Хувийн эрүүл мэндийн даатгалын талаар "Монгол даатгал" ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Г.Ганжаргалтай ярилцлаа.
-Юуны түрүүнд уншигчдад хувийн эрүүл мэндийн даатгал гэж юуг хэлж байна. Энэ төрлийн даатгалд даатгуулахын ач холбогдол юу вэ гэдэг ерөнхий ойлголт мэдээллийг өгөх нь зүйтэй болов уу?
-Хувийн эрүүл мэндийн даатгал гэдэг нь төр болон нийгмийн эрүүл мэндийн даатгалаас төлөгдөхгүй буюу давсан хэсгийн эмчилгээний зардлыг нөхөн төлдөг даатгал юм. Эрүүл мэндийн даатгал хөгжсөн орнуудад хувийн ЭМД тухайн улсын онцлогоос хамааран тухайн улсад ажилладаг, амьдардаг гаднын иргэдэд түлхүү анхаарч ажилладаг бол улсын эрүүл мэндийн даатгалын хамгаалалт хангалтгүй орнуудад хувийн эрүүл мэндийн даатгал түлхүү хөгжсөн байдаг. Ингэснээр улсын эрүүл мэндийн даатгалын хүрэлцээгүй хэсгийг хувийн эрүүл мэндийн даатгал нь нөхсөнөөр даатгуулагч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо буюу эрсдэлийг бүрэн давах боломжтой гэсэн үг юм.
-Танай байгууллага эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хэзээнээс нэвтрүүлсэн бэ?
-Манайх 2010 онд хувийн эрүүл мэндийн даатгалыг зах зээлд нэвтрүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд эрүүл мэндийн төслийн баг байгуулж улмаар олон улсын ЭМД-ын гэрээг үзэглэсэн анхны ердийн даатгалын компани юм. Мөн өнөөг хүртэл олон улсын жишигт нийцсэн хувийн эрүүл мэндийн даатгалыг зах зээлд ойлгуулах, таниулах зэрэг ажлыг хийхээс гадна Монголын даатгалын салбарын хөгжил дэвшилд тодорхой үндэс суурийг тавилцан хувь нэмрээ оруулж байна. Өнгөрсөн хугацаанд олон улсад нэр хүндтэй, туршлагатай давхар даатгагчидтай хамтран ажиллаж олон улсын стандартад нийцэх хувийн эрүүл мэндийн даатгалыг хувь хүн, гэр бүл, байгууллагын ажилтнуудад санал болгон хамтран ажиллаж байна.
-Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг болсон. Тиймээс энэ төрлийн даатгал эрэлттэй байдаг болов уу. Одоогоор хэчнээн хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдаад байна вэ?
-Нийгэм, эдийн засгийн хөгжлөө дагаад орчин үеийн хүмүүс эрүүл мэнд, боловсролдоо түлхүү анхаарч байна. Үүний дагуу хувийн эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалаар даатгуулах иргэдийн тоо ч нэмэгдэж байна.
Манайх хувь хүн, гэр бүл, байгууллага гэсэн төрлөөр хувийн эрүүл мэндийн даатгал хийдэг. Ингэхдээ хураамжийн орлогын хэмжээг огцом өсгөхөөс илүүтэйгээр харилцагч, даатгуулагч нарт олон улсын даатгалын зарчмын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж хэвшүүлэх чиглэлийг түлхүү баримтлан ажилладаг.
-Энэ төрлийн даатгалд хамрагдахыг хүсэж буй хүмүүст та бүхэн ямар төрлийн сонголт, багц санал болгодог вэ?
-Манайх зах зээлд 6-9 төрлийн хувийн эрүүл мэндийн багцыг дөрвөн бүс нутгаар санал болгодог. Даатгуулагч хувь хүн, байгууллагад хэрэгцээ шаардлага, санхүүгийн нөөцдөө тохируулан сонгох боломж олгож олон төрлийн багц хөгжүүлсэн. Тухайлбал, нэн шаардлагатай үед зөвхөн хэвтэн эмчлүүлэх багцыг, харин архаг өвчин, хавдар, эрхтэн шилжүүлэх тусламж үйлчилгээг багтаасан багцыг сонгох боломжтой. Нэмэлтээр жирэмслэлт болон шүдний үйлчилгээ авах сонголтыг хангасан байгаа. Мөн багц бүр урьдчилан сэргийлэх үзлэгийн хамгаалалт агуулсан байдаг тул даатгуулагчид маань жил бүр тогтмол Урьдчилан сэргийлэх үзлэгт орж, учрах эрсдэлээс хамгаалах боломжтой.
-Иргэд танайхыг сонгож, эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар ямар эрсдэлүүдээс хамгаалуулах боломжтой вэ?
-Хувийн эрүүл мэндийн даатгал үндсэн болон нэмэлт хамгаалалт гэсэн хэсгээс бүрддэг. Үндсэн хамгаалалтад хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн үзлэг үйлчилгээ, архаг өвчний үзлэг эмчилгээ, хорт хавдрын эмчилгээ болон урьдчилан сэргийлэх үзлэг зэрэг багтдаг. Нэмэлт хамгаалалтаар дээр дурдсанчлан жирэмслэлт, шүдний үйлчилгээг авч болно.
-Эрүүл мэндийн даатгалд хамрагдах гэж буй хүмүүст насны хязгаар болон ямар нэгэн шаардлага тавьдаг уу?
-Эрүүл мэндийн даатгалын хураамж төлбөрийг насны ангиллаар тооцоолдог. Насны ангилал өсөх тусам хураамж нэмэгддэг. Мөн анх хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах насыг 65-аар хязгаарладаг байсан. Харин 65 наснаас өмнө даатгуулсан даатгуулагчид үргэлжлүүлэн даатгуулах боломжтой.
-Байгууллагаараа эрүүл мэндийн даатгалд даатгуулах тохиолдолд анхаарах зүйл юу байдаг вэ?
-Байгууллагаар даатгалд хамрагдахад тухайн байгууллагын ажилтнууд нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтан байх шаардлагатай. Хэрэв 65 хүртэлх насны ажилтан байвал тусгайлсан шинжилгээний хариу авдаг нөхцөлтэй.
-Даатгалд хамрагдсан иргэн ямар тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой вэ. Нөхөн төлбөрийг ямар журмаар хэрхэн олгодог вэ?
-Даатгалын тохиолдол болсон бол нөхөн төлбөрийг шууд төлбөр төлөх үйлчилгээ эсвэл нэхэмжлэхийн үндсэнд авах хоёр нөхцөл байдаг.
-Танай эрүүл мэндийн даатгал гадаад улс оронд хийлгэх эмчилгээ үйлчилгээнд мөн хамаарах юм билээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Өмнө хэлсэнчлэн нийт 6-9 багцыг дөрвөн бүсээр авах боломжтой. Бүс нутгийн сонголтууд нь, Монгол Улс, Азийн бүс, Хойд Америк орохгүй дэлхий дахинд, мөн дэлхий дахинд гэсэн сонголт байдаг. Тухайн бүс нутгийн сонголтоос хамааран даатгуулагчийн эмчилгээ үйлчилгээ авах газарзүйн бүс нутгийг тодорхойлж байна гэсэн үг.
-Монгол Улс хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дээгүүр бичигддэг. Тиймээс хорт хавдрын эрсдэлийн “Амгалан” даатгал анхаарал татлаа. Энэ үйлчилгээний талаар мэдээлэл өгнө үү?
-Бид хорт хавдрын эрсдэлийн “Амгалан” даатгалыг Монгол Улсын зах зээлд 2020 оноос нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү даатгал нь даатгуулагч хорт хавдраар оношлогдсон тохиолдолд үүсэж болзошгүй санхүүгийн хүндрэлийг даван туулах боломжийг олгох бөгөөд өвчнийг эрт үед нь оношилж, чанартай эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй авахад зориулагдсан. Мөн бүрэн эмчилгээ үйлчилгээ хийлгэхээс гадна эмнэлгийн байгууллагад захиалга өгөх, зөвлөгөө авах, виз мэдүүлэх, ирж буцах замын зардал, онгоцны тийз, байрлах зочид буудал, мэргэжлийн орчуулагч хөлслөх зэрэг зардлыг энэхүү даатгал хамгаалдаг. Тус даатгалд хамрагдах гол үзүүлэлт нь даатгал эхлэх үед аливаа хорт хавдраар оношлогдоогүй байх шаардлагатай. Одоогоор бид энэхүү бүтээгдэхүүнээ шинэчлэн сайжруулж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна