Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.05.28) хуралдаан 11 цаг 17 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
“Шүүгчийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцож буй гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан юм.
Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгааны дүн, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцээд, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус эрх олгогдсон заалтыг 2 дахин багасгах чиглэлийг баримтлан холбогдох хуулийн төсөл боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 191 дүгээр захирамжаар байгуулагдсан байна. Уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдыг 2024 оны холбогдох тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн салбарын хууль тогтоомж, дүрэм журамд хяналт шинжилгээ хийж, хуулийн төсөл боловсруулах Ажлын дэд хэсэг байгуулагдсан хэмээн Н.Учрал сайд танилцууллаа.
Дэд ажлын хэсэг нь Хууль зүй, дотоод хэргийн салбарт хамаарах 35 хууль тогтоомжоор эрх олгосон 160 гаруй заалт, түүний дагуу баталсан дүрэм, журамтай нэгбүрчлэн танилцаж хяналт шинжилгээ, үнэлгээ хийсний үндсэн дээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах багцын хүрээнд 26 хуульд 65 журмыг холбогдох хуулиар зохицуулагдах ёстой гэж үзэн хуулийн төслүүдийг боловсруулжээ. Эдгээрээс Галт зэвсгийн тухай хууль нь олон тооны журмын зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байгаагаас нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлбэрээр бичих боломжгүй болсон тул хуулийн шинэчилсэн найруулга хэлбэрээр төслийг боловсруулсан гэв. Дээрх хуулийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу үзэл баримтлалыг тусад нь тодорхойлж, холбогдох үнэлгээ, судалгааг хийсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Хууль зүйн туслалцааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг 7 хуульд 25 эрх олгосон заалтын дагуу баталсан журмыг нэмж тусгах хуулийн төслүүдийг хүний эрхийг хангах багц хуулийн төслүүдийн хүрээнд боловсруулсан болохыг төслийн танилцуулгад онцолсон юм. Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн салбарт Засгийн газрын 2023 оны 48 дугаар тэмдэглэлээр өгсөн захиргааны хэм хэмжээний актыг хоёр дахин бууруулах чиглэлд 90 журмаар зохицуулж байгаа харилцааг хуульд тусгахаар төсөл боловсруулсан байна.
Энэ хүрээнд Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувийн хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж байгаа юм байна. Хуулийн төслүүдийн талаарх олон нийтийн саналыг авах зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны www.mojha.gov.mn цахим хуудаст хуулийн төслүүдийг байршуулсан байна. Үүний зэрэгцээ төрийн захиргааны төв, шүүх эрх мэдэл, эрдэм шилжилгээ, судалгааны болон төрийн бус, олон нийтийн зэрэг 38 байгууллагад санал авахаар хүргүүлж, саналыг авч, төслүүдэд боломжтой саналыг тусгасан гэв.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна