ-ын "Фулбрайт" хөтөлбөрийн шугамаар нэг залуу багшийг Индианагийн их сургуульд авчирч туслах багшаар ажиллуулан, орчин үеийн гадаад хэл заах аргын мэдлэг чадварт сурган, цаашид өсөж дэвжихэд нь тусалдаг аж. 


“Монгол хэл судлаад Өмнөд Индианагийнхаа намхан толгодыг илүүтэй хайрлах болсон”

Монгол хэл сонирхон судлаад монгол судлал руу хөл тавьсан оюутан олон. Учир иймд монгол судлаачдыг бэлтгэхэд өчүүхэн ч атугай хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл дүүрэн байдаг. Л.Цэрэнчунт багшийн хичээлийг сонгосон нэгэн оюутан  “Монгол хэл судлаад Өмнөд Индианагийнхаа намхан толгодыг илүүтэй хайрлах болсон” гэж бичсэн нь одоо хэр сэтгэлээс нь гардаггүй. Монгол хэл, соёл гэж ямар  агуу болохыг  тэр оюутан ойлгосон хэрэг. Энэ бол түүний хичээлийг дүгнэсэн олон сайхан санал сэтгэгдлээс хамгийн үнэтэй нь болж үлджээ. Монголчууд бидний нутаг усаа дээдэлдэг, унасан газар, угаасан усаа эрхэмлэн шүтдэг агуу соёл, зан заншилд гадаад оюутнууд  хэлээр дамжин давхар суралцаж, ойлгож байгаа нь үнэхээр сайхан. Нөгөөтэйгүүр хүний газар олон жил ажиллаж амьдарсных, энэ нийгэмд тэнцэж үлдэх гэж хичээж, зүтгэсний минь үр дүн гэж багшийн сэтгэлээр санан талархдаг аж. Багаар ажиллах, хос хосоороо хамтарч ажиллахад бага зэргийн бэрхшээлтэй ч багшийн дуудлага тод, бараг ганцаарчилсан сургалт авч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг тул  оюутнууд хичээлээ түлхүү сонирхож, гүнзгийрүүлэн судалдаг. Улирлын сүүлийн ярианы цагаар ангидаа цуглаж, монголоор яриа хөөрөө өрнүүлж, тоглоом, наадгай тоглон хэлний чадвар, авьяасаа сорин хөгжилдөж, боорцог, сүүтэй цай, бууз, зууш амтархан идэж, нэгэн оройг хөгжилтэй өнгөрүүлдэг байна. Америк оюутнууд уйгагүй ажилладаг, гэрийн даалгавар маш сайн хийдэг, монгол хэл, соёл, ёс заншлыг маш их сонирхдог. Ялангуяа нүүдлийн соёл иргэншлийг сонирхдог учир залуу судлаачид монгол хэлийг судлах, сурах сонирхолтой байдаг. Зарим хэлийг сонгож бүртгүүлээгүй учир семестер өнжих тохиолдол байдаг бол монгол хэлний хичээл оюутангүй, завсарласан тохиолдол үгүй. Үүнээс үзвэл, монгол судлалын гал бөхөх биш харин ч сэргэлтийн үе ирсэн бололтой. Сүүлийн үед Монголыг сонирхон судалдаг судлаач, эрдэмтдийн тоо нэмэгдэж, дагнасан  ном, бүтээл олноор хэвлэгдэн гарч байна. Үе үеийн судлаач, эрдэмтэн багш нарын ачаар Индианагийн их сургуулийн монгол судлал амь бөхтэй оршсоор ирсэн. Профессор Хангины Гомбожав, Жон Кругер, Джордь Кара, Кристофер Этвүүд нарын эрдэмтэн чадварлаг монгол судлаачдыг бэлтгэж ирсэн уламжлалтай. Эдгээр судлаачийн ачаар монголчууд зөвхөн эзлэн түрэмгийлэгчид биш дэлхийн соёл иргэншилд үнэтэй хувь нэмэр оруулсан оюунлаг ард түмэн гэдгийг дэлхийд баталлаа. Монголчуудын олон зууны түүх, торгоны зам, нүүдлийн соёл, иргэншил эрдэмтдийн судалгаа бүтээлд тусгагдаж, судалгааны ажлууд хийгдсээр байна.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр