Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.28/ хуралдаанаар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Н.Энхболд уг хуулийн дагаж мөрдөх хугацааг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болгох талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон онол практикийн болон хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад ажилласан мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг үндэслэн Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-аас санал болгож буйг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан.

Ц.Цолмон 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988 онд нийслэлийн 52 дугаар сургуулийг дүүргэсэн. 1988-1992 онд ОХУ-ын Омскын технологийн сургуулийг төгссөн. 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, 2001-2003 онд Английн Эксетерийн их сургуульд хууль зүйн

ухааны магистр,  2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан байна.

Тэрбээр 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт мэргэжилтэн 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, 2004 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, 2004-2013 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга, 2014-2016 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Цолмон нь Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрч, төрийн ажлын туршлагатай, онол, практикийн мэдлэг ур чадвартай хуульч хэмээн танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

УЕПГ-ын аймаг, нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга нь УИХ-ын 2019 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан албан тушаалын эрхэлсэн түшмэл ангиллын 5 зэрэглэлд хамааран үйл ажиллагаа явуулж буй аж. Энэхүү албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөр батлуулахтай холбогдуулан албан тушаалын ангилал, зэрэглэлийн нэршилд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон байна. УИХ-ын 2019 оны 18 дугаар тогтоолын УЕПГ гэсэн баганын 5 зэрэглэлд хэлтсийн дарга гэсэн албан тушаалд тусгагдаагүй. Зөвхөн тасгийн дарга, ахлах референт гэж тусгасан үндэслэлээр хэлтсийн дарга нарын албан тушаалын тодорхойлолт тухайн үед батлагдаагүй аж. Хэлтсийн дарга гэсэн албан тушаалын нэр томьёо Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн 16.4.13 дахь заалтад тусгагдаж хуульчлагдсан учраас өөрчлөх боломжгүй учир дээрх албан тушаалыг тогтоолын хавсралтад нэмэх саналыг УЕПГ-аас ирүүлсэн байна.

Үүний дагуу Байнгын хорооноос “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын Улсын ерөнхий прокурорын газар гэсэн баганын “АА-5” зэрэглэлийн “Тасгийн дарга,” гэсний өмнө “Прокурорын газрын хэлтэс,” гэж, “АА-9” зэрэглэлийн “Ахлах мэргэжилтэн” гэсний өмнө “Прокурорын газрын” гэж нэмэхээр тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолыг батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн эдгээр тогтоолын төслүүдийг боловсруулсан бөгөөд ТАЗ-ийн гишүүдийн ажлын ачаалал, хариуцлагыг харгалзан үзэж нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг тусгажээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжид Ёс зүйн хорооны гишүүдийн ажиллах нөхцөл баталгаа цалин хөлсний зохицуулалт бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа нь тогтоолын төслийг боловсруулах үндэслэл болсон байна.

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны тогтоолоор батлагдсан Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд Ёс зүйн хорооны ажлын алба нь Төрийн албаны зөвлөлийн ажлын албатай ижил байхаар тусгагдсан учир үүнд нийцүүлэх шаардлага үүссэн гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулсан.

Тогтоолын төслүүдтэй холбогдуулан асууж, тодруулах гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Дараа нь Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.  

Тогтоолын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсыг хангайн, баруун, хойд, төвийн, зүүн, говийн, Улаанбаатарын гэсэн 7 бүсчлэлээр хөгжүүлэхээр тодорхойлжээ. Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, баруун бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг, хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг, төвийн бүсэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг, зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатарын бүсэд Улаанбаатар хот болон дагуул хотууд байхаар тодорхойлсон байна.

Бүсүүдийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг бүс нутгийн хөгжлийн орчин үеийн онолын чиг хандлагад үндэслэх, бүс нутгуудын онцлог, давуу талуудыг нээж илрүүлэх, бүс, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн чиг үүргийг оновчтой тодорхойлох, байгалийн нөөцийн баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, үйлдвэрлэл, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжих хэмээн тусгасан байна. Мөн бүс, орон нутагт өндөр технолог, инновацыг нэвтрүүлэх, бүс дамнасан салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт, бусад санхүүгийн эх үүсвэрүүдийг оновчтой хуваарилах, татвар, санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлэх, алслагдсан бүсүүдийн хөнгөлөлт, нэмэгдлийн асуудлыг тодорхойлж хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцээд явж байгаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд  Улаанбаатар хот болон түүний дагуул хотууд гээд тусгасан байна. УИХ-аар хэлэлцэж буй дээрх хуультай тогтоолын зохицуулалтууд нийцэж байгаа юу хэмээн асуусан.

Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Эрдэнэбаяр,  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэгт манай яамнаас орж ажилласан. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд улсын зэрэглэлтэй хот болгох судалгаа хийгдээд ажлын хэсэгт саналаа хүргүүлэн хэлэлцсэн. Холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, төслөө нягт уялдуулсан гэсэн хариултыг өгсөн.  

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр