УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд оролцох нам, эвслүүд СЕХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийг хүргүүлж дууслаа. Гэвч АН-ын дотоод зөрчил тус намыг сонгуульд өрсөлдөх эрхээ алдахад хүргэж, олон хүнийг сандаргав. Учир нь, тус намын дарга Л.Гантөмөр, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нар хуйвалдааны онолоор листэд нэр дэвшигчдийн нэрсийг сольсон гэдэг мэдээлэл гарч, АН-ын гишүүд ээлж дараалан хэвлэлийн хурал зарлав.
Дүрмийн дагуу СЕХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийг хүргүүлэхдээ ҮБХ-ны тогтоолтой очих ёстой байж. Гэвч тогтоолд Ж.Баярмаа, Б.Гарамгайбаатар, Ж.Батсуурь нар гарын үсэг зураагүй байсан гэнэ. Үүнээс шалтгаалан Ардчилсан намын удирдлагууд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн гэж намын гишүүд нь үзэж, эсэргүүцлээ илэрхийлэн хөөрхий муу намын даргаа 12-20 хүртэлх жилээр хорих ялтай гэмт хэрэгт хүртэл буруутгалаа. АН-ын дарга Л.Гантөмөр ч бас мөчөөгөө өгсөнгүй.
Хэвлэлийн бага хурал хийж, С.Баярцогтыг Х.Тэмүүжингээр сольсноо хүлээн зөвшөөрч, сэтгүүлч нарт хүртэл загнууллаа. Тэр ч бүү хэл хэвлэлийн хурал дээр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар намын гишүүн С.Баярцогтыг олны өмнө шүүмжилж, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой гэж мэдэгдэв. “Л.Гантөмөр экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлснээрээ намынхнаасаа шүүмжлэл сонсож, нийгэмд ч бас айдас төрүүлж, өөрөө өөрийнхөө унах нүхийг ухлаа” хэмээн улс төр сонирхогчид халаглан бичиж байна.
Алдсан бүх эрх мэдлийнхээ төлөө улайрч байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-д орж ирээд намын дарга болох дараагийн алхмаа хийнэ гэж тэд мөрийцөхөд ч бэлэн байна. Ийнхүү АН-ын горилогчид гомдол дүүрэн үлдэж, нэр дэвших эрхээ алдсан “комеди” Амараа намын дарга нараа шүүмжлэн элэглэж, олон нийтийн сүлжээнд “од” болж байх юм. Нэг хэсэг нь гомдож, уйлж байхад зарим хүн нэр дэвшихгүй хэмээн заргалдаж, СЕХ-нд хүсэлтээ хүргүүлжээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоо илэрхийлээд буй. Зарим намын нэр дэвшигч дунд дуучин, загвар өмсөгч, хөтлөгч, сэтгүүлч, жиргээч, шоуны шарк, комедиан, бүжигчин багтсан нь олны анхаарлыг бас татаад байгаа. Тодруулбал, загвар өмсөгч О.Билгүүн хэмээх залуу ХҮН намаас, Ардын жүжигчин Н.Сувд гуайн хүү, дуучин Т.Бат-Оргил Үндэсний эвслээс, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг МАН-аас, дуучин, зөгийчин Нара, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар Иргэний зориг ногоон намаас, Монгол Улсын түүхэнд анх удаа паралимпээс алтан медаль авсан байт харвааны тамирчин Д.Баатаржав Шинэ намаас, УИХ-ын гишүүн асан дуучин С.Жавхлан Бүгд найрамдах намаас тус тус нэр дэвших эрхээ авчээ.
Хэдхэн хоногийн дараа гомдогчдын нулимс эгшиж, нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлнэ. АН болон зарим намд дотоод зөрчилтэйгөө тэмцэж байх зуур эрх баригч Монгол Ардын Намынхан нэр дэвшигчдийнхээ материалыг нэг бүрчлэн хянаж, намын дарга нь тэдэнтэй гэрээ байгуулж амжлаа. Энэ жилийн сонгууль хэрүүл тэмцэл дүүрэн, гомдол санал ихтэй байхаар байна. Учир нь, зурхайнаас хөдлөөгүй байгаа нэр дэвшигчид нэг нэгнээ харлуулах ажил хийж, АН-ын зүгээс сөрөг мэдээлэл дүүрэн төлбөрт нэвтрүүлгийг зогсоо чөлөөгүй цацаж байна. Цагдаагийн байгууллагад 56 иргэн “Сонгуулийн хууль зөрчсөн” гэдэг гомдол гаргажээ. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл санал хураалт дуусах өдөр хүртэл нэр дэвшигчдийн гомдолд хууль хяналтынхан дарагдах шинжтэй.
Өнгөрөгч долоо хоногт Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд эхэллээ. Монгол Улс 1992 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалын 14876 зөвшөөрөл олгожээ. Гэхдээ энэ зөвшөөрлийг хэн, хэнд хэзээ олгосон нь тодорхойгүй шахам байсаар ирсэн. Тэгвэл анх удаа нээлттэй сонсголоор энэ тухай ярьж, Монголын хамгийн их газар нутаг эзэмшдэг, хамгийн олон лицензтэй хүнээр Н.Номтойбаяр тодров. Ганц МАК компанийн эзэмшлийн талбай гурван сая гаруй монголчуудын хувьцааг нь эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эзэмшлээс том байна гэхээр бас л гутармаар байгаа биз.
Зам тээврийн яамнаас Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууссан гэдгийг зарлалаа. Уг боомтын 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарц нээгдэж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэх тооцоололтой байна. Мөн тээврийн өртөг буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжрах, экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
Орон даяар “Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнөөд байгаа. АН -ынхан энэ хөдөлгөөөнийг харлуулах ажилд ханцуй шамлан орсон ч төрийн тэргүүн дэмжиж байгаагаа илэрхийлэн “Цагаан алт” хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барилаа. Арьс, шир, ноос ноолуурыг дэмжих зорилготой энэ хөтөлбөр батлагдвал гурван жилийн хугацаанд 1.5 их наяд төгрөгийн зээл, улсын төсвөөс 682 тэрбум төгрөг гаргаж, боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх юм байна.
Өнгөрсөн долоо хоногийн сайн мэдээг Монголбанкнаас дуулгалаа. Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хууль баталж, Хуримтлалын сан байгуулснаар ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэн. Хуримтлалын сангаас арилжааны банкууд руу эх үүсвэрийг шилжүүлснээр ипотекийн зээл олголт 42 хувиар өсжээ.
Засгийн газрын хуралдааны үеэр цаг агаарын урьдчилсан мэдээлэл авч, үер усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Энэ зун ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Гэнэтийн ус ихтэй аадар бороо, үер, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины давтагдал өндөр байгаа тул анхаарал болгоомж алдахгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээллийг амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэж сурах, үер, усны аюулаас сэрэмжтэй байж, айл өрхүүд хонхор хотгор газар, голын татамд суурьшихгүй байх, нөөлөг салхины эрсдэлээс сэргийлж гэрээ даруулах, үер ус, аянга цахилгаанаас хамгаалах уламжлалт болон дэвшилтэт аргуудыг хэрэглэх зэргээр бэлтгэлтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна