“Монгол даатгал” ХК-ийн 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус компанийн Даатгалын удирдлага хариуцсан захирал Б.Намжилсүрэнтэй ярилцлаа.
-Даатгал яагаад чухал вэ?
-Аливаа сонголт, шийдвэр гаргалт бүрийн ард эрсдэл гэж зүйл байдаг. Эрсдэл бүр араасаа сайн эсвэл муу үр дагавар дагуулдаг. Үр дагавраас хамаарч хүн олз ашиг олох, амжилт гаргах, зорьсондоо хүрэх зэрэг сайн сайхан, аз жаргал болон сэтгэл ханамжийг тухайн хүн авдаг. Үгүй бол гарз хохирол, бүтэлгүйтэл, уналтыг амсдаг. Яг л зоос хоёр талтай байдаг шиг. Тэгвэл эрсдэл хэнд, хэзээ, хаана, яаж тохиолдох нь мэдэгдэхгүй, тодорхой бус байдлын үр дагавраас үүсэх муу, гарз хохирлыг бууруулах багасгах арга механизм бол даатгал юм. Өөрөөр хэлбэл, даатгал эрсдэлээс үүсэж болох сөрөг үр дагавраас айхгүйгээр зоригтой шийдвэр гаргах боломжийг тухайн хүнд олгож байна гэсэн үг.
-Танайх хэчнээн төрлийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Харилцагч, даатгуулагч нартаа 77 даатгалын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлж, даатган ажиллаж байна.
-Эдгээр даатгалын үйлчилгээнээс аль төрөл нь илүү эрэлттэй байдаг вэ?
-Даатгалын салбарын хэмжээнд голлох даатгалын бүтээгдэхүүн бол тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын даатгал байсан бол сүүлийн жилүүдэд харилцагч, даатгуулагчдын даатгалын тухай ойлголт, мэдлэг, мэдээлэл сайжирсны үр дүнд хөрөнгийн болон гэнэтийн ослын даатгалуудын эрэлт өсөж байна. Цаашид энэ мэтээр эрэлт нэмэгдэж, даатгал төрөлжиж буй нь даатгалын салбар өсөж, дэвшиж байгаагийн илэрхийлэл юм.
-Тухайлбал, танай компанийн үзүүлдэг даатгалын төрлөөс мал, амьтдын даатгалын талаар тодруулъя. Малчид хатуухан өвлийг хүндхэн давсан. Энэ төрлийн даатгалд даатгуулсан малчин зуднаар малаа алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг ямар журмаар тооцож олгодог вэ?
-Малын индексжүүлсэн даатгал /МИД/ нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлдэг. МИД нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш тухайн сумын хэмжээнд гарсан малын хорогдлын хувиар босго үзүүлэлт буюу индекс тогтоож, түүнээс давсан хувиар мал хорогдсон тохиолдолд тухайн сумын малаа даатгуулсан даатгуулагчдад нөхөн төлбөр олгодог онцлогтой бүтээгдэхүүн юм.
-Ер нь өнгөрсөн өвлийн зуд малчдад дохио, сэрэмжлүүлэг болж байх шиг. Хэрэв танай энэ төрлийн даатгалд даатгуулбал байгалийн эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр малаа алдсан тохиолдолд хэдэн хувийн нөхөн төлбөр авах боломжтой вэ?
-Бодит хохирлын хэмжээгээр буюу 100 хувь нөхөн төлбөр авах бүрэн боломжтой.
-Даатгуулагчийн хураамжийн хэмжээг ямар зарчим, нөхцөлд тулгуурлаж тогтоодог вэ?
-Даатгалын хураамжийн хэмжээг маш нарийн актуар тооцоололд үндэслэн тогтоодог. Мөн хураамжийн хувьд даатгуулагчийн зан төлөв, ёс зүй болон даатгалын зүйлийн хэлбэр хэмжээ, байршил зэрэг маш олон хүчин зүйлсэд нөлөө үзүүлж болдог. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийг бид даатгах тохиолдолд тухайн хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл, тухайн хөрөнгийн зориулалт, хэлбэр хийц, ямар үйл ажиллагаа явуулдаг, өмнө нь хохирол гарч байсан эсэх, байршлын хувьд хаана байршиж байна, эргэн тойронд нь ямар барилга, байшин байгаа гэх мэтийг маш сайн судалсны үр дүнд эрсдэлийн түвшнийг тодорхойлдог. Үүний үр дүнд даатгалын эцсийн хураамжийн хувийг тогтоодог.
-“Монгол даатгал” ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас юугаараа онцлог, давуу талтай вэ?
-“Монгол даатгал” ХК даатгалын ууган компани. Энэ жил манай байгууллагын түүхт 90 жилийн ой тохиож байна. Бид хамгийн туршлагатай даатгагч компанийн хувьд зах зээлдээ түүчээлэгч байж, хамгийн зөв, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэгч байхыг хичээн ажилладаг. Бидэнд итгэл хүлээлгэн даатгуулсан харилцагч, үйлчлүүлэгчдэдээ хүрч үйлчлэх, шуурхай ажиллах үүднээс Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн зургаан дүүрэгт өөрийн байнгын салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид 200 гаруй ажилтан, мэргэжлийн 600 гаруй төлөөлөгчтэйгөөр даатгалын үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай үзүүлж байна.
-Та бүхэн даатгуулагчийнхаа нөхөн төлбөрийг ямар байдлаар, хэд хоногийн хугацаанд шийдвэрлэдэг вэ?
-Бид харилцагч, үйлчлүүлэгч нартаа түргэн шуурхай үйлчлэхийг зорьж ажилладаг. Тиймээс даатгалын компанийн үйлчилгээнийхээ хурдыг дээшлүүлэх зорилгоор компанийн хэмжээнд бодлогоор цахим шилжилтийг нэвтрүүлж эхлээд байна. Нөхөн төлбөрийн хурдыг нэмэгдүүлэх, харилцагч даатгуулагч нарт амар хялбар байх үүднээс нөхөн төлбөрийн материалыг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бүх цогц ажлын үр дүнд бидний үйлчилгээний хурд, ялангуяа нөхөн төлбөр олголтын хурд өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Хамтын хүчээр олсон амжилт бүхэн агуу түүхийг бүтээсэн байдаг. Манай хамт олон болон харилцагч, үйлчлүүлэгчид хамтдаа даатгалын салбарт 90 жилийн түүхийг бүтээсэн юм шүү. Та бүхэндээ 90 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагчдадаа баярлалаа.
С.Аз
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна